Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00039

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00039

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, .. тоот хаягт байрлах, Т.У.С ХЗХ /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт Ч-ын Ч /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт Ч-ын Э /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.У.С ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ч.Э, Ч.Ч нар нь нэхэмжлэгч Т.У.С ХЗХноос 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Бид нар зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Манай хоршоо нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгч Ч.Э, Ч.Ч нарт удаа дараа мэдэгдэж байсан. Зээлдэгч Ч.Э, Ч.Ч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хэвийн төлөхгүй байгаа нь манай хадгаламж, зээлийн хоршооны зээлийн чанарыг муутгаж, манай бизнесийн ажилд сөрөг нөлөө үзүүлж, маш их хохирол учруулж байна. Зээлдэгч Ч.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 1,225,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28- нд 1,225,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,000,000 төгрөг, нийт 17,450,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-нд манай хоршоо зээлийн гэрээгээ зээлдэгч талтай нэг жилийн хугацаагаар сунгасан болно.

 

Т.У.С ХЗХ маань гишүүддээ үйлчилдэг байгууллага. Ч.Ч, Ч.Э нар гишүүнээр элссэн өргөдөл гаргаж өгсөн байдаг. Уг өргөдөлд Ч.Ч миний бие Т.У.С ХЗХны гишүүн болж түүний үйлчилгээг ашиглах хүсэлтэй байгаа тул хадгаламж зээлийн хоршоонд элсүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргаж өгсөн байдаг. Ч.Э мөн адилхан хүсэлт гаргаж өгөөд, хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Зээлийн гэрээний нэг бүрдүүлбэр хэсэг болох энэ хүсэлтийг нь би Улсын бүртгэлийн газраас аваад хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнийг сайн уншвал манай хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээг ашиглах хүсэлтэй байгаа гэдгээ бичсэн байгаа. Тэр нь зээл авах хүсэлтээ давхар илэрхийлсэн, зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө зээлдэгч Ч.Эоос зээлээ юунд зориулах талаар асуухад эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготой байгаа гэж өөрөө хэлээд бид зээлийн гэрээнд тэгж оруулсан. Ч.Э бол манай хадгаламж зээлийн хоршоотой зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй, манай хоршоотой хамааралгүй хүн байдаг. Манай хоршооноос Ч.Ч, Ч.Э нарт зээлийг бэлэн мөнгөөр өгсөн байдаг. Энэ нь зээлийг бэлэн мөнгөөр өгч авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Ч.Э төрийн албан хаагч хүн биш юм билээ. Эргэн төлөлт хийгдсэн гүйлгээний баримтад Ч.Э зээлийн хүү төлөв 99108064 гэж бичээд төлсөн байгаа. Мессежтэй холбоотой 2 хуудас материал, танилцуулгууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа 2, 3 хуудас мессеж гэх баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй, хаанаас гаргуулж авсан талаар баталгаажуулаагүй, эх хувь ч биш баримт тул хүчин төгөлдөр бус байна. Иймд хариуцагч Ч.Э, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, үндсэн хүүнд 20,729,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,145,833 төгрөг, нийт 59,875,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Э, Ч.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбилэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр анх зээлийг авахдаа Ч.Хүрэлбаатар захиралд хандсан хүн бол хариуцагч Ч.Ч, Ч.Э нарын төрсөн ах буюу Ч.Э гэдэг хүн байгаа. Ч.Э хувийн компанитай барилга, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийнхаа үйл ажиллагаанд зориулж эргэлтийн хөрөнгө авахаар анхнаасаа Ч.Хүрэлбаатартай ярьж тохирсон. Зээлийн судалгаа нь Ч.Э гэдэг хүний компанийн үйл ажиллагааг үндэслэн хийгдсэн байдаг. Зээл гарах болоход Ч.Э гэдэг хүн муу зээлийн ангилалтай, харилцах данс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэгдсэн байсан учраас зээл авах боломжгүй болоод барьцаа хөрөнгийн эзэн буюу Ч.Э нь үндсэн зээлдэгч гэж орсон, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч байгаа. Ч.Ч нь төрсөн эгч нь буюу тухайн байранд амьдардаг. Өмчлөгч буюу тухайн байранд амьдарч байгаа 2 хүнийг ямар нэгэн муу зээлийн ангилалгүй учраас энэ байдлыг нь хараад зээл олгосон ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Зээлийн гэрээний зээлийн гэрээний 2.1-т зааснаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35,000,000 төгрөг олголоо гэж заасан. Ч.Э гэдэг хүн бол багш, өөр орлого байхгүй, Ч.Ч нь тэтгэвэр авдаг гэртээ байдаг хүн, ямар нэгэн орлого байхгүй, бизнес эрхэлдэггүй. Энэ хоёртой холбоотой ямар нэгэн байдлаар бизнес эрхэлдэг баримт гарч ирээгүй. Эдгээр хүмүүс бизнес эрхэлдэггүй учраас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авах ямар ч шаардлага байхгүй. Магадгүй эдгээр хүмүүс зээл авах байсан бол хэрэглээний зориулалтаар юм уу? зээлийн зориулалт нь өөр байх ёстой. Т.У.С ХЗХноос зээл олгосны дараа зээлийн эргэн төлөлтийг дандаа Ч.Ч, Ч.Э нараас бичгийн болон аман байдлаар, мессеж, утсаар шаардсан үйл баримт байхгүй. Харин Ч.Э болон түүний эхнэр н.Ариунжаргал гэдэг хүмүүсээс зээлийн эргэн төлөлтийг утсаар болон месежээр шаардаж байсан баримтууд гаргаж өгсөн байдаг. Ч.Э нь яагаад зээлээ төлөлгүй ийм байдалд хүрсэн юм гэхээр энэ хүн бизнесийн үйл ажиллагаа эрхлээд эргэлтийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор авсан байсан учраас тухайн зээл авсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ковидтой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь тасалдаж эргэн төлөлтийн графикийн дагуу хийж чадаагүй. Манай талаас гаргаж өгсөн мессеж дээр 8811-тэй дугаараас гэрч Ч.Эын эхнэр н.Ариунжаргал руу мессеж бичсэн нь харагддаг, Танайх яагаад зээлээ төлөхгүй байна гэж бичдэг, мөн Ч.Э руу мессеж бичихдээ танай ах Ч.Э зээлээ төлөхгүй танай байрыг алдах гээд байна гэдэг утгаар бичсэн байдаг. Зээлийн гэрээг Ч.Ч, Ч.Э нартай байгуулаад энэ хүмүүст мөнгө олгосон баримтууд байгаа. Гэрчийн мэдүүлснээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн 35,000,000 төгрөг олгохдоо Ч.Э болон Ч.Хүрэлбаатар захирал, Ч.Ч, Ч.Э нар хамт байж байгаад энэ хүн Худалдаа хөгжлийн банкны данснаасаа аваад Ч.Эад өгсөн. Ингэж өгөхдөө Ч.Э гарын үсэг зурах гэтэл зуруулаагүй, Ч.Ч, Ч.Э нараар зуруулсан. Ч.Э мөнгийг бэлнээр аваад өөрийн эхнэр н.А-ын данс руу хийлгэсэн. Буцаагаад тэр өдрөө зарлага гарган гүйлгээний утга дээрээ Ч.Э-аас барааны үнэ төлөв гэдэг утгатайгаар өр төлбөрөө төлсөн.

 

Т.У.С ХЗХноос зээл төлөгдөхгүй байхад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан байгаа юм. Ингэж сунгахдаа өмнөх зээлийн хүүгээ аваад үндсэн зээл болох 35,000,000 төгрөгөөс дахин зээл олгосон юм шиг зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан. Үүн дээр зээлийн үлдэгдэл хэд юм, яаж сунгаад байгаа нь бичигдээгүй, тодорхой биш, дахин зээлийн харилцаа үргэлжилж байгаа учраас зээл эргэн төлөх хуваарийг гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй. Тэгэхээр төлөөд байгаа мөнгө үндсэн зээл дээр юм уу? хүүн дээр авах юм уу? нэмэгдүүлсэн хүү дээр авах юм уу? гэдэг тооцоолол өөрөө тодорхой бус байна. Мөн эдний нэхэмжилж байгаа хүүнд буюу анхны зээлийн гэрээний хүүнд нийтдээ 11,807,639 төгрөг төлөхөөр байгаа юм. Гэтэл 2 дахь сунгалтын гэрээ нь дээр хэдэн төгрөгийн хүүг яаж бодсон гэдэг нь тодорхой бус болоод байгаа юм. Ковидын үеийн нөхцөл байдал үүссэн талаар Ч.Э анхнаасаа Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй амаар харилцаад явсан, ковидын нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн хөнгөлөх, чөлөөлөх хуульд заасан арга хэмжээг хадгаламж зээлийн хоршооноос аваагүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас хууль бус зээл гаргасан, төлөх ёстой хүн нь өөр хүн байсан гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүрэм, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээл ба барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, иргэний үнэмлэхний хуулбар, барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эргэн төлөлтийн график, Улаанбаатар хотын банк ХХК дахь Ч.Эын эзэмшлийн 2604063091 тоот депозит дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22250002004083 тоот лавлагаа, Т.У.С ХЗХны Хаан банк ХХК дахь 5030185126 тоот дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар тогтоол, гишүүнээр элсэхийг хүссэн Ч.Э, Ч.Ч нарын хүсэлт, бэлэн мөнгөний орлогын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баримт, Т.У.С ХЗХны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20/02 тоот, 20/02-Б тоот, 20/02-В тоот тогтоол, тус хоршооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот хурлын тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

4. Хариуцагч Ч.Э, Ч.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбилэг нь хариу тайлбараа шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөргаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Эын иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн БУ19-110/11 тоот тусгай зөвшөөрөл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК дахь Д.А-ын эзэмшлийн ... тоот дансны хуулга, Х ХХК-ийн танилцуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч.Эын гэрчээр асууж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.У.С ХЗХ нь хариуцагч Ч.Э, Ч.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ч.Э, Ч.Ч нар нь нэхэмжлэгч Т.У.С ХЗХноос 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Бид нар зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Манай хоршоо нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгч Ч.Э, Ч.Ч нарт удаа дараа мэдэгдэж байсан. Зээлдэгч Ч.Э, Ч.Ч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хэвийн төлөхгүй байгаа нь манай хадгаламж, зээлийн хоршооны зээлийн чанарыг муутгаж, манай бизнесийн ажилд сөрөг нөлөө үзүүлж, маш их хохирол учруулж байна. Зээлдэгч Ч.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 1,225,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28- нд 1,225,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,000,000 төгрөг, нийт 17,450,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-нд манай хоршоо зээлийн гэрээгээ зээлдэгч талтай нэг жилийн хугацаагаар сунгасан болно. Ч.Ч, Ч.Э нар гишүүнээр элссэн өргөдөл гаргаж өгсөн байдаг. Уг өргөдөлд Чулуунбаатар овогтой Чулуунцэцэг миний бие Т.У.С ХЗХны гишүүн болж түүний үйлчилгээг ашиглах хүсэлтэй байгаа тул хадгаламж зээлийн хоршоонд элсүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргаж өгсөн байдаг. гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзжээ. Үүнд, Ч.Э хувийн компанитай барилга, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийнхаа үйл ажиллагаанд зориулж эргэлтийн хөрөнгө авахаар анхнаасаа Ч.Хүрэлбаатартай ярьж тохирсон. Зээлийн судалгаа нь Ч.Э гэдэг хүний компанийн үйл ажиллагааг үндэслэн хийгдсэн байдаг. Ч.Э гэдэг хүн муу зээлийн ангилалтай, харилцах данс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэгдсэн байсан учраас зээл авах боломжгүй болоод барьцаа хөрөнгийн эзэн буюу Ч.Э нь үндсэн зээлдэгч гэж орсон, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч байгаа. Ч.Ч нь төрсөн эгч нь буюу тухайн байранд амьдардаг. Зээлийн гэрээний 2.1-т зааснаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35,000,000 төгрөг олголоо гэж гарсан. Ч.Э гэдэг хүн бол багш, өөр орлого байхгүй, Ч.Ч нь тэтгэвэр авдаг гэртээ байдаг хүн. Ямар нэгэн орлого байхгүй, бизнес эрхэлдэггүй, зориулалт нь хууль бус буюу зориулалтын бус зээл юм. Зээлийг Ч.Э гэдэг хүн авсан учраас Ч.Э болон түүний эхнэр н.Ариунжаргал гэдэг хүмүүсээс зээлийн эргэн төлөлтийг утсаар болон месежээр шаардаж байсан баримтууд гаргаж өгсөн байдаг. Т.У.С ХЗХноос зээл төлөгдөхгүй байхад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг сунгасан байгаа юм. Ингэж сунгахдаа өмнөх зээлийн хүүгээ аваад үндсэн зээл болох 35,000,000 төгрөгөөс дахин зээл олгосон юм шиг зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан. Ковидын үеийн нөхцөл байдал үүссэн талаар Ч.Э анхнаасаа Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй амаар харилцаад явсан, ковидын нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн хөнгөлөх, чөлөөлөх хуульд заасан арга хэмжээг хадгаламж зээлийн хоршооноос аваагүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээл ба барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эргэн төлөлтийн график, Улаанбаатар хотын банк ХХК дахь Ч.Эын эзэмшлийн 2604063091 тоот депозит дансны хуулга, Т.У.С ХЗХны Хаан банк ХХК дахь 5030185126 тоот дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар тогтоол, тус хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн Ч.Э, Ч.Ч нарын хүсэлт, бэлэн мөнгөний орлогын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баримт, Т.У.С ХЗХны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20/02 тоот, 20/02-Б тоот, 20/02-В тоот тогтоол, тус хоршооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот хурлын тогтоол, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Т.У.С ХЗХ нь хариуцагч Ч.Э, Ч.Ч нартай 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацааг зохигчид 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дахин 12 сарын хугацаагаар сунгасан, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 1,225,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28-нд 1,225,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,000,000 төгрөг, нийт 17,450,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-д зээлийн хүү сарын 3.5 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.8-т ... үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 1,225,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28-нд 1,225,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,000,000 төгрөг, нийт 17,450,000 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг зээлийн хүүнд суутгаж тооцсон нь үндэслэл бүхий байна. Учир нь 35,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр буюу сарын 1,225,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй тул хариуцагч нарын төлсөн 17,450,000 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгасан нь үндэслэлтэй. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт үлдэгдэл 35,000,000 төгрөг, үндсэн хүүнд 20,729,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,145,833 төгрөг, нийт 59,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбилэгийн ... зээлийн хөрөнгийг хариуцагч Ч.Э, Ч.Ч нар аваагүй, тэдний ах Ч.Э авч бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан. Мөн бизнес эрхлэдэггүй хүмүүст эргэлтийн хөрөнгийн зориулалтаар буюу хууль бус зээл олгосон гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ч.Э, Ч.Ч нарт 35,000,000 төгрөг гүйцэтгэх захирал Ч.Хүрэлбаатар хүлээлгэн өгөв гэх баримтаар зээлийн хөрөнгийг хариуцагч нарт олгосон нь тогтоогдож байна. Зориулалтын бус зээл олгосон гэх үндэслэлээр хариуцагч нарыг зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 527,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У.С ХЗХ-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай ... өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 527,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР