Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00410

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00410

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот хаягт оршин суух, Б овогт Т-ийн Э/РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Э-ийн Г /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр,

Хариуцагч Э.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т.Э миний бие 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн газрын албаны даргын захирамж, дүүргийн Газрын албаны ... дугаар гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын ... дугаар бүхий 400 м/кв талбай бүхий газрыг Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 5 жилийн жилийн хугацаанд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихээр болсон. 2012 оны 05 дугаар сараас хойш Э.Г нь миний эзэмшлийн дээрх газрыг хэд хэдэн удаа сонирхон ирж үзэн худалдаж авах тухай санал хэлж эхэлсэн. Эхэндээ газрын үнэ дээр бид хоёр шууд тохиролцож чадаагүй хэсэг явж байгаад 2012 оны 06 дугаар сарын сүүлээр би газраа 220,000,000 төгрөгөөр үнэлсэнийг Э.Г хүлээн зөвшөөрч худалдан авахаа илэрхийлсэн. Хариуцагч Э.Г нь газраа эхлээд шилжүүлэх юм бол 220,000,000 төгрөгийг чинь удлаа гэхэд гурван сарын дотор л асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би Э.Гт эхлээд урьдчилгаанд хэдэн төгрөг өгч байж газраа шилжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэхэд 20,000,000 төгрөг урьчилгаанд өгөхөөр болсон. Тэгээд 2012 оны 07 сарын 04-ний өдөр газраа шилжүүлэхээр болж нийт үнэ 220,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-нд төлөхөөр болж үүнийгээ Мөнгө хүлээлцсэн акт" гэсэн бичгээр баталж гарын үсэг зуралцаж нотариотаар баталгаажуулсан. Мөн тус өдрөө Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэж байгуулан газраа шилжүүлсэн. Хариуцагч Э.Г нь газрын төлбөр болох 220,000,000төгрөгөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд надад 165,000,000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, газар шилжүүлэн авсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, газрыг шилжүүлэн авсны дараа 40,000,000 төгрөгт тооцон Волксваген загварын тээврийн хэрэгсэл, 2013 онд 85,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 03 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг дансаар, 2021 оны 05 сарын 27-нд 5,000,000 төгрөг дансаар, 2021 оны 06 дугаар сарын 29-нд 5,000,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн.

 

Хариуцагч Э.Г шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа намайг согтуу галзуу гэрт нь орж байсан гэж байна, үүнийг санахгүй юм байна. Би архи уудаг хүн биш, нэг удаа н.Нарангэрэл даргатай уулзаад бид хэд танай гадаа очоод мөнгө өг гэж хэлсэн. Ямар муухай юм гэдгийг танай хүмүүс хүртэл мэдэж байгаа. Мөнгө өг л дөө хаана хаанаа амьдрал хэцүү байна гэж хэлсэн чи эхнэртэйгээ зогсож байсан. Миний амьдрал ч хэцүү байсан. Тэр үед би уйлж байгаад хэлдэг байсныг чи согтуу галзуу гэж хэлээд байх шиг байна, тийм юм байхгүй, мөнгө төгрөг авахгүй тооцоогүй гэдэг зүйл хэлээгүй. Чам руу би зөндөө юм бичдэг, миний дүү эцэгтэйгээ яриад тэр мөнгийг өг, та нар боломжтой байж битгий тэг гэдгийг хэлж байсан. Би ийм байдалтай байна гэдгээ удаа дараа бичсэн байх. Түүнээс биш чамаас юу ч авахгүй тооцоогүй гэж хэлээгүй. Сүүлийн 2021 онд мөнгө өгөх гээд чи над руу залгаад та дансаа өгөөдөх би тань руу 20,000,000 төгрөг өгье гэхээр чинь би ашгүй, ямар буянтай юм гээд дуу алдсан. Тэрийг тооцоогүй гэж ойлгож байгаа юм уу. Нэгэнт чи мөнгө өгөх ёстойгоо мэдэж байгаа, мөнгөө мэдээд өгч байгаа биз дээ. Үлдэгдэл мөнгө өгчих гэхээр түүнийг машиныхаа мөнгөн дээр нэмчихсэн байж болохгүй. Бид эрх зүйт хууль тогтоомжтой улсад амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа талаар тайлбар хийлээ. Хөөн хэлэлцэх хугацаа хэдийд тасалдах уу? хэзээ үргэлжлэх үү гэдэг дээр Иргэний хуульд заасан тодорхой зохицуулалтууд бий. Хариуцагчийн тухайд хамгийн сүүлд 2021 онд 3 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн дансанд 20,000,000 төгрөг хийсэн. Ингэж хийсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож байгаа. Яагаад гэхээр үүнийг хийснээс хойш буюу тухайн цаг мөчөөс хойшоо шаардах эрхийн хугацаа тоологдож явна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд бэлэглэлийн гэрээний талаар мөн тайлбар гаргаад байна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ хүмүүс бэлэглэлийн гэрээгээр газрыг явчихсан боловч энэ нь хүчин төгөлдөр бус байх боломжтой хэлцэл. Үнэхээр хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч анхнаасаа үзсэн бол газраа авъя, газраа авах боломжгүй бол одоогийн үнэлгээг гаргаад түүнийгээ нэхэмжлээд явах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч тэгээгүй, тухайн үеийн ханшаараа харилцан тохиролцсоноороо өгсөн мөнгөө авъя гэдэг асуудал л ярьж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл газрыг чинь буцаагаад өгье гээд байх шиг байна. Гэтэл энэ газар чинь буцаагдах боломжгүй болчихсон. Тийм учраас анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ярихгүй. Үнэхээр хууль бус хэлцэл, гэрээ юм бол яагаад Э.Г гэдэг хүний нэртэй эзэмшлийн гэрчилгээ, гэрээ гараад өөрөө яагаад эрх бүхийн төрийн байгууллад эрх шилжүүлж авахаар хүсэлтээ өгөөд байгаа юм, өөрөө яагаад сүүлд 2021 онд хүртэл мөнгө шилжүүлээд байгаа юм. Гэхдээ яг мөнгө өгсөн, газар шилжүүлсэн гэдэг дээр хариуцагч маргахгүй байна. Иймд хариуцагч Э.Гоос газар худалдсаны үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Гын шүүхэд болон шүүх хуралдаанд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Э эгч надтай маш их мессеж бичиж байсан. Яагаад би энэ хүнд сүүлд мөнгө өгсөн юм гэхээр энэ хүн өөрөө согтуу галзуу манай гэрт орж ирж орилж хашгирч чарладаг. Би 6 хүүхэдтэй, хүүхдүүд нялх бага насных тул үүд балбаад аймар хэцүү байсан. Төлбөрийн асуудал 100 хувь дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөнгө хүлээлцсэн акт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэж гаргадаг юм. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээн дээр газрыг үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байгаа. Таны энэ үнэ төлбөргүй гэдэг гэрээг харж л засаг дарга газрын эрхийг шилжүүлээд байгаа юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар газрын эрх борлуулж орлого олсон бол улсад татвар төлөх ёстой. Энэ хуулийн заалт маань өөрөө ач холбогдолтой, амьдрал баян учраас янз бүрийн маргаан гарна. Тэрийг хуулийн дагуу шийднэ үү гэхээс татвараас зайлсхийх гэсэн юм гэдэг тайлбарт тулгуурлаад шийднэ гэвэл энэ нь өөрөө хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь мөнгө хүлээлцсэн акт гэх баримтаа худалдан худалдан авах тохиролцоо гэж үзээд байгаа юм уу? эсхүл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээ тохиролцоо гэж үзээд байгаа юм уу? гэрээг нь харахаар үнэ төлбөргүйгээр газрыг шилжүүлнэ гээд тохирчихсон. Татвар төлөөгүйг чинь харахаар нэхэмжлэгч та газраа бэлэглэсэн байна. Хүний газрыг шилжүүлээд авсан тохиолдолд хүнд талархсан сэтгэлээ илэрхийлээд тодорхой мөнгийг хариуцагч төлсөн. Уг нь асуудал дуусчихаад байхад зовоосоор байгаад сүүлд 20,000,000 төгрөг авсан нь үнэн. Тийм учраас Э.С гэх иргэнээс дээрх газрынхаа төлбөрийн 95,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч авсан. Хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзнэ үү гэж хэлэх байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөнгө шилжүүлсэн болохоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзээд түүнээс хойш хугацаа тооцно гэх байх, гэрээний харилцаанд та орсон гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх эд хөрөнгийнх бол 6 жил гээд Иргэний хуульд байгаа. Мөнгө хүлээлцсэн актад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмж төлөхөөр тохиролцов гэж байгаа, 10 дугаар сарын 04-ний төлбөр төлнө гэвэл энэ хүнд шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 04-нөөс эхлээд өнөөдрийн байдлаар 10 жил өнгөрсөн. Үл хөдлөх хөрөнгийн 6 жилээр тооцлоо ч энэ 2018 оны 10 дугаар сарын 04-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байжээ. Өөрөө 2021 онд мөнгө өгсөн гэдгээр шүүхэд хандаад байгаа боловч нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг барих боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөнгө хүлээлцсэн акт, 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0268639 тоот гэрчилгээ, Хаан банк ХХК дахь Т.Эгийн эзэмшлийн ... тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбар бичгээр гаргасан.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/20805 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6/11022 тоот лавлагааг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6/421 тоот лавлагаа, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01-08/6295 албан бичиг, Нийслэлийн засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/978 дугаар захирамж, хавсралт, мөн 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамж, хавсралт, Нийслэлийн өмчийн харилцааны газарт Э.Гын гаргасан өргөдөл, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000475302 тоот гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ, кадастрын зураг, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн, 2013 оны 10 дугаар сарын 30-ны дүгнэлт, газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийг гаргуулж, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Э.Гт холбогдуулан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Т.Э нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн газрын албаны даргын захирамж, дүүргийн Газрын албаны ... дугаар гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын ... дугаар бүхий 400 м/кв талбай бүхий газрыг Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 5 жилийн жилийн хугацаанд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихээр болсон. 2012 оны 06 дугаар сарын сүүлээр би газраа 220,000,000 төгрөгөөр үнэлсэнийг Э.Г хүлээн зөвшөөрч худалдан авахаа илэрхийлсэн. Хариуцагч Э.Г нь газраа эхлээд шилжүүлэх юм бол 220,000,000 төгрөгийг чинь удлаа гэхэд гурван сарын дотор л асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би Э.Гт эхлээд урьдчилгаанд хэдэн төгрөг өгч байж газраа шилжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэхэд 20,000,000 төгрөг урьчилгаанд өгөхөөр болсон. Тэгээд 2012 оны 07 сарын 04-ний өдөр газраа шилжүүлэхээр болж нийт үнэ 220,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-нд төлөхөөр болж үүнийгээ Мөнгө хүлээлцсэн акт" гэсэн бичгээр баталж гарын үсэг зуралцаж нотариотаар баталгаажуулсан. Мөн тус өдрөө Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэж байгуулан газраа шилжүүлсэн. Хариуцагч Э.Г нь газрын төлбөр болох 220,000,000төгрөгөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд надад 165,000,000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, газар шилжүүлэн авсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, газрыг шилжүүлэн авсны дараа 40,000,000 төгрөгт тооцон Волксваген загварын тээврийн хэрэгсэл, 2013 онд 85,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 03 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг дансаар, 2021 оны 05 сарын 27-нд 5,000,000 төгрөг дансаар, 2021 оны 06 дугаар сарын 29-нд 5,000,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн, үлдэх 55,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд, Т.Э эгчээс дээрх газрыг нь авахаар тохиролцсон нь үнэн. Төлбөрийн асуудал 100 хувь дууссан гэж үзэж байгаа. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээн дээр газрыг үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар газрын эрх худалдаж орлого олсон бол улсад татвар төлөх ёстой. Татвар төлөөгүйг чинь харахаар нэхэмжлэгч газраа бэлэглэсэн байна. Хүний газрыг шилжүүлээд авсан тохиолдолд хүнд талархсан сэтгэлээ илэрхийлээд тодорхой мөнгийг хариуцагч төлсөн. Уг нь асуудал дуусчихаад байхад зовоосоор байгаад сүүлд 20,000,000 төгрөг авсан нь үнэн. Хариуцагчийн дүү Э.Сээс 95,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгч машин авсан. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх эд хөрөнгийнх бол 6 жил гэж Иргэний хуульд байгаа. Мөнгө хүлээлцсэн актад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмж төлөхөөр тохиролцов гэж байгаа, 10 дугаар сарын 04-ний төлбөр төлнө гэвэл энэ хүнд шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 04-нөөс эхэлсэн, өнөөдрийн байдлаар 10 жил өнгөрсөн. Үл хөдлөх хөрөнгийн 6 жилээр тооцлоо ч энэ 2018 оны 10 дугаар сарын 04-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байжээ. Өөрөө 2021 онд мөнгө өгсөн гэдгээр шүүхэд хандаад байгаа боловч нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг барих эсэх талаар мэдээж шүүх шийдээд явах байх. Одоо тэрбумын газар болсон учраас надад мөнгө төгрөг нэмж өг гэдэг асуудал удаа дараа яригддаг. Хариуцагч ажилгүй байснаа ч хэлж байна. Иймд нэгдүгээрт хөөн хэлэлцэх дууссан, хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл чинь худалдах худалдан авах гэрээ юм уу? гэрээ нь Газрын тухай хууль болон Иргэний хууль, Үндсэн хуульд нийцэж байгаа юм уу? гэдэг дээр шүүх дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, Нийслэлийн засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт 400 м/к талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Т.Эд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Нийслэлийн газрын албанаас 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн ... тоот гэрчилгээг олгож, мөн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулж, кадастрын зургийг олгожээ. Нэхэмжлэгч Т.Э нь улмаар 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хариуцагч Э.Гтой байгуулж, Э.Г нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гаргаснаар Нийслэлийн засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/978 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг Э.Гт шилжүүлснийг үндэслэн Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475302 тоот гэрчигээг олгож, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч нь Баягол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах 400 м/к талбай бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхээ эрх хүлээн авагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон гэх хэдий ч тухайн эрхээ үнэ төлбөртэйгээр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ... газраас би 220,000,000 төгрөгөөр үнэлснийг Э.Г зөвшөөрч худалдаж авахаар болсон. Хариуцагч Э.Г нь газраа эхлээд шилжүүлэх юм бол 220,000,000 төгрөгийг чинь удлаа гэхэд гурван сарын дотор л асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би Э.Гт эхлээд урьдчилгаанд хэдэн төгрөг өгч байж газраа шилжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэхэд 20,000,000 төгрөг урьчилгаанд өгөхөөр болсон. Тэгээд 2012 оны 07 сарын 04-ний өдөр газраа шилжүүлэхээр болж нийт үнэ 220,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-нд төлөхөөр болж үүнийгээ Мөнгө хүлээлцсэн акт" гэсэн бичгээр баталж гарын үсэг зуралцаж нотариотаар баталгаажуулсан гэх, хариуцагчийн ... Яагаад би энэ хүнд сүүлд мөнгө өгсөн юм гэхээр энэ хүн өөрөө согтуу галзуу манай гэрт орж ирж орилж хашгирч чарладаг. Би 6 хүүхэдтэй, хүүхдүүд нялх бага насных тул үүд балбаад аймар хэцүү байсан. Төлбөрийн асуудал 100 хувь дууссан гэж үзэж байгаа. Манай дүү Э.Сээс тээврийн хэрэгслийг нь 95,000,000 төгрөгт тооцож авсан гэх тайлбар, 2012 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн ... Т.Э, Э.Г бид харилцан тохиролцож Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 400 м/к талбай бүхий газрыг 220,000,000 төгрөгөөр үнэлж, 20,000,000 төгрөг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэх 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэмж төлөхөөр тохиролцов гэх мөнгө хүлээлцсэн акт, Хаан банк ХХК дахь Т.Эгийн эзэмшлийн ... тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч Э.Г нь гэрээний үүрэгт 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 40,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгсэл, 2013 онд 85,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 03 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг дансаар, 2021 оны 05 сарын 27-нд 5,000,000 төгрөг дансаар, 2021 оны 06 дугаар сарын 29-нд 5,000,000 төгрөгийг дансаар, нийт 165,000,000 төгрөгийг төлсөн, 55,000,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан.

 

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь зохигчид байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ, мөн өдрийн мөнгө хүлээлцсэн актаас үзэхэд төлбөрийн үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор хариуцагч төлөхөөр үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна. Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... 2021 онд 3 удаагийн үйлдлээр хариуцагч 20,000,000 төгрөг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар үндэслэлгүй, учир нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүйгээр үүрэг гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагчийн дээрх үйлдэл нь мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй байна. Мөн хариуцагч нь Э.Сийн тээврийн хэрэгслийг 95,000,000 төгрөгт тооцож өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

8. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч Т.Эгийн хариуцагч Э.Гт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эгийн хариуцагч Э.Г-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР