Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2023/00131

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2023/00131

Дорноговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-42, УБТЗ-ын удирдах газар, Монгол-Оросын ХНН УБТЗ (РД:*****)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, **********наран хороолол, 201-*** тоотод оршин суух, О овогт Х-ийн А /РД:МБ*******/-т холбогдох

 

Албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Т, А.О,

Хариуцагч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хариуцагч Х.Ат холбогдуулан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахи байдлаар тодорхойлж байна. Үүнд: М-О-ын ХНН УБТЗ нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.

 

Улаанбаатар төмөр зам" ХНН нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. М-О-ын ХНН УБТЗын ажилтнууд байгууллагын орон сууц ашиглах бол "албан тушаалын орон сууц ашиглах журам", "УБТЗ-ын орон сууцны дүрэм-ийг мөрдөж тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг ул маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхөөр зохицуулагддаг.

 

Одоо хариуцагч Х.А нь М-О-ын ХНН УБТЗаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан, нийгэмлэгт ажилладаггүй өндөр насны тэтгэвэрт гарсан.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар баталсан нийгэмлэгийн Орон сууцны дүрмийн 2.1.1-т албан тушаалын орон сууц гэж УБТЗ-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнуудад тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд нь Төв комиссын шийдвэрийн дагуу олгосон орон сууцыг, 2.1.2-т "Технологийн орон сууц" гэж УБТЗ-ын өртөө, зөрлөг, замын хэсэглүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон ... энэхүү журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог.

 

Мөн дүрмийн 2.6-д "Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор ул маргах журмаар суллан өгөх үүрэгтэй. Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот мэдэгдлээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл М-О-ын ХНН УБТЗд албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Иймд хариуцагч Х.А ашиглаж байгаа УБТЗ-ын өмчлөлийн Мандах наран-1 хорооллын 201 байр-01 тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х.А би тус Улаанбаатар төмөр замд 1975 2015 он хүртэл 40-н жил ажилласан. Намайг Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллах хугацаанд эхний үед орон сууцны хангамж тааруухан байсан тул биднийг Хуучин гал командын байранд амьдруулж байсан. Х.А намайг ажиллах хугацаанд 30 айлын орон сууц, 40 айлын орон сууц, 8 айлын орон сууц зэрэг 3-н байр ашиглалтад орж бүгд хувьчилж авсан. Надаас цөөн жил ажилласан хүүхдүүд дээрх байруудад ороод хувьчилж аваад шилжихдээ зарж, үрээд явцгаасан байдаг. 66 Гэтэл 2018 онд Сайншандын 2-р багт орон сууц баригдаж бидний 6 айлыг " та бүхэн орон сууцтай боллоо гээд УИХ-ын гишүүд хүртэл ирцгээж ёслол төгөлдөр түлхүүр гардуулж орон сууцанд оруулсан. Орон сууцанд оруулахдаа та бүхэн энэ байрыг худалдаж авч болно гэсэн. Бид " бидний амьдарч байсан гал команд"-ын гэх орон сууцыг яасан бэ" гэхэд одоо энэ байрыг хувьчилж авч болно гэсэн. Х.А би 40-н жил машинч хийсний хувьд ч Ахмад настны тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн хүрээнд гарсан " Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргасан "Орон сууцны дүрэм зэрэгт зааснаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, бүхий л амьдралаа зориулчхаад одоо гудамжинд гаргах гэж байгаад гомдолтой " байна. Одоо энэ орон сууцыг надад хувьчилж, эсхүл зохих үнээр олгоно уу гэжээ.

 

Хариуцагч Х.А хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ орон сууцыг технологийн орон сууц гэж байна. Миний өмнө нь амьдарч байсан байр бас л технологийн байр байсан. Би 18 жил тухайн байранд амьдарч байсан. Би М-О-ын ХНН УБТЗд байр авах талаар олон удаа хандсан.

 

Эхлээд бид нарт 8 айлын байр барьж өгчхөөд 2005 онд хувьсгалд өгнө гэж хэлээд оруулаагүй.

 

Тэгээд 2018 оны 03 дугаар сард олон жил ажилласан, орон сууцаар хангана гэж хэлээд одоо амьдарч байгаа байрны түлхүүрийг баяр ёслолын байдалтай гардуулж энэ орон сууцанд намайг оруулсан.

 

Тухайн үед би өөрийн гэсэн байртай боллоо гэж ойлгосон.

 

Би залуу насаа энэ байгууллагад зориулж 40 жил илчит тэрэгний машинистаар ажилласан. Ахмад настны тухай хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Ахмад настан түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийн хүрээнд гарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргасан Орон сууцны дүрэм зэрэгт зааснаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, бүхий л амьдралаа зориулчхаад одоо гудамжинд гаргах гэж байгаад гомдолтой байна. Одоо энэ орон сууцыг надад хувьчлах эсхүл зохих үнээр нь олгоно уу гэжээ.

 

Хуучин гал командын байрыг хувьчлахдаа бидэнд өгөөгүй, сураг сонсоход залуучууд хувьчилж аваад зарж үрсэн байсан.

 

Одоогийн энэ байранд оруулахдаа Их хурлын гишүүд ирж танай 6 айл орон сууцтай боллоо гээд ёслол төгөлдөр түлхүүр гардуулсан. Тийм учраас энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 201 дүгээр байр 01 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-6/, байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авсан хүмүүсийн жагсаалтын хуулбар /хх-8-9/, УБТЗ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-808 дугаар Үндсэн хөрөнгө худалдан авах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар /хх-10-11/, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар Орон сууцны дүрэм батлах тухай тушаал, хавсралт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон сууцны дүрэм-ийн хуулбар /хх 12-26/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-607 дугаар Орон сууцны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралт Орон сууцны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт-ийн хуулбар /хх-27-29/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаар протоколын хуулбар, Сайншанд зангилааны орон сууцны хурлын комиссын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн протоколын хуулбар, Сайншанд зангилааны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны комиссын хурлын протоколын хуулбар /хх-30-53/, М-О-ын ХНН УБТЗын Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38/18/239 дугаар дүгнэлтийн хуулбар /хх-71-75/, УБТЗ-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 76-83/, УБТЗ-ын орон сууцны төв комиссын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 84-88/, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-617 дугаар жагсаалт батлах тухай тушаалын хуулбар /хх 89-98/, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/720 дугаар тушаалын хуулбар /хх-99-100/ зэрэг баримтыг,

 

Хариуцагчаас: Тайлбар /хх-64/, хүсэлт /хх-108/, гар өргөдөл /хх-109/, Х.Аийн авсан гавъяа шагналын талаарх фото зураг /хх-111-112/, орон сууцны болон түлхүүрийн зураг /хх-113/, сэтгүүлийн хайлчилбар /хх-114/, тайлбар /хх-115/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М-О-ын ХНН УБТЗ нь хариуцагч Х.Ат холбогдуулан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.

 

...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар баталсан нийгэмлэгийн Орон сууцны дүрмийн 2.1.1-т албан тушаалын орон сууц гэж УБТЗ-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнуудад тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд нь Төв комиссын шийдвэрийн дагуу олгосон орон сууцыг, 2.1.2-т "Технологийн орон сууц" гэж УБТЗ-ын өртөө, зөрлөг, замын хэсэглүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон ... энэхүү журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог.

 

Мөн дүрмийн 2.6-д "Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй.

 

Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот мэдэгдлээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл М-О-ын ХНН УБТЗд албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Хариуцагч Х.А нь М-О-ын ХНН УБТЗд одоо ажилладаггүй өндөр насны тэтгэвэрт байдаг.

Иймд Орон сууцны дүрэм болон Иргэний хуульд зааснаар хариуцагч Х.Аийг Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг, Мандах наран хороолол 201 дүгээр байрны ** тоот орон сууцнаас чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Би олон жил энэ байгууллагад үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан.

 

Өмнө нь Гал унтраах ангийн байранд олон жил амьдарсан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан хүн амьдарч болохгүй гээд биднийг тэр байрнаас гаргасан. Гэтэл тэр байрыг хувьчилж аваад худалдсан байсан.

 

Энэ орон сууцанд оруулахдаа: Одоо танай 6 айл орон сууцтай боллоо. Энэ байраа худалдаж авч болно гээд түлхүүрийг ёслол төгөлдөр гардуулсан.

 

Энэ байрыг надад хувьчилж өгөх юм уу,эсхүл надад худалдах ёстой гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.А нь М-О-ын ХНН УБТЗд 40 жил ажиллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

 

Х.А нь Сайншанд Татах хэсэгт ажиллаж байхдаа 10 гаруй жил Гал унтраах ангийн буюу М-О-ын ХНН УБТЗын албаны орон сууцанд амьдарч байсан ба уг орон сууцыг хүн амьдрах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар тус байранд оршин сууж байсан 6 айлыг нүүлгэн Мандах наран хорооллын орон сууцанд түр амьдрах орон сууцаар хангаж оруулсан гэх,

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мандах наран хорооллын 201-р байрны 01 тоот болон жагсаалтаар нэг өрөө 6 орон сууцыг Үндсэн хөрөнгөд худалдан авахаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/808 дугаар М-О-ын ХНН УБТЗын даргын тушаалаар шийдвэрлэжээ./хх-10-11/,

 

2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дээрхи орон сууцны өмчлөгчөөр М-О-ын ХНН УБТЗ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани/ РД:*****/ гэж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгджээ.

 

Хариуцагч Х.Ат М-О-ын ХНН УБТЗын албаны орон сууц болох М наран хорооллын 201-р байрны ** тоот орон сууцыг орон сууцны дүрмийн дагуу түр эзэмшүүлж байсан.

 

Нэхэмжлэгч нь Орон сууцны дүрмийн 2.6, 9.4, 9.4.2 дэх заалт, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг албаны орон сууцыг чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц чөлөөлөх талаар мэдэгдэл хүргэж байсан нь тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Х.Аийг М наран хорооллын 201-р байрны ** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ат холбогдуулан гаргасан Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг Мандах наран хорооллын 201-р байрны ** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай М-О-ын ХНН УБТЗын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-О-ын ХНН УБТЗд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ