Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/01076

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 02 101/ШШ2023/01076

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.М /-т холбогдох,

 

13,328,259 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 11,169,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгч: Б.Г ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б ,

хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Нямцоож,

гэрч Б. Ба,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие 2018 оны 2 дугаар сард Хаан банкны кредит картын зээл 15,000,000 төгрөгийг авч Х.М т бараа нийлүүлж эхэлсэн. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х.М т нэг бүрийн үнийг 20,250 төгрөгөөр тооцож пижеон брэндийн 700 ширхэг хүүхдийн угжийг 100 айлд байрлах агуулахад нь буулгасан. Нийт үнийн дүн 14,175,000 төгрөг болсон ба барааны падааныг менежер Б.Б 6 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн. Нийлүүлсэн барааны мөнгөөр кредит картын зээлээ төлөхөөр Х.М тэй тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадсангүй. Зээл төлөх хугацаа дөхөөд, бараа нийлүүлсэн мөнгөө удаа дараа нэхсэн боловч элдэв шалтаг, арга заль хэрэглэсээр сүүлдээ утсаа ч авахаа больсон. Товчхондоо зориуд, санаатайгаар банкны зээлийг зэрэглэлийг эрсдэлтэй байдал руу түлхсэн гэж бодож байна. Зээлийн хугацаа 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дууссан, миний зээлийн ангилал хэвийн бус болж доошилсон. 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэж эхэлсэн боловч банкнаас зээл хүсэж байгаа удахгүй бүтнэ, бүтэхээр нь бөөнөөр нь төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Миний бие Х.М т 2018 оны хавраас эхлэн бараа нийлүүлж, тодорхой хугацааны дараа барааны төлбөрөө буцаан авч, дахин бараа нийлүүлэх журмаар ажиллаж байсан. Х.М нь сүүлд ямар ч бараа аваагүй, юун мөнгө нэхээд байна хэмээн залилангийн юм ярьж эхэлсэн. Өвөл хаваржингаа өгнө гэж мессэж бичиж, ярьж байсан хүн гэнэт л юу ч аваагүй хэмээн утас блоклоод зугтсан. Падаан бичиж өгсөн Б.Б нь би юуг нь мэдэхгүй падаан бичиж өгсөн байна хэмээн мэдэн будилж эхэлсэн. Энэ бол миний бодлоор Х.М , Б.Б нар хуйвалдан залилангийн шинжтэй үйлдэл гаргаж байна гэж ойлгож байна. Б.Г миний бие Х.М т холбогдуулан 15,793,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Х.М нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 11,175,000 төгрөгийг өгөөгүй өнөөг хүрсэн. Би Хаан банкны кредит картын зээл авч Х.М т бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба миний бие 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,815,347.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337,901.5 төгрөг, нийт 2,153,259 төгрөгийн зээлийн хүүгийн өртэй байна. Б.Г миний бие Х.М ээс бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнийг мөнгийг хэлсэн хугацаандаа төлөөгүй улмаас Б.Г надад учирсан хугацаа хэтрүүлснээс үүссэн хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол улс руу импортлогдсон, цагаан өнгийн Toyota Prius маркийн машин. Энэ машиныг тухайн үед Хаан банкны 13-ын салбарын зээлийн эдийн засагчийн нөхрөөс авсан бөгөөд зээлийг нь тухайн эдийн засагчаас авсан болно. Х.М өөрийн нэр дээрээ машины зээл гаргаж өгсөн гэвэл үнэн, гэхдээ би өөрөө урьдчилгааг нь төлж, төлбөрийг нь бүрэн төлж дуусгасан. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр машины урьдчилгаа болох 1,900,000 төгрөгийг өөрийн 5031...... тоот данснаас бэлнээр гарган Х.М т төлсөн. 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2018 оны 5 дугаар сар хүртэл машины зээлийн мөнгөө Х.М т сар бүр төлөөд явж байсан. Төлбөрийг өөрийн 5031...... тоот данс болон эхнэр Б. Баийн 5007336903 тоот дансаар дамжуулан хийж байсан. 2018 оны 5 дугаар сард Х.М болон түүний нөхөр Л.Б хоёр цалинжиж ажиллахыг санал болгосон. Тухайн үед бидний ажилд тусал, харин цалинг чинь 1,350,000 төгрөгөөр тооцож өгнө. 350,000 төгрөг нь машины зээлд суутгагдана, үлдсэн 1,000,000 төгрөг нь гар дээр чинь очно гэж хэлснийг би зөвшөөрч ажилласан. Зээл дуустал 350,000 төгрөгийг цалин дээрээс суутгаж бүрэн төлж дуусгасан. 2017 оноос сарын 1,000,000 төгрөгөөс цалинжуулж ажиллуулсан гэсэн нь худлаа юм. Би машины төлбөрт 350,000 төгрөгөөр 36 сарын хугацаанд нийт 12,600,000 төгрөг, мөн урьдчилгаанд 1,900,000 төгрөг төлсөн. Нийт 14,500,000 төлсөн. Хариуцагчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,120,990 төгрөгөөр илүү төлсөн байна. Миний хувьд машиныг ажилдаа болон хувьдаа унаж байсан. Хариуцагч болон түүний нөхөрт машины төлбөрт ямар ч өгч авах зүйл байхгүй. Автомашины зээлийн төлбөрийг надаас сөрөг нэхэмжлэл гаргаад нэхэж байгаа нь миний барааны мөнгийг өгөхгүй гэсэн нэг арга гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.М миний бие нь 2004 оноос эхлэн хувиараа оёдлын цех ажиллуулж, 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, хүүхдийн өлгий, хөнжил, хувцас, бусад хэрэглэл оёж, төрөх эмнэлгүүдийн дэргэдэх өөрийн салбар дэлгүүрүүдээр худалдан борлуулах, орон нутгийн байнгын харилцагчдадаа тэдний захиалгын дагуу нийлүүлэх зэрэг ажлыг өнөөг хүртэл эрхэлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэгч болно. Нэхэмжлэгч Б.Г нь манай нөхөр Л.Б гыг таньдаг, түүнтэй нэг үе ах дүүгийн дотно харилцаатай, манай гэрт 2014 оноос хойш 3 жил орчим амьдарч байсан. Улмаар нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад түүнийг байнгын ажилтай, орлоготой болгох зорилгоор дээр дурдсан өөрийн хувийн бизнест туслуулж, цалин өгөх санал тавьж, 2017 оноос эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийн тогтмол цалин өгч, ажиллуулж эхэлсэн. Тэрээр мөн үеэс эхлэн 2021 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд миний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд тусалж, цалинжиж ажилласан. Б.Г ийг ажиллуулж байхдаа нөхөр бид хоёр түүнийг өөрсдийн төрсөн дүү шиг санаж, итгэж, найдаж бизнесийнхээ бүхий л үйл ажиллагаанд оролцуулж байсан. Гэтэл тэр бидэнтэй хамтарч ажиллахаа больсны дараа миний эрхэлж байсан үйл ажиллагаатай ижил төрлийн бизнес эрхэлж, орон нутгийн байнгын харилцагчдын мэдээллийг ашиглаж, тэдэнд манай нэрийг барьж бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ талаар харилцагчид танайхаас нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн урьд өгдөг байснаас өөр, чанаргүй, муу байна гэх гомдол мэдүүлснээр олж мэдсэн. Түүнчлэн Б.Г ийг нөхөр бид хоёр ипотекийн зээлд хамруулж өөрийн орон сууцтай болоход дэмжиж тусалсан, мөн Хаан банктай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан зээл авч Toyota prius маркийн суудлын автомашин худалдан авч өгсөн. Ийнхүү амьдрал ахуйгаа сайжруулахад нь бүхий л талаар тусалж байсан биднийг бусдад залилагч этгээд мэт ойлголт төрүүлэхүйцээр бодит нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. Нэхэмжлэлдээ 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х.М т нэг бүрийн үнийг 20,250 төгрөгөөр тооцож пижеон брэндийн 700 ширхэг хүүхдийн угжийг 100 айлд байрлах агуулахад нь буулгасан, нийт үнийн дүн 14,175,000 төгрөг болсон гэжээ. Б.Г нь дээр дурдсанчлан манайд ажиллаж байхдаа салбар дэлгүүрүүдийн өдөр тутмын орлогыг өөрийн дансанд төвлөрүүлж, над руу шилжүүлдэг байсан. Ийм байдлаар дансанд нь тогтмол орлого ордог нь банкны кредит картын зээлд хамрагдах болзол, шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Б.Г ийг 2021 оны 5 дугаар сараас эхлэн бид өөрсдийн шинээр эрхэлж эхэлсэн хүүхдийн гутал худалдан борлуулах ажилд туслуулж өмнө эрхэлж байсан ажлыг нь өөрчилсөн. Гэтэл тэрээр 2021 оны 6 дугаар сараас эхлэн ажлаасаа гарах хүсэлттэй байгаа илэрхийлж ажиллахаа больсон. Улмаар Б.Г өөрөө зээл авч, БНХАУ-аас угж оруулж ирж, салбар дэлгүүрүүдээр худалдан борлуулж мөнгөө гаргаж авах хүсэлттэй байгаа талаар хэлсэн. Үүнийг нь миний зүгээс урьдын сайн харилцаатай байсан үеэ бодож зөвшөөрсөн. Б.Г нь надад нэхэмжлэлдээ дурдсан шиг 700 ширхэг хүүхдийн угжийг тоолж, хүлээлгэж өгөөгүй ба сүүлд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримтыг манай ажилтнаар нөхөж, гарын үсэг зуруулж авсан байсан. Энэ талаар гарын үсэг зурсан, хүлээж авсан ажилтнаас тодруулахад Б.Г ийг нэг удаа нийт 480 ширхэг, /5 хайрцаг, 1 хайрцагтаа 96 ширхэгтэй) буюу 9,720,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн угж авчирч өгсөн гэж хэлсэн учир би ийм тооны угж авсан гэж үзэж байна. Уг угжны үнээс би түүний Хаан банк дахь 5031...... тоот төгрөгийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,720,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, төлөхөд татгалзах зүйлгүй ба үлдэх 9,073,145 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь хэсэгт зааснаар:хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны хүрээнд үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч Б.Г эд холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Х.М миний бие, нөхөр Л.Б гын хамт банктай зээлийн гэрээ байгуулан 9,095,000 төгрөгийн зээл авч Б.Г эд Toyota prius маркийн суудлын автомашины авч өгсөн бөгөөд бид банкны зээл, түүний хүүнд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зээл, зээлийн хүүд нийт 12,379,010.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Автомашиныг Б.Г анх авсан цагаас эхлэн хувьдаа ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрхийг түүнд шилжүүлж өгсөн. Ийнхүү амьдрал ахуйгаа сайжруулахад нь бүхий л талаар дэмжиж, тусалж байсан биднийг бусдад залилагч этгээд мэт ойлголт төрүүлэхүйцээр бодит нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байх тул хариуцагч Б.Г ийн автомашины төлбөрт түүний өмнөөс Хаан банканд төлсөн зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр болох 12,379,010.00 төгрөгийг түүнээс буцаан гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Б.Г ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцаад түүний 2017.09.18-ны өдөр төлсөн 15,000 төгрөг, 2017.09.30-ны өдрийн 200,000 төгрөг, 2017.11.27-ны өдөр төлсөн 350,000 төгрөг, 2017.12.06-ны өдөр төлсөн 160,000 төгрөг, 2018.03.01-ний өдөр төлсөн 350,000 төгрөг, нийт 1,210,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасаж тооцох зүйтэй гэж үзлээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,210,000.00 төгрөгөөр багасгаж байгаа тул түүнээс 11,169,010.00 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.М т олгож өгөхийг хүсье гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2021.06.15-ны өдрийн зарлагын баримт /хх-4/, Б.Г ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 2021.09.27-ны өдөр Х.М тэй харилцсан чат гэх баримт /хх-6-12/, 2022.09.13-ны өдрийн Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа /хх-13/, хариу тайлбар /хх-75-76/, Б. Баийн Хаан банк дахь 5007336903 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-77-80/, Б.Г ийн Хаан банк дахь 5031...... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-81-87/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-156/, 2022.09.13-ны өдрийн Хаан банкны зээл төлөх мэдэгдэл /хх-157/.

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-19/, хариу тайлбар /хх-24-25/, Хаан банкны 5133054482 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-26-27/, 2017.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-28-30, 31-32/, Хаан банкны 5153900509 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-33-35/, сөрөг нэхэмжлэл /хх-36-37/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-38-39/, Хаан банкны 5133054482 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48-61/, 000700381 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-71/, 2022.10.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-72/, Л.Б гын гаргасан баталгаа гэх баримт /хх-73/, 2022.10.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-74/, тайлбар /хх-89/, фото зураг /хх-90/, хүсэлт /хх-95/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-96/, 53-52 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-97-98/, М.А гийн элсэн суралцах урилга /хх-99-100/, М.А ийн гадаад паспорт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-101, 102/, 2022.12.22-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн багасгасан шаардлага /хх-146/, 2023.01.13-ны өдрийн хариу тайлбар /хх-159/, итгэмжлэл /хх-163/, Х.М ийн хаягийн мэдээлэл /хх-164/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-165/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Л.Б гын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн мэдүүлэг /хх-124, 125-128/, Б.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн мэдүүлэг /хх-129, 130-132/, Т.Э ийн гэрчийн мэдүүлэг /хх-133-134/, нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Х.М нарын харилцсан фэйсбүүк чатанд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-135-144/, гэрч Б. Баийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-170/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.М т холбогдуулан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 15,793,145 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй улмаас учирсан хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас барааны төлбөрт 6,720,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан ба нэхэмжлэгчид холбогдуулан автомашин худалдан авч өгсөнтэй холбоотой банкны зээлийн гэрээний үүрэгт төлсөн 12,379,010 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 11,169,010 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүн буюу Р n брэндийн угж нийлүүлсэн, хариуцагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрт мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагчид Р n брэндийн 700 ширхэг угжийг нэгжийн үнийг 20,250 төгрөгөөр тооцон, нийт 14,175,000 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж төлбөрийн үлдэгдлийг шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс угж худалдан авсан, нэгжийн үнийн талаар маргаагүй боловч нийт 480 ширхэг угж хүлээн авсан гэж бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар маргажээ.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримтыг үндэслэн тайлбарлаж, уг баримтад бичсэн тоогоор нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлон шаарджээ.

 

6.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус баримтад Р n брэндийн угж 700 ширхэгийг нэгжийн үнэ 45 юань, нийт 31,500 гэсэн бичиглэлтэй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч, шалгасан нягтлан бодогч гэсэн бичиглэлийн ард гарын үсэг зурсан байх ба гарын үсэг нь нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Х.М ийн эрхлэн ажиллуулдаг Мишка дэлгүүрийн нярав ажилтай Б.Б нарын гарын үсэг болох талаар талууд маргаагүй.

 

6.2. Тус зарлагын баримтад гарын үсэг зурсан Б.Б г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуусан бөгөөд гэрч нь ...Би падаан бичих өдөр Б.Г ийн угж гэдгийг мэдсэн. Түүнээс өмнө агуулахад байсан байгаагүйг мэдээгүй. Би тэр үед ажлаа аваад удаагүй, учраа олоогүй байсан. Сүүлд энэ угжны падаан бич, Г ийн угж гэж хэлэхэд мэдсэн. ...Угж буугаад ирсэн гэсэн үед би байгаагүй, би хүлээж аваагүй, ...1 ханандаа өрсөн 5 хайрцаг байсан, би ханандаа цэгцэлж байсан, дээрээс нь задалсан зүйл байсан ...Пижеоны угж 700 ширхэг, 45 юань гэдгийг би бичсэн, ...31,500 гэдэг тоог Г бичсэн, тэгээд бид хоёр гарын үсэг зурсан ...агуулах дээр урдаас ирсэн бараа, компаниас ирсэн бараа бүгд тэнд буудаг тэнд ирсэн барааг би дэлгүүр лүүгээ тоолж авдаг. Г ийг угж өгөхөд би тэнд байгаа юмыг цэгцлээд учраа олж байсан. Агуулахад байгаа барааг аль нь Г ийнх, аль нь М ийнх юм гэж мэдэхгүй байна, ажилтайгаа дөнгөж танилцаж байсан... гэж мэдүүлсэн.

 

6.3. Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн зарлагын баримтыг бичсэн Б.Б нь дэлгүүрийнх нь няраваар ажилладаг талаар маргаагүй ба Б.Б нь эрхэлсэн ажлын хүрээнд хүлээн авсан бараа бүтээгдэхүүний баримтыг үйлдэх эрхтэй этгээд байна.

 

7. Зохигчдын хооронд үүссэн дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, тухайн өдөр барааг тоолж хүлээлцээгүй, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр холбогдох зарлагын баримтыг үйлдсэн байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

8. Нэхэмжлэгч нь 700 ширхэг угжийг өөрийн автомашинаар тээвэрлэн авчрахдаа хайрцагтайгаа багтахгүй байсан тул заримыг нь задалсан байсан, тэр байдлаар нь агуулахад буулгасан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан асуудлыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг агуулахад 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар байсан гэх угжны тоо хэмжээгээр тодорхойлох боломжгүй байна. Учир нь тус агуулахын няравын ажлыг хариуцан гүйцэтгэдэг гэрч Б.Б гийн мэдүүлгээр угжийг тоолж аваагүй, агуулахад байгаа хайрцагны тоогоор баримжаалан хэлсэн тоог нь хариуцагч өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ болгож байх боловч гэрч Б.Б нь угжийг хүлээн аваагүй, угжны тоог мэдэхгүй гэх тайлбарыг гаргасан тул тус гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

9. Хариуцагч нь бараа бүтээгдэхүүн буюу угжийг дутуу нийлүүлсэн, үлдэгдэл бараа нь дараа ирэх байх гэж бодсон гэх тайлбарыг гаргаж байх боловч дутуу нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс шаардаж байсан үйл баримт тогтоогдоогүй, худалдан авагчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч нь анх бараа ирсэн байдлыг харахад 5 хайрцаг байсан, нэг хайрцагт 96 ширхэг байдаг тул 480 ширхэг угж нийлүүлсэн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч нь хариуцагчид Р n брэндийн 700 ширхэг угжийг нийлүүлсэн гэж үзэн, 1 ширхэг угжны үнийг 20,250 төгрөгөөр тооцоход хариуцагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрт нийт 14,175,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна..

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй тул төлбөл зохих 14,175,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй:

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд Хаан банкнаас кредит картын зээл авсан, хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн хугацаа хэтэрч зээлийн хүүд 1,815,347.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 337,901.5 төгрөг төлж хохирсон гэх үндэслэлээр хариуцагчаас нийт 2,153,259 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

11.1. Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Х.М нарын хооронд бараа бүтээгдэхүүн авахаар зээл авч нийлүүлэх тохиролцоо хийгдсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

11.2. Банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой нэхэмжлэгч Б.Г ийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн гэх 2,153,259 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Тодруулбал, өөрийн бизнесийн үйл ажиллагааны санхүүжилтийг хэрхэн зохицуулах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал юм.

 

12. Хариуцагч Х.М нь Хаан банктай зээлийн гэрээ байгуулан 9,095,000 төгрөгийн зээл авч, нэхэмжлэгч Б.Г эд автомашин худалдан авч өгсөн тул зээл, зээлийн хүүд төлсөн 12,379,010.85 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 11,169,010 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

12.1. Нэхэмжлэгч автомашин худалдан авч өгсөн талаар маргахгүй, төлбөрийг нь өөрийн цалингаас тодорхой хэмжээгээр тогтмол төлж, төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

12.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан баримт болон зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэхэд 12,379,010.85 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна.

 

Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь тус тусдаа нэхэмжлэл бөгөөд сөрөг шаардлага байх тул сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлнэ.

 

Иймд хариуцагч Х.М ийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 12,379,010.85 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.М ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт худалдан авсан угжны төлбөрийн үлдэгдэл 11,175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэх 2,153,259 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.М ийн 12,379,010.85 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Х.М нь сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 193,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагч Х.М ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,015 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Х.М т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Х.М ээс 11,175,000 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,153,259 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 193,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г эд холбогдох 11,169,010 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.М ийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,015 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Х.М т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/25685 дугаар захирамжаар шийдвэрлэсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР