Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00673

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00673

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00071 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

122,633,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б ХХК нь А ХХК /хуучин нэр нь Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК/-тай ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг контейнер бүхээг хийж, цахилгаан үүсгүүрийг тухайн бүхээг дотор суурилуулах, мөн DE22E3 моделийн цахилгаан үүсгүүрт 4 ширхэг чиргүүл хийж, угсарч суурилуулах, агааржуулалтын систем, утаа гаргах систем, түлшний системийг хийж гүйцэтгэх ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээний үнийг 232,333,494 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 70 хувь буюу 162,633,445.08 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор Б ХХК-д шилжүүлсэн. Гэрээнд төлбөр төлөгдсөнөөс хойш 10-12 долоо хоногийн дотор ажлыг гүйцэтгэх болохыг тусгасан. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу ажлаа гүйцэтгээгүй, ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй. Гэрээний хугацаа дуусаж, гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 162,633,445 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай дансанд буцаан шилжүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Б ХХК-аас 122,633,445.8 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бид 3516В моделийн цахилгаан үүсгүүрт 1 ширхэг контейнерийг БХХАУ-д үйлдвэрлүүлэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас боломжгүй болж В ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгон ажиллаж эхлүүлсэн. Гэвч захиалагч нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан В ХХК-тай шууд харьцаж, бидний захиалан хийлгэж байсан контейнерийг тэд өөрсдөө хямд үнээр хийлгэж авсан. Улмаар манай компанитай байгуулсан гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан шаардаж байсан тул аргагүйн эрхэнд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөгийг өгсөн. Гэрээний хугацаа дуусахаас өмнө манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдлаар А ХХК гэрээний 2.2-т заасан контейнер бүхээг хийх ажлыг болиулж, мөнгөө буцааж авсан.

Гэрээний хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК нь DE 22Е3 моделийн цахилгаан үүсгүүрт 4 ширхэг чиргүүлийг хийж гүйцэтгэж дууссан байсан. Гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусах ёстой бөгөөд чиргүүлийг дуусган хүлээлгэн өгөхөөр удаа дараа мэдэгдсэн боловч хүлээж аваагүй, өнөөдрийг хүртэл гэрээ цуцалсан талаар албан ёсоор мэдэгдсэн баримтгүй байна. Бид гэрээг ямар үндэслэлээр цуцалж буй талаар тайлбар бичгээ өгөхийг шаардаж 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар илгээсэн боловч хариу ирүүлээгүй.

Гэрээний нийт үнийн дүн 232,333,494 төгрөг, үүнээс манай компани урьдчилгаанд 162,633,445 төгрөг авсан. Үүнээс чиргүүлийн нийт гэрээний үнэ 31,800,000 төгрөг болсон. Захиалагч тал чиргүүлээ хугацаанд нь авахгүй хугацаа хэтрүүлсэн, чиргүүлийг 30 сар хадгалсны төлбөр буюу 1 чиргүүлийг 200,000 төгрөгөөр тооцож, 4 чиргүүлийн хадгалалтын зардалд нийт 24,000,000 төгрөгийг суутгаж тооцох ёстой. Манай дансанд орсон 162,633,445.08 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг тооцож 16,200,000 төгрөгийг татварын хэлтэс шууд татаж авсан. Тиймээс эдгээр зардлуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 90,833,445 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 971,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 612,117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх гэрээний 2.2 зүйлд 3516В моделийн цахилгаан үүсгүүрт Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-ийн батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж, мөн гэрээний 2.4 зүйлд Захиалагчийн заавар, зураг, бусад шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ гэж тусгагдсан байдаг. Энэ генераторын гадна гэр нь мэргэжлийн удирдлага, зураг, зааваргүй гүйцэтгэх боломжгүй. Бид удаа дараа Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-аас дээрх зүйлийг шаардсан боловч гаргаж өгөөгүй.

Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-аас гэрээ цуцлах талаар албан ёсны хариу аваагүй тул гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэн хийж 4 ш чиргүүлийг хугацаанд нь хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөх алаар мэдээлэл явуулсан боловч хариу ирүүлээгүй. Одоогийн байдлаар эдгээр 4 чиргүүлийг бид 33 сар хадгалж байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалт, камержуулалтанд нийт 24,000,000 төгрөг зарцуулаад байна. Генераторын гадна гэр угсралтын ажил зураг заавар байхгүйн улмаас зогссон.

Манай компанийн санхүүгээс хүснэгтээр маргаан бүхий гэрээтэй холбоотой гарсан зардлуудын тооцоог гаргаж өгсөн ба уг тооцоогоор нэг чиргүүлийн хадгалах зардлыг сард 200,000 төгрөг, 4 чиргүүл сард 800,000 төгрөг, нийт 30 сар хадгалсан хөлс 24,000,000 төгрөг гэж, мөн НӨАТ-ын төлбөрт 16,200,000 төгрөг төлсөн, үүнээс гадна компанийн тооцоолсон ашиг 20% буюу 46,600,000 төгрөг болох талаар санхүүгийн тооцоо гаргаж өгсөн боловч шүүх буруу дүгнэсэн.

Бид гэрээг чухам ямар үндэслэлээр цуцалж буй талаар албан ёсны тайлбар албан бичгээ өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд албан ёсны хариугаа өгнө үү гэсэн албан бичгийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар илгээсэн боловч хариу ирүүлээгүй, эцэст нь утсаа ч авахаа больсон, уулзахаар ажил дээр нь очиход цар тахлын улмаас хаагдсан байсан юм.

Иймд нэхэмжлэлээс дээр дурдсан чиргүүл хадгалсан хөлс болох 24,000,000 төгрөг, НӨАТ-т төлсөн 16,263,344,58 төгрөг, нийт 40,263,344 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг хүлээлгэж өгсний дараа төлбөрийг тооцож авахаар тусгасан. Гэрээний нийт 70 хувийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 ширхэг чиргүүлийг хийж гүйцэтгэсэн нь үзлэгээр тогтоогдсон тул хүлээж авъя гэж 31,800,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон.

Хариуцагч нь гэрээ цуцалсныг зөвшөөрч 40,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Ингэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэрээнд хадгалалт, хамгааллын зардлын талаар тусгаагүй, энэ нь баримтаар нотлогдоогүй. Мөн гэрээний 2.5-т зааснаар НӨАТ тооцсон дүнгээр гэрээний урьдчилгаа төлбөрийг хариуцагчид шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 122,633,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК /хуучин нэрээр Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК/, болон Б ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх ET-PC/20/04-01 тоот гэрээ байгуулж,

гүйцэтгэгч Б ХХК нь 3516В моделийн цахилгаан үүсгүүртэй, 6329 мм урт, 2286 мм өргөн, 2410 мм өндөр, 1667 кг жинтэй, дуу шингээх доторлогоотой, агааржуулах, утаа гаргах, түлшний систем бүхий контейнер бүхээг 1 ширхэг, DE22E3 моделийн цахилгаан үүсгүүр бүхий 4 ширхэг дугуйтай 4 ширхэг чиргүүлийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх, цахилгаан үүсгүүрийг суурилуулах үүргийг, А ХХК нь гэрээний үнэ 232,333,494 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр талууд тохиролцсон байна /хх 7-11/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд захиалагч нь гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаа 70 хувь буюу 162,633,445.8 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн, дээрх төлбөрөөс 40,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь буцаан шилжүүлсэн, мөн хариуцагч нь гэрээнд заасан 4 ширхэг дугуй бүхий 4 ширхэг чиргүүлийг хийж гүйцэтгэж бэлэн болгосон, харин контейнер бүхээгийг хийж гүйцэтгээгүй үйл баримтыг зөв тогтоосон байна /хх 12-13, 40-52, 62/.

 

3.3 Нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээс татгалзах саналыг хариуцагч хүлээн авч урьдчилгаа төлбөрөөс 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлснээр 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр талууд гэрээний контейнер бүхээгийг хийж гүйцэтгүүлэх ажлаас татгалзсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн хариуцагч нь гэрээнд заасан 4 ширхэг чиргүүлийг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, үүргийн гүйцэтгэлийн энэ хэсгээс зохигч татгалзаагүй, нэхэмжлэгч нь 4 ширхэг чиргүүлийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т нийцсэн байна.

 

3.4. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс үлдсэн 122,633,445.8 төгрөгөөс 4 ширхэг чиргүүлийн үнэ 31,800,000 төгрөгийг хасч тооцон 90,833,445.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 ширхэг чиргүүлийн хадгалалтын зардал 24,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт суутгагдсан 16,263,344 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулахаар маргаж байсан ба энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Энэ талаар анхан шатны шүүх хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна. Мөн зохигчийн байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт гэрээний үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан болно гэж заажээ.

Иймд хариуцагч 4 ширхэг чиргүүлийн хадгалалтын зардалд 24,000,000 төгрөг зарцуулсан, нэмэгдсэн өртгийн албан татварт 16,263,344 төгрөг суутгуулсан болохоо баримтаар нотлоогүй, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нэмэгдсэн өртөгийн албан татварыг хариуцах үүрэггүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ