Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/01123

 

 

 

 

 

 

 

                               2023        03          06

                   101/ШШ2023/01123

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “А” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж. Б /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 39,625,749.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08-р сарын 19-ний өдөр манай байгууллага нь Ж.Б ()-той АЗГ2020/08/06 дугаартай зээлийн гэрээ, 06/202008 дугаартай барьцааны гэрээ байгуулан 28,500,000 /Хорин найман сая таван зуун мянган/ төгрөгийн зээл олгосон билээ. Зээл авснаас хойш 2020 оны 09-р сарын 25-ны өдөр эхний хуваарьт төлөлт, 2020 оны 11-р сарын 02,04-ний өдөр дараагийн эргэн төлөлт, 2021 оны 12-р сарын 30-ны өдөр эргэн төлөлтийг тус тус хийсэн. Харин үүнээс өөрөөр нэг ч эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,030,762.57 /Хорин долоон сая гучин мянга долоон зуун жаран хоёр зууны тавин долоон/ төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 8,995,822.69 /Найман сая есөн зуун ерэн таван мянга найман зуун хорин хоёр зууны жаран есөн/ төгрөг, алданги 3,599,164.55 /Гурван сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран дөрөв зууны тавин таван/ төгрөг (хүү болон алдангийг өнөөдрийн байдлаар бодов), нийт төлөх зээлийн үлдэгдэл 39,625,749.81 /Гучин есөн сая зургаан лун хорин таван мянга долоон зуун дөчин ес зууны наян нэгэн/ төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дууссан ба зээлийг зээлийн хүүгийн хамт төлөх гэж явсаар өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний дагуу нийт төлөх зээлийн үлдэгдэл болох 39,625,749.81 /Гучин есөн сая зургаан зуун хорин таван мянга долоон зуун дөчин ес зууны наян нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчид 28 500 000 төгрөгийн зээл олгосон. 3 удаа л эргэн төлөлт хийсэн. Цар тахлаас боллоо гээд хүсэлт тавьснаар төлөлтийг хойшлуулж байсан. Цар тахлын хөл хорио дуусахад шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй. Улмаар гэрээний хугацаа дууссан. Үндсэн зээл 27 030 762.57 төгрөг, хүү 8 995 822.69 төгрөг, алданги 3 599 164.55 төгрөг, нийт 39 625 749.81 төгрөг нэхнэ гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх6-8/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх12/, 4 ширхэг гэрэл зургийн хуулбар /хх13/, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 186/202208 дугаар албан тоотын хуулбар /хх14/, зээлийн үлдэгдлийн мэдэгдлийн хуулбар /хх15-16/, 7 ширхэг мэдэгдэл /хх17-21, 26-28/, хариуцагчийн гараар бичсэн хүсэлтийн хуулбар /хх23/, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 262/202211 дугаар албан тоотын хуулбар /хх29/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 283/202212 дугаар албан тоотын хуулбар /хх30/ Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх39/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 36,026,585.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,030,762.57 төгрөг, хүү 8,995,822.69 төгрөг, алданги 3,599,164.55 төгрөг, нийт 39,625,749.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр, 28,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх6-8/

Зээлийн гэрээгээр сарын 2.5 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 24 сарын хугацаатай байгуулсан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр автомашины зээл Ж.Б гэсэн утгаар Б.Т-д 28,500,000 төгрөг олгожээ. /хх39/

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг зээл нь автомашин худалдан авах зориулалттай тул худалдагчид мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч нь энэ талаар маргаагүй тул зээл олгогдож, гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол гэрээ 29 сар, 4 хоног үргэлжилсэн байх тул 1 сард 712,500 төгрөг, 29 сард 20,662,500 төгрөг, 1 хоногт 23,424.66 төгрөг, 4 хоногт 93,698.64 төгрөг, нийт 20,756,198.64 төгрөгийн хүү тооцогдоно. Үүн дээр үндсэн зээлийг нэмбэл хариуцагчид нийт 49,256,198.64 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар энэ төрлийн зээлд анз тооцохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардаагүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 12,248,803 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Иймд хариуцагч нь 37,007,394.94 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байх боловч нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүд нийт 36,026,585.26 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангагдсан хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ж.Боос зээлийн гэрээний үүрэгт нийт 36,026,585.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,599,164.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,082.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД