Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/00825

 

 

 

 

 

 

 

 

 

 2023       02         28                                              182/ШШ2023/00825

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ББТСН ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТБ ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан эд хөрөнгийн 11,03 м.кв дутуу талбайн үнэд 58,459,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т,

Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Ч.Р,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ББТСН ХХК нь 2022.01.13-ны өдөр ТБтай 01/18 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр ББТСН ХХК нь Сүхбаатар дүүрэг, * дугаар  хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, *** барилгын ***  хаягт байрлах 84.6 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайг 5,300,000 төгрөгөөр, нийт 448,380,000 төгрөгөөр ТБнаас худалдан авч, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 67,380,000 төгрөгийг ТБанд төлсөн. Үлдэгдэл 381,000,000 төгрөгийг ТБнаас зээл авч, өнөөдрийг хүртэл зээлийг хэвийн төлж байгаа бөгөөд 2022.01.19-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, уг объект нь зээлийн барьцаанд байгаа болно. Хэдийгээр гэрээнд м.кв-ийн үнэ бичигдээгүй байх боловч манай байгууллагаас ТБанд хүргүүлсэн албан бичгээр 1 м.кв нь 5,300,000 төгрөгөөр худалдаж авахыг хүссэн болох нь харагдана. Мөн түүнчлэн ТБ ХХК нь 1 м.кв-ийг 5,300,000 төгрөгөөр худалдаж байгааг тайлбарлаж, бидэнд итгүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн нь 84,6 м.к-ийг 5,300,000 төгрөгөөр үржүүлэхэд гарч ирнэ, тийм учраас 1 м.кв талбайн хэмжээг тооцож, үнийг тогтоосон юм.

Ийнхүү бид ТБнаас гэрээний дагуу шилжүүлэн авсан дурдсан үл хөдлөх эд хөрөнгөө АЭ ХХК-иар 2022.05.10-ны өдөр хэмжүүлэхэд талбайн хэмжээ нь 73,57 м.кв болж 11,03 м.кв-аар бага болох нь тогтоогдсон. Энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 сарын хугацаан дотроо байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч ТБ ХХК нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар бидэнд доголдолтой буюу дутуу талбай хүлээлгэн өгсөн. Энэ талаар бид тухайн үед ТБ ХХК-нд албан бичиг хүргүүлсэн, утсаар удаа дараа холбогдож талбайн зөрүүтэй байдлыг хэлж байсан.

 Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх боломж байгаа талаар зохигчид судалсан бөгөөд манай байгууллага зээлийн хэмжээнээс хасуулах санал гаргасан боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагч нь дутуу талбай хүлээлгэж өгөөгүй, талбайн хэмжээ 84,6 м.кв байсан гэж байгаа бол баримтаар нотлох байсан, нотлоогүй. Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үедээ нүдээр хараад талбайн хэмжээг их, бага гэж хэлэх боломжгүй, тийм ч учраас сүүлд эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж, талбайн хэмжээ дутуу байгааг мэдсэн. Тийм учраас анх хүлээж авахдаа шалгаж аваагүй бол шаардах эрхгүй гэж үзэх учир дутагдалтай. Улсын дээд шүүхээс талбайн хэмжээ, зөрүүтэй холбоотой ямар нэгэн тогтоол гараагүй, харин зөвлөмж гарсан байна. Иймд бид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар дутуу шилжүүлсэн талбай болох 11,03 м.кв талбайг, 1 м.кв-ыг нь 5,300,000 төгрөгөөр тооцож, нийт 58,459,000 төгрөгийг хариуцагч ТБнаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБ нь Алтай групп ХХК-тай 2016.04.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд тус зээлийн тодорхой барьцаа хөрөнгүүдийг ТБны өмчлөлд шилжүүлж зээлийн төлбөрөөс хоргодуулахаар харилцан тохиролцсон. Улмаар ТБ нь Алтай групп ХХК болон Хурган мөнх ХХК-тай 2019.06.21-ний өдөр 02а/449 тоот “Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүрэг * дугаар  хороо, 5 дугаар хороолол, сөүл гудамж, *** барилгын ***  тоот хаягт байрлах 84.6 м.кв талбай болох бусад хөрөнгийн өмчлөх эрхийг банк шилжүүлэн авч, “Алтай групп” ХХК, түүний хамаарал бүхий этгээдийн зээлээс 8,290,404,000 төгрөгийг хоргодуулсан болно. Банкнаас нэхэмжлэгчид худалдан борлуулсан Сүхбаатар дүүрэг * дугаар  хороо, 5 дугаар хороолол, сөүл гудамж, *** барилгын ***  тоот хаягт байрлах хөрөнгийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан талбайн хэмжээгээр буюу 84,6 м.кв талбайгаар тооцож банк нэхэмжлэгчид худалдан борлуулсан болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тус хөрөнгийг “ТБны хөрөнгө оруулалтын зээл”-ээр худалдан авсан бөгөөд банкнаас зээл олгохдоо болон тус хөрөнгийг зээлийн барьцаанд бүртгэхдээ 84,6 м.кв талбайгаар тооцож, зээлийн судалгаа, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ хийж 2022.01.25-ны өдөр 04/22-15 тоот Зээлийн гэрээ байгуулж, 381,000,000 төгрөгийн зээлийг сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаагаар олгосон болно. Тус зээлийн барьцаанд маргаан бүхий хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг * дугаар  хороо, 5 дугаар хороолол, сөүл гудамж, *** барилгын ***  тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 84,6 м.кв талбайгаар тооцож, 448,827,598 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж барьцаалсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд 1 м.кв талбайн үнэ, тохиролцоо байхгүй, өөрөөр хэлбэл 84,6 м.кв-ийг нийтэд нь 448,827,598 төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Хэрэв тухайн талбайн хэмжээ дутуу байсан бол нэхэмжлэгч тал хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас шаардах эрхээ алдсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээний 3.1 дэх заалтыг тайлбарлавал 84,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө байгаа, түүнчлэн тухайн талбайд хэмжилт хийсэн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хэмжилтийн тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хуулбар байна. Иймд нэхэмжлэл үндэслэл байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3.Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2022.01.13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2022.01.19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.05.10-ны өдрийн АЭ ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, хавсралтууд, ББТСН ХХК-иас ТБанд хүргүүлсэн 2021.11.24-ний өдрийн 21/5с тоот албан бичиг, 2022.04.18-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2022.01.25-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.01.25-ны өдрийн барьцааны гэрээ, ББТСН ХХК-ийн ТБ ХХК-ийн депозит дансны хуулга, АЭ ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамнаас 2017.06.22-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, АЭ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.06.03-ны өдрийн шуудангийн тасалбар гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас, 2019.06.21-ний өдрийн эгүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ, ТБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.01.14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт, хавсралт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ББТСН ХХК нь хариуцагч ТБ ХК-нд холбогдуулж худалдан авсан эд хөрөнгийн 11,03 м.кв дутуу талбайн үнэд 58,459,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид ТБ ХК-иас 1 м.кв-ыг нь 5,300,000 төгрөгөөр тооцож, 84,6 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд 2022 оны 5 сард хэмжилт хийлгэж, 11,03 м.кв талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн, энэ талаар хариуцагч талд тухайн үедээ утсаар болон амаар мэдэгдсэн, албан бичиг хүргүүлсэн, харилцан ярилцаад бид зээлийн хэмжээнээс хасуулах хүсэлтэй байсан боловч тохиролцоонд хүрээгүй, иймд хариуцагч доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн учир дутуу талбайн үнийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд гэрээнд 1 м.кв талбайн үнэ гэж огт тохиролцоогүй, гэрээний зүйл нь 84,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, ийм эд хөрөнгийг бид зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч тал хүлээн авах үедээ хэмжилт хийлгээд талбайн хэмжээ зөрүүтэй эсэхийг мэдэх боломжтой байсан, гэтэл эрхээ хэрэгжүүлээгүй учир шаардах эрхээ алдсан, түүнчлэн хэмжилт хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч ТБ ХК нь 2019.06.21-ний өдөр 02а/449 тоот, “эгүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх” тухай гэрээг Хурган мөнх ХХК-тай байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу 8,290,404,000 төгрөгийн зээлд тооцон, гэрээний 2 дүгээр зүйлийн 2.4.-т заасан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хурган мөнх ХХК-иас ТБ ХК-нд шилжүүлжээ.

 

Эдгээр хөрөнгүүдийн нэг нь маргааны зүйл болсон, улсын бүртгэлийн                      Ү-22030*** * дугаар т бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн * дугаар  хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ***  дүгээр барилгын ***  тоотод байрлах, 84,6 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байна.

 

4.Улмаар ТБ ХК нь 2022.01.13-ны өдөр 01/18 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ББТСН ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ББТСН ХХК нь хариуцагч ТБ ХК-иас улсын бүртгэлийн Ү-22030*** * дугаар т бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн * дугаар  хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ***  дүгээр барилгын ***  тоотод байрлах, 84,6 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 448,380,000 төгрөгөөр худалдан авч үнэ төлөх, хариуцагч ТБ ХК нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцжээ.

 

Дээрх гэрээнд 1 м.кв талбайн хэмжээ тусгагдаагүй байх боловч ББТСН ХХК нь 2021.11.24-ний өдрийн 21/5с тоот албан бичгийг ТБ ХК-нд хүргүүлсэн байх ба, энэхүү албан бичиг нь “...танай банкны худалдан борлуулах зорилготой ӨБҮХХ-нд нь бүртгэлтэй СБД-ийн *-р хороо, Сөүлийн гудамж ***  дугаартай Twin Tower оффисын ***  тоот, 84,6 м.кв талбайтай оффисыг м.кв-ыг нь 5,300,000 төгрөгөөр танай банкны жилийн 7%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай, 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийн нөхцөлөөр худалдан авах хүсэлтэй байна. ...Иймд тус хөрөнгийн 15%-ийн урьдчилгаа төлбөр 67,380,000 төгрөгийг танай банкны дансанд байршуулсан тул 381,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утгатай байна.

 

5.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч ББТСН ХХК-ийн 1 м.кв талбайн хэмжээ 5,300,000 төгрөг байх дээр дурдсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч ТБ ХК хүлээн авч, нэхэмжлэгч ББТСН ХХК-нд 381,000,000 төгрөгийн зээлийг олгосноор хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд гэрээний үнэ болох 448,380,000 төгрөг нь 5,300,000 төгрөгийг 84,6 м.кв талбайгаар үржүүлэхэд гарсан дүн болохыг тайлбарласан нэхэмжлэгч талын тайлбарыг шүүх бодит байдалд нийцсэн гэж үзсэний дээр зохигчид тухайн үедээ 1 м.кв талбайн үнийг 5,300,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж дүгнэлээ.

 

Тиймээс хариуцагч талын гаргасан “... бид 1 м.кв талбайн үнэ гэж огт тохиролцоогүй, гэрээний зүйл болох 84,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь 448,380,000 төгрөгөөр худалдсан гэх...” тайлбар үгүйсгэгдэж байна.

 

6.Нэхэмжлэгч ББТСН ХХК нь худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т заасны дагуу урьдчилгаанд 67,380,000 төгрөгийг хариуцагч ТБ ХК-нд төлж, үлдэх 381,000,000 төгрөгийг ТБ ХК-иас 2022.01.25-ны өдөр сарын 0,58%, жилийн 7%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авч төлсөн байх бөгөөд, хариуцагч ТБ ХК нь гэрээний 3  дугаар зүйлийн 3.4-т зааснаар 2022.01.14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ББТСН ХХК-нд хүлээлгэн өгч, 2022.01.19-ний өдөр нэхэмжлэгч ББТСН ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч ББТСН ХХК нь өөрийн худалдан авсан, улсын бүртгэлийн Ү-22030*** * дугаар т бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн * дугаар  хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ***  дүгээр барилгын ***  тоотод байрлах, 84,6 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022.01.25-ны өдрийн 04/22-16 тоот барьцааны гэрээний дагуу 2022.01.25-ны өдрийн 04/22-15 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ТБ ХК-нд барьцаалсан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

7.Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн аль нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан төлбөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ бие биенийхээ өмнө харилцан биелүүлсэн байх боловч 2022.05.10-ны өдрийн АЭ ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл гэсэн баримтаар маргааны зүйл болсон 84,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 73,57 м.кв талбай болж 11,03 м.кв талбайгаар дутуу болох нь тогтоогдсон бөгөөд энэ үед нэхэмжлэгч ББТСН ХХК нь худалдан авсан 84,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн байна.

 

АЭ ХХК нь зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрөл нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2017.06.22-ны өдөр 5 жилийн хугацаатай олгогдсон, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2022.05.10-ны өдөр нэхэмжлэгч ББТСН ХХК-ийн захиалгаар АЭ ХХК нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжилтийг хийсэн, хэмжилтийн тэмдэглэлийг хууль ёсны баримт гэж үзнэ. Иймд хариуцагч талын гаргасан “...хэмжилт хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан...” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “...худалдагч нь биет байдлын доголдолгүй...хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг...хүлээнэ” гэж, 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан, уг заалтын агуулга нь худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т адил байдлаар тусгагдсан байна. Эдгээр заалтуудаас үзэхэд хариуцагч ТБ ХК нь гэрээгээр тохирсон 84,6 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй 11,03 м.кв талбайгаар дутуу 73,57 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ББТСН ХХК-нд шилжүүлсэн, тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ББТСН ХХК нь талбайн хэмжээ дутуу байгаа талаар 2022.01.19-ний өдөр маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш талбайн хэмжилт хийлгэсэн 2022.05.10-ны өдөр хариуцагч ТБ ХК-нд утсаар болон амаар мэдэгдэж, нэг удаа албан бичиг хүргүүлсэн гэх боловч энэ талаар бичгийн баримтгүй, үүнийг хариуцагч талаас тухайлан маргаж, баримтаар няцаагаагүй, харин ч зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөөс суутгуулах байдлаар эвлэрэх талаар ярилцана гэж хугацаа авсан боловч үр дүнд хүрээгүй болно.

 

9.Иймд нэхэмжлэгч ББТСН ХХК нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн чанар, доголдлын талаар худалдан авагчид мэдээлэл өгөх үүрэгтэй, худалдан авагч нь энэ талаарх мэдээллийг худалдагчаас авах эрхтэй гэсэн эрх, үүргийг зохигчдын хэн аль нь харилцан биелүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэхдээ тухайлан талбайн хэмжилтийг хийгээгүй, талбайн хэмжээ дутуу болохыг нүдэн баримжаагаар тогтоох боломжгүй, үүнд тусгай мэдлэг шаардагдах бөгөөд нэхэмжлэгч ББТСН ХХК нь гомдлын шаардлага гаргах хуульд заасан 6 сарын хугацаанд доголдлыг илрүүлсэн байна.

 

Тиймээс хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үедээ хэмжилт хийлгээд талбайн хэмжээ зөрүүтэй эсэхийг мэдэх боломжтой байсан, гэтэл эрхээ хэрэгжүүлээгүй учир шаардах эрхээ алдсан...” гэх тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

10.Нэхэмжлэгч ББТСН ХХК нь Иргэний  хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар ...доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар хариуцагч ТБ ХК-иас шаардах эрхтэй, энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно, хуулийн 254.4.-т зааснаар нэхэмжлэгч ББТСН ХХК нь эд хөрөнгийг хүлээн авсан бол хариуцагч ТБ ХК нь дутуу шилжүүлсэн 11,03 м.кв талбайн үнэ болох 58,459,000 /11,03 м.кв * 5,300,000 төг/ төгрөгийг нэхэмжлэгч ББТСН ХХК-нд буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч ТБ ХК-иас 58,459,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББТСН ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ББТСН ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 449,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХК-иас 449,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББТСН ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.,-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2., 254.4.-т зааснаар хариуцагч ТБ ХК-иас 58,459,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББТСН ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ББТСН ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 449,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХК-иас 449,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББТСН ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА