Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 116/ШШ2023/0004

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                 Нэхэмжлэгч: ... оршин суух, “*******” ХХК-ийн захирал *******ы нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2012.12.20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , *******, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-ийн захирал , түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2021.10.29-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 113 дугаар шийдвэр, 2022.01.20-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 77 дугаартай магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг “” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88м2-710м2-ыг хасаж 499.88м2 талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн. 2022.04.19-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 180 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “” ХХК-ний төлөөлөгч ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ...хуульд зааснаар татгалзсан. ...Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2022.10.20-ны өдрийн 04/683 тоотоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 77 дугаар магадлалыг үндэслэн “” ХХК-ийн тоосгон агуулахын 1209.88м2 талбайг 499.88м2 талбайтай болгож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулснаар дээрх склад нь “*******” ХХК-ний өмчлөлд ямар ч маргаангүй шилжиж ирсэн. Ийм учраас хуульд зааснаар “*******” ХХК-ийн газрын гэрчилгээний ******* дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 710м2 талбай бүхий склад “*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож өгсөн. Манай энэ улаан тоосгон склад нь урдаа, хойноо ачаа буулгах авах зориулалтын тавцантай урагшаа хойшоо орох, гарах хаалга гарцтай зориулалтын тавцантай, хойноосоо ачаагаа буулгаж, урд талаасаа үйлчлүүлэгчдэд ажил үйлчилгээ үзүүлдэг.  ...”*******” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Хивсний үйлдвэрийн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 710м2 талбай бүхий склад үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй 2005.01.06-ны өдөр бүртгэж мөн ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар орох гарах гарцтай шийдвэрлүүлэхийг хүсч байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2012.12.20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрийн зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгаж өгнө үү гэв.

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012.12.20-ны өдрийн А/400 тоот захирамжид өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна. “” ХХК-ийн газрын мэдээллийг нарийвчилж шалгахыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгасан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байна. Энэ газар чинь аймгийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэгч агентлаг. 2012 онд Дамдинбазар даргын хийх ажлыг нарийвчлан зааж өгсөн байна. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Газар болон өмчийн маргаан 2017 оноос хойш явж байна. Өмчийн талаар дүгнэлтийг тухайн үед яг адилхан өгч байсан. Үүнтэй зөрчилдөж байгаа зүйл байхгүй. Бид шүүхийн шийдвэрийн дагуу эзэмшиж буй объектийн доод талын газрыг давуу эрхээр авах хүсэлтээ л гаргаж байна. Энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Өмч хувьчлалаар өмчилсөн газар нь байсаар байтал бусдад газрыг нь олгочихсон захирамж гаргаснаас болж л маргаан үүссэн. Тухайн үед “*******” ХХК-ийн эзэмшил байсан болох нь тогтоогдсон. Эзэмшлийн объектийн доод талын газар, орох, гарах гарцыг л авах хүсэлтэй байна. “” ХХК-ийн эрх зөрчигдөхгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр хүртэл маш сайн дүгнэлт гэдгийг онцолж зааж өгсөн. Маргаан бүхий газар объект хоёр нь тусдаа байна гэдгийг нарийн дүгнэж өгсөн. Энэ хэрэгт мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарч байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн “*******” ХХК-ийн эзэмшил мөн болохыг дурдсан.  Газрын тухай хуулинд заасны дагуу газар эзэмших эрх нь тэгш байхаар зааж өгсөн байдаг. Урьд нь энэ талаар хэд хэдэн удаа хэлэлцэж байсан. Эвлэрэх саналыг удаа дараа тавьж байсан. Объектийн асуудлыг шийдвэрлэчих юм бол газар дээр маргаад байх зүйлгүй гээд бүгд л хэлж байсан. Орох, гарах гарцны асуудлыг манай талаас хөндөж хэлж байгаа. Уг нь бол аль аль нь хашаа барьж хашаалах ёсгүй. Өмчлөгч мөн учраас орох, гарах гарцны асуудлыг шаардаад байгаа юм. Гуравдагч этгээдийн эрх, эзэмшилд халдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байгаа. 2005 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж гарсан байдаг. Кадастрын асуудлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар шийдвэрлэдэг. Аймгийн Засаг даргын захирамжид “кадастрын асуудлаа шийдвэрлэ” гэсэн байдаг учраас аймгийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах бол өөрийг нь хариуцагчаар татахаас өөр аргагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

              Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Аймгийн засаг даргын 2012.12.20-ны өдрийн А/400 дүгээр захирамжаар “Мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт”, “” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэрлэн сум, 6 дугаар баг, Шүр захын зүүн хойд талд 4069м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар албан контор, агуулахын зориулалтаар эзэмшүүлж, 0176474 дугаар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Аймгийн Засаг даргаас олгогдсон газар дээр хуулийн этгээдүүдийн хооронд эд хөрөнгийн маргаан үүсч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 221/МА2022/0077 дугаар магадлалаар “” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88м2-аас 710м2-ыг хасаж, 499.88м2 талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалган шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2022.12.28-ны өдрийн 04/822 дугаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийж гүйцэтгэсэн байна.

                    2. “*******” ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг авсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д тус тус заасны дагуу захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотой гомдлыг түүнийг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах ба тухайн журмаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад шууд шүүхэд хандсан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.

              3. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022.12.23-ны өдрийн 2/890 дүгээр албан бичгээр “Тухайн газар нь “” ХХК-ийн эзэмшилд байгаа ба бусдын газар дээр орц, гарц гаргах асуудлыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Мөн барилгын доорх газар нь газрын кадастрын системд бүртгэл үүсэж, баталгаажаагүй” гэсэн хариуг ирүүлсэн байна. Мөн аймгийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасан шийдвэрийг гаргадаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байхыг шаарддаг. Гэтэл “*******” ХХК-аас аймгийн Засаг даргад хандаж газар эзэмшихтэй холбоотой өргөдөл гаргаагүй тул аймгийн Засаг даргыг захиргааны акт гаргахаас татгалзсан эсхүл захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                    Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шүүх хуралдаанд аймгийн Засаг даргын итгэмжлэлээр оролцож байна. Шүүхэд гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Манай талаас хоёр үндэслэл дурдаж байгаа. Эхний үндэслэлийн хувьд нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа журманд баригдах ёстой байдаг гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь хэрэгжүүлэгч агентлаг юм. Гэтэл энэ газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байдаг. Мөн дараагийн дугаарт “даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ингэхдээ мөн тавигдах шаардлагыг хангах ёстой байдаг. Энэ байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Тиймээс хэргийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

                Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт газар эзэмшихдээ гэр бүлийн зориулалтын эзэмшлээс бусад нөхцлөөр газар эзэмшихдээ дуудлага худалдаанд оролцсон байхыг шаардсан. Гэтэл одоо маргаан бүхий газрыг “*******” ХХК бүрэн эзэмших боломжгүй гэж үзэж байна. Дуудлага худалдаа зохион багйуулах ёстой юм. Захиргааны байгууллагад хандсан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа тохиолдолд “даалгах” тухай нэхэмжлэлийг гаргах эрх үүсдэг. Гэтэл тийм зүйл энэ хэрэгт гараагүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. “” ХХК-д 1997 онд энэ газрыг олгосон. Хэрлэн сумын Засаг даргын шийдвэрээр олгогдсон. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар нэхэмжлэгч тал ойлгохгүй байна. Доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг шийдвэрлэх хүсэлтийг дээд шатны байгууллагад гаргах ёстой. Алдаагаа төрийн байгууллага дотроо шийдвэрлэх боломжоор хангаж байгаа асуудал юм гэв.

              Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 113/ШЗ2022/0069 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 77 дугаар магадлалын 1 дэх заалтыг буюу “” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.8м2-аас 710м2-ийг хасаж 499.8м2 талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж захирамжилсан байна. Гэтэл дээрх захирамжид уг барилгын доор газрын эзэмшилтэй холбоотой асуудал тусгагдаагүй бөгөөд тухайн газар нь “” ХХК-ийн эзэмшилд байгаа тул бусдын эзэмшил газар дээрх орц, гарцыг гаргах асуудлыг газар эзэмшигчийн санал зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй байдаг талаар тухайн хуулийн этгээдэд хариу өгч байсан болно. Мөн тухайн барилгын доорх газар нь газрын кадастрын системд бүртгэл үүсэж баталгаажаагүй болно гэжээ.

               Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн хувьд манай байгууллагад 2022 онд хандсан. Ингэхдээ Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үзүүлсэн. Уг захирамжийн дагуу манай газраас өөрчлөлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2012 онд тухайн газрыг “” ХХК эзэмшиж авсан байсан. Давхцал үүсгэх боломжгүй учраас хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал гэв.  

                Гуравдагч этгээд “” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Өмнө нь ч гэсэн шүүхийн шийдвэр дандаа “*******” компанийн талд гардаг. Одоо Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 тоот захирамжийн 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, өмчлөх эрхийн гэрчилгээтэй объектийн доод газрыг орох, гарах гарцын хамт шийдвэрлэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуулийн дагуу миний бие 1997 оноос хойш эзэмшиж ирсэн гэж бичсэн байна. “Дорнод барилга” ХХК нь толгой компани болох “” ХХК-тай нэгдэж байсан. 1997 оноос хойш энэ газрын асуудал дээр Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших үүргээ бүрэн биелүүлж ямар ч асуудал гаргаж байгаагүй болно. Миний хувьд бүхий л асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Бид аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газраа эзэмшиж ирсэн. Ямар нэг газар эзэмших эрхийг цуцлах асуудал үүсгэж байгаагүй. Гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байна. Тиймээс манай компанийн хууль ёсны эзэмшилд байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Хэнтий аймгийн Ерөнхий шүүгч Балжмаа нь өөрийн биеэр тухайн газар дээр очиж үзэж байсан. Мэргэжлийн хяналтын газраас ч гэсэн мөн дүгнэлт гаргаж байсан. Энэ үед ямар ч асуудалгүй “” ХХК-ийн газар байна гэж үзэж ирсэн. Миний газар дээр хууль зөрчиж объект барьсан юм. Тухайн объектоос зүүн хойш 800 метрт байдаг газрыг үндэслэж гэрчилгээ авсан байдаг гэв.

                Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хариуцагч тодорхой бус, хэнд яг юуг даалгах гээд байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. Хууль зүйн үндэслэл тайлбаргүй нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс хангаж шийдвэрлэлээ гэж үзэхэд хэнд, юуг даалгах нь тодорхой бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүрээг хуулинд тодорхой заасан байгаа. Зөвхөн эс үйлдэхүйгээр хязгаарлагдахгүй “татгалзсан” шийдвэр бас багтдаг юм байна. Яг ямар эс үйлдэхүй, ямар татгалзсан шийдвэр байгааг асуухад “татгалзсан, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй” болох нь харагдаж байна. Уг нь өөрсдөө татгалзсан шийдвэр гаргасан гэж хэлж байгаа боловч яг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой биш асуудлыг шийдвэрлэсэн нь харагдаж байна. Аймгийн Засаг даргад огт хандаагүй. Өөр агуулгатай холбоотой гаргасан татгалзах шийдвэр энд хамааралгүй. Газрын тухай хуульд зааснаар орц, гарцтайгаар кадастрын асуудлыг шийдвэрлэх эрх нь энэ хоёр хариуцагчид байхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэрийн дагуу заавал дуудлага худалдаа хийгдэх ёстой юм байна. Засаг даргын шийдвэр гарсны дараа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ажиллаж эхлэх ёстой байдаг. Асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа бол дарааллын дагуу явах ёстой. Даалгах нэхэмжлэл хууль ёсны эсэхийг шүүх тогтооход хоёр урьдчилсан ажиллагаа явуулдаг. Бодит байдал дээр хангагдаагүй бол, материаллаг хэм хэмжээгээр тусгагдсан байх ёстой. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасныг баримтлаад тайлбар тавиад байна. Гэхдээ энэ байж боломгүй зүйл. Өмчийн газарт илүү чиглэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тухайн газар дээр байгаа ямар нэг эзэмшигчгүй объектийг бүрдэл хэсэг гэж ойлгож болно. Гэхдээ газартаа чиглэсэн, газраа дагасан зохицуулалт шүү. Иргэний зохицуулалтын хувьд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн ялгаатай байдлыг дурдсан зохицуулалт юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                  Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж,  “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрийн зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[1].

             Анх Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжаар Мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт, “” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хавсралтад дурдсан газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон захирамжийн хавсралтын 5 дахь заалтад ...6 дугаар баг “Дорнод худалдаа” ХК-ийн Шүр захын зүүн хойд талд 4069м2 газрыг олгожээ[2].

             Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалын дагуу ... Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, ” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88м2-аас 710м2-ыг хасаж 499.88м2 талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалган шийдвэрлэжээ[3].

            Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 48 дугаар зүйлийн 48.2 “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж хуульчилсан.  

                Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                  1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 48 дугаар зүйлийн 48.2, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгасугай.

               2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-р хуудас

[3] Хавтаст хэргийн 12-22-р хуудас