Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00318

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00318

 

 

***ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох 2021 оны 03 сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:*** 699 м.кв газрыг эх *** нь 1990-ээд оны үед зуслангийн байшингийн хамт худалдаж авсан ба 2010 онд *** нь нас барж, 2013 оноос хойш *** нь ***тэй хамт амьдарч шинэ байшин барьсан. Маргааны зүйл болсон газар дээр 2021 оны 01 сард газрын шинэ гэрчилгээ гарсан ба 2021 оны 03 сард ***оос ***ийн нэр дээр ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Үүнээс хойш ***ийн зан харилцаа өөрчлөгдөж, ***ыг 2022 оны 02 сард хаяж явсан. *** нь ***той насан туршдаа хамт амьдарна гэсэн амлалтаа биелүүлээгүй, хүний эд хөрөнгийг хуурч мэхэлж аваад, маргааш нь зангаа хувиргаад, цагдаад хуурамч дуудлага өгөөд хаяад явсан. ***ын насан туршдаа хамт амьдарна гэсэн итгэл, сэтгэлийг даалгүй, гомдоосон нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл мөн. Одоо нэхэмжлэгч *** зусландаа очихоор гэрт нь оруулдаггүй. Иймд Иргэний хуулийн 280, 281 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: ***той 2012 онд танилцан 2013 оноос *** тоот газарт хамт амьдарч эхэлсэн ба тухайн газар дээр шинээр 5х7 хэмжээтэй байшин барьсан. Тухайн үед өөрийн 3 өрөө байрыг худалдан борлуулсан ба уг мөнгөөрөө барилгын материал авч, өөрөө бүх юмыг зөөж, барьж, тухайн байшинд амьдарна, цаашид хамт амьдрах ханьтай боллоо гэх сэтгэлээр хандсан. Тухайн үед маргаан бүхий газарт өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Улмаар 2017 онд тухайн газрыг нэр дээрээ авах боломжтой боллоо гэсэн тул газрын албанд очиж материалаа бүрдүүлж, хөөцөлдөж байж ямар ч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй байсан газрыг бичиг баримттай болгосон. Газрын гэрчилгээ ***ын нэр дээр гарсан. Газар шилжүүлэх болсон гол шалтгааны тухайд, би ***той бараг 10 гаруй жил хамт амьдарсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд нь ажил хийхийн хажуугаар ***ыг эмнэлгээр зөөж, асарч хамгаалж ирсэн. *** өөрөө ...би чамдаа өгөхгүй бол өөр хэндээ өгөх вэ дээ, чи минь намайг удаан асарч халамжиллаа... гэж хэлсэн. Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх үед нотариатчийн зүгээс ямар үндэслэлээр надад газраа шилжүүлж байгаа талаар асуухад *** ...миний бие муу, хүүхдүүд маань тусдаа гарсан учир шилжүүлж байна... гэж тайлбарласан. Намайг хаяж явсан гээд байгаа боловч тийм зүйл огт байхгүй. *** бөөрний өвчтэй болох үед бөөрний аппаратад оруулж, байнга эмнэлэг рүү өөрийн машинаар зөөж, асарч халамжилдаг байсан. Бид хоёрын хувьд муудалцах, тусдаа байх асуудал их байсан. Гэтэл энэ удаад л муудалцаад хаяад явчихсан гэх зүйлийг яриад байна. Энэ бол хүний нэр төрд халдаж байгаа, ёс зүйгүй асуудал юм. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн. Бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгчийг гомдоосон гэдгийг мэдсэнээс хойш 1 жилийн дотор шаардлага гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч 2021 оны 03 сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан атлаа 2022 оны 04 сард нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өвчтэй байхад нь хаяад явсан гэдэг нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл биш, ноцтой гомдоосон гэх ямар ч бичгийн баримт байхгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн, зохигчдын хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***т холбогдох 2021 оны 03 сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, газар эзэмших эрх сэргээлгэх тухай ***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч *** нь 1994 онд эхнэр ***тэй хамт *** компаниас ***д байрлах 699 м.кв эзэмшил газар, зуслангийн модон сууцыг худалдан авч эзэмшиж, ашиглаж ирсэн. Эхнэр *** нь 2010 онд өвчний улмаас нас барж, 2013 оноос *** нь ***тэй танилцаж, хамтарч амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн эзэмшил зуслангийн газартаа сууц барихаар төлөвлөж 2014 оноос эхлэн зуслангийн сууцаа шинээр барьсан. Тухайн үед *** нь Улаанбаатар барилга угсралтын трестэд инженерээр ажиллаж байсан ах дүү, хамт олон найз нөхдийн хүчээр зуслангийн шинэ сууц барьж 2 жилийн хугацаанд дуусгасан. 2017 оны 06 сард зуслангийн газрын гэрчилгээ гаргуулахаар ***нд өргөдлөө холбогдох баримтын хамт өгөөд хүлээж байтал 2018 онд ***ын бие гэнэт муудаж сэхээнд орж бөөрний хүнд өвчин туссан гэдгээ мэдсэн. Улмаар бөөрний аппаратад орж, байнгын эмчийн хяналтад байдаг болсон. ***нд өгсөн ***ын өргөдлийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн А/878-тай захирамж гарч, улмаар 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж авсан. 2021 оны 03 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатын газар очоод өөрийн эзэмшлийн ***д байрлах 699 м.кв газрын эзэмших эрхээ үнэ, төлбөргүй шилжүүлэх гэрээ хийж бэлэглэсэн гэж ярьдаг. Хамтран амьдрагч *** нь газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авснаас хойш түүний ааш зан гэнэт өөрчлөгдсөн. Гэтэл 2022 оны 02 сарын 27-ны өдөр хүнтэй утсаар ярилаа гэж үл ялих зүйлээр шалтаглан, маргаж байгаад цагдаад хуурамч дуудлага өгч ***ын гэрээс гараад дахиж ирээгүй.

4.б. *** нь анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***ийн нэр дээр байгаа маргаан бүхий газрыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх битүүмжилсэн. Гэтэл хариуцагч тал шүүгчийн захирамжид гомдол гаргаж, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед *** ***д амьдардаг гэсэн албан ёсны бүртгэлтэй байсан, гэрээг ч энэ хаягаар байгуулсан. Гэтэл *** нь шүүхэд хариу тайлбараа хуулийн хугацаанд ирүүлэхийн оронд ***той хамтарч барьсан зуслангийн байшингаа өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулах ажлыг хөөцөлдөж *** улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсныг мэдээд ***ын зүгээс уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2022 оны 09 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 09 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгөхөд шүүгч *** нь нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж тайлбарласан. Гэтэл бичгээр гарсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй гэж тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан, тус хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох нэг үндэслэл болно.

4.г. Анхан шатны шүүх ***ын газар эзэмших эрхээ ямар ч үнэ төлбөргүй шилжүүлж байгаа үйлдлийг нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсон. Бэлэглэлийн гэрээг эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй, гэрээг хүчингүй болгуулахаар заасан бөгөөд *** нь ***ийг насан туршид хамт амьдарна гэж итгээд газар эзэмших эрхээ ямар ч хариу төлбөргүй шилжүүлж байгаа үйлдэл нь ***ын газар эзэмших эрхээ бэлэглэж байгаа гэх ойлголт, мөн хариу төлбөргүй эд хөрөнгө эзэмших эрхээ шилжүүлж байгаа нь шууд утгаараа бэлэглэлийн гэрээ гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан боловч тэмдэгтийн хураамж гэх зэрэг баримт дутуу байсан тул татгалзсан. Энэ хуралд өмгөөлөгчтэй оролцсон тул гомдол гаргах эрхтэй захирамж эсэхийг мэдэж байсан. 2021 оны 03 сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шүүх холимог гэрээ гэж үзсэн, бэлэглэлийн гэрээ гэж үзэх ёстой байсан гэж давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хэлж байгаа шиг ижил төстэй хуулийг хэрэглэх гэсэн ойлголт байхгүй. Учир нь эрх шилжүүлэх гэрээ гэж бичсэн. Үнэ төлбөргүй зүйл нь бүгд бэлэглэлийн утга санааг агуулахгүй. Хэргийн материалд газар эзэмших эрхийн гэрчилгээ 2021 онд гарсан. Анх ***ын нэр дээр гараад шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээ гэж үзэж байгаа бол 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ нь 1 жилийн дотор гомдол гаргах байсан.

***ыг хүнд өвчтэй байхад нь ноцтой гомдоосон гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. ***ыг 2017 онд группт орохоос нь эхлэн асарч, эмнэлэг рүү зөөдөг байсан. 2021 онд зуслангийн байрыг хариуцагч өөрөө барьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...тус газрыг 1990 онд анх худалдаж авсан, тус газар дээр 2013 оноос хойш хариуцагчтай хамтран амьдарч байгаа, цаашид хамт амьдарна гэж итгээд 2021 оны 03 сард газар эзэмших эрхээ хариуцагчид ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн, үүнээс хойш хариуцагчийн зан ааш өөрчлөгдөж, хүнд өвчтэй байхад хаян явж, цагдаад хуурамч дуудлага өгч ноцтой гомдоосон... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрх үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийг 10-аад жил асарч сувилсан учир надад үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн, тухайн газар дээр 5х7 хэмжээтэй байшинг өөрийн мөнгөөр барьсан, хаяж явсан зүйл байхгүй, хуульд заасан шаардлага гаргах 1 жилийн хугацаа өнгөрсөн... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна.

 

3.   Талууд 2021 оны 03 сарын 26-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *** нь өөрийн эзэмшлийн *** хаягт байршилтай, 699 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг ***т үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 79-81/

Улмаар, дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ ***ийн нэр дээр 2021 оны 08 сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх 62/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсон нь оновчгүй болжээ.

Учир нь, нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулиар зохицуулаагүй, өвөрмөц агуулга бүхий гэрээг хамааруулан ойлгодог. Гэтэл талуудын хооронд үүссэн харилцааны шинж, агуулгаас тэдгээрийн хооронд үүссэн харилцааг тодорхойлох боломжтой байна.

 

5.   Маргаан бүхий газрын кадастрын зураг анх ***н /нэхэмжлэгчийн эхнэр/ нэр дээр бүртгэлтэй байсан /хх 108, 109/, дараа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ ***ын нэр дээр бүртгэгдсэн /хх 70-72/, улмаар *** нь эзэмших эрхтэй газраа ***ийн эзэмшилд түүний зөвшөөрснөөр хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн /хх 62, 68, 69/ зэрэг үйл баримтыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн, ***оос газрын албанд гаргасан хүсэлтэд ***ийг ...эхнэр... гэж тодорхойлсон /хх 68/ байдал, мөн *** нь бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэх өвчтэй болох нь хэргийн баримт /хх 10/, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул ...*** нь бөөрний хүнд өвчтэй бөгөөд ***ийг насан турш хамт амьдарна гэж итгээд газраа ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг илүү бодит үнэнд нийцсэн гэж үзэв.

 

6.   Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280, 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

Хэргийн баримтаар *** нь 2022 оны 02 сарын 27-ны өдөр хамтран амьдрагч *** түүний бие махбодид халдаж зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэх дуудлагыг өгсөн, Цагдаагийн байгууллага дээрх мэдээллийг шалгаад зөрчил тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдсон. /хх 184-185/

Бэлэг хүлээн авагч ***ийн дээрх үйлдлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан ...бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн... гэсэн үндэслэлд хамааруулах үндэслэлтэй тул нэхэмжлэгч *** нь бэлэглэлийг хүчингүй болгохоор хариуцагч ***ээс шаардах эрхтэй байна.

 

7.   Шаардах эрх үүссэн үеэс буюу зохигчид маргалдаж, тусдаа амьдрах болсон 2022 оны 02 сараас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацааг тоолоход уг хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

8.   Энэхүү магадлалаар маргаан бүхий газар дээр баригдсан гэх 71 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03676 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д зааснаар *** болон *** нарын хооронд 2021 оны 03 сарын 26-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, *** хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг ***ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг ***нд даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч ***ээс улсын тэмдэгтийн хураамжид 162,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***т буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 162,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР