Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00784

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00784

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00410 дугаар шийдвэртэй,

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй,

Э.Б-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр, хариуцагч Э.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Т.А- нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн газрын албаны даргын захирамж, дүүргийн Газрын албаны - гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын -р бүхий 400 м.кв талбай бүхий газрыг Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 5 жилийн жилийн хугацаанд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихээр болсон.

1.2. 2012 оны 06 дугаар сарын сүүлээр газрыг 220,000,000 төгрөгөөр үнэлснийг Э.Б- хүлээн зөвшөөрч, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр газраа шилжүүлэхээр болж нийт үнэ 220,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3-н сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-нд төлөхөөр болж үүнийгээ “Мөнгө хүлээлцсэн акт" гэсэн бичгээр баталж гарын үсэг зуралцаж нотариатаар баталгаажуулсан.

Мөн тус өдрөө Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэж байгуулан газраа шилжүүлсэн.

1.3. Хариуцагч Э.Б- нь газрын төлбөр болох 220,000,000 төгрөгөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 165,000,000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, газар шилжүүлэн авсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, газрыг шилжүүлэн авсны дараа 40,000,000 төгрөгт тооцон Волксваген загварын тээврийн хэрэгсэл, 2013 онд 85,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 03 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 27-нд 5,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 29-нд 5,000,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн.

Иймд хариуцагч Э.Б-оос газар худалдсаны үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөрийн асуудал 100 хувь дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөнгө хүлээлцсэн акт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэж гаргадаг юм. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээн дээр газрыг үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байгаа.

2.2. Уг нь асуудал дуусчихаад байхад зовоосоор байгаад сүүлд 20,000,000 төгрөг авсан нь үнэн. Тийм учраас Э.В- гэх иргэнээс дээрх газрынхаа төлбөрийн 95,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч авсан.

2.3. Мөнгө хүлээлцсэн актад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмж төлөхөөр тохиролцов гэж байгаа, 10 дугаар сарын 04-ний төлбөр төлнө гэвэл шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 04-нөөс эхлээд өнөөдрийн байдлаар 10 жил өнгөрсөн. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох 6 жилээр тооцлоо ч 2018 оны 10 дугаар сарын 04-нд дууссан байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд мөнгө өгсөн гэдгээр шүүхэд хандаад байгаа боловч нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг барих боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-гийн хариуцагч Э.Б-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагчийн зүгээс анх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа миний нэр дээр тийм газар огт шилжиж байгаагүй гэж тайлбарласан. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албанаас ирсэн баримтаар газар эзэмшүүлэх тухай хариуцагчийн өөрийнх нь гараар бичсэн өргөдөл баримттай танилцаад нэхэмжлэгчээс газрыг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ газрын төлбөрөөс нэхэмжлэгчид тээврийн хэрэгсэл шилжүүлэхдээ 40,000,000 төгрөгт бус 95,000,000 төгрөгт тооцож өгсөн тул одоо мөнгө төлөхгүй гэж шүүхэд тайлбарладаг. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр маргасан.

4.2. Хариуцагч Э.Б- нь анх огт үндэслэлгүй буюу газрыг шилжүүлж аваагүй гэж тайлбар гаргасан атлаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газрыг шилжүүлэн авсан болон төлбөр төлсөнөө хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлөх болсон шалтгаанаа нэхэмжлэгч манай гэрт удаа дараа ирж уулзаж байсан тухай тайлбарласан.

Хариуцагч Э.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харвал нэхэмжлэгчийг төлбөр мөнгө шаардаагүй байхад эсхүл төлбөр мөнгө төлөх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа төлбөр мөнгө нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд эсрэгээрээ нэхэмжлэгч мөнгөө шаардаж байсныг хүлээн зөвшөөрч мөнгө төлж шилжүүлж байсан, нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзаж байсан нь баримтаар болон мөн түүний тайлбараар нотлогддог.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан дээрх идэвхтэй үйлдэл нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдах, хугацааг дахин шинээр тоолох урьдач нөхцөл шаардлагыг хангалттай бүрдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 82.3 дахь хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй” гэх хариуцагчийн шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүйтэй холбоотой заалтыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасантай шууд холбон тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзсэнд гомдолтой байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчийн хамгийн сүүлд буюу 2021 оны 06 дугаар сарын 29-нд 5,000,000 төгрөг хийсэн өдөр тасалдаж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тоологдож эхэлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч хариуцагчийн хоорондын идэвхтэй үйлдлүүд хангалттай нотолсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь газрын үлдэх төлбөр 55,000,000 төгрөг гэж байгаа боловч 2013 онд газрын төлбөрийг бүрэн төлж дууссан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дүү Э.В-ийн автомашиныг 95,000,000 төгрөгт тооцож авсан. Газрын үнэ төлөгдөж дууссан тул нэхэмжлэгч 2021 он хүртэл 9 жилийн хугацаанд хариуцагчтай холбоогүй байсан атлаа 2021 оны 02 сараас “1 тэрбум төгрөгийн үнэтэй газар болсон тул мөнгө нэмж өг” гэх асуудал ярьж, хариуцагчийн гэрт удаа дараа 6 хүүхэдтэйгээ очсон учраас 20,000,000 төгрөг нэмж өгсөн.

5.2. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсон тул энэ үеэс шаардах эрх үүссэн ба үүнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан гэж дүгнэсэн. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзсэн ч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаж байсан болон төлбөр шаардаж, хариуцагч өгч байсан талаар баримтгүй. Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 онд 20,000,000 төгрөг авсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох талаар ойлголт хэрэглэгдэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.   

 

2. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Э.Б-т холбогдуулан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

3. Т.А-, Э.Б- нар 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.А- өөрийн эзэмшилд байгаа Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 400 м.кв газрын эзэмших эрхийг Э.Б-т үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч мөн өдрөө “мөнгө хүлээлцсэн акт” нэртэй баримт үйлдэж, уг баримтад “... Ө.А- ... Э.Ганболд ... бид нар харилцан тохиролцож  ... үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 220,000,000 төгрөгөөр ... үнэлж, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгч, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-ний дотор нэмж төлөхөөр тохиролцов” гэжээ.

 

3.1. Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл худалдагч Т.А- нь газар эзэмших эрхээ худалдан авагч Э.Б-т худалдсан, худалдан авагч нь уг эрхийн үнэд 200,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, хүсэл зориг илэрхийлэгдсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

 

4. Гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх хариуцагч Э.Б-т шилжүүлэгдэж тэрээр 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байх тул худалдагч тал гэрээний үүргээ гүйцэтгэжээ.

 

5. Худалдан авагч Э.Б- 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 40,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгсэл, 2013 онд 85,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг дансаар, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар нийт 165,000,000 төгрөг төлсөн, 55,000,000 төгрөг төлөөгүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

6.1. Харин анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан, 2021 онд төлбөр төлсөн хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6.2. Талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн “мөнгө хүлээлцсэн акт” нэртэй баримтад хариуцагч Э.Б- нь 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-ний дотор төлөхөөр тохиролцсон боловч уг үүргийг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй. Тэрээр уг үүргийн зарим хэсгийг 2013 онд 85,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэж байсан үйлдлээрээ худалдан авагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэж дүгнэх юм. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарна.

 

6.3. Худалдан авагч Э.Б-ын хамгийн сүүлд төлсөн үнэ болох 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолбол худалдагчийн үнэ шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-оос гэрээний үнэд 55,000,0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг орхигдуулсан байгааг нэмж, улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилах тул шийдвэрийн 2 дахь заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-оос 55,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА