Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/03676

 

 

 

 

 

 

 

 

   2022      12         16                                             182/ШШ2022/03676

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021.03.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,

Хариуцагч С.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б,

Гэрч Н.Х, Н.М, Э.У, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан зусланд байрлах, 699 м.кв газрыг манай ээж болох Т.Н нь 1990-ээд оны үед зуслангийн байшингийн хамт худалдаж авсан. 2010 онд ээж маань өөд болсон. Үүнээс хойш аав маань 2013 оноос С.Э эгчтэй хамт амьдарч эхэлсэн ба шинэ байшин барьсан байдаг. Улмаар 2021 оны зун аавын маань бие огцом муудаж, сэхээнд орох хэмжээнд очсон, бөөрний дутагдал өвчнөөр одоо эмчлүүлж байна. Маргааны зүйл болсон газар дээр 2021 оны 01 сард газрын шинэ гэрчилгээ гарсан ба 2021 оны 03 сард аавын нэрнээс С.Э эгчийн нэр дээр шилжсэн байдаг. Бидний хувьд тухайн газар шилжүүлсэн асуудлыг 2022 онд мэдсэн. Энэ газрыг ээж маань өөрийн хөрөнгөөр худалдан авсан, бидний хувьд маш үнэ цэнтэй. Гэтэл С.Э эгч газрыг ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэн авсан байдаг. Улмаар тухайн газрыг өөрийн нэр дээр авсны дараагаар С.Э эгчийн зан харилцаа нь өөрчлөгдөж, үлдсэн насаа хамтдаа өнгөрөөнө гэж бодож байсан аавыг маань 2022 оны 02 сард хаяж явсан. Аавын маань бие тухайн үед муу байсан. Түүн дээрээ нэмээд сэтгэл санааны хүнд байдалд орсон.

Өөрөөр хэлбэл С.Э эгч аавтай маань насан туршдаа хамт амьдрана гэсэн амлалтаа биелүүлээгүй, хүний эд хөрөнгийг хуурч мэхэлж аваад, маргааш нь зангаа хувиргаад, цагдаад хуурамч дуудлага өгөөд хаяад явсан. Ц.Нын насан туршдаа хамт амьдарна гэсэн итгэл, сэтгэлийг даалгүй, гомдоож явсан нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл мөн. Бэлэглэлийн гэрээний хувьд гол онцлог нь тухайн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлсэн явдал байдаг. Одоо нэхэмжлэгч Ц.Н зуслан дээрээ очих гэхлээр гэрт нь оруулдаггүй. Нөгөө талаасаа хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зүйл харагдаж байгаа. Тийм учир бидний зүгээс Иргэний хуулийн 280, 281 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газар эзмших эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Нтой 2012 онд танилцан 2013 оноос Чингэлтэй дүүрэг Шадивлангийн 07 тоот газарт хамт амьдарч эхэлсэн. Улмаар хамт амьдарч эхлээд тухайн газар дээр шинээр 5х7 хэмжээтэй байшин барьсан. Тухайн үед би өөрийн 3 өрөө байрыг зарж, байраа зарсан мөнгөөрөө барилгын материал авч, өөрөө бүх юмыг нь зөөж, барьж, цаашдаа тухайн байшинд амьдарна, цаашид хамт амьдрах ханьтай боллоо гэх сэтгэлээр хандсан. Биднийг хамт амьдарч эхлэх үед маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлангийн зуслангийн газарт ямар ч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан. Тухайн үедээ би газрын албанаас энэ талаар асуухад “зуслангийн газар учир хувьчлах, өмчлөх, эзэмших боломжгүй” гэж хэлж байсан юм. Улмаар 2017 онд тухайн газрыг нэр дээрээ авах боломжтой боллоо гэсэн учир би газрын албанд очиж материалаа бүрдүүлж, хөөцөлдөж байж ямар ч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй байсан газрыг бичиг баримттай болгосон. Газрын гэрчилгээ Ц.Нын нэр дээр гарсан.

Газар шилжүүлэх болсон гол шалтгааны тухайд, би Ц.Нтой бараг 10 гаруй жил хамт амьдарсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд нь ажил хийхийн хажуугаар Ц.Ныг эмнэлгээр зөөж, асарч хамгаалж ирсэн. Тухайн газар дээр түүний хүүхдүүд болох Н.Хишигдэлгэр амьдрахгүй, Н.Буянтогтох ирдэггүй учир Ц.Н өөрөө “би чамдаа өгөхгүй бол өөр хэндээ өгөх вэ дээ, чи минь намайг удаан асарч халамжиллаа” гэж хэлсэн. Ц.Нын аав нь ч, дүү нь ч тухайн газрыг надад шилжүүлэх нь зөв гэж хэлж байсан. Миний хувьд ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх үед бидний баталгааг хийсэн нотариатч Ц.Ноос ямар үндэслэлээр надад газраа шилжүүлж байгаа талаар нь асуусан. Тухайн үед Ц.Н “миний бие муу, хүүхдүүд маань тусдаа гарсан учир шилжүүлж байна” гэж өөрийн биеэр тайлбарласан.  Миний хувьд 10 жил гаруй энэ хүнийг асарч халамжилсан. Тийм учир тухайн газрыг нь шилжүүлж авах нь шударга зүйл гэж үзэж байна.

Намайг хаяж явсан гээд байгаа боловч тийм зүйл огт байхгүй. Ц.Н багаасаа л бие муутай, суурь өвчтэй хүн байсан. Сүүлд бөөрний өвчтэй болох үед миний бие диализын аппаратад нь оруулж, байнга эмнэлэг рүү өөрийн машинаар зөөж, асарч халамжилдаг байсан. Бид хоёрын хувьд муудалцах, тусдаа байх асуудал бишгүй л их байсан. Гэтэл энэ удаад л муудалцаад хаяад явчихсан гэх зүйлийг яриад байна. Энэ бол хүний нэр төрд халдаж байгаа, ёс зүйгүй асуудал. Ц.Нын хувьд тухайн газрын эзэмших гэрчилгээг шилжүүлж өгөхдөө өөрөө сайн дураараа өгсөн. Анхнаасаа өвчтэй байсан хүн байхад бусдад намайг өвчтэй байхад нь хаяж явсан мэт ойлголт төрүүлж байгаа нь надад эвгүй, хэцүү байна, гомдсон хүн нь би өөрөө байна. 2022 оны 02 сард муудалцах болсон шалтгаан нь би гадуур гараад гэртээ эрт ирсэн, тэгсэн Ц.Нын утас нь дуугараад, өөрөө дүлий учир чанга ярьдаг, цаана нь эмэгтэй хүн яриад байсан. Үүний улмаас би үнэн учираа хэлчих гэхэд хэлээгүй, тэгээд намайг явуулахгүй гээд байсан учраас цагдаа дуудсан байгаа. Үүнээс хойш тусдаа амьдарч байна.

Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ агуулгын хувьд бэлэглэлийн гэрээ биш юм. Харин газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн гэрээ байгаа юм. Хэрэв бэлэглэлийн гэрээ гэж байгаа бол энэ гэрээний нэр ч өөр байх байсан. Гэрээний агуулга ч мөн өөр байх байсан. Бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгчийг гомдоосон гэдгийг мэдсэнээс хойш 1 жилийн дотор шаардлага гаргах боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2021.03.26-ны өдөр гэрээ байгуулсан хэрнэ 2022 оны 04 сард буюу гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил гаран болсны дараа шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өвчтэй байхад нь хаяад явсан гэдэг нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл биш юм, ноцтой гомдоосон гэх ямар ч бичгийн баримт байхгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн, зохигчдын хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 4917 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2021.03.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021.01.15-ны өдрийн Ц.Нын нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, MedVic эмнэлэгийн 2022 оны 03 сар, 06 сарын тодорхойлолтууд, Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан зуслангийн 1997 оны гэрэл зураг, 2014.05.02, 2014.09.10,  өдрийн түрээсийн гэрээ, сунгалтууд, 2022.09.27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн магадлагаа, газар, хувийн сууцны гэрэл зургууд, 1998.12.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.14-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.08.02-ны өдрийн С.Эийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022.04.26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, шадивлан /15022/, 13 дугаар хэсэг гудамж, 1*** тоотод байрлах, 71 м.кв хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, хувийн сууцны гэрэл зураг, 2013 оны 10 сарын зарлагын баримтууд, 2021 оны 07 сарын зарлагын баримтууд, 2013 оны 10 сарын орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хуулбар, С.Эийн ХААН банк ХХК-ийн дансны хуулгууд, 2022.03.01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол, хариу мэдэгдэх хуудас, гар бичвэр, схем зураг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан зусланд байрлах газрын хувийн хэргийн баримтууд /33 хуу/-ыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч С.Эт холбогдуулж 2021.03.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг С.Э бид хоёр 2013 оноос эхлэн 2022 оны 02 сарыг хүртэл 10-аад жил хамтран амьдарсан, 2020 оноос бөөрний дутагдал өвчнөөр эмчлүүлж байгаа, өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн ** хороо хороонд байрлах шадвилан зуслангийн газрыг С.Эн нэр дээр үнэ, төлбөргүй шилжүүлэн өгсөн, үүнийг бэлэглэлийн гэрээ гэж үзэж байгаа, харин С.Э нь газрын эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш ааш зан нь хувирч, намайг хүнд өвчтэй байхад 2022 оны 02 сард орхин явж ноцтой гомдоосон учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд маргааны зүйл болсон газар нь огт бичиг баримтгүй байсныг би хөөцөлдөж Ц.Нын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж өгсөн, Ц.Н хүүхдүүд энд ирэхгүй, чи намайг олон жил харж хандсан учир чамдаа энэ газраа шилжүүлнэ гэсэн, үүнийг өндөр настай аав, ах нь хүртэл зөвшөөрсөн, тийм учраас Ц.Н газраа надад өөрийн сайн дураар шилжүүлэн өгсөн, сүүлд 2022 оны 02 сард Ц.Н өөр эмэгтэйтэй утсаар ярьж байгаад надад баригдсан, учир явдлаа тайлбарлахыг хүсэхэд өөрөө яриагүй, түүнээс болж маргалдаж, цагдаа дуудсан, үүнээс хойш тусдаа амьдарч байгаа, энэ нь Ц.Ныг гомдоосон үйлдэл биш юм, харин эсрэгээрээ гомдсон хүн нь би өөрөө, бидний хооронд ямар нэгэн бэлэглэлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Ц.Н нь 1988 онд Н гэр бүл болсон байх бөгөөд Т.Н 2010.10.01-ний өдөр нас баржээ. Улмаар нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч С.Э нар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарч, Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан зусланд байрлах 699 м.кв газарт 2014 онд 71 м.кв хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж, тэндээ 2022 оны 02 сарыг хүртэл хамтран амьдарсан, нэхэмжлэгч Ц.Н нь 2020 оноос бөөрний дутагдал өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэж байгаа нь тогтоогдсон. Эдгээр үйл баримтын талаар гэрчүүд давхар мэдүүлсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь 2017.06.30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандаж “...Би Шадивлангийн зуслангийн газарт 1994 оноос хойш зусланд гарч, байшин барьж суурьшин амьдарч байна, эхнэр маань 2010 онд нас барсан, энэ газрын байршлын зураг эхнэрийн нэр дээр байдаг, иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргаж байсан, уг өргөдөл тухайн үедээ хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хувийн хэргийн баримтаас харагдахгүй байх боловч нэхэмжлэгч Ц.Н нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/878 дугаар захирамжаар маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивланд байрлах 699 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2021.01.15-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээг авчээ.

 

4.Зохигчдын хооронд 2021.03.26-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Н нь өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан зусланд байрлах 699 м.кв газрыг хариуцагч С.Эт үнэ төлбөргүй шилжүүлэх, хариуцагч С.Э нь газрын эзэмших эрхийг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа байх боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээнд “...үнэ төлбөргүй шилжүүлэх...” гэж бичигдсэн нь бэлэглэлийн гэрээний харилцааг үүсгэхгүй, бэлэглэл нь нэг талын гэрээ байдаг онцлогтой бол, газар эзэмших эрхийг талууд хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр хариу төлбөртэй, төлбөргүй байдлаар бусдад шилжүүлэх эрхтэй, энэ үүднээсээ хоёр талын гэрээ гэж үзэх үндэслэлтэй, ийнхүү зохигчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу 2021.03.25-ны өдөр эрх бүхий байгууллагад хандаж хүсэлтээ гаргаж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгснөөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны А/310 дугаар захирамжаар, маргааны зүйл болсон газрын эзэмших эрх нь 2021.08.02-ны өдөр хариуцагч С.Эийн нэр дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

Улмаар хариуцагч С.Э нь дээрх газарт байрлах, Чингэлтэй дүүргийн ** хороо хороо, Шадивлан /15022/, 13 дугаар хэсэг гудамж 1**** тоот, 71 м.кв хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж 2022.04.26-ны өдөр өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх ба, маргааны зүйл болсон 699 м.кв газар, түүн дээр байрлах 71 м.кв хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар хоорондоо хамааралтай, салгаж үл болох бүрдэл хөрөнгө болсон байна.

 

5.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

 

          Өөрөөр хэлбэл “Бэлэглэх” гэдэгт бэлэглэгчийн хөрөнгө багасч, бэлэг хүлээн авагчийн хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдэж буй зөрүүг, “хариу төлбөргүй” гэдэгт бэлгийн оронд ямар нэг байдлаар хариу үүрэг ногдуулаагүй байхыг, “ноцтой гомдоосон” гэдэгт объектив утгаараа нэлээд хүндхэн, ноцтой байх ба, субектив талаасаа хүний мөсгүй, хуншгүй загнасан үйлдэл гаргасан байхыг тус тус ойлгоно.

 

          6.Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2021.03.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан, дээр дурдсан бэлэглэлийн гэрээний шинжид нийцэхгүй байх бөгөөд, газар эзэмшигч байсан, нэхэмжлэгч Ц.Н нь өөрийн хүсэл зоригийн дагуу Газрын тухай хуулиар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний хүрээнд өөрийн эзэмшлийн газрыг хариуцагч буюу хамтран амьдрагч байсан С.Эт шилжүүлэн өгсөн, хариуцагч С.Э тухайн газрыг шилжүүлэн авсан нь бэлэглэлийн гэрээний харилцаа болохгүй юм.

 

          Тодруулбал, хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Ц.Ныг хүнд өвчтэй байхад нь мэдсээр байж, санаатай орхиод явсан, түүнийг ноцтой гомдоосон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд харин зохигчид 2022 оны 02 сард “...нэхэмжлэгч Ц.Н өөр эмэгтэйтэй болсон...” гэх шалтгаанаар хоорондоо муудалцаж, үүний улмаас хариуцагч С.Э цагдаа дуудаж “...Ц.Н биед нь халдсан, зодсон, бусадтай харилцахыг хязгаарласан...” гэх үйлдлийг шалгуулсан байх бөгөөд 2022.03.01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсаар Ц.Нын үйлдэл нь зөрчлийн шинжгүй болохыг тогтоож, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

          Иймд Ц.Нын нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         

          7.Нэхэмжлэгч Ц.Нын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

          Зохигчдын гарган өгсөн маргааны зүйл болсон газар дээр 2014 онд баригдсан гэх хувийн сууц, зоорьтой холбоотой баримтуудыг энэхүү маргаанд хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар хариуцагч С.Эт холбогдох 2021.03.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, газар эзэмших эрх сэргээлгэх тухай Ц.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** хороо зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** хороо зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА