Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/04393

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/04393

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, И овогт Н-гийн А /РД: .../ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... тоотод байрлах, М.Е ХХК /РД: .../-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт шилжүлсэн 25,160,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу алдангид 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэхүү,

Гэрч А.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр М.Е ХХК-тай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гэх газарт 56 м/к талбай бүхий 2 өрөө амины орон сууц захиалан бариулахаар тохиролцож, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Э.С-ийн Хаан банкин дахь ... тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 05, 06, 07 дугаар саруудад би очиж байшин минь ямар явцтай явж байна гээд очиж шалгахад суурийг нь ухаад л орхисон байсан. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшин ашиглалтад орох ёстой. 2021 оны 07 дугаар сард А.Т-тэй утсаар ярьж 07 дугаар сард ашиглалтад орно гээд байсан одоо болтол ороогүй байна гэхэд тэрээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материал саатаж, мөн материалын үнэ нэмэгдсэн гэж хэлсэн, тэгэхээр нь би Тэгвэл барилга баригдахгүй юм байна, мөнгөө буцааж авъя, гэрээгээ цуцалъя гэхэд 2021 оны 07 дугаар сард буюу яг наадмын өмнө надтай холбогдоод за тэгье гэж хэлээд дахиж холбогдохгүй алга болоод 10 дугаар сард утасдаж байж олж авахад А.Т гэрээгээ цуцалъя, би танд хүү өгье, алданги тооцъё гэж өөрийн гараар бичээд гарын үсэг зураад баталгаажуулсан баримт үйлдэж өгсөн, түүнийг би хавтаст хэрэгт өгсөн, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ бид харилцан цуцалсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээгээ цуцалъя гэдэг бичиг надад хийгээд өгсөн байхад гэрээний талаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. М.Е нь надаас авсан 20,000,000 төгрөгөө ямар нэгэн хэмжээгээр өөрийн үйл ажиллагаандаа оруулсан атлаа байшин маань одоо болтол ашиглалтад ороогүй байгаа. Миний хувьд 1 жил үгэнд нь итгээд хүлээлээ. Надад маш олон тайлбар хэлээд алга болсон. Иймд хариуцагч М.Е-аас үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи 516 хоногийн /хоног тутам 0.5 хувь/ алдангид 5,160,000 төгрөг, нийт 25,160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.Е ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай амины орон сууцны лизингийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөр төлөөгүй, гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, ... гэх газарт 56 м/кв талбай бүхий 2 өрөө амины орон сууц барихаар гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас гүйцэтгэлээрээ явагдаж байсан өөр 42 м/кв талбайтай байшинг сонгож авахаар шаардсанаас болоод маргаан үүсэж, огт төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь манай М.Е-тай албан ёсоор гэрээ цуцлах мэдэгдэл хийж байгаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцлах, 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэрээний 5.1.5-т гэрээ цуцлах тохиолдолд үндсэн үнээс 5 хувийн шимтгэл суутгаад авахаар тохиролцсон байгаа. Үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу гуравдагч этгээдэд санхүүгийн гэрээгээр худалдаад үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тохиролцсон. Үүний дагуу 20,000,000 төгрөгөөс 5 хувийг суутгаж авах ёстой. Алдангид 5,160,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, М.Е-тай ямар нэгэн алдангийн талаар гэрээ байгуулаагүй. Гэрээний 8.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн дараахь шаардлагыг гаргасан болно. Гэрээний дагуу амины орон сууцны зээлийн гэрээний 3.2-т Түрээслэгч нь түрээсээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. 2021 оны 04 дүгээр сарын 07-нд 20,000,000 төгрөг төлөөд улмаар үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөгийг тус тулс төлөх үүрэгтэй байсан боловч өдрийг хүртэл төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй. Гэрээ цуцлах мэдэгдлээ зохих ёсоор өгөөгүй учраас амины орон сууцны зээлийн гэрээний 2.1.7-т заасны дагуу 0.3 хувийн алданги тооцсон ба 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааны буюу 455 хоногийн алдангид 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Алдангийн нийт хэмжээ 50 хувиас хэтэрч байгаа учраас 45,000,000 төгрөгийн 50 хувь буюу 17,500,000 төгрөгөөр тооцсон байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн амины орон сууцны зээлийн /лизинг/ гэрээ, Хаан банк ХХК дахь Н.А-ын 5451052709 тоот дансны хуулга, Хүсэлт гаргах нь гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

4. Хариуцагч нь шүүхэд улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээ нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч М.Е ХХК холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөг, алданги 5,160,000 төгрөг, нийт 25,160,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүрэгт буюу алдангид 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

3.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараахь үндэслэлээр тодорхойлжээ. Үүнд: 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр М.Е ХХК-тай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ... гэх газарт 56 м/к талбай бүхий 2 өрөө амины орон сууц захиалан бариулахаар тохиролцож, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Э.С-ийн Хаан банкин дахь ... тоот дансан тус тус шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 05, 06, 07 дугаар саруудад би очиж байшин минь ямар явцтай явж байна гээд очиж шалгахад суурийг нь ухаад л орхисон байсан. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшин ашиглалтад орох ёстой. 2021 оны 07 дугаар сард А.Ттэй утсаар ярьж 07 дугаар сард ашиглалтад орно гээд байсан одоо болтол ороогүй байна гэхэд тэрээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материал саатаж, мөн материалын үнэ нэмэгдсэн гэж хэлсэн, тэгэхээр нь би Тэгвэл барилга баригдахгүй юм байна, мөнгөө буцааж авъя, гэрээгээ цуцалъя гэхэд 2021 оны 07 дугаар сард буюу яг наадмын өмнө надтай холбогдоод за тэгье гэж хэлээд дахиж холбогдохгүй алга болоод 10 дугаар сард утасдаж байж олж авахад А.Т гэрээгээ цуцалъя, би танд хүү өгье, алданги тооцъё гэж өөрийн гараар бичээд гарын үсэг зураад баталгаажуулсан баримт үйлдэж өгсөн, түүнийг би хавтаст хэрэгт өгсөн, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ бид харилцан цуцалсан гэжээ.

 

3.2. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөр төлөөгүй, гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, ... гэх газарт 56 м/кв талбай бүхий 2 өрөө амины орон сууц барихаар гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас гүйцэтгэлээрээ явагдаж байсан өөр 42 м/кв талбайтай байшинг сонгож авахаар шаардсанаас болоод маргаан үүсэж, огт төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь манай М.Е-тай албан ёсоор гэрээ цуцлах мэдэгдэл хийж байгаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцлах, 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэрээний 5.1.5-т гэрээ цуцлах тохиолдолд үндсэн үнээс 5 хувийн шимтгэл суутгаад авахаар тохиролцсон байгаа. Үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу гуравдагч этгээдэд санхүүгийн гэрээгээр худалдаад үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тохиролцсон. Үүний дагуу 20,000,000 төгрөгөөс 5 хувийг суутгаж авах ёстой. Алдангид 5,160,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, М.Е-тай ямар нэгэн алдангийн талаар гэрээ байгуулаагүй. Гэрээний 8.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан гэжээ.

 

3.3. Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр М.Е ХХК-тай Амины орон сууцны зээлийн /лизинг/ гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ... гэх газарт 56 м/к талбай бүхий 2 өрөө, 55,000,000 төгрөгийн үнэ бүхий амины орон сууцыг мөн өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 07-н болон 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 хувааж төлөх, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

3.4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, гэрээний дагуу нэхэмжлэгч урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Э.С-ийн Хаан банкин дахь ... тоот дансанд тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч Н.А-ын Хаан банк ХХК дахь 5451052709 тоот дансны хуулгаар, харин гэрээний зүйлийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор барьж ашиглалтад оруулах үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь гэрч А.Тийн ... цар тахлаас шалтгаалан барилгын материал орж ирэхгүй хил гааль хаагдсан, үнэ өссөн, одоо байшин 40 хувьтай байгаа гэх мэдүүллгээр, мөн нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж заасан үүргээ гүйцэтгээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн төлбөрөө буцаан шаардах эрхтэй, гэрээний 2.1.7-д зааснаар алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшинг ашиглалтад оруулах үүрэгтэй бөгөөд энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй ба 516 хоногийн алдангид 5,160,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэх байх тул хариуцагчаас 25,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгох нь зүйтэй, хариуцагчаас гэрээний үүрэгт буюу төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөг, алдангид 5,160,000 төгрөг, нийт 25,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

4.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлжээ. Үүнд, гэрээний дагуу амины орон сууцны зээлийн гэрээний 3.2-т Түрээслэгч нь түрээсээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. 2021 оны 04 дүгээр сарын 07-нд 20,000,000 төгрөг төлөөд улмаар үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөгийг тус тулс төлөх үүрэгтэй байсан боловч өдрийг хүртэл төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй. Гэрээ цуцлах мэдэгдлээ зохих ёсоор өгөөгүй учраас амины орон сууцны зээлийн гэрээний 2.1.7-т заасны дагуу 0.3 хувийн алданги тооцсон ба 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааны буюу 455 хоногийн алдангид 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан.

 

4.3. Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д зааснаар алдангийн талаар талууд тохиролцсон боловч хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан хариуцагч М.Е ХХК-иас гэрээний үүрэгт 25,160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ат олгосугай.

 

2. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан алдангид 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР