Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00442

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/04393 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.А-ын хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан 25,160,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний дагуу алдангид 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М- ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шархадны ам гэх газарт 56 м.кв талбай бүхий 2 өрөө амины орон сууц захиалан бариулахаар тохиролцож, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Э.С-гийн дансанд шилжүүлсэн. Би 2021 оны 05, 06, 07 дугаар саруудад очиж, байшин ямар явцтай явж байгааг шалгахад суурийг нь ухаад орхисон байсан. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшин ашиглалтад орох ёстой. А.Т-тэй 2021 оны 07 дугаар сард утсаар ярьж 07 дугаар сард ашиглалтад орно гээд байсан одоо болтол ороогүй байна гэхэд тэрээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материал саатаж, мөн материалын үнэ нэмэгдсэн гэж хэлсэн тул мөнгөө буцааж авъя, гэрээгээ цуцалъя гэхэд 2021 оны 07 дугаар сард буюу наадмын өмнө надтай холбогдоод за тэгье гэж хэлээд дахиж холбогдоогүй. Улмаар 10 дугаар сард утасдаж А.Т- гэрээгээ цуцалъя, би танд хүү өгье, алданги тооцъё гэж өөрөө гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт үйлдэж өгсөн нь хэрэгт авагдсан. Бид 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ цуцалсан. Иймд хариуцагч М- ХХК-аас үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 516 хоногийн алдангид 5,160,000 төгрөг, нийт 25,160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Н.А-а нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай амины орон сууцны лизингийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөр төлөөгүй, гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Шархадны ам гэх газарт 56 м.кв талбай бүхий 2 өрөө амины орон сууц барихаар гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас гүйцэтгэлээрээ явагдаж байсан өөр 42 м.кв талбайтай байшинг сонгож авахаар шаардсанаас маргаан үүсэж, огт төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь М- ХХК-тай албан ёсоор гэрээ цуцлах мэдэгдэл хийж байгаагүй. Гэрээний 5.1.5-т гэрээ цуцлах тохиолдолд үндсэн үнээс 5 хувийн шимтгэл суутгаж авахаар тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу гуравдагч этгээдэд санхүүгийн гэрээгээр худалдаад үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тохиролцсон. Үүний дагуу 20,000,000 төгрөгөөс 5 хувийг суутгаж авах ёстой. Алдангид 5,160,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. М- ХХК-тай ямар нэгэн алдангийн талаар гэрээ байгуулаагүй. Гэрээний 8.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь амины орон сууцны зээлийн гэрээний 3.2-т заасныг зөрчсөн. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг төлж, улмаар үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3,625,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч өдийг хүртэл төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй. Гэрээ цуцлах мэдэгдлээ зохих ёсоор өгөөгүй учраас амины орон сууцны зээлийн гэрээний 2.1.7-т заасны дагуу 0.3 хувийн алданги тооцсон ба 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу 455 хоногийн алдангид 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийн нийт хэмжээ 50 хувиас хэтэрч байгаа учир 45,000,000 төгрөгийн 50 хувь буюу 17,500,000 төгрөгөөр тооцсон гэжээ.

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М- ХХК-иас гэрээний үүрэгт 25,160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-ат олгож, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан алдангид 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахраа шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлсэн 2021 оны 04 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 516 хоногийн 0.5 хувийн алданги болох 5,160,000 төгрөг нийт 25,160,000 төгрөгийг Э.Түвшинтөгс, М- ХХК-ийн захирал Э.С- нараас гаргуулахаар нэхэмжилдэг боловч нэхэмжлэгч нь алдангийг ямар гэрээний үндсэн дээр, хэрхэн, яаж тооцож, хэнээс нэхэмжилж буй нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан амины орон сууцны зээлийн/лизинг/ гэрээний 2.1.7-д зааснаар алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж дүгнэн алдангид 5,160,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүй үзэж байна. Учир нь уг гэрээний 2.1.7 дах заалт нь 0.3 хувийн алдангийг түрээслэгч нь үндсэн түрээс, түрээсийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаандаа төлөөгүй төлбөрөөс алданги тооцож түрээслүүлэгч буюу хариуцагч алданги шаардах эрхтэй байхаар заасан заалт болохоос хариуцагч алданги төлөх үүрэг хүлээгээгүй байна. Мөн амины орон сууцны зээлийн/лизинг/ гэрээнд хариуцагч нь амины орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр тохиролцсон гэх нөхцөл тусгагдаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хууль зүйн дүгнэлт өгөөгүй, бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,160,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь алдангийг ямар гэрээний үндсэн дээр хэрхэн яаж, тооцсон нь тодорхой бус гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Алдангийг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.7-д зааснаар компаниас шаарддаг. Хэргийн материалд гэрээг цуцалсан, алдангийг хэрхэн тооцсон болон хэн төлөх талаар тохиролцсон баримтууд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Н.А-а нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан орон сууц худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 20,000,000 төгрөгийг алданги 5,160,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний алдангид нийт 17,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчийг гэрчээр дуудан мэдүүлэг авч болохгүй талаар заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-өөс гэрчийн мэдүүлэг авч, тус мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

3.б.Түүнчлэн, анхан шатны шүүх Амины орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.7-т заасныг үндэслэн алдангид хариуцагч М- ХХК-аас 5,160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-ад олгож шийдвэрлэсэн боловч гэрээний 2.1.7 дах заалт нь захиалагч буюу нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Т- нь ямар хэлцлийг үндэслэн алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх бөгөөд энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байхад алдангийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасанд нийцээгүй байна.

3.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/04393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 97,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Г.ДАВААДОРЖ