Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00037

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00037

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Согинохайрхан дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, А овогт Б-ын З /РД: .../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, эмнэлгийн ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, Б овогт Г-ын Э /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Зүүн нарангийн ... гудамж, ... тоотод оршин суух, О овогт Р-ийн Ц /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, ... хороо, Хангай, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Б овогт М-ийн Г /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага 1: Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэлийн шаардлага 2: Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд 45,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргүүдийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.З, Г.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.З, Г.Э нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.З, Г.Э бид нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Р.С, Р.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгүйгээр зээлдүүлсэн. Орон сууц хөлсөлнө гэж яриагүй, 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлээд хүүнд нь тухайн орон сууцанд үнэ төлбөргүй суухаар тохирсон. Ингэхдээ бид ... мөнгө зээлж байранд суулгана гэдэг зарын дагуу Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Намсрайн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг очиж байх үзэхэд Р.Ц, Р.С, М.Г, н.И гэх хүмүүс байсан ба 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, мөнгөний хүүнд нь манай эгч Р.С-ийн байранд үнэ төлбөргүй суулгана гэхэд нь бидэнд 15,000,000 төгрөг бэлэн байна, хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа болгон цуглуулж байсан мөнгө маань байгаа юм гэдгээ хэлэхэд манай байранд 1 жилийн хугацаатай суухаар гэрээ байгуулъя гэсэн. Тэгээд нотариат орж зээлийн гэрээ байгуулж, нотариатчийн дэргэд 11,500,000 төгрөгийг Р.Ц, М.Г, н.И нарт бэлнээр тоолж өгөөд, Р.Цгийн дансанд 3,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 27-нд бид нарын гэрээний маань хугацаа дууссан. Анх зар дээрээ тавилгатай 3 өрөө байр гэсэн байсан, бидэнд тавилга хэрэггүй тул 1 өрөөнд нь хураачихья гэж тохиролцоод нэг өрөөнд нь бүх тавилгыг хураагаад бидэнд хоосон 2 өрөө байр хүлээлгэж өгсөн. Бид нар 3 хүүхэдтэй, хадам ээж маань харвалттай хөгшний хамт амьдарна гэдгээ хэлсэн. Үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сард Р.Ц, н.И хоёр манай нөхрийн ажил дээр ирээд ... 5,000,000 төгрөг нэмээд өгчих, байранд суух хугацаагаа дахиад 6 сараар сунгаад өгье. Та нар өвлийн хүйтэнд гарч яах юм гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл байранд нь суухаар тохиролцож гэрээ байгуулан Р.Цгийн дансанд зээл гээд 5,000,000 төгрөгийг нэмж шилжүүлээд Р.С эгч рүү залгаж 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл танай байранд 20,000,000 төгрөгийнхөө хүүнд суухаар болсон гэдгээ хэлэхэд дүүд маань 5,000,000 төгрөгөө өгчих, эгч нь угаасаа очиж амжихгүй гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 27-нд зээлийн гэрээний хугацаа дууслаа, мөнгөө авъя гэдэг хүсэлтээ Р.С эгч, Р.Ц нарт маш олон удаа тавьсан. Р.С эгч рүү залгахаар эгч нь Багахангайд ажил хийдэг, очих боломжгүй байна. Та нар байранд минь амьдарч байгаа юм чинь бид мөнгөтэй болохоороо мөнгийг чинь өгье та нар амьдарч бай гээд гэрээг маань сунгаж өгөөгүй. Ингээд бид 2019 онд Р.Ц, н.И хоёр холбогдоход удахгүй та хоёрын мөнгийг өгнө. Та нар захиалгын байраа хайж байхгүй юу гэж хэлсэн, бид 2 хэд хэдэн газар очиж уулзаж бэлэн мөнгөтэйгөө ирэх шаардлагатай юм байна гэдгийг мэдээд Р.С эгч рүү залгахад бид 2 тангараг тасартлаа хэрэлдээд эгч, дүүгийн холбоогоо тасалсан. Эгч нь байраа зарж байгаад 2 дүүгийнхээ 20,000,000 төгрөгийг өгье. Та хоёр яг одоо эгч рүүгээ байрныхаа бүх зургийг дараад фейсбүүкээр явуулаач гэхээр нь Р.С гэдэг нэртэй хаяг руу нь би өөрийн фейсбүүк хаягаас зургуудыг явуулсан. 2020 онд Р.С эгч зар тавьсан байдаг. Маш олон хүмүүс ирж байрыг үзэж байсан. Бид хоёр байраа зараад мөнгийг маань өгөх юм байна гэж ойлгоод маш удаан хүлээсэн. 2020 оны 05 дугаар сарын 31-нд сураггүй алга болсон байсан Р.Ц, н.И нар холбогдож Р.С эгч маань нас барсан, наад байр чинь ипотекийн зээлтэй, бид нар мөнгийг огт төлөхгүй байгаа. Банкнаас та хоёрыг хөөгөөд гаргана шүү, одоо байраа хурдан суллаж өг. Бид таньдаг хүндээ түрээслээд 20,000,000 төгрөгийг чинь увуулж, цувуулаад хэдэн жил ч хамаагүй өгье гэдэг санал тавьсан. Бид хоёр 3 хүүхэдтэй, тэгээд бие муутай хөгшин хүнтэй гэдгээ та нарт хэлсэн. Бид явах газар байхгүй, хайчих билээ гээд саналыг хүлээж аваагүй. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй бүхэл бүтэн айлын амьдралаар тоглож байгаад маш их харамсаж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн гэрээгээр хүүгүй мөнгө зээлээд л орон сууцанд нь орж байгаа, түүнээс биш хариуцагч нарын хэлээд байгаа шиг орон сууц хөлслөх гэрээ байгуулчихаад одоо шаардаад байгаа шиг нөхцөл байдал үүсээгүй байгаа. Тэгэхээр Б.З, Г.Э нарын хувьд хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын эзэмшил нь хууль ёсны бөгөөд шударга эзэмшил байгаа. Бид нар хүүгүй зээлсэн, мөнгөө эргүүлээд өгсөн тохиолдолд уг орон сууцыг чөлөөлөх эрх нээлттэй байгаа. Өнөөдрийг хүртэл 20,000,000 төгрөгийг хариуцагч нар өгөөгүй. Бид нар орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байна нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно зааснаар манайх орон сууц хүлээлгэж өгөхөөс татгалзаж байгаа. Мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан. Үүргийн гүйцэтгэлийг саатуулах тухайд манай талд мөнгийг өгсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөх, эсхүл саатуулах эрх нь энэ хуулийн заалтуудаар байна. Хууль бус эзэмшил байхгүй учраас бид нар 20,000,000 төгрөгийг өгсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгнө гэв.

 

2. Хариуцагч М.Г, Р.Ц нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.З, Г.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Р.Цд мөнгөний хэрэгцээ гаргаад тухайн үед өөрийн эгч Р.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Намсрайн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэх замаар мөнгө олохоор ярилцаж гуйсан юм билээ. Эгч Р.С нь зөвшөөрөөд зар тавьсан ба нэхэмжлэгч Б.З, Г.Э нар зарын дагуу ирж уулзаад 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь үнэн хэрэгтээ эд хөрөнгө хөлслөх гэрээ байгаа юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн зээлийн гэрээ дуусах байсан боловч Р.Ц нь 5,000,000 төгрөгийн нэмж зээлэх хүсэлт тавиад гэрээний хугацааг 1 жил 6 сараар сунгасан. Тэгээд 2018 оны 06 дугаар сард эд хөрөнгө хөлслөх гэрээ ерөнхийдөө дуусгавар болсон ч Б.З, Г.Э нар нь байрыг суллаж өгөөгүй өдий хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Анхнаасаа талуудын хүсэл зориг нь Р.Ц зээлийн гэрээ байгаагүй тул тэдний хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй юм гэв.

 

3. Нэхэмжлэгч М.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, 3 дугаар хороолол, Намсрайн гудамж, 45а байрны ... тоот хаягт байрлах 69 м/кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Р.Цгийн эгч Р.С гэдэг хүн байсан. Тухайн үед дүү Р.Ц нь мөнгөний шаардлага гарч Та байраа хөлсүүлээд мөнгийг надад хэрэглүүлээч гэж гуйсны дагуу Р.С зөвшөөрөөд Б.З, Г.Э нарт байраа 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 2017 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслүүлэн суулгасан. Тэгээд Р.Ц дахиад 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан, нийт 20,000,000 төгрөгөөс Р.С, М.Г нар нэг ч төгрөг аваагүй. Зүгээр дүүгийнхээ гуйлтын дагуу л байраа бусдад хөлсүүлсэн. Талуудын тохирсон гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.З, Г.Э нар нь Р.С-ийн байрыг суллаж өгөх ёстой байсан. Гэтэл суллаж өгөхөөс татгалзаад өдий хүртэл 4 жилийн хугацаанд өөрсдөө хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа. Орон сууцны өмчлөгч Р.С 2020 оны 05 дугаар сарын 02-нд автын ослоор нас барсан ба 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Р.С-ийн дүү Р.Ц болон М.Г нар нь орон сууцаа чөлөөлж өгөөч, чөлөөлөхгүй бол эд хөрөнгө хөлсүүлэх гэрээ байгуулаад үнэ хөлсөө төлөөд яваач гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Тухайн орон сууцыг хариуцагч Р.С, М.Г нар Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээлээр худалдан авсан ба зээлийн төлбөрт сард 628,910.27 төгрөгийг төлддөг. 2018 оны 06 дугаар сараас хойш 58 сарын хугацаанд нийт 43,961,154.58 төгрөгийг одоогийн байдлаар төлчихөөд байгаа. Орон сууцыг гэрээнийхээ дагуу Б.З, Г.Э нар суллаад өгсөн бол тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх замаар ипотекийн зээлээ төлөөд явахаар анхнаасаа төлөвлөсөн байсан. М.Г мэргэжлийн байгууллагаар тухайн байршилд байгаа орон сууцны түрээсийн зах зээлийн үнэлгээг хийлгэхэд 2018 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зах зээлийн ханшаар маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол нийт 45,400,000 төгрөг олж болохоор байсан гэдгийг мэргэжлийн байгууллага Хөрөнгийн үнэлгээний төв ХХК тогтоосон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлээр гэрээнээс татгалзах юм байхгүй. Гэрээ 2016 оны 12 дугаар сарын 27-оос 2018 оны 06 дугаар сарын 27-нд 1 жил 6 сарын хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон. Гэрээний хугацаанд эд нар амьдраад түүнд нь таарсан хөлсийг авчихсан. М.Гын зүгээс гэрээ чинь 1 жил 6 сарын дараа дуусаж байгаа, түүнээс хойш энэ хүмүүс тэр байранд амьдрах эрх байхгүй. Иргэний хуулийн 93 дугар зүйлийн 96.3Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж заасны дагуу М.Г шаардсан. Р.Ц зугтаагаад холбоогүй байсан гэж ярьж байна. Та нар утасдаад байнга ярьдаг, Иргэний хуулийн 288 дугаарт 288.2.2хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;, мөн 289.1.5-т гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Хариуцагч Б.З нар үүргээ биелүүлээгүй, орон сууцаа хүлээлгээд өгсөн бол М.Г одоо хохирол нэхээд сууж байхгүй, 4 жил гаруй хугацаанд шаардсаар байхад хууль бусаар ашиглаад эзэмшээд, үндэслэлгүй хөрөнгөжөөд явчихсан. Бид нарын зүгээс өмнөх 1 жил 6 сарын гэрээн дээр маргаагүй, амьдраад суугаад хөлсөө авчихсан. Түүнээс хойшхи 4 жил гарангийн хугацааны энэ хүмүүсийн учруулсан хохирлыг нэхэж байгаа юм. Энэ хоёр хүн шударга бусаар, хууль бусаар орон сууцыг эзэмшиж ашигласнаас болж М.Год учруулсан хохиролд буюу 2018 оны 06 дугаар сарын 05-наас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт 45,400,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Б.З, Г.Э нарын нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 20,000,000 төгрөгийнхөө хүүнд нь бид энэ байранд нь сууна гэж анхнаасаа тохиролцсон. Тэгэхээр 20,000,000 төгрөгөө аваагүй болохоор бид яаж суллаж өгөх вэ? 20,000,000 төгрөгөө авчих юм бол би байрыг суллаад гараад явахад бэлэн байна. Хэрвээ гэрээ дуусаад мөнгийг минь өгсөн бол би хүний байранд 45,400,000 төгрөг болтол сууж амьдрах тийм тэнэг хүн биш. Гэрээ дууссан бол байрыг суллаад гараад яваад өгнө. 20,000,000 төгрөгөө авч чадаагүй учраас би өнөөдөр байрыг суллаж өгч чадахгүй байгаа юм. Та нар авах тухайгаа яриад байх юм, бидний 20,000,000 төгрөгийг яагаад ярихгүй байгаа юм. 20,000,000 төгрөгөө би хүнд хүүтэй зээлдүүлсэн бол би сарын 800,000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлнэ. Р.С эгч нь нас бараад л Р.Ц, н.И нар биднийг залилах санаа төрсөн, гэрээгээр далдалсан залилан байна. Бид түрээсийн гэрээ огт хийгээгүй, түрээсийн гэрээ хийсэн байсан бол түрээсийн гэрээн дээр сарын тэдэн төгрөгөөр түрээслээд тэдэн төгрөг авна гэсэн байх ёстой. Би Р.Цгийн дансанд зээлдүүлэв гэж мөнгөө хийсэн. Ямар ч хүн түрээсийн мөнгийг зээлдүүлэв гэж хийхгүй. Би хүний байранд дураараа орж суугаагүй. Зээлдүүлсэн 20,000,000 төгрөгийнхөө хүүнд сууж байгаа, 20,000,000 төгрөгөөсөө 1 ч төгрөг аваагүй учраас өнөөдрийг хүртэл бид байранд нь сууж байна. Тавилгатай 3 өрөө байр гэж яриад байгаа. Бид тавилгагүй 2 өрөө байр хүлээн авсан. Түрээсийн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Харин М.Г нь хохирлоо Иргэний хуулийн яг ямар зүйл, заалтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Үүнийг харахаар энэ хүмүүс байрыг нь суллаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс энэ хүмүүс байраа түрээслүүлж чадахгүй, олох ёстой байсан орлого нь алдагдлаа гэдэг үндэслэл байгаа юм болов уу гэж үзэхээр байна, мөн хуулийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан, Б.З, Г.Э нар нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд бид үүргээ шүүхээр тодорхойлуулж шийдүүлэх хүсэлтэй байна. Талийгаач Р.Сод-Эрдэнийг нас барснаас хойш энэ хүмүүс гэрээний үүргийн гүйцэтгэл дээр маргаан гаргаад эхэлсэн. 2020 оны 07 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Р.Ц хаягтаа амьдардаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу 2020 оны 08 дугаар сард 102/ШШ/02308 тоот шийдвэрээр Р.Цг эрэн сурвалжлуулсан. Энэ үйл баримтуудыг яагаад яриад байгаа вэ гэхээр мэдэгдэл гээд байгаа тэр өдрөөс хойш энэ хүмүүс өөрсдөө хаягтаа байхгүй алга болчихсон. Маргаанаа шийдвэрлүүлэхээр Б.З, Г.Э нар л шүүхэд хандан явж байсан. Багахангай дүүргийн шүүх рүү хүртэл явсан байгаа юм. Энэ хүмүүс гар гээд шаардсан биш, өөрсдөө алга болоод өөрсдийг нь хайлгаж байсан нь энэ шүүхийн шийдвэр баримтуудаар хангалттай нотлогдож байна. Тэгэхээр энэ хүмүүсийн байрыг суллаж өг, хохирол учраад байна гэдэг асуудал нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаад байна. Танай шаардсаны дагуу шүүхэд хандаагүй байсан ч байрыг суллаад өгвөл энэ хүмүүсийн зээлийн хүү яах вэ? Энэ хүмүүс байр ч байхгүй, хүү ч байхгүй, 20,000,000 төгрөг ч байхгүй гудамжинд гарах юм уу? Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-т Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2-225 тоот албан бичиг, Хаан банк ХХК дахь Б.Згийн эзэмшлийн 5029764004 тоот дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2022/02019 дүгээр захирамж, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02308 дугаар шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, 0000248849 тоот нас барсны гэрчилгээ, үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргажээ.

 

6. Хариуцагч Р.Ц 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргажээ.

 

7. Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000930341 тоот гэрчилгээ, 0000248849 тоот нас барсны гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ-RCC2013112902-1 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-RCC2013112902-1-1 тоот барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000290372 тоот гэрчилгээ, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7/463-5 тоот тодорхойлолт, Р.С-ийн зээлийн дансны хуулга, Монгол шуудан ХК-ийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 224/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгсөн.

 

8. Хариуцагч Б.З, Г.Э нар нь хариу тайлбарын хамт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02308 тоот шийдвэр, Баганхангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн 189/ШЗ2021/00003 дугаар захирамж, Хаан банк ХХК дахь Б.Згийн эзэмшлийн 5029764004 тоот дансны хуулга, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/01262 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/16301 дүгээр захирамжийг нотлох баримтаар хавсаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар нь хариуцагч М.Г, Р.Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.З, Г.Э нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, учруулсан хохиролд 45,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б.З, Г.Э нарын хариуцагч М.Г, Р.Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.1. Шүүх дараахь үндэслэлээр Р.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Год холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.З, Г.Э бид нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Р.С, Р.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгүйгээр зээлдүүлсэн. Орон сууц хөлсөлнө гэж яриагүй, 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлээд хүүнд нь орон сууцанд нь үнэ төлбөргүй суухаар тохирсон. Ингэхдээ бид ... мөнгө зээлж байранд суулгана гэдэг зарын дагуу Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Намсрайн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг очиж үзэхэд Р.Ц, Р.С, М.Г, н.И гэх хүмүүс байсан ба 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, мөнгөний хүүнд нь манай эгч Р.С-ийн байранд үнэ төлбөргүй суулгана гэхэд нь бидэнд 15,000,000 төгрөг бэлэн байна, хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа болгон цуглуулж байсан мөнгө маань байгаа юм гэдгээ хэлэхэд манай байранд 1 жилийн хугацаатай суухаар гэрээ байгуулъя гэсэн. Тэгээд нотариат орж зээлийн гэрээ байгуулж, нотариатчийн дэргэд 11,500,000 төгрөгийг Р.Ц, М.Г, н.И нарт бэлнээр тоолж өгөөд, Р.Цгийн дансанд 3,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 27-нд бид нарын гэрээний маань хугацаа дууссан. Үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сард Р.Ц, н.И хоёр манай нөхрийн ажил дээр ирээд ... 5,000,000 төгрөг нэмээд өгчих, байранд суух хугацаагаа дахиад 6 сараар сунгаад өгье. Та нар өвлийн хүйтэнд гарч яах юм гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл байранд нь суухаар тохиролцож гэрээ байгуулан Р.Цгийн дансанд зээл гээд 5,000,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй бүхэл бүтэн айлын амьдралаар тоглож байгаад маш их харамсаж байна гэжээ.

 

2.3. Хариуцагч М.Г, Р.Ц нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд: ... нэхэмжлэгч Б.З, Г.Э нар зарын дагуу ирж уулзаад 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь үнэн хэрэгтээ эд хөрөнгө хөлслөх гэрээ байгаа юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн зээлийн гэрээ дуусах байсан боловч Р.Ц нь 5,000,000 төгрөгийн нэмж зээлэх хүсэлт тавиад гэрээний хугацааг 1 жил 6 сараар сунгасан. Тэгээд 2018 оны 06 дугаар сард эд хөрөнгө хөлслөх гэрээ ерөнхийдөө дуусгавар болсон ч Б.З, Г.Э нар нь байрыг суллаж өгөөгүй өдий хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Гэрээ хэрэгжсэн хугацааны хөлс мөнгөний талаар маргаан байхгүй. Анхнаасаа талуудын хүсэл зориг нь Р.Ц зээлийн гэрээ байгаагүй тул тэдний хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй юм гэжээ.

 

2.4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000290372, 000930341 тоот гэрчилгээ, 0000248849 тоот нас барсны гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ-RCC2013112902-1 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-RCC2013112902-1-1 тоот барьцааны гэрээ, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7/463-5 тоот тодорхойлолт, Р.С-ийн зээлийн дансны хуулга, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, Хаан банк ХХК дахь Б.Згийн эзэмшлийн 5029764004 тоот дансны хуулга, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

2.4.1. Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч Б.З, Г.Э нь 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй хариуцагч Р.Ц болон Р.С нарт зээлдүүлж, улмаар Р.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрайн гудамж, 45а дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцанд үнэ төлбөргүйгээр хөлслөн суухаар тохиролцсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч Б.Згийн шүүх хуралдаанд гаргасан ... Орон сууц хөлсөлнө гэж яриагүй, 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлээд хүүнд нь тухайн орон сууцанд үнэ төлбөргүй суухаар тохирсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Р.Ц нь манай нөхрийн ажил дээр ирж 5,000,000 төгрөг нэмээд зээлчих, орон сууц хөлслөх хугацааг сунгаад өгьё гэж хэлсний дагуу нэмж зээлдүүлсэн гэх, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын ... Р.Цд мөнгөний хэрэгцээ гараад тухайн үед өөрийн эгч Р.С-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэх замаар мөнгө олохоор ярилцаж гуйсан юм билээ. Эгч Р.С нь зөвшөөрөөд зар тавьсан ба нэхэмжлэгч Б.З, Г.Э нар ирж уулзаад 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь үнэн хэрэгтээ эд хөрөнгө хөлслөх гэрээ байгаа юм гэх тайлбаруудаас үзвэл зохигчдын хооронд 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, хүүгийн орлогоор орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

 

2.4.2. Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар нь зээлдэгчид зээлийн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11,500,000 төгрөгийг Р.Ц, М.Г нарт бэлнээр, 3,500,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банк ХХК дахь Р.Цгийн эзэмшлийн 5020930479 тоот дансанд, 5,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээрх дансанд тус тус шилжүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Р.Ц нь гүйцэтгээгүй тул гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 3.5-д Зээлдэгч зээлдүүлэгчид гэрээнд заасан бол зээлсэн мөнгийг бүхлээр төлнө. Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, нэхэмжлэгч нар зээлийн гэрээний алдангид 10,000,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна.

 

2.5. Хариуцагч М.Г нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн оролцогч тал биш бөгөөд гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй, хэдийгээр Р.С-ийн өвчлөгчөөр тогтоогдсон ч түүний өмнөөс хууль болон гэрээгээр үүрэг хүлээх үндэслэлгүй тул М.Год холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Р.Цгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт олгож, хариуцагч М.Год холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч М.Гын хариуцагч Б.З, Г.Э нарт холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх, хохиролд 45,400,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

 

4.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараахь үндэслэлээр тодорхойлжээ. Үүнд, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, 3 дугаар хороолол, Намсрайн гудамж, 45а байрны ... тоот хаягт байрлах 69 м/кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Р.Цгийн эгч Р.С гэдэг хүн байсан. Талуудын тохирсон гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.З, Г.Э нар нь Р.С-ийн байрыг суллаж өгөх ёстой байсан. Гэтэл суллаж өгөхөөс татгалзаад өдий хүртэл 4 жилийн хугацаанд өөрсдөө хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа. Р.С нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, улмаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, 45А дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Р.С-ийн өвлөх эрхийг М.Год олгосноор 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000930341 тоот гэрчилгээгээр маргаан бүхий дээрх орон сууцны өмчлөгчөөр М.Г бүртгэгдсэн. М.Г мэргэжлийн байгууллагаар тухайн байршилд байгаа орон сууцны түрээсийн зах зээлийн үнэлгээг хийлгэхэд 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зах зээлийн ханшаар маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол нийт 45,400,000 төгрөгийг надад төлөхөөр байсан гэдгийг мэргэжлийн байгууллага Хөрөнгийн үнэлгээний төв ХХК тогтоосон. Гэрээ 2016 оны 12 дугаар сарын 27-оос 2018 оны 06 дугаар сарын 27-нд 1 жил 6 сарын хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон. Гэрээний хугацаанд эд нар амьдраад түүнд нь таарсан хөлсийг авчихсан. М.Гын зүгээс гэрээ чинь 1 жил 6 сарын дараа дуусаж байгаа, түүнээс хойш энэ хүмүүс тэр байранд амьдрах эрх байхгүй гэжээ.

 

4.2. Хариуцагч Б.З, Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд, Иргэний хуулийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан, Б.З, Г.Э нар нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэж заасан, мөн 209 дүгээр зүйлийн 209.1Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар манайх орон сууц хүлээлгэж өгөхөөс татгалзаж байгаа. Мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан. Иймд энэ хүмүүсийн байрыг суллаж өг, хохирол учраад байна гэдэг асуудал нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаад байна. Танай шаардсаны дагуу шүүхэд хандаагүй байсан ч байрыг суллаад өгвөл энэ хүмүүсийн зээлийн хүү яах вэ? Энэ хүмүүс байр ч байхгүй, хүү ч байхгүй, 20,000,000 төгрөг ч байхгүй гудамжинд гарах юм уу? Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-т Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

4.3. Хэдийгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар М.Г боловч зохигчдын эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Р.С өмчлөгч байсан бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.З, Г.Э нарт 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлсүүлж, зээлийн гэрээний дагуу зээлж авсан 20,000,000 төгрөгийн хүүг орон сууц хөлслөх гэрээний төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэхүү гэрээний нэг оролцогч болох Р.С нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, улмаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, 45А дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Р.С-ийн өвлөх эрхийг М.Год олгосноор 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000930341 тоот гэрчилгээгээр маргаан бүхий дээрх орон сууцны өмчлөгчөөр М.Г бүртгэгдсэн, нэхэмжлэгч Б.З, Г.Э нарын зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн, мөн дээрх гэрээний оролцогч тал нь нэхэмжлэгч М.Г биш тул гэрээний үүрэг шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй, хариуцагч Б.З, Г.Э нарын эзэмшилд одоог хүртэл маргаан бүхий орон сууц байгаа тул нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг буюу орон сууц албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

4.4. Хариуцагч Б.З, Г.Э нар нь зээлийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, 45А дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэмшиж ашигласан бөгөөд Р.Ц, Р.С нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаандаа зээлээ эргүүлэн төлөөгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар зээлийн төлбөрөө төлөхөөс өмнө орон сууцыг эргүүлэн хүлээлгэж өгөх боломжгүй гэж үзэж орон сууцыг гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөөгүй хариуцагч нарын эс үйлдэл үндэслэлтэй тул нэхэмжлэгч М.Г нь 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт 45,400,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

5. Иймд Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, 45а дугаар байр, ... тоот 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.З, Г.Э нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 45,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Б.З нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, нэхэмжлэгч М.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт, хариуцагч Б.З, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Год олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Р.Цгаас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт олгож, М.Год холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 209 дүгээр 209.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Баянгол дүүргийн ... дугаар хороо, 3 дугаар хороолол, 45а дугаар байр, ... тоот хаягт байрлах 69 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.З, Г.Э нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 45,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Б.З нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, нэхэмжлэгч М.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт, хариуцагч Б.З, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Год олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР