Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/00544

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/00544

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Монос ... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух, С овогт П-ийн Д /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, Г овогт С-ын Д /РД: .../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагч С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.Дтай би төрөл садангийн хүмүүс өөрөөр хэлбэл түүний ээж Ч.Д нь надтай эгч дүүсийн хүүхдүүд юм. 2005 оны 05 дугаар сард би Хөвсгөл аймгаас хүүхдүүдээ дээд сургуульд суралцуулах зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд хашаа, байшин авах гэж ах Бгийн хамт эрж хайж байтал Ч.Д эгч өөрийнхөө Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, ... дүгээр гудамжны 1А тоот дахь хашаандаа намайг гэрээ бариад буу гэж хэлсэн. Ах Б хашаа, байшин авахуулна гэхэд Ч.Д эгч яах юм бэ, энэ хашаанд байшин барьж болно гэсэн. Уг хашаа нь хогийн цэг болсон, эзэнгүй хашаа байсан. Би ч Ч.Д эгчийг сайхан сэтгэл гаргалаа хэмээн баярлаж машинаар тухайн газар дээр байсан 10 тн хог цэвэрлэн ачиж уг хашаанд гэрээ барин буусан. Буусныхаа дараа уг хашаа нь мод, гэрлийн утсаас эхлэн хулгай зэлгийд нэрвэгдэх эрсдэл ихтэй, хажуу хавийн байгууллага, хүмүүс газраас нь хумслах гэсэн хэцүү газар болохыг мэдсэн. Гэвч эгчийн итгэлийг алдахгүйн тулд амьдарсаар байв. Ч.Д эгчид хашаа, байшин хайж байгаагаа 2006 оны 05 дугаар сарын орчим хэлэхэд хашааны баруун тал руу байшин бариад суучих, би хойд талд нь байшин барина. Хашааны дунд зай гаргаарай, гарааш барина гэсэн. Ийнхүү хэлсний нь дагуу хүүгийнхээ хамт 4 x 6 метрийн хэмжээтэй байшинг палкаар барьж амьдрах болсон. 2008 оны орчим Ч.Д эгч хашааг 45 саяар хүн авъя гэж байна гэж ярихад би Би яах вэ гэхэд Ч.Д эгч зардаг, үрдэг дээрээ тулбал чамд хашаа, байшин авч өгнө гэсэн. Үүнд нь би итгэж газар, хашааг сахин амьдарсаар байв. Энэ бүх байдал, үйл явдлыг С.Д маш сайн мэдэж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 20-дын орчим газар, байшинг худалдан авсан гэх И гэдэг хүн би байшинд чинь орчихоод байна, хүрээд ир гэсэн. Улмаар И байшинг суллаж өг. Байшинд сахиулаа суулгана. Би газар, байшинг С.Дгаас 185 сая төгрөгөөр авсан гэсэн ба гараар үйлдсэн С.Д-ийн гарын үсэг зурсан баримтыг ч үзүүлсэн. Мөн И газар, байшинг С.Д-гаас тийнхүү худалдан авсныг зуучлагч Түшиг болон С.Д-ийн үеэл гэж танилцуулсан эмэгтэй мэднэ гэж ч хэлсэн ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас байшингаа чөлөөлүүлэх нэхэмжлэл ч гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрт И нь амины орон сууцыг худалдан авсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэн түүний нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. С.Д нь Иад байшинг эгчдээ газраа харуулахын тулд 4 сая төгрөгөөр байшин барьж өгсөн гэж худал ярьжээ. Ийнхүү С.Д нь миний байшинг Иад газартайгаа хамт худалдсан атлаа тийнхүү худалдсан талаараа надад мэдэгдээгүй, байшингийн үнийг надад өгөөгүй болно. Би С.Дтай арайхийн уулзахад зохимжгүй харьцсан ба ээжтэйгээ уулзуулахгүй, харьцуулахгүй байсан. Дахин утас, мессежээр С.Дтай холбогдоход мөн л өөрийгөө зөвтгөх байдлаар харьцан шүүхдээ өг гэж ч хэлсэн. С.Д-ийн энэ байдал нь намайг хашаандаа буулгасан нь зөвхөн газраа сахиулах зорилготой байсныг нь харуулж байна. Би тухайн газрыг сахиж байгаагүй бол уг газар бусдад алдагдах, нийтийн эзэмшлийн зам, хогийн цэг болох байлаа. Мөн сахиулж байсны ачаар уг газар лавтай одоогийн зарсан үнэд хүрсэн нь ойлгомжтой байна. С.Д нь Иад байшинг 4 сая төгрөгөөр өөрөө барьсан гэж худал хэлэн худалдсан нь нэхэмжлэлд хавсаргаж байгаа шүүхүүдийн шийдвэрүүдээр нотлогдож байна. Ийнхүү С.Д нь миний байшинг иргэн Иад дур мэдэн худалдаж үнийг нь аван намайг хохироосон тул би С.Дгийн өөрийн нь хэлсэн хэмжээгээр байшингийхаа үнийг гаргуулан авах нь хуульд ч, шударга ёсонд ч нийцнэ гэж үзлээ. Иймд С.Дгаас байшингийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Дгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч С.Д би нэхэмжлэгч П.Дгийн нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Дээрхи нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот газар нь миний дүү С.Лын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан ба манай ээж хорт хавдар тусч эмчлэх шаардлагатай болсон тул би өөрийн нэр дээр итгэмжлэл авч 2020 оны 8 дугаар сард зарж ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглэсэн. Энэ газар нь өмчлөлийн гэрчилгээтэй ба И гэх хүнд би зөвхөн газраа зарсан. П.Дгийн гэх байшин нь эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бичиг баримтгүй бөгөөд миний ээж хашаандаа суулгах зорилгоор түр барьсан байшин юм. Миний ээж надад би П.Дд байшин, жорлон бариарай гэж 4,000,000 төгрөг өгсөн. Мөнгийг нь өгөөд байхад жорлонг нь буруу газар барьчихсан байна гэж ярьж байсан. Мөн 2005 онд буюу 17 жилийн өмнө П.Дг тэр хашаанд анх яаж буулгасан асуудлыг би огт мэдэхгүй. Би 20 настай, аав ээж минь амьд байсан тул би тийм зүйлд оролцдоггүй байсан. 2020 оны эхэн үеэс П.Д нь хашаанд суухаа больж хүргэнийдээ амьдарч байсан ба би зар өгөөд 10-20 удаа хүнд үзүүлж байх хугацаанд огт байгаагүй ба худалдах үедээ би түүнд хэлж тогны мөнгө, заалт, хаана хэрхэн төлдөг талаар асууж байсан. Тэр үед байшингаа буулгаж авч явна гэж хэлэхээр нь тэгээрэй л гэж хэлсэн. Нэхэмжпэлд дурдсан тус газарт 10 тонн хог байгаагүй, мөн газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг нь баталгаажсан тул бусдад алдах, нийтийн эзэмшлийн зам болох боломжгүй юм. П.Д нь урд нь яг энэ асуудлаар танай шүүхэд 2021 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргаж байсан ба миний ээж нас барсан тул би шүүх хуралд оролцож чадахгүй тухайгаа бичгээр хүсэлт гаргаж, шүүгчийн туслах Баатархүү гэх хүнд өгсөн ба шүүхийн шийдвэрээ гардаж аваагүй учир шүүгчийн туслахаас утсаар асуухад нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Би зөвхөн газраа худалдсан ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байшинг худалдах боломжгүй, мөн П.Д бид 2 хоорондоо хэлцэл хийсэн зүйл огт байхгүй, би түүнд мөнгө өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, иргэний үнэмлэх хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2021/01025 дугаар шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 857 дугаар албан бичиг, мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1025 дугаар тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01529 дүгээр шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн ба тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлийг хавсаргажээ.

 

5. Ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Зоригтыг гэрчээр асуусан, мөн сиди-нд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий газар, түүний дээр баригдсан 4х5 хэмжээтэй өвлийн байшингийн өмчлөгчийн талаарх лавлагаа, хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч С.Дд холбогдуулан байшингийн 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Дтай би төрөл садангийн хүмүүс өөрөөр хэлбэл түүний ээж Ч.Д нь надтай эгч дүүсийн хүүхдүүд юм. 2005 оны 05 дугаар сард би Хөвсгөл аймгаас хүүхдүүдээ дээд сургуульд суралцуулах зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд хашаа, байшин авах гэж ах Бгийн хамт эрж хайж байтал Ч.Д эгч өөрийнхөө Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, ... дүгээр гудамжны 1А тоот дахь хашаандаа намайг гэрээ бариад буу гэж хэлсэн. Ах Б хашаа, байшин авахуулна гэхэд Ч.Д эгч яах юм бэ, энэ хашаанд байшин барьж болно гэсэн. Уг хашаа нь хогийн цэг болсон, эзэнгүй хашаа байсан. Би ч Ч.Д эгчийг сайхан сэтгэл гаргалаа хэмээн баярлаж машинаар тухайн газар дээр байсан 10 тн хог цэвэрлэн ачиж уг хашаанд гэрээ барин буусан. Буусныхаа дараа уг хашаа нь мод, гэрлийн утсаас эхлэн хулгай зэлгийд нэрвэгдэх эрсдэл ихтэй, хажуу хавийн байгууллага, хүмүүс газраас нь хумслах гэсэн хэцүү газар болохыг мэдсэн. Гэвч эгчийн итгэлийг алдахгүйн тулд амьдарсаар байв. Ч.Д эгчид хашаа, байшин хайж байгаагаа 2006 оны 05 дугаар сарын орчим хэлэхэд хашааны баруун тал руу байшин бариад суучих, би хойд талд нь байшин барина. Хашааны дунд зай гаргаарай, гарааш барина гэсэн. Ийнхүү хэлсний нь дагуу хүүгийнхээ хамт 4 x 6 метрийн хэмжээтэй байшинг палкаар барьж амьдрах болсон. 2020 оны 08 дугаар сарын 20-дын орчим газар, байшинг худалдан авсан гэх И гэдэг хүн би байшинд чинь орчихоод байна, хүрээд ир гэсэн. Улмаар И байшинг суллаж өг. Байшинд сахиулаа суулгана. Би газар, байшинг С.Дгаас 185 сая төгрөгөөр авсан гэсэн ба гараар үйлдсэн С.Д-ийн гарын үсэг зурсан баримтыг ч үзүүлсэн. Ийнхүү С.Д нь миний байшинг Иад газартайгаа хамт худалдсан атлаа тийнхүү худалдсан талаараа надад мэдэгдээгүй, байшингийн үнийг надад өгөөгүй болно. С.Д нь Иад байшинг 4 сая төгрөгөөр өөрөө барьсан гэж худал хэлэн худалдсан нь нэхэмжлэлд хавсаргаж байгаа шүүхүүдийн шийдвэрүүдээр нотлогдож байна. Ийнхүү С.Д нь миний байшинг иргэн Иад дур мэдэн худалдаж үнийг нь аван намайг хохироосон тул би С.Дгийн өөрийн нь хэлсэн хэмжээгээр байшингийхаа үнийг гаргуулан авах нь хуульд ч, шударга ёсонд ч нийцнэ гэж үзлээ гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд, Дээрхи нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот газар нь миний дүү С.Лын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан ба манай ээж хорт хавдар тусч эмчлэх шаардлагатай болсон тул би өөрийн нэр дээр итгэмжлэл авч 2020 оны 8 дугаар сард зарж ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглэсэн. Энэ газар нь өмчлөлийн гэрчилгээтэй ба И гэх хүнд би зөвхөн газраа зарсан. П.Дгийн гэх байшин нь эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бичиг баримтгүй бөгөөд миний ээж хашаандаа суулгах зорилгоор түр барьсан байшин юм. 2005 онд буюу 17 жилийн өмнө П.Дг тэр хашаанд анх яаж буулгасан асуудлыг би огт мэдэхгүй. Тэр үед байшингаа буулгаж авч явна гэж хэлэхээр нь тэгээрэй л гэж хэлсэн. П.Д бид 2 хоорондоо хэлцэл хийсэн зүйл огт байхгүй, би түүнд мөнгө өгөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр гудамжны 1/а тоот хаягт байрлах газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн Г-2204017083 дугаар бүргэгдэн С.Лын өмчлөлд, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Д.Мөнхзулын өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр С.Дгийн өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Б.Иын өмчлөлд, мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр гудамжны 1/б тоот хаягт байрлах газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн Г-2204017082 дугаар бүргэгдэн Г.Сарангэрэлийн өмчлөлд, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Лхагвадуламын өмчлөлд, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Д.Мөнхзулын өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр С.Дгийн өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Б.Иын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн. Харин дээрх газар дээр нэхэмжлэгч П.Д нь 4х6 хэмжээтэй, палкан байшин барьсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч байшинг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/606 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

5.2. Хариуцагч С.Д нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б.Итай худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр гудамж, 1/а тоот хаягт байрлах 472 м/к газар эзэмших эрхээ 10,000,000 төгрөгөөр, мөн 1/б тоот хаягт байрлах 409 м/к газар эзэмших эрхээ 10,000,000 төгрөгөөр тус тус худалдсан байх бөгөөд газрын дээр байрлах 4х6 хэмжээтэй өвлийн сууцыг худалдсан гэх баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч С.Дг нэхэмжлэгч П.Дгийн өмчлөлийн дээрх байшинг дураараа захиран зарцуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, ман 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Иймд хариуцагч С.Дгаас байшингийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч нь байшинг бодитоор эзэмшиж байгаа этгээдийг буюу хариуцагчаа зөв тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлагаа гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д-гаас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР