Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00896

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00896

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,625,749.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, З.Б, Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллага нь Ж.Б-той АЗГ2020/08/06 дугаартай зээлийн гэрээ, 06/202008 дугаартай барьцааны гэрээ байгуулан 28,500,000 төгрөгийн зээл олгосон. Зээл авснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхний хуваарьт төлөлт, 2020 оны 11 дүгээр сарын 02,04-ний өдөр дараагийн эргэн төлөлт, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөлтийг тус тус хийсэн. Харин үүнээс өөрөөр нэг ч эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,030,762.57 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 8,995,822.69 төгрөг, алданги 3,599,164.55 төгрөг, нийт төлөх зээлийн үлдэгдэл 39,625,749.81 төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дууссан ба зээлийг зээлийн хүүгийн хамт төлөх гэж явсаар өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Хариуцагчид 28,500,000 төгрөгийн зээл олгосон. 3 удаа л эргэн төлөлт хийсэн. Цар тахлаас боллоо гээд хүсэлт тавьснаар төлөлтийг хойшлуулж байсан. Цар тахлын хөл хорио дуусахад шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний дагуу нийт төлөх зээлийн үлдэгдэл болох 39,625,749.81 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 36,026,585.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,599,164.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,082.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагч Ж.Б- нь шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өглөө орон нутгаас Улаанбаатар хотод биеийн байдал нь хүндэвтэр ирсэн бөгөөд эмнэлгийн байгууллагад хандаж эмчийн магадлагаа гаргуулж шүүхэд өгөхөд хурлаасаа хоцорсон. Мөн хариуцагчийн өмгөөлөгч М.Х-гийн хурал давхацсан бөгөөд нотлох баримтыг өгч амжаагүй.

Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадаагүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.б. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 27,030,762.57 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлдэгч нь зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдрүүдэд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд, нийт 12,248,803 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үнэлээгүй, тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна.

Шүүх тооцооллыг зөв хийсэн бол 28,500,000 төгрөгөөс /үндсэн зээлийн төлбөр/, үндсэн зээлийн төлбөрт төлсөн 7,582,042.82 төгрөгийг хасч тооцсоноор 20,917,957.18 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийн тооцоолол гарах байсан. Иймд Хариуцагч шүүхийн шийдвэрээр үндсэн зээлийн төлбөрт хангасан 27,030,762.57 төгрөгөөс 20,917,957.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч зөрүү 6,112,805.39 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч нь 12,248,803 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлснөөрөө дээр дурдсаны дагуу үндсэн зээлийн эргэн төлөлтөд 7,582,042.82 төгрөгийг төлж үлдэгдэл /12,248,803-7,582,042.82= 4,666,760.18/ 4,666,760.18 төгрөгийг зээлийн хүүд төлсөн.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд нийт 9,938,340.80 төгрөгийн хүү төлнө. Зээлдэгч нь энэхүү төлөх ёстой хүүгээс 4,666,760.18 төгрөгийн хүү төлсөн учир /9,938,340.80-4,666,760.18=5,271,580.62/ 5,271,580.62 төгрөгийн хүү төлөх атал шүүхийн шийдвэрээр хариуцагчийн төлсөн хүүг хасч тооцолгүй тооцооллын алдаа гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрээр зээлийн хүүгийн төлбөрт хангасан 8,995,822.69 төгрөгөөс 5,271,580.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч зөрүү 3,724,242.07 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн шүүх ...хариуцагчид нийт 49,256,198.64 төлөх үүрэг үүсчээ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхээс энэхүү үнийн дүнг гаргахдаа хариуцагчийн хэдийнээ төлсөн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хасч тооцоогүй, шүүхээс тооцооллын алдаа гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж талууд гэрээний хугацааг сунгаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад хүүг нэмж тооцох үндэслэл гаргасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заалтыг зөрчсөн байна.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрээр үндсэн зээлд 27,030,762.57 төгрөг, зээлийн хүүд 8,995,822.69 төгрөг, нийт 36,026,585.26 төгрөгийг хангаж шийдвэрлэснээс 26,189,537.8 төгрөг /20,917,957.18+5,271,580.62=26,189,537.8/-ийг хүлээн зөвшөөрч үлдэх 9,837,047.46 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан 26,189,537.8 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж 9,837,047.46 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь анхны шүүх хуралд өмгөөлөгч авсан. Түүний дараагаар тухайн өмгөөлөгчөө сольсон. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүх хурал дууссаны дараа Э.Б бид хоёр шүүх дээр багагүй хугацаанд байсан. Гэтэл тухайн үед хариуцагч өвчтэй байсан гэдгээ нотолсон баримт ирүүлээгүй. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол цахимаар баримтаа ирүүлэх боломжтой байсан.

Зээлдэгч 1,601,593 төгрөг төлсөн бол 8 сарын хугацаанд энэ дүн гарахгүй. Эхний 2 сарын төлөлтөө хийчхээд үндсэн зээлийн үлдэгдэл төгрөг үлдсэн. Үүнээс цааш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн зээлийн хүү хуримтлагдсан. Хариуцагч талаас 9,000,000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлээс хасахаар тусгасан. Тухайн 9,000,000 төгрөгийг 9,353,383.36 төгрөгийн хуримтлагдсан хүүгээс хасаж, 353,383.36 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүү нэмэгдэж 8,995,822.69 төгрөгийн зээлийн хүү гарсан. Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн эргэн төлөлтийн график харж, шууд тайлбарлаж байна. Гэрээнд үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцохоор гэрээнд тусгасан. Зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу төлөөгүй байж, графикийн дагуу тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,030,762.57 төгрөг, хүү 8,995,822.69 төгрөг, алданги 3,599,164.55 төгрөг, нийт 39,625,749.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.а. Хариуцагч Ж.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дээрх нэхэмжлэлийг гардаж авсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна./хх 34-37/

 

2. А ББСБ ХХК нь Ж.Б-той байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 28,500,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авсан байна. Мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр 22-57 УАМ улсын дугаартай Ssangyong Rexton маркийн автомашиныг барьцаалжээ. /хх6-9/

 

2.а. Нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр автомашины зээл Ж.Б- гэсэн утгаар Б.Түвшинтөгсийн эзэмшлийн 5018397579 тоот дансанд 28,500,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг зээлийг хүлээн авсан эсэх талаар хариуцагч талаас маргаагүй байна./хх 39/

 

3. Нэхэмжлэгчээс банк, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр баримт ирүүлээгүй байх боловч хариуцагч энэ талаар маргаагүй./хх 5/

 

4. Хариуцагч талаас зээлийн тооцооллын талаар маргаж байх боловч зээл, хүү төлж гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүхээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ. Учир нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Б-т 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурсан байх ба анхан шатны шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна. /хх 52/

 

Мөн шүүх хуралдаан товлосон хугацаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд хүсэлт болон нотлох баримт ирүүлээгүй байх ба шүүхээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

6. Шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 39,625,749.81 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 3,599,164.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг тусгаагүй байх тул өөрчлөлт оруулна.

 

Иймд хариуцагч Ж.Б-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 36,026,585.26 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,599,164.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 451.1-д гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ