Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00687

 

 

 

 

 

 

 

 

2023               03            31                                         210/МА2023/00687

 

 

 

П.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/00544 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Д гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д д холбогдох, байшингийн үнэ 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д , түүний өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “Би 2005 оны 05 сард Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Улмаар хашаа, байшин авах зорилгоор хайж байтал Ч.Д эгч *** тоот хашаанд буухыг санал болгож “...баруун тал руу байшин бариад суучих, би хойд талд нь байшин барина, хашааны дунд зай гаргаарай, гарааш барина...” гэж хэлсэн. Үүний дагуу хүүгийнхээ хамт 4x6 метрийн хэмжээтэй байшинг палкаар барьж амьдрах болсон. 2008 оны орчим Ч.Д эгч “...хашааг 45,000,000 төгрөгөөр хүн авъя гэж байна...” гэхэд нь “...би яах вэ...” гэхэд “...зардаг, үрдэг дээрээ тулбал чамд хашаа, байшин авч өгнө...” гэж хэлсэн. 2020 оны 08 сарын 20-ны өдрийн орчим Б.И “...би байшинд чинь орчихоод байна, хүрээд ир...” гэсэн ба улмаар “...байшинг суллаж өг, байшинд сахиулаа суулгана, би газар, байшинг С.Д гаас 185,000,000 төгрөгөөр авсан...” гэж хэлээд гараар үйлдсэн С.Д гийн гарын үсэг зурсан баримтыг үзүүлсэн. Б.И нь Баянзүрх дүүргийн шүүхэд надад холбогдуулан байшингаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Д нь Б.И д “...эгчдээ газраа харуулахын тулд 4,000,000 төгрөгөөр байшин барьж өгсөн...” гэж худал ярьсан болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Ийнхүү С.Д нь миний байшинг Б.И д газрын хамт худалдсан атлаа тийнхүү худалдсан талаараа надад мэдэгдээгүй, байшингийн үнийг надад өгөөгүй. С.Д нь миний байшинг иргэн Б.И д дур мэдэн худалдаж, үнийг нь авч намайг хохироосон тул С.Д гаас байшингийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “*** тоот газар нь миний дүү С.Л ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. П.Д гийн гэх байшин нь эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бичиг баримтгүй бөгөөд миний эх хашаандаа суулгах зорилгоор түр барьсан байшин юм. Миний эх надад “...би П.Д д байшин, жорлон бариарай гэж 4,000,000 төгрөг өгсөн. Мөнгийг нь өгөөд байхад жорлонг нь буруу газар барьчихсан байна...” гэж ярьж байсан. Тэр үед байшингаа буулгаж авч явна гэж хэлэхээр нь тэгээрэй л гэж хэлсэн. Тус газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг баталгаажсан тул бусдад алдах, нийтийн эзэмшлийн зам болох боломжгүй. П.Д д нь урд нь яг энэ асуудлаар 2021 оны 5 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба миний эх нас барсан тул би шүүх хуралд оролцож чадаагүй. Дараа нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаар шүүгчийн туслахаас лавлаж асуутал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Би зөвхөн газраа худалдсан ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байшинг худалдах боломжгүй. Мөн П.Д тай хэлцэл хийсэн зүйл огт байхгүй, би түүнд мөнгө өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д гаас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүх нэхэмжлэгч П.Д нь 4х6 хэмжээтэй палкан байшинг барьсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.б. Шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу. Харин Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн бол нэхэмжлэл хангагдах байсан. Миний бие Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгчийнх нь зөвшөөрлөөр газар дээр нь байшингаа барьсан. Иймд мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь уг байшингийн үнийг төлөх үүрэгтэй үзэж байна.

4.в. Шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлээгүй. Хэрэгт Баянзүрх болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн болон 2021 оны 06 сарын 10-ны өдрийн шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан. Эдгээр шийдвэрүүдээр хариуцагч нь миний 4х6 хэмжээтэй палкан байшинг иргэн Б.И д өөрийн байшин мэтээр ойлгуулж худалдсан болох нь бүрэн нотлогдож байгаа. Мөн гэрч С.З уг байшинтай холбоотойгоор маш тодорхой мэдүүлгийг өгсөн байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П.Д “...миний байшинг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан тул үнийг нь гаргуулна...” гэсэн үндэслэлээр 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч С.Д “...байшин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул бусдад худалдах боломжгүй, нэхэмжлэгчтэй аливаа хэлцэл хийгээгүй...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 22-23/

 

3. Зохигчдын тайлбар, гэрч С.З ын өгсөн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 6/606 тоот албан бичиг, түүнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч П.Д нь 2006 онд хариуцагч С.Д гийн эх н.Д зөвшөөрснөөр *** тоот хаягт байршилтай 472 м.кв талбай бүхий газар дээр өөрийн зардлаар 4х6 хэмжээтэй байшин барьсан, хариуцагч С.Д нь 2020 оны 08 сарын 05-ны өдөр дээрх газрыг Б.И д худалдаж, өмчлөх эрх шилжсэн үйл баримт тус тус тогтоогдсон. /хх 1-2, 22-23, 49-50, 66-67, 99, 101, 102/

Хариуцагч С.Д гийн “...Миний ээж надад “би П.Д д байшин, жорлон бариарай гэж 4,000,000 төгрөг өгсөн” гэж ярьж байсан...” гэх тайлбар баримтаар нотлогдоогүйгээс гадна гэрч С.З ын өгсөн “...байшин барихад П.Д хувиасаа мөнгө гаргасан, би 1,800,000 төгрөг гаргасан...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. /хх 49-50/

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч С.Д гийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох Б.И ын шүүхэд өгч байсан тайлбарын агуулгыг нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримттай харьцуулан дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:

4.а. Б.И нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Д д холбогдуулан гаргасан 4х5 хэмжээтэй амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлдээ “...Б.И миний бие 2020 оны 08 сарын 05-ны өдөр С.Д гийн эзэмшлийн ... 4 тал хашаатай газрыг ... 4х5 харьцаатай өвлийн байшингийн хамт ... зуучлагчаар дамжуулан худалдан авсан. ...Хашаан дотор байгаа эзэнгүй цоожтой байшингийн ... тухай асуухад “наад байшин чинь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, газартайгаа хамтдаа зарагдана, газар нь чиний өмч болохоор чиний газар дээр байгаа байшин чиний л өмч” гэж хэлсэн. ...Өмчлөгч С.Д “...тухайн үед 4,000,000 гаруй төгрөгөөр барьж байсан. Чамаас энэ байшинг хэн ч нэхэхгүй, санаа зоволтгүй...” гэж хэлсэн” гэсэн тайлбарыг өгчээ. /хх 5-12/

4.б. Б.И нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Д д холбогдуулан гаргасан 4,078,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ мөн дээрхтэй ижил агуулгатай тайлбарыг өгсөн байна. /хх 54-56/

 

5. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч П.Д гийн гаргасан “...С.Д нь миний байшинг иргэн Б.И д дур мэдэн худалдаж, үнийг нь авч намайг хохироосон...” гэсэн тайлбарыг бодит үнэнд нийцсэн, илүү үндэслэлтэй гэж дүгнэв.

Байшингийн үнийг зохигчдын тайлбарт 4,000,000 төгрөг гэж, дээрх шүүхийн шийдвэрт 4,078,950 төгрөг гэж тус тус дурдсан байх тул хариуцагч С.Д гаас байшингийн үнэд 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Д нь бусдын хөрөнгө болох байшинг худалдсан мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/00544 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Д гаас 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                         

                                            ШҮҮГЧИД                          М.БАЯСГАЛАН

 

                                                                                       Д.НЯМБАЗАР