Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00071

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00071

Улаанбаатар хот

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Баруун үйлдвэрийн ... дугаар гудамж, өөрийн байр, Б.М ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, С.Б захын замын эсрэг талд байрлах, Ө.Т.С ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт шилжүүлсэн 162,633,445.8 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр В.А.Т.Т ХХК /хуучир нэрээр/ нь Ө.Т.С ХХК-тай Ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх ... тоот гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг контейнер бүхээг хийж, цахилгаан үүсгүүрийг тухайн бүхээг дотор суурилуулах, мөн DE22E3 моделийн цахилгаан үүсгүүрт 4 ширхэг чиргүүл хийж, угсарч суурилуулах, агааржуулалтын систем, утаа гаргах систем, түлшний системийг хийж гүйцэтгэх ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т тухайн контейнерт тавигдах шаардлагуудыг тодорхой зааж өгсөн, харин чиргүүлийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.14, 2.2.15-т хэсэгт хэмжээ болон даац, цацруулагч, нарийн хийцийн талаар тодорхой зааж өгсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т тухайн ажил гүйцэтгэгч нь цахилгаан үүсгүүрийг өөрийн талбайд тээврийн даатгал бүхий тээврээр тээвэрлэн хүргэж, угсарч суурилуулалт хийсний дараа захиалагчийн талбайд тээврийн даатгал бүхий тээврээр тээвэрлүүлэн хүлээлгэж өгөх, гэрээний нийт үнийн дүн, зардал тээврийн даатгал болон бусад зардлыг тогтоож, нийт гэрээний үнийг 232,333,494 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 70 хувь буюу 162,633,445.08 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэхийн дагуу 70 хувийг Ө.Т.С ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэрээний хугацаа төлбөр төлөгдсөнөөс хойш 10-12 долоо хоногийн дотор суурилуулах ажлыг хийж дуусгана. Чиргүүл хийж гүйцэтгэх хугацаа гэрээ баталгаажиж төлбөр төлөгдсөнөөс хойш 7-10 хоногийн дотор хийж гүйцэтгэж, үлдэгдэл төлбөрийг актын дагуу гэрээний зүйлийг хүлээлгэж өгсний дараа авахаар тохиролцсон байдаг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гүйцэтгэгч ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, зураг төсөл, норм стандартын дагуу өөрийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэнэ гэж, 3.2.4-т зохих ёсоор нь гүйцэтгэж, захиалагчийн зааврын дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зурж баталгаажуулан, хүргэж өгнө, угсарч суурилуулна гэж тус тус заасан байдаг. Гэтэл гүйцэтгэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй. Тодорхой хугацаа өнгөрч тухайн ажлыг гүйцэтгээгүй, хариу тайлбар дээрээ ажлыг эхнээс нь гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч яг хэзээ гүйцэтгэж дууссан, яагаад хүлээлгэж өгөөгүй, суурилаагүй талаар дурдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ажлаа ирж авахгүй юм уу гэдэг мессежээр үүргээ тухайн цаг хугацаанд нь гүйцэтгэсэн гэх гээд байх шиг байна, гэвч тийм боломжгүй. Өөрсдөө манай хашаанд бүхээг, чиргүүлийг авч ирж цахилгаан үүсгүүрийг суурилуулах үүрэгтэй байсан. Тухайн гэрээний хугацаа дуусаж, гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 162,633,445.8 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай дансанд буцаан шилжүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж 122,633,445.8 төгрөг болгож байна. Иймд хариуцагч Ө.Т.С ХХК-иас гэрээгээр шилжүүлсэн 122,633,445.8 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ө.Т.С ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т цахилгаан үүсгүүрийн моторт зориулж контейнер бүхээг хийж гүйцэтгэнэ гэж заасан. Дотор байрлах цахилгаан үүсгүүр буюу тог гаргадаг моторыг манайх хийж гүйцэтгэх ёсгүй. Б.М ХХК цахилгаан үүсгүүрээ авахаар нь манайх бүхээгийг нь хийж дуусгаад дотор нь суурилуулж өгөх үүрэгтэй. Энэхүү гэрээтэй холбоотойгоор В.А.Т.Т ХХК-аас /хуучин нэрээр/ Энхдэлгэр гэдэг хүн харьцаж байсан. Шүүхээр үзлэг хийлгэхэд чиргүүлийг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон байгаа. Гэрээний хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд манайх чиргүүлийг хийж гүйцэтгээд дууссан байсан. Гэрээний хугацаа 10-аас 12 долоо хоног гэж заасан. Гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусах ёстой. В.А.Т.Т ХХК-ийн менежер ажилтай Ганбат гэх хүний өгсөн зөвлөгөөний дагуу ажиллаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөгийг В.А.Т.Т ХХК-ийн ажилтан, менежер Ганбат гэх хүнд буцааж өгсөн, баримт дээр он, сар, өдөр нь тодорхой байгаа. Манай компанийг энэ ажлуудыг өндөр үнээр хийх гэж байна гэж хардаж эхэлсэн. Энхдэлгэр албан ёсоор гэрээгээ цуцлах, татгалзаж буй талаараа мэдэгдээгүй. Манай явуулсан тамга тэмдэгтэй албан бичигт хариу өгдөггүй. Б.М ХХК-ийн ажлын байранд очиход ковид гарсан гээд хаачихсан байсан. Энхдэлгэр танайхаар хийлгэхгүй, өндөр үнэтэй байна. Өөр хямдхан газраар хийлгэнэ гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн. Бид гэрээний зүйлээ аваарай гэж мэдэгдсэн боловч аваагүй, албан бичигт хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацааг буруу тооцоод байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.1-т зааснаас үзвэл гэрээг баталгаажуулж төлбөр төлөгдсөнөөс хойших хугацаа буюу 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс үүнээс эхэлж хугацааг тоолох ёстой ба 10-аас 12 долоо хоног буюу 70-84 хоногоор тооцвол 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдлаар Б.М ХХК өөрсдөө гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан контейнер бүхээг хийх ажлыг болиулж, мөнгөө буцааж авсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн үүрэг гэдэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй гэж заасныг захиалагч, нэхэмжлэгч Б.М ХХК өөрөө зөрчиж гэрээний үр дүнг хүлээж аваагүй. Манайх 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой ажлыг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Иргэний хуульд захиалагч өөрөө үүрэг гүйцэтгэсэн бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан. Энэ заалтын дагуу Б.М ХХК татгалзах эрхээ алдсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан. Нэгдүгээр ээлжийн ажил буюу контейнер тохижуулж дуусаагүй байхад ажлыг нэхэмжлэгч цуцалсан. Дараагийн ээлжийн ажил буюу цахилгаан үүсгүүрт зориулж 4 ширхэг чиргүүлийг хийж угсраад цахилгаан үүсгүүрийг дээр нь суурилуулж өгнө гэж заасан. Бид гэрээнд заасны дагуу нэг чиргүүл нь тус бүр 4 дугуйтай, 4 ширхэг чиргүүлийг гэрээ хийгдсэнээс хойш 1 сарын дотор чиргүүлийг хийсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирлыг урьдчилгаа төлбөрөөс хохирлоо суутгуулах хүсэлттэй байна. Хавтаст хэргийн 65 дугаар талд ямар хохирол, төлбөр гарсан талаарх тооцооллыг гаргаж өгсөн. Гэрээний нийт үнийн дүн 232,333,494 төгрөг, үүнээс манай компани урьдчилгаанд 162,633,445.08 төгрөг авсан. Үүнээс чиргүүлийн нийт гэрээний үнэ 31,800,000 төгрөг болсон. Захиалагч тал чиргүүлээ хугацаанд нь авахгүй хугацаа хэтрүүлсэн, чиргүүлийг 30 сар хадгалсны төлбөр буюу 1 чиргүүлийг 200,000 төгрөгөөр тооцож, 4 чиргүүлийн хадгалалтын зардалд нийт 24,000,000 төгрөгийг суутгаж тооцох ёстой. Контейнер, өндөр даацын кабель, хавтан лист төмөр зэрэг контейнер тохижуулахад бэлтгэж авсан бүх материалуудыг болох нийт 65,000,000 төгрөгийн кабелийг худалдаж аваад захиалагч гэрээнээс татгалзсаны улмаас худалдагчид буцааж өгсөн байдаг. Манай дансанд орсон 162,633,445.08 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг тооцож 16,200,000 төгрөгийг татварын хэлтэс шууд татаж авсан. Тиймээс эдгээр зардлуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэх, Голомт банк ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цахим гүйлгээний баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын ордер тасалбар, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/15 тоот албан бичиг, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлын тооцоо, фото зургуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээр шүүхийн журмаар дараахь нотлох баримтыг цуглуулсан. Үүнд, 4 чиргүүлэн болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М ХХК нь хариуцагч Ө.Т.С ХХК холбогдуулан 122,633,445.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 40,000,000 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасантай болон түүнд олгосон итгэмжлэлтэй нийцэж байна.

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр В.А.Т.Т ХХК /хуучир нэрээр/ нь Ө.Т.С ХХК-тай Ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх ... тоот гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг контейнер бүхээг хийж, цахилгаан үүсгүүрийг тухайн бүхээг дотор суурилуулах, мөн DE22E3 моделийн цахилгаан үүсгүүрт 4 ширхэг чиргүүл хийж, угсарч суурилуулах, агааржуулалтын систем, утаа гаргах систем, түлшний системийг хийж гүйцэтгэх ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний үнийг 232,333,494 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 70 хувь буюу 162,633,445.08 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн байдаг. Гэрээний хугацаа төлбөр төлөгдсөнөөс хойш 10-12 долоо хоногийн дотор суурилуулах ажлыг хийж дуусгана. Чиргүүл хийж гүйцэтгэх хугацаа гэрээ баталгаажиж төлбөр төлөгдсөнөөс хойш 7-10 хоногийн дотор хийж гүйцэтгэж, үлдэгдэл төлбөрийг актын дагуу гэрээний зүйлийг хүлээлгэж өгсний дараа авахаар тохиролцсон байдаг. Гэтэл гүйцэтгэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ажлаа ирж авахгүй юм уу гэдэг мессежээр үүргээ тухайн цаг хугацаанд нь гүйцэтгэсэн гэх гээд байх шиг байна, гэвч тийм боломжгүй. Өөрсдөө манай хашаанд бүхээг, чиргүүлийг авч ирж цахилгаан үүсгүүрийг суурилуулах үүрэгтэй байсан. Тухайн гэрээний хугацаа дуусаж, гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 162,633,445.8 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай дансанд буцаан шилжүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж 122,633,445.8 төгрөг болгож байна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Шүүхээр үзлэг хийлгэхэд чиргүүлийг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон байгаа. Гэрээний хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд манайх чиргүүлийг хийж гүйцэтгээд дууссан байсан. Гэрээний хугацаа 10-аас 12 долоо хоног гэж заасан. Гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусах ёстой. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөгийг В.А.Т.Т ХХК-ийн ажилтан, менежер Ганбат гэх хүнд буцааж өгсөн. Манай компанийг энэ ажлуудыг өндөр үнээр хийх гэж байна гэж хардаж эхэлсэн. Энхдэлгэр албан ёсоор гэрээгээ цуцлах, татгалзаж буй талаараа мэдэгдээгүй. Манай явуулсан тамга тэмдэгтэй албан бичигт хариу өгдөггүй. Энхдэлгэр танайхаар хийлгэхгүй, өндөр үнэтэй байна. Өөр хямдхан газраар хийлгэнэ гэж хэлсэн. Бид гэрээний зүйлээ аваарай гэж мэдэгдсэн боловч аваагүй, албан бичигт хариу өгөөгүй. Гэрээний хугацааг төлбөр төлсөн өдрөөс хойш тооцвол 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдлаар Б.М ХХК өөрсдөө гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан контейнер бүхээг хийх ажлыг болиулсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн үүрэг гэдэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй гэж заасныг захиалагч, нэхэмжлэгч Б.М ХХК өөрөө зөрчиж гэрээний үр дүнг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан. Бид гэрээнд заасны дагуу нэг чиргүүл нь тус бүр 4 дугуйтай, 4 ширхэг чиргүүлийг гэрээ хийгдсэнээс хойш 1 сарын дотор чиргүүлийг хийсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирлыг урьдчилгаа төлбөрөөс хохирлоо суутгуулах хүсэлттэй байна. Хавтаст хэргийн 65 дугаар талд ямар хохирол, төлбөр гарсан талаарх тооцооллыг гаргаж өгсөн. Гэрээний нийт үнийн дүн 232,333,494 төгрөг, үүнээс манай компани урьдчилгаанд 162,633,445.08 төгрөг авсан. Үүнээс чиргүүлийн нийт гэрээний үнэ 31,800,000 төгрөг болсон. Захиалагч тал чиргүүлээ хугацаанд нь авахгүй хугацаа хэтрүүлсэн, чиргүүлийг 30 сар хадгалсны төлбөр буюу 1 чиргүүлийг 200,000 төгрөгөөр тооцож, 4 чиргүүлийн хадгалалтын зардалд нийт 24,000,000 төгрөгийг суутгаж тооцох ёстой. Контейнер, өндөр даацын кабель, хавтан лист төмөр зэрэг контейнер тохижуулахад бэлтгэж авсан бүх материалуудыг болох нийт 65,000,000 төгрөгийн кабелийг худалдаж аваад захиалагч гэрээнээс татгалзсаны улмаас худалдагчид буцааж өгсөн байдаг. Манай дансанд орсон 162,633,445.08 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг тооцож 16,200,000 төгрөгийг татварын хэлтэс шууд татаж авсан. Тиймээс эдгээр зардлуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгч Б.М ХХК /хуучин нэрээр В.А.Т.Т ХХК/, хариуцагч Ө.Т.С ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх ... тоот гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг, 6329 мм урт, 2286 мм өргөн, 2410 мм өндөр, 1667 кт жинтэй, дуу шингээх доторлогоотой, агааржуулах, утаа гаргах, түлшний систем бүхий контейнер бүхээг, DE22E3 моделийн цахилгаан үүсгүүрт тус бүр нь 4 ширхэг дугуй бүхий 4 ширхэг чиргүүлийг тус тус гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж, цахилгаан үүсгүүрийг суурьлуулах үүргийг, захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

7. Зохигчид гэрээ байгуулсан талаар, нэхэмжлэгч гэрээний үүрэгт 162,633,445.8 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 40,000,000 төгрөгийг буцааж өгсөн талаар маргаагүй болно.

 

8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэх, Голомт банк ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цахим гүйлгээний баримт, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын ордер тасалбар, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/15 тоот албан бичиг, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлын тооцоо, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч Ө.Т.С ХХК нь 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг, 6329 мм урт, 2286 мм өргөн, 2410 мм өндөр, 1667 кт жинтэй, дуу шингээх доторлогоотой, агааржуулах, утаа гаргах, түлшний систем бүхий контейнер бүхээг, DE22E3 моделийн цахилгаан үүсгүүрт тус бүр нь 4 ширхэг дугуй бүхий 4 ширхэг чиргүүлийг тус тус гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж, цахилгаан үүсгүүрийг суурьлуулах үүргийг, захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 2.5.1-д Контейнер гүйцэтгэх бэлтгэх хугацаа, гэрээ баталгаажиж төлбөр төлөгдсөнөөс хойш 10-12 долоо хоног гэж, 2.5.2-т Чиргүүл гүйцэтгэх хугацаа, төлбөр төлөгдсөнөөс хойш 7-10 долоо хоног гэжээ. Захиалагч нь гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаа 70 хувь буюу 162,633,445.8 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Голомт банк ХХК дахь Ө.Т.С ХХК-ийн 1410000728 тоот дансанд тушаасан, мөн хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн дээрх төлбөрөөс 40,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буцаан шилжүүлсэн, мөн хариуцагч нь гэрээнд заасан тус бүр нь 4 ширхэг дугуйтэй, 4 ширхэг чиргүүлийг хийж гүйцэтгэж бэлэн болгосон, харин контейнерийг хийж гүйцэтгээгүй нь тогтоогдож байна.

 

9. Урьдчилгаа төлбөр төлөгдсөн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 10-12 долоо хоног /70-84 хоног/-ийн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариуцагч Ө.Т.С ХХК нь гэрээнд заасан хэмжээ, загварын контейнерийг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл захиалагч буюу нэхэмжлэгч Б.М ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өндөр үнээр танайх энэ ажлыг хийж байгаа тул өөр компаниар контейнерийг хийлгэнэ гэх шалтгаанаар гэрээний зарим хэсгээс буюу контейнер хийж гүйцэтгүүлэх хэсгээс үндэслэлгүйгээр татгалзсан боловч хариуцагч тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөгийг буцаан өгснөөр захиалагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаа 70 хувь буюу 162,633,445.8 төгрөг /чиргүүлийн үлдэх 30 хувь нь 9,540,000 төгрөг, контейнерийн үлдэх 30 хувь нь 60,160,048.2 төгрөг/ гэж тохиролцсоноос үзвэл контейнерийн нийт үнэ 200,533,494 төгрөг, чиргүүлийн нийт үнэ 31,800,000 төгрөг, эдгээрийн 70 хувьтай тэнцэх төлбөр 162,633,445.8 төгрөг, үүнээс контейнерийн 70 хувь 140,373,466 төгрөг, чиргүүлийн 70 хувь 22,260,000 төгрөг, болж байх бөгөөд гэрээний зарим хэсэг буюу контейнер гүйцэтгүүлэх хэсгээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзсан, хариуцагч түүнийг зөвшөөрч 40,000,0000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн тул үлдэх төлбөрийг мөн буцаан төлүүлэх нь зүйтэй. Харин хариуцагч гэрээнд заасан чиргүүлийг хугацаандаа хийж гүйцэтгэсэн болох нь шүүхээс гар утас болон чиргүүлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ, 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж зааснаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 4 ширхэг чиргүүлийг нэхэмжлэгч хүлээж авах үүрэгтэй бөгөөд чиргүүлийн үнэ 31,800,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх /122,633,445.8 төгрөг - 31,800,000 төгрөг = 90,833,445.8 төгрөг/ 90,833,445.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

10. Хариуцагчийн төлөөлөгч ... 4 чиргүүлийн хадгалалтын зардалд нийт 24,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг тооцож 16,200,000 төгрөгийг татварын хэлтэс шууд татаж авсан. Тиймээс эдгээр зардлуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 971,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 612,117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ө.Т.С ХХК-иас 90,833,445.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 971,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 612,117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР