Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 01232

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/1439 дүгээр шийдвэртэй, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г-, өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын харъяа 44 нэртэй зах дээр барилгын материал зардаг. Хариуцагч нь түүнээс 2014 оны 9 дүгээр сард бараа материал худалдан авсан бөгөөд хуванцар хавтангийн үнэ 1 800 000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс хойш мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Бид, 2017 оны 11 дүгэр сарын 14-ний өдөр уулзахад хариуцагч тал бичгээр удахгүй төлнө гэсэн амлалт өгсөн. Гэвч дахин худал хэлж худалдан авсан эд зүйлийн үнийг төлөхгүй байна. Хариуцагч нийт 7 400 000 төгрөгийн үнэтэй барилгын материал худалдан авсан хэдий ч 1 800 000 төгрөгийг төлөөгүй. Тус 44 гэсэн нэртэй зах бие даасан байгууллага биш, хэрэв тийм байгууллага бол хариуцагчаас энэ талаар баримт гаргаж өгөх ёстой. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бичгийг нэхэмжлэгчид хандаж өгсөн, тэрээр хуурамч баримт гаргаж өгсөн бол хариуцагч тал маргаж болох байсан. Иймд, хариуцагчаас 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М- нь 2014 онд “Сөүл вин” ХХК-ийн дулаалгын ажлыг хийж байхдаа 44 нэртэй захаас ирсэн барилгын материалыг буулгадаг гүйцэтгэлийн ажил хийдэг байсан. Гэвч маргааны зүйл болсон хуванцар хавтанг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй. “Сөүл вин” ХХК-ийн захирал Ли гэж хүн компаниа дампууруулаад Солонгос улс руу явснаас улбаатай өр зээл үлдсэн байдаг. Талууд ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй учраас тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгэр сарын 14-ний өдрийн тайлбарт худалдагч этгээдийн нэрийг тодорхой бичээгүй байгаагаас гадна хариуцагч нь өөр этгээдээс бараа материал авсан, уг хавтанг өөрөө авч ашиглаагүй тул 1 800 000 төгрөгийг төлөх ёсгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.М-эс 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 43 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Г-ийн нэхэмжлэлтэй Баатарсүрэн овогтой М-д холбогдох 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 16 өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь Б.М- миний бие 2014 оны 8 сард Г.Г- гэх хүнтэй ямарч барилгын хөөсөнцөр худалдаж авсан гэрээ хэлцэл хийгээгүй байхад шүүх иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж шийдвэр гаргасан болно. Миний бие 2014 оны зун “Сөүл вин” ХХК-ийн барилгын суурийн дулаалгын ажил хийлгүүлнэ гэсэн зарын дагуу очиж Баянзүрх дүүрэгт байрлах Наран плаза төвийн суурийн дулаалгын ажил хийсэн бөгөөд тус компаний худалдан авсан өөрийн гүйцэтгэж байгаа суурийн дулаалгын ажилтай хамааралтай “Сөүл вин” ХХК-ийн худалдаж авсан барилга баригдаж буй хашаанд буусан бараа материалыг хүлээж авдаг байсан. Г.Г-ийг урьд өмнө нь би танидаг байсан бөгөөд Г.Г- би чиний ажиллаж байгаа “Сөүл вин” ХХК-д 7 500 000 төгрөгийн бараа нийлүүлсэн 1 800 000 төгрөг дутуу байгаа чи олж өг гэж удаа дараа дарамтлаад байхаар нь “Сөүл вин” ХХК-аас асууж өгий гэсэн бичиг үйлдсэн болохоос Г.Г-т “Сөүл вин” ХХК-ны өмнөөс Б.М- миний бие төлбөр барагдуулна гэж баталгаа хийж өгөөгүй болно. Миний хувьд тус компанийн ажилтан биш бөгөөд ямарч санхүү мөнгө захиран зарцуулах эрхгүй байсан. Би шүүхэд гаргасан тайлбартаа “Сөүл вин” ХХК нь Наран плаза төвийн барилгад баригдаж байгаа бараа материалаа барилгын материал худалддаг 44 захаас авсан гэсэн болохоос биш би “Сөүл вин” ХХК-ийг төлөөлж бараа материал авсан гэж мэдүүлсэн зүйл огт байхгүй байхад шүүх хуралдааны тэмдэглэлдээ намайг гэрээ хийж намайг худалдан авалт хийсэн мэт бичиж алдаа гаргасан байна. “Сөүл вин” ХХК нь тус барилгыг барьж дуусаад захирал болох Ли нь БНСУ-руу яваад ирээгүй компани нь дампуурсан болно. Хэрэгт авагдсан материал дунд Г.Г-т Б.М- нь 1 800 000 төгрөгийн төлбөр барагдуулна гэсэн гэрээ хэлцэл, баталгаа хийсэн ямарч нотлох баримт байхгүй байхад Б.М- нь барилга дээр ажилладаг нь тогтоогдлоо Г.Г- нь барилгын материалын 44 зах дээр барилгын худалдаа хийдэг нь тогтоогдсон тул хэлцэл хийсэн гэж үзээд нэхэмжлэлийг хангалаа гэж ямар ч нотлох баримтгүй шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Г-ээс хариуцагч Б.М-д холбогдуулан 1 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 16 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.Г- нь 44 нэртэй зах дээр барилгын материал зардаг, хариуцагч Б.М- нь барилгын ажил гүйцэтгэж, дээр дурдсан захаас барилгын материал авсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Хэрэгт хариуцагч Б.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гаргасан тайлбар авагдсан байх ба үүнд 2014 оны 09 дүгээр сард 44 гэсэн нэртэй захаас хуванцар хавтан авсан бөгөөд тус хавтанг “Сөүл вин” ХХК-д ажил хийх зорилгоор авсан. Ингээд төлбөрийг төлөх болоход уг компаниас хөлс мөнгөө өгөхгүй байгаа учраас төлбөрийг төлөх боломжгүй байгаа, үнэ болох 1 800 000 төгрөгийг “Сөүл вин” ХХК-д төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлээд шилжүүлнэ гэжээ./хэргийн 3 дугаар тал/ Үүнээс үзвэл хариуцагч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.3 дахь хэсэгт зааснаар барилгын хуванцар хавтан авч, төлбөрийг нь төлөх агуулгыг уг бичгээр илэрхийлжээ.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч уг бичгийг нэхэмжлэгчид бичиж өгөөгүй, өөр этгээдэд бичиж өгсөн, хуванцар хавтанг өөртөө ашиглаагүй, харин дээр дурдсан компанид ажиллаж байхдаа компанийн барилгын үйл ажиллагаанд ашигласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх баримтыг хариуцагч өөрөө бичсэн болохыг үгүйсгээгүй ба нэхэмжлэгчээс өөр ямар этгээдээс дээрх бараа материалыг авсан болох нь тодорхойгүй. Мөн “Сөүл вин” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тус компанийг төлөөлж хуванцар хавтан авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 1 800 000 төгрөгийг шаардах эрхтэй . Худалдах худалдан авах гэрээг хуульд заавал бичгийн хэлбэрээр хийхийг тусгайлан зохицуулаагүй тул амаар байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зохицуулсан.

 

            Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч тал 1 800 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй ба энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу тоолоход 2017 оны 10 дугаар сард дуусгавар болохоор байх боловч хариуцагч нь 1 800 000 төгрөгийг төлөх тухай хүсэл зоригоо 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн байх тул хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.7. дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/1439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО                   

 

                                 ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 С.ЭНХТӨР