Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1439

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/01439

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г-ийн гаргасан,

Хариуцагч: М-д холбогдох,

 

1,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”Нэхэмжлэгч Г нь Улаанбаатар төмөр замын харъяа ******* дээр барилгын материал зардаг. Хариуцагч М нь түүнээс 2014 оны 09 дүгээр сард бараа материал худалдан авсан бөгөөд хуванцар хавтангийн үнэ 1,800,000.00 төгрөгийг төлөөгүй. Үүнээс хойш мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Бид, 2017 оны 11 дүгэр сарын 14-ний өдөр уулзахад хариуцагч тал бичгээр удахгүй төлнө гэсэн амлалт өгсөн. Гэвч дахин худал хэлж худалдан авсан эд зүйлийн үнийг төлөхгүй байна. Хариуцагч нийт 7,400,000.00 төгрөгийн үнэтэй барилгын материал худалдан авсан хэдий ч 1,800,000.00 төгрөгийг төлөөгүй.

Тус 44 гэсэн нэртэй зах бие даасан байгууллага биш, хэрэв тийм байгууллага бол хариуцагчаас энэ талаар баримт гаргаж өгөх ёстой. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бичгийг нэхэмжлэгчид хандаж өгсөн, тэрээр хуурамч баримт гаргаж өгсөн бол хариуцагч тал маргаж болох байсан. Иймд, хариуцагчаас 1,800,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч М нь 2014 онд С ХХК-ийн дулаалгын ажлыг хийж байхдаа *******аас ирсэн барилгын материалыг буулгадаг гүйцэтгэлийн ажил хийдэг байсан. Гэвч маргааны зүйл болсон хуванцар хавтанг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй.

С ХХК-ийн захирал ******* гэж хүн компаниа дампууруулаад Солонгос улс руу явснаас улбаатай өр зээл үлдсэн байдаг. Талууд ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй учраас тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгэр сарын 14-ний өдрийн тайлбарт худалдагч этгээдийн нэрийг тодорхой бичээгүй байгаагаас гадна хариуцагч нь өөр этгээдээс бараа материал авсан, уг хавтанг өөрөө авч ашиглаагүй тул 1,800,000.00 төгрөгийг төлөх ёсгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гээс хариуцагч Мд холбогдуулан 1,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа 1,800,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо илэрхийлжээ /х.х-ийн 3 хуудас/.

Энэхүү бичгийн агуулгыг тодруулбал “хариуцагч тал 2014 оны 09 дүгээр сард 44 гэсэн нэртэй захаас хуванцар хавтан авсан бөгөөд тус хавтанг С ХХК-нд ажил хийх зорилгоор авсан. Ингээд төлбөрийг төлөх болоход уг компаниас хөлс мөнгөө өгөхгүй байгаа учраас төлбөрийг төлөх боломжгүй байгаа, үнэ болох 1,800,000.00 төгрөгийг С ХХК-нд төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлээд шилжүүлнэ” гэжээ.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг бичгийг нэхэмжлэгчид бичиж өгөөгүй, өөр этгээдэд бичиж өгсөн, хуванцар хавтанг өөртөө ашиглаагүй, харин дээр дурдсан компанид ажиллаж байхдаа компанийн барилгын үйл ажиллагаанд ашигласан гэж тайлбарласан.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г нь ******* дээр барилгын материал зардаг бол хариуцагч М нь С ХХК-нд барилгын ажил гүйцэтгэж, дээр дурдсан захаас барилгын материал буулгадаг байжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 41.2.-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж тус тус заасан.

Тайлбарлавал, гэрээний талуудын хүсэл зоригийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулах болсон талуудын шаардлага, хэрэгцээ болон бусад нөхцөл байдлыг харгалзах учиртай.

Хариуцагч М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бичгэн хэлбэрт тусгасан хүсэл зоригийг тайлбарлавал тэрээр хэн нэгэн этгээдээс барилгын хуванцар хавтан авсан ба төлбөр болох 1,800,000.00 төгрөгийг төлж чадахгүй байгаагаа С ХХК-иас ажлын хөлс аваагүйтэй холбосон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн хуванцар хавтанг тус компанийн ажилд зориулан авсан гэж тайлбарласан ч төлбөрийг нь хариуцагч өөрөө төлөх агуулгыг уг бичгээр илэрхийлсэн байна.

Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж, мөн 65.3.-т “Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Г нь хариуцагч М-ийг С ХХК-ийг төлөөлөн хувцанцар хавтанг худалдан авч байгаа гэдгийг мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд буюу хариуцагч тал энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй бол гагцхүү түүнийг л гэрээний нөгөө тал буюу худалдан авагч гэж ойлгоно.

Гэтэл хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны зүйл болсон хувцанцар хавтанг С ХХК-ийн зүгээс худалдан авч байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар тус барилгын материалыг хариуцагчийг худалдан авч байна гэж ойлгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч М нь нэхэмжлэгч Гээс 1,800,000.00 төгрөгийн үнэтэй хуванцар хавтанг аваагүй гэдгээ баримтаар нотлох ёстой боловч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бичгийг үгүйсгэж чадаагүй.

Хэдийгээр энэ бичигт төлбөрийг авах эрхтэй этгээдийн нэрийг тодорхой дурдаагүй ч нэхэмжлэгч тал өөрийгөө барилгын материал худалддаг болохоо баримтаар нотолсон бол харин хариуцагчид барилгын материал хэрэгтэй байдаг байжээ.

 Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал хариуцагчид 1,800,000.00 төгрөгийн үнэ бүхий хуванцар хавтанг хүлээлгэн өгсөн бол, харин хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Нэгэнт хариуцагч тал худалдан авсан зүйлийн үнийг төлөөгүй учраас нэхэмжлэгч нь түүнээс 1,800,000.00 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

Тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сард ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч тал 1,800,000.00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй ба энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу тоолоход 2017 оны 10 дугаар сард дуусгавар болсон байна.

Гэвч хариуцагч нь 1,800,000.00 төгрөгийг төлөх тухай хүсэл зоригоо 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн байх тул хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн  79.7.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдсон байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн хариуцагч Мэс 1,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 43,750.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР