Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00014

 

 

***

*** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 136/ШШ2023/00131 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах ***ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, *** хороолол, *** тоотод оршин суух, овогт Ат холбогдох,  

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Т, хариуцагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ***ын /цаашид *** гэх/ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...хариуцагч А нь ***аас хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан, нийгэмлэгт ажилладаггүй өндөр насны тэтгэвэрт гарсан. *** ***-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар баталсан нийгэмлэгийн Орон сууцны дүрмийн 2.1.2-т "Технологийн орон сууц" гэж ***-ын өртөө, зөрлөг, замын хэсгүүдэд байнга оршин сууж, ажиллаж буй ажилтнуудад зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон ... энэхүү журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог. Дүрмийн 2.6-д “Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор ул маргах журмаар суллан өгөх” үүрэгтэй. Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот мэдэгдлээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл ***д албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд хариуцагч А ашиглаж байгаа ***-ын өмчлөлийн ***-1 хорооллын *** тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Аийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга:  “...2018 онд Сайншандын 2-р багт орон сууц баригдаж бидний 6 айлыг “та бүхэн орон сууцтай боллоо гээд УИХ-ын гишүүд хүртэл ирцгээж ёслол төгөлдөр түлхүүр гардуулж орон сууцанд оруулсан. Орон сууцанд оруулахдаа та бүхэн энэ байрыг худалдаж авч болно” гэсэн. А би 40-н жил машинч хийсний хувьд ч Ахмад настны тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн хүрээнд гарсан  “*** нийгэмлэг”-ээс гаргасан “Орон сууцны дүрэм” зэрэгт зааснаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, бүхий л амьдралаа зориулчхаад одоо гудамжинд гаргах гэж байгаад гомдолтой байна. Одоо энэ орон сууцыг надад хувьчилж, эсхүл зохих үнээр олгоно уу” гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ат холбогдуулан гаргасан Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг *** хорооллын ***тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай ***ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Аийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “4.1. ...технологийн” гэх орон сууц маш олон хувьчлагдаж, зарим нь худалдагдсан байдаг. Технологийн гэх орон сууцанд орсон хүмүүс ихэнхдээ 6 орчим жил оршин сууж байгаад хувьчлаад юм уу, худалдаж аваад зарчихаад явчихдаг. Мөн ***-ын Сайншанд зангилгааны дарга нар биднийг хуурч та нарын одоо амьдарч байгаа / галын гэх / орон сууцыг хувьчилна гээд бүх бичиг баримтыг хураан авсан. Тэгээд яаж шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй алга болж байгаад 2018 оны 2 дугаар сард та бүхэнд шинэ байр өгөхөөр боллоо гээд одоо маргаж байгаа орон сууцанд оруулсан. Бид өөрийн байртай боллоо гэж баярласан.Гэтэл дараа нь ямар ч бичиг баримт / ордер, гэрчилгээ / өгөхгүй байж байгаад хурал хийгээд “та бүхэн худалдаж ав” гэсэн. Би хэлсэн би бол олон жил тогтвортой ажилласан би хувьчилж авмаар байна гэсэн.

 

4.2. Худалдаж ав, Төмөр зам орон сууцны 30 хувийг нь төлнө гэсэн боловч бидэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгөхгүй /банк, бусад газар хандах боломжгүй байлгаж байгаад, хаана мөнгөө тушаах талаар дараа хэлнэ гэж хэлээд/ алга болсон. Гэнэт л шүүхэд хандсан байсан. Нэхэмжлэгч гол нотолгоо, үндэслэл болгож байгаа ***-ын даргын 2018.01.19-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 1.4-т “өндөр насны болон ... тэтгэвэр тогтоолгосон ажиллагсад хөлслүүлэн ашиглуулахад зориулагдана” гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэж болно. Одоо намайг хөөж гаргаад нэг ажилтан орлоо гэхэд 1 жил болно уу үгүй юу хувьчилна. Нэхэмжлэгч зайлшгүй шаардлагаар, ажилчид нь орон сууцгүй болчихоод олон жил ажилласан тэтгэврийн намайг хөөж байгаа юм биш хувьчилж аваад зарахын тулд биднийг хөөж байна гэж ойлгож байгаа.

 

4.3. Энэ орон сууцанд орсон хүмүүсээс над шиг 40 жил машинч хийсэн тэтгэврийн хүн байхгүй. Над шиг олон удаа орон сууц олгож өгнө үү гэж өргөдөл өгсөн хүн байхгүй. Надад ажиллаж байх үедээ гадуур гараад орон сууц сураглаад хөөцөлдөж явах ямар ч цаг хугацаа байгаагүй өглөө ажлаас буугаад маргааш өглөө нь буцаад ажилдаа гардаг байсан.

 

4.4. Иймд миний энэ аргагүй үнэн байдлыг харгалзан үзэж мөн олон удаа өргөдөл хүсэлт гаргаж байсан байдлыг ***-д бичгээр хандсан боловч хариу өгөөгүй.  ... Мөн Сайншанд зангилгааны дарга нар 4 удаа хурал хийж орон сууцны талаар ярилцсан тэмдэглэлд орон сууц худалдаж ав. /галын гэх орон сууцыг / хувьчилж өгнө гэж хэлж амлаж байсан нь тодорхой байгаа шүүх энэ нотлох баримтыг үнэлж үзсэнгүйд гомдолтой, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “5.1. ...дүрмийн 9.4-т технологийн орон сууцанд амьдарч буй алба хаагч өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд өмнө нь орон сууц хувьчилж аваагүй, *** болон төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамаарагдаагүй бөгөөд өөр амьдрах орон сууцгүй бол ажилласан жилийг харгалзан дараах хугацаанд орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах эрхтэй гэсэн зохицуулалт байгаа.

 

5.2. Хариуцагч уг дүрмийн 9.4.2-т заасан төвлөрсөн өртөөт зангилаанд 10 жил тасралтгүй ажилласан бол 3 сар хүртэл, 10-19 жил тасралтгүй ажилласан бол 6 сар хүртэл, 20 жилээс дээш тасралтгүй ажилласан бол 1 жил хүртэлх хугацаагаар тухайн орон сууцад амьдрах эрх нь нээлттэй. Гэтэл хариуцагч тэтгэвэрт гарснаас хойш 10 гаруй жил тухайн орон сууцанд үргэлжлүүлэн амьдарсан. Тэгэхээр энэ хугацаа аль хэдийн өнгөрсөн учраас төмөр замын өмчлөлд хууль бусаар оршин сууж байгаа үйлдлийг таслан зогсоож тухайн орон сууцыг байгууллагын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа гэв.  

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Манай орон сууцны дүрмийн зорилго нь *** ажиллаж байгаа ажилтнууд албаны болон технологийн орон сууц эзэмшүүлнэ. ... Хариуцагч дүрэмд заасан өөрийн эрхийг эдэлж дууссан. Дүрэмд зааснаар нэг жил хүртэлх хугацаагаар амьдрах байсан. Гэтэл хариуцагчийн хувьд 10 жил энэ орон сууцаа эзэмшсэн учраас энэ орон сууцыг залуу ажилчид ашиглах ёстой гэж үзэж шаардлага гаргасан” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Аийн гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүх  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх ба маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан, хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

2. *** нь Ат холбогдуулан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...***-ын ажилтнууд байгууллагын орон сууц ашиглах бол албан тушаалын орон сууц ашиглах журам, ***-ын орон сууцны дүрэм”-ийг мөрддөг. Дүрмийн дагуу албан тушаалын орон сууц ашиглагч, ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг ул маргах журмаар суллан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч А ***аас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, нийгэмлэгт ажилладаггүй, өндөр насны тэтгэвэрт гарсан. Сайншанд зангилааны мэдэгдлээр орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй” гэж тодорхойлсон байна.

 

Энэ нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч А эс зөвшөөрч “...би 40-н жил машин ч хийсэн, олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, бүхий л амьдралаа зориулчихаад одоо гудамжинд гаргах гэж байгаад гомдолтой. Одоо энэ орон сууцыг надад хувьчилж, эсхүл зохих үнээр олгоно уу” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

 

3. Анхан шатны шүүхээс  ***ын Ат холбогдуулан гаргасан ***-ын өмчлөлийн, ***-1 хорооллын *** тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч А давж заалдах гомдол гаргасан.

 

Гомдолдоо “...технологийн гэх орон сууцанд орсон хүмүүс ихэнхдээ 6 орчим жил оршин сууж байгаад хувьчлаад юм уу, худалдаж аваад зарчихаад явдаг, би хувьчилж авмаар байна гэсэн. Худалдаж ав, Төмөр зам орон сууцны 30 хувийг төлнө гэсэн боловч бидэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгөхгүй алга болсон. Гэнэт л шүүхэд хандсан байсан. Нэхэмжлэгч зайлшгүй шаардлагаар, ажилчид нь орон сууцгүй болчихоод олон жил ажилласан тэтгэврийн намайг хөөж байгаа юм биш хувьчилж аваад зарахын тулд биднийг хөөж байна гэж ойлгож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна” гэж тус тус тодорхойлсон байна.

 

Дурдсан хуулийн зохицуулалт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Аийг нүүн, шилжих орон сууцгүй нөхцөл байдал /амьдарч байсан Гал унтраах ангийн барилгад байрлаж байсан, 8 айлын орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй талаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан/-ыг харгалзан, нэхэмжлэгч *** ХХН-ээс  Сайншанд дахь *** хорооллын ***тоот орон сууцыг түүнд хуваарилж, оруулсан /хх 30/, цаашлаад энэ орон сууцыг ***-ын дэмжлэгтэйгээр худалдан авах боломжоор хангасан, хариуцагч нэгэнт банкнаас зээл авах боломжгүй /хх 44/ гэсэн тул орон сууцыг “***” ХНН өөрийн хөрөнгөөр худалдан авч, технологийн орон сууцны зориулалтаар ашиглах /хх 10/-аар шийдвэрлэсэн, хариуцагч ***-д ажиллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон талаар зохигч маргаагүй байх ба анхан шатны шүүх шийдвэртээ эдгээр үйл баримттай холбоотой нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг бүрэн хэрэгжүүлж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

 

4.1. Түүнчлэн хэрэгт авагдсан *** ХНН-ийн орон сууцны дүрмээс үзэхэд            ***-ын өмчлөлийн орон сууц нь ***-ын алба, хэлтэс, төв, салбар нэгж-д  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон ажиллагсад, ажилтанд хөлслүүлэн ашиглуулахад зориулагдсан, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

4.2. Хариуцагч А,  ***-ын Сайншанд татах хэсэгт машинч /хх 64/-аар ажиллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, түүний амьдарч байсан байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир ажиллаж байсан байгууллага буюу орон сууцны дүрмийн дагуу Сайншанд зангилааны орон сууцны комиссоос 2018 онд /хх 30-33/, Сайншанд дахь 201 байрны 01 тоотыг технологийн байрны зориулалтаар түрээсээр эзэмшүүлж, гэрээ байгуулна гэж шийдвэрлэж, шийдвэрийн дагуу А уг орон сууцыг эзэмшиж, ашиглахаар 2018 оны 3 сарын 29-ны өдөр хүлээн авчээ/хх 7/.

 

Сайншанд зангилааны орон сууцны комиссын шийдвэр нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн *** нийгэмлэгийн орон сууцны дүрэмд заасны дагуу хурлын тэмдэглэлээр баталгаажсан, тэмдэглэлд эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон  байх тул  талуудын хооронд албаны орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.3. Мөн дүрэмд зааснаар технологийн орон сууц хөлслөгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон орон сууцыг 1 сарын дотор үл маргах журмаар суллан өгөхөөр мөн “Орон сууц ашиглалтын зарим онцгой нөхцөл”-ийн дагуу технологийн орон сууцанд амьдарч буй өндөр насны тэтгэвэр тогтоолгосон этгээд өмнө нь орон сууц хувьчилж аваагүй, *** болон төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаагүй бөгөөд өөр амьдрах орон сууцгүй бол түүний ажилласан жилийг харгалзан 1-5 жил хүртэл хугацаанд орон сууцыг үргэлжлүүлэн ашиглахаар зохицуулагджээ.

 

Тиймээс хариуцагчийн албаны орон сууцыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  хэрэгт цугларсан нотлох баримтаар ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, тогтоолгосноос хойш дүрэмд заасан хугацаанд орон сууцыг үргэлжлүүлэн ашигласан үйл баримт нотлогдож, тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл *** ХХН нь тус байгууллагын Сайншанд татах хэсэгт машинч-аар ажиллаж байсан ажилтан Аийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон  түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зэрэг хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж түүнд түр хугацаагаар шилжүүлсэн албаны орон сууцны  хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон үндэслэлээр уг орон сууцыг буцаан авна гэж шаардсан нь Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

 

4.4.  Харин хариуцагч Ааас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан “Хэргийн оролцогчийн хүлээх үүрэг”-ийн дагуу  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсантай холбоотой, бодит байдалд нийцсэн тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба өөрийн татгалзах үндэслэлтэй холбоотой гэж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт /хх 108-115/ нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байх учир түүний “...нэхэмжлэгч байрыг хувьчилж аваад зарахын тулд биднийг хөөж байна гэж ойлгож байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /хх 137/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 136/ШШ2023/00131 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Аийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА