Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 359

 

Ч.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаар магадлалтай, Ч.Д нарт холбогдох 201525011856 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоогийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан Д овогт Ч-ийн Д.                                       

Ч.Д нь Ц.Б /нас барсан/-тэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Х дүүргийн Х дугаар хороо, Х-ын ХХ тоотод оршин суух Г.Б-ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч 950,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Б, Ч.Д, С.М нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын шүүгдэгч С.М-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоо гаргасан дүгнэлтдээ “...Яллагдагч Ч.Д нь талийгаач Ц.Б-тэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х дүүргийн Х дугаар хороо, Х дүгээр гудамжны ХХХ тоотод амьдрах Н.А-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлахыг завдаж, эмэгтэй хүний хар өнгийн урт куртик, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 439,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, прокуророос Ч.Д-ийн үйлдэлд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 156 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэтэл Ч.Д нь Ц.Б-тэй бүлэглэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Х дүүргийн Х дугаар хороо, ХХ тоотод оршин суух Г.Б-ийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 950,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэрэгтээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Ч.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхээс өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр талийгаач Ц.Б-тэй бүлэглэн Х дүүргийн Х дугаар хороо, Х 14 дүгээр гудамжны ХХХ тоотод амьдрах Н.А-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлахыг завдаж, эд зүйлийг хулгайлан авч 439,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинээр илэрсэн.

Ч.Д-ийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр шийтгэгдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс хөнгөрөх, эсхүл хүндрэх ялтай зүйл, хэсэг, заалт биш боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...” тохиолдол биш тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тухай Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг нэгтгэхгүйгээр ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Ч.Д-ийн өмнөх хулгайн үйлдлийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хулгайн үйлдэлтэй нь нэгтгэн шалгавал түүний эрх зүйн байдал нь дээрдэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Ч.Д-г Ц.Б /нас барсан/-тэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Х дүүргийн Х дугаар хороо, ХХХ тоотод оршин суух Г.Б-ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч 950,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдэлдээ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад Ч.Д нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Б /нас барсан/-тэй бүлэглэн Х дүүргийн Х дугаар хороо, Х 14 дүгээр гудамжны ХХХ тоотод амьдрах Н.А-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлахыг завдаж, эмэгтэй хүний хар өнгийн урт куртик, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэг эд зүйлийг хулгайлж 439,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” зохицуулалт нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу уг ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан болно.

Ч.Д-д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаар магадлалтай Ч.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 27-нд үйлдэгдсэн гэх хэргийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор нэг удаа ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаар магадлалын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Д-д холбогдох 201525011856 дугаартай эрүүгийн хэрэгт 1709013320156 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоогийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаар магадлалын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Ч.Д-д холбогдох 201525011856 дугаартай эрүүгийн хэрэгт 1709013320156 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН