Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/00419

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00419

 

 

Т ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00039 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХЗХ-ны хариуцагч Ч.Ч, Ч.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Ч.Э, Ч.Ч нар нь нэхэмжлэгч Т ХЗХ-ноос 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Ч.Э, Ч.Ч нарыг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг удаа дараа мэдэгдсэн. Зээлдэгч Ч.Э нь зээлийн хүүд нийт 17,450,000 төгрөг төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан. Т ХЗХ нь гишүүддээ үйлчилдэг байгууллага бөгөөд Ч.Ч, Ч.Э нар гишүүнээр элсэх өргөдөл гаргасан. Хариуцагч нарт зээлийг бэлэн мөнгөөр өгч авагдсан баримтаар нотлогдсон. Эргэн төлөлт хийгдсэн гүйлгээний баримтад Ч.Э зээлийн хүү төлөв 99108064 гэж бичээд төлсөн байгаа. Мессежтэй холбоотой 2 хуудас материал, танилцуулгууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд хариуцагч Ч.Э, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, хүү 20,729,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,145,833 төгрөг, нийт 59,875,000 төгрөгийг гаргуулж, сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох * дүүрэг 18-р хороо, 4-р хороолол, 67-р байр, * тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр анх зээлийг авахад Ч.Э , Ч.Ч, Ч.Э нар хандсан. Ч.Э өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулж эргэлтийн хөрөнгө авахаар анхнаасаа Ч.Х тай ярьж тохирсон. Зээлийн судалгаа нь компанийн үйл ажиллагааг үндэслэн хийгдсэн. Зээл гарах болоход Ч.Э муу зээлийн ангилалтай, харилцах данс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэгдсэн байсан учраас зээл авах боломжгүй болоод барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.Э нь үндсэн зээлдэгч гэж орсон. Ч.Чулуунцэцэг төрсөн эгч буюу тухайн байранд амьдардаг. Өмчлөгч буюу тухайн байранд амьдарч байгаа 2 хүнийг ямар нэгэн муу зээлийн ангилалгүй учраас энэ байдлыг нь хараад зээл олгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Зээлийн гэрээний 2.1-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35,000,000 төгрөг олголоо гэж заасан. Ч.Э багш, Ч.Чулуунцэцэг тэтгэвэрт байдаг бөгөөд өөр орлого байхгүй, бизнес эрхэлдэггүй учраас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авах шаардлага байхгүй. ХЗХ-ноос хариуцагч нарыг зээл төлөх талаар мэдэгдэж байгаагүй. Харин Ч.Э болон түүний эхнэр Д.А л нараас зээлийн эргэн төлөлтийг утсаар болон мессежээр шаардаж байсан баримтууд гаргаж өгсөн. Зээлийн гэрээг Ч.Ч, Ч.Э нартай байгуулж, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтууд авагдсан. Гэрч мэдүүлэхдээ ...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээл олгохдоо Ч.Э болон Ч.Х захирал, Ч.Ч, Ч.Э нар хамт байж байгаад Худалдаа хөгжлийн банкны данснаасаа аваад Ч.Э ад өгсөн. Ингэж өгөхдөө Ч.Э гарын үсэг зурах гэтэл зуруулаагүй, Ч.Ч, Ч.Э нараар зуруулсан. Ч.Э мөнгийг бэлнээр аваад өөрийн эхнэр Д.А лын данс руу хийлгэсэн. Буцаагаад тэр өдрөө зарлага гарган гүйлгээний утга дээрээ Ч.Э аас барааны үнэ төлөв гэдэг утгатайгаар өр төлбөрөө төлсөн. Т ХЗХ-ноос зээл төлөгдөхгүй байхад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацааг яаж сунгаад байгаа нь бичигдээгүй, тодорхой биш, дахин зээлийн харилцаа үргэлжилж байгаа учраас зээл эргэн төлөх хуваарийг гаргаж өгөөгүй. Мөн ковид цар тахалын нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн хөнгөлөх, чөлөөлөх хуульд заасан арга хэмжээг ХЗХ-ноос аваагүй. Нэхэмжлэгч талаас хууль бус зээл гаргасан, өөр этгээд төлөхийг мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Э, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХЗХ-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу * дүүрэг 18-р хороо, 4-р хороолол, 67-р байр, * тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 527,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээл авах, зээл судлах процесс анхнаасаа хариуцагч нар дээр явагдаагүй. Нэхэмжлэгч талаас зээлийн хувийн хэргийг гаргуулахад зөвхөн хариуцагч Ч.Э ын хаягийн болон барьцаа хөрөнгийн лавлагааг авсан нь зээлийг судлах хангалттай баримт биш. Энэ талаар гэрчийн мэдүүлэг тодорхой нотолсон. Зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгө гэж гэрээнд заасан нь энэхүү зээл нь компани, бизнес эрхлэгчид зориулж гаргасан зээл болохыг давхар нотолж байна. Хариуцагч нар нь ямар ч бизнес эрхлэгч биш. Эргэлтийн хөрөнгө оруулалтаар гаргах зээлийн хувийн хэрэгт бизнес эрхлэгч, компанийн талаар ширхэг ч баримт хэрэгт авагдаагүй. Зээлийн эргэн төлөлтийг дандаа зээл авсан Ч.Э ын эхнэр Д.А лын дансаар төлөгддөг байсан дансны хуулга хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал ч үнийг мэддэг байсан. Учир нь зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч тал Ч.Э , Д.А л нараас шаарддаг байсан болохоос биш хариуцагч нараас төлөлтийг шаардаж байгаагүй. Зээл авсан гэх Ч.Э зээл авснаас хойш ковидын нөхцөл байдал үүсч бизнест нь сөргөөр нөлөөлж зээлээ төлж чадахгүй болсон нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу зээл болон барьцааны гэрээнүүдийг байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн. Мөн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Манай байгууллага нь гишүүддээ үйлчилдэг байгууллага бөгөөд зээл болон барьцааны гэрээг байгуулахаас өмнө зээлдэгч нарыг ХЗХ-нд гишүүнээр элсүүлсэн. Гэрч Ч.Э нь ХЗХ-ны гишүүн биш бөгөөд ямар хамааралгүй. Мөн Т ХЗХ нь Ч.Э тай зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд эрх зүйн харилцаа үүсээгүй болно. ХЗХ-ноос зээлдэгч нарт зээлийг бэлэн мөнгөөр олгосон болох нь нотлох баримтаар нотлогдсон. Иймд хариуцагч нарын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т ХЗХ нь хариуцагч Ч.Ч, Ч.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Т ХЗХ нь Ч.Э, Ч.Ч нартай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба уг гэрээний хугацааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 сараар буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгажээ. /хх17-18/

3.1. Мөн өдөр Т ХЗХ нь Ч.Э, Ч.Ч нартай барьцааны гэрээ байгуулж, Ч.Э ын өмчлөлийн, Б-ийн 18-р хороо, 4-р хороолол, 67-р байр, * тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх19-20, 92/

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Тус хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт заасантай нийцсэн.

5. Зээлдүүлэгч Т ХЗХ нь зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Ч.Э, Ч.Ч нарт шилжүүлэн өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /хх21/

5.1. Харин хариуцагч нар нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

6. Зээлийн гэрээний 2.8-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

7. Иймд хариуцагч Ч.Э, Ч.Ч нараас үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 20,729,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,145,833 төгрөг нийт 59,875,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХЗХ-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Хариуцагч талын гаргасан ...зээлийн мөнгөн хөрөнгийг Ч.Э хүлээн авч зарцуулсан, хариуцагч нар бизнес эрхлэгч биш, зээлийн эргэн төлөлтөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн... гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв.

Түүнчлэн, зээлийн эргэн төлөлтийг ...Ч Э... гэсэн утгатайгаар шилжүүлдэг байсан үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагч талын гаргасан ...зэлийн эргэн төлөлтийг Ч.Э ын эхнэр Д.А лын дансаар төлдөг байсан... гэсэн агуулгаар гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор зохицуулсан.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН