Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00757

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          04           10                                         210/МА2023/00757

 

 

 

“Б” ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00825 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох

Худалдан авсан эд хөрөнгийн 11,03 м.кв дутуу талбайн үнэд 58,459,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Б” ХХК нь 2022 оны 01 сарын 13-ны өдөр “Т” ХХК-тай 01/18 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр “Б” ХХК нь “Т” ХХК-аас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын 502 хаягт байрлах 84.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 5,300,000 төгрөг буюу нийт 448,380,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. Гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөр 67,380,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 381,000,000 төгрөгийг “Т” ХХК-аас зээл авч, зээлийг хэвийн төлж байгаа бөгөөд 2022 оны 01 сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, уг объект нь зээлийн барьцаанд байна. Гэрээнд м.кв-ийн үнэ бичигдээгүй боловч манай байгууллагаас “Т” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр 1 м.кв нь 5,300,000 төгрөгөөр худалдаж авахыг хүссэн ба “Т” ХХК нь 1 м.кв-ийг 5,300,000 төгрөгөөр худалдаж байгааг тайлбарлаж, бидэнд итгүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 84,6 м.к-ийг 5,300,000 төгрөгөөр үржүүлэхэд гарах тул 1 м.кв талбайн хэмжээг тооцож, үнийг тогтоосон.

“Т” ХХК-аас гэрээний дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөө “Амайзэ” ХХК-аар 2022 оны 05 сарын 10-ны өдөр хэмжүүлэхэд талбайн хэмжээ нь 73,57 м.кв болж 11,03 м.кв-аар бага болох нь тогтоогдсон.

1.3. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 сар байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Т” ХХК нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой буюу дутуу талбай хүлээлгэн өгсөн. Тухайн үед “Т” ХХК-д албан бичиг хүргүүлсэн, утсаар удаа дараа холбогдож талбайн зөрүүтэй байдлыг хэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх боломж талаар зохигчид судалсан бөгөөд манай байгууллага зээлийн хэмжээнээс хасуулах санал гаргасан боловч үр дүнд хүрээгүй.

1.4. Хариуцагч дутуу талбай хүлээлгэж өгөөгүй, талбайн хэмжээ 84,6 м.кв байсан бол баримтаар нотлох байсан. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үедээ нүдээр хараад талбайн хэмжээг их, бага гэж хэлэх боломжгүй учраас сүүлд эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж, талбайн хэмжээ дутуу байгааг мэдсэн. Анх хүлээж авахдаа шалгаж аваагүй бол шаардах эрхгүй гэж үзэх нь дутагдалтай.

Улсын Дээд шүүхээс талбайн хэмжээн зөрүүтэй холбоотой ямар нэгэн тогтоол гараагүй, харин зөвлөмж гарсан. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар дутуу шилжүүлсэн 11,03 м.кв талбайн 1 м.кв-ыг 5,300,000 төгрөгөөр тооцож, нийт 58,459,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Т” ХХК нь “Алтай групп” ХХК-тай 2016 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд тус зээлийн тодорхой барьцаа хөрөнгүүдийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зээлийн төлбөрөөс хорогдуулахаар тохиролцсон. “Т” ХХК нь “А” ХХК болон “Х” ХХК-тай 2019 оны 06 сарын 21-ний өдөр 02а/449 тоот эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын 502 тоот хаягт байрлах 84.6 м.кв талбай болох бусад хөрөнгийн өмчлөх эрхийг банк шилжүүлэн авч, “А” ХХК, түүний хамаарал бүхий этгээдийн зээлээс 8,290,404,000 төгрөгийг хорогдуулсан.

Банкнаас нэхэмжлэгчид худалдан борлуулсан дээрх хөрөнгийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан талбайн хэмжээгээр буюу 84,6 м.кв талбайгаар тооцож банк нэхэмжлэгчид худалдан борлуулсан.

2.2. Нэхэмжлэгч нь тус хөрөнгийг “Т” ХХК-аас хөрөнгө оруулалтын зээлээр худалдан авсан бөгөөд банкнаас зээл олгохдоо болон тус хөрөнгийг зээлийн барьцаанд бүртгэхдээ 84,6 м.кв талбайгаар тооцож, зээлийн судалгаа, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ хийж, 2022 оны 01 сарын 25-ны өдөр 04/22-15 тоот зээлийн гэрээ байгуулж, 381,000,000 төгрөгийн зээлийг сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаагаар олгосон. Зээлийн барьцаанд маргаан бүхий хөрөнгийг 84,6 м.кв талбайгаар тооцож, 448,827,598 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж барьцаалсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд 1 м.кв талбайн үнийг тохиролцоогүй. Талбайн хэмжээ дутуу байсан бол нэхэмжлэгч тал хүлээн авахаас татгалзах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас шаардах эрхээ алдсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 3.1-д заасныг тайлбарлавал 84,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө юм.

2.3. Тухайн талбайд хэмжилт хийсэн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хэмжилтийн тэмдэглэл хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хуулбар байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2., 254.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХК-аас 58,459,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийнтэмдэгтийн хураамжид төлсөн 449,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХК-аас 449,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.1. “Т” ХХК нь 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 04/22-15 дугаар худалдах, худалдан авах гэрээгээр “Б” ХХК-д 84.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 448,380,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Худалдах худалдан авах гэрээнд зааснаар 1 м.кв үнэ гэж тодорхойлохгүйгээр нийт 84,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 448,380,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх гэрээнд зохицуулаагүй 1 м.кв-ийн үнийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийндурдсанаар 5,300,000 төгрөгөөр бодож нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

4.2. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнд хэмжилт хийж гүйцэтгэсэн “А” ХХК нь хэмжилт хийх тусгай зөвшөөрлийн хуулбарыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрөлтэй эсэх тодорхойгүй байхад шүүх тус хуулбар нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Мөн Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын 6.1-д зааснаар орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг дараалан 2 удаа хэмжиж дунджаар авна гэж, мөн тус аргачлалд хэмжих хэрэгсэл нь төмөр метр болон бусад төрлийн хэмжих хэрэгсэл гэсэн хоёр төрлийн багажаар дараалан 2 удаа авч хэмжиж дунджаар тогтоохоор заасан. Гэтэл “Амайзэ” ХХК нь дээрх аргачлалд заасан хоёр төрөл хэмжих хэрэгслийн аль хэрэгслээр тус орон сууцны талбай хэмжсэн нь тодорхойгүй, тэмдэглэлд тусгаагүй буюу орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг зөрчиж гүйцэтгэсэн.

4.3. Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 03 дугаар гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд зөвлөмжид орон сууцыг хүлээж авах үедээ сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдана хэмээн тайлбарласан.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2022 оны 01 сард тус үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгө хүлээн авах акт үйлдэж хүлээн авсан бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн акт хүлээлцэхдээ тухайн талбайн хэмжилтийг хийгээгүй, талбайн хэмжээ дутуу болохыг нүдэн баримжаагаар тогтоох боломжгүй байсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийг албан ёсоор тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоол баримтлах асуудал яригдах бөгөөд зөвлөмжтэй холбоотой асуудлыг дурдахгүй. Тухайн зөвлөмжтэй холбоотой асуудал яригдсан тохиолдолд уг 84.6 м.кв талбайг ямар үндэслэлээр мэдээгүй, хэзээ гомдлын шаардлага гаргах талаар тухай бүр тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 6 сарын хугацаанд багтаж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн м.кв талбайгаар тохиролцоогүй бүхлээр нь худалдсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдсэн. Манай байгууллагаас “Т” ХХК-д явуулж байсан албан бичгээр 1 м.кв талбайг 5,300,000 төгрөгөөр авах хүсэлтэй байгааг нь хүлээн зөвшөөрч зээл олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд явагддаг.

Хариуцагч шүүхэд үнэн, зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн бөгөөд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн м.кв талбайн зөрүүг мэдэж байсан атлаа нуун дарагдуулж худалдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Талууд 2022 оны 01 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын 502 тоотод байрлах, 84.6 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжлүүлэх, “Б” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 448,380,000 төгрөгийн 15,03 хувь буюу 67,380,000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэх 381,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх9-10/

 

2.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.  

 

3. Худалдагч “Т” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2022 оны 01 сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө хүлээлцсэн актаар худалдан авагч “Б” ХХК-д үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгч, мөн оны 01 сарын 19-ний өдөр  “Б” ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

3.1. Худалдан авагч “Б” ХХК нь гэрээгээр тохиролцсон үнэ 448,380,000 төгрөгийн 67,380,000 төгрөг урьдчилан төлж, үлдэх 381,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр худалдагч “Т” ХХК-д төлжээ.

 

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Амайзэ” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 11,03 м.кв-аар дутуу гэж маргаж, уг талбайн зөрүү төлбөр 58,459,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар гомдлын шаардлага гаргах тухай зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

4.2. Учир нь орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахдаа уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан.  

 

Гэрээний 2.1-д “...Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын 502 тоот хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай...” гэж орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана.

 

4.3. Тодруулбал, орон сууцны талбайг баримжаагаар бус хэмжих бололцоотой тул талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарна.  

 

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийнхудалдан авсан эд хөрөнгийн 11,03 м.кв дутуу талбайн үнэд 58,459,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.4. Мөн нэхэмжлэгч нь хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул гэрээгээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөд “Амайзэ” ХХК-аар хэмжилт хийлгэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийннэхэмжлэлтэй хариуцагч “Т” ХХК-д холбогдох худалдан авсан эд хөрөнгийн 11,03 м.кв дутуу талбайн үнэд 58,459,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,245 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БЯМБАСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ