Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/01127

 

 

 

 

 

 

 

 

                            2023        03          06

            101/ШШ2023/01127

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “В” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “В” ХХК нь шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, түүний төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч С.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “В” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн өмчийн бодлого.зохицуулалтын газарт холбогдох иргэний хэрэгт шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч “В” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй тул дараах байдлаар тодруулж, өөрчлөх боллоо. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтийн “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолоор ...эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулахаар шийдвэрлэсэн байхад ...хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн” гэж үзээд ,, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээж.манай компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлттэй холбоотой маргаанд 2020 оны 05 сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байхад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3303 дугаар дүгнэлтийг гаргаж урьд гаргасан 2019 оны‘4186 дугаар дүгнэлтийн “Дүгнэх” хэсгийн 1 дэх хэсэгт “...В ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” гэсэн бичилтийн өмнө “А”бага сургууль,иргэн А Л // нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн  дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох,” гэсэн бичилтийг нэмж, өөрчлөлт оруулсан байдаг. Харин “В” ХХК нь “А” бага сургуультай 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр "худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  хойд талд байрлах  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед уг барилгын өмчлөгчөөр 2002 оны 1 сарын 23-ны өдөр “А" бага сургууль болон иргэн А.Л нарын нэр дээр өмчлөх эрхийн ,, тоот гэрчилгээтэй байсан. “А” бага сургууль болон иргэн А.Л нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг “В” ХХК, түүний захирал Б.Б мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 болон 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохоор байна. Мөн Баянзүрх дүүргийн дугаар хороо,  хойд талд байрлах  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “А” бага сургуультай 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ”худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж худалдан авч, өмчлөх эрх үүссэнээс хойш 18 жил гаруй хугацаагаар өмчилж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхойлогдоно. Энэ нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна” гэж заажээ. Т-ын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө төрийн өмчид бүртгэх төрийн байгууллагад эзэмшүүлэх тухай” 26 дугаар тогтоолоор “Баянзүрх дүүргийн  дугаар хороо хойд талд байрлах  м.кв талбайтай, Монгол Улсын түүх ,соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн шүүх “В" ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн харин Тын газрыг Түүх соёлын дурсгалт барилгын өмчлөгчөөр тогтоогүй энэ асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33-35 дугаар зүйлүүдэд “хувийн өмчид байгаа түүх.соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах нөхцөлд өмчлөгчтэй тохиролцсоноор төр хүлээн авна. Түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн үнийг харилцан тохиролцсоноор тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “В” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүй төр давуу эрх эдлэхгүй байх ёстой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул Нэхэмжлэгч “В” ХХК- ний эрх, хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс дараах нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэхийг хүсье.

Иймд нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: “В” ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо  хойд талд байрлах  м.кв талбайтай Түүх, соёлын дурсгалт барилгын үнэ болох 1,004,000,000 /Нэг тэрбум дөрвөн сая/ төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул манай компанийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 103 сая төгрөгөөр худалдаж авсан. Улмаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүссэн. Гэтэл улсын байцаагчийн 2019 оны дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлүүлсэн. Ингэснээр шударга өмчлөгч байсныг тогтоосон гэж үзэж байгаа юм. Эхний дүгнэлтийг дахин өөрчлөлт оруулсан байдаг. Ингээд өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь А сургуультай гэрээ байгуулахад өмчлөгч эрхийн гэрчилгээтэй байсан. Бид өмчлөгч биш гэдгийг мэдээгүй тул бид өмчлөх эрхийг шударгаар  олж авсан. Үүнээс хойш 18 жил өмчилж байсан. Иргэний хуулийн 104.2-т зааснаар өмчлөгчийн адилаар эзэмшиж байсан бол өмчлөгч гэж үзнэ. Байр үл хөдлөхийн өмчлөгч хэн болох нь тогтоогдоогүй байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заавал төр өмчлөх албагүй гэж дүгнэсэн. Өмчлөлийн асуудлыг дүгнэх боломжгүй гэсэн. Уг барилга нь төрийн өмчид бүртгэгдээгүй байсан. Захиргааны шүүхийн магадлалд төрийн байгууллагын эрх хэмжээг заасан. Мөн бүртгэл нь өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа үйл явц гэж дүгнэсэн. НИТХ-н барилгыг А сургуулийн эзэмшилд өгсөн тогтоол  одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Энэ тогтоолыг өөрчлөөгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдтэй тогтмол гэрээ байгуулж барилгыг хамгаалж сэргээн засаж ирсэн. Нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт барилгаар бүртгэсэн байдаг. Захиргааны шүүх тогтоолыг хүчингүй болгоогүй тул эзэмшлийн давхцал үүссэн. Хэрэгт худалдах худалдан авах гэрээ авагдсан. Дурсгалт зүйлийг өмчлөгчтэй тохиролцож худалдаж авах замаар төр өмчлөлдөө авах талаар хуульчилсан. Төр нь өмчлөгчийн эрхийг зөрчих ёсгүй. Өмчлөгч нь өөрийн өмчийг хамгаалах эрхтэй. Үндсэн хуульд зааснаар иргэн эд хөрөнгө өмчлөх эрхтэй бөгөөд хувийн өмчийг хураах эрхгүй. 15 жил эзэмшсэн бол өмчлөх эрхийг олж авч болно. Үнэлгээгээр 1 тэр бум 4 саяар үнэлэгдсэн. Дээд шүүх шударга эзэмшигчийн талаар тайлбарласан байдаг. Өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Түүх дурсгалын барилга бол энэ асуудлыг соёлын яам шийдэх ёстой. НИТХ-н тогтоол өмчлөх эрх гэж гарсан бол болох байсан юм.

Хариуцагч нь өмчөө төр авсан гэж байна. Асуудлыг шүүх шийдсэн гэж байна. өмчлөх эрхтэй эсэхийг шүүх л шийднэ. Энэ талаар шүүхийн шийдвэр байхгүй. Өмчлөх эрхийг үндсэн болон иргэний хуулиар шийднэ. Захиргааны актын талаар шийдвэр гарсан эсэх талаар бид маргаагүй. Нэхэмжлэгч нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хэрэв бид өөр этгээдэд бүртгэгдсэн байсан бол энэ гэрээг хийхгүй байсан. Гаднаас нь хараад хэний өмч гэдгийг мэдэх боломжгүй. Иргэний хуулийн 114 нь нэхэмжлэгчид хамааралтай асуудал юм. Энэ хуульд шударга эзэмшигч гэдгийг зохицуулсан. Захиргааны шүүхийн шийдвэрээр А болон Вгийн өмчлөлд бүртгэсэн  талаар дүгнэлт өгөөгүй гэдгийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл өмчлөгчийн эрхийн талаар шийдвэр гараагүй. Нэхэмжлэгч нь шударга өмчлөгчийн хувьд хохирч байна. Соёлын өв гэдэгт маргаагүй юм. Төрийн байгууллага гуравдагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг анхаарах ёстой. Одоо тэгээд нэхэмжлэгч хохироод үлдэх үү. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Өмчлөх эрхийн асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Үл хөдлөхийг гэрчилгээ хуурамч гэдгийг тогтоосон баримтгүй. Тухайн үед улсын бүртгэлээс олгосон баримт нь үнэн зөв тул үүнийг үндэслээд гэрээ хийгдсэн юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д, Х.Н нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бгээс гаргаж буй “В ХХК-ийн өмчлөлд байсан түүх соёлын хосгүй үнэт зүйлийн үнэ болох 1,004,000,000 (нэг тэрбум дөрвөн сая) төгрөгийг Т газраас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “В ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо,  хойд талд байрлах  м.кв талбайтай түүх, соёлын дурсгалт барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул манай компанийг өмчлөгчөөр тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан барилга нь 1900 оны эхээр баригдсан бөгөөд олонд “Төмөр утасны хороо” хэмээн нэрлэгдэж байсан монголын анхны холбооны барилга юм. Хожим нь Холбооны музей байрлан ажиллаж байсан /1998 он хүртэл/ түүхт газар юм. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэл хүрээний утасны хороо, Г.Д жанжны байшинг (хуучин нэрээр) хотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалтад оруулан баталсан байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрийн байгууллага, дүүргүүдийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалт”-ыг баталж, Нийслэл хүрээний утасны хороо байсан байшинг Цахилгаан холбооны үйлчилгээний албад, Г.Д жанжны байшинг Хотын соёлын хэлтэст хариуцуулж хамгаалуулахаар баталсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор уг барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоон, “Анхны холбооны байшин” нэрээр соёлын өвөөр бүртгэн авсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад байхаар, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар уг барилгыг нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулан баталсан байдаг.

1.            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “А бага сургууль болон иргэн А.Л нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг В ХХК түүний захирал Б.Б мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан”, уг эд хөрөнгийг “шударгаар олж авсан” гэжээ. Уг объектын өмлөгчийн талаарх мэдээллийг “В” ХХК түүний захирал Б.Б мэдэх боломжтой байсан. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж, 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Т асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.” гэж, 30.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно.” гэж тус тус заасан байдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг тТ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно.” гэж заасан бөгөөд уг эд хөрөнгийг худалдах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхаар хуульчилсан байдаг. Дээрх заалтуудын дагуу уг эд хөрөнгийг худалдах талаар шийдвэр гарсан эсэх, “А бага сургууль, иргэн А.Л худалдаж авсан эсэх (хэрэв дуудлага хуралдаагаар худалдсан бол уг дуудлага худалдаанд оролцож ялсан талаарх мэдээлэл) талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, холбогдох мэдээллийг (Төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлсөн эсэх, тэмдэглэл, гэрээ хийгдсэн эсэх гэх мэт) олж авах бүрэн боломжтой. Мөн уг объект нь түүх, соёлын дурсгалт барилга эсэх, хувийн өмчид шилжүүлж болох эсэх болон “А бага сургууль, иргэн А.Л нар нь хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлсэн талаарх мэдээллийг судлах боломжтой байсан. Тус объект нь төрийн өмч бөгөөд хувийн өмчит хуулийн этгээд, хувь хунд өмчлөх эрхийг шилжүүлээгүй юм. Тухайлбал: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 сарын 04-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 8 дугаарт А бага сургуулиас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд хурлын шийдвэрт “тогтоолын төслийн “өмчлөлд шилжүүлэх” гэдэг үгийг хасаж оронд нь “эзэмшүүлэхээр” гэж өөрчилж батлах”-аар тодорхой шийдвэр гаргасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 сарын 04-ний өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар “Түүх, соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг “А" сургуулийн эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулах”-аар заасан бөгөөд уг барилгыг “А” сургуульд өмчлүүлээгүй. Гэтэл эзэмшилд шилжүүлсэн тус барилгыг 2002 онд мөрдөгдөж байсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үйлчилгээний зориулалттай болгон “А” бага сургууль болон Монгол Улсын иргэн А.Л нарыг хууль ёсны өмчлөгч хэмээн ,, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгож улмаар 2004 онд өмчлөлийг “В” ХХК-д шилжүүлж, ,, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх бүртгэлийг хууль бус байсныг тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байршилтай, 441 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тус улсын байцаагчийн дүгнэлтэд “В” ХХК нь гомдол гаргаагүй. Т газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.1-т энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг олж авах, мөн хуулийн 11.1-т төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байсан Монгол Улсын түүх соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлт, ТТ газрын 2020 оны 26 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаал зэргийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар “илт хууль бус захиргааны акт” болохыг тогтоолгох талаар “В” ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаартай шийдвэрээр уг барилгыг “А” бага сургууль, иргэн А.Л нарын өмчлөлд шилжүүлсэн болон уг барилгыг гэрээний хүрээнд шилжүүлэн авч өмчлөлдөө бүртгүүлсэн зэрэг асуудал нь хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн болон Т газрын шийдвэрийг тус тус үндэслэлтэй байна гэж үзэж, В ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг “бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “В” ХХК-аас гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 172 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв талбай бүхий “Анхны холбооны байр” байр нь төрийн өмч болохыг шүүхээр тогтоосон. Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дагуу “Анхны холбооны байр”-ыг В ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр ТТ газрын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн А-1/1829 дүгээр албан бичгийг хүргүүлсэн боловч уг байрыг чөлөөлж өгөөгүй. Иймээс ТТ газраас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв талбай бүхий барилгыг “В” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүх соёлын дурсгалыг хамгаалахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/0,,, дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА/022/0,,, дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, В ХХК-аас хяналтын шатанд гаргасан гомдлыг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/0,,,0 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон тул В ХХК- д ТТ газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны А-1/2292 дугаар албан бичгээр хууль бус эзэмшлээс төрийн өмчийн байр талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч сайн дураар биелүүлээгүй тул хуульд заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/Ш32022/28195 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 101/ГХ2022/02798 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан чөлөөлүүлж, “Анхны холбооны байшин”-г хүлээн авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Монгол Улсын Их хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор “Төрөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын “Тав”-ын 2-т “Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж” гэж заасныг зөрчиж хувийн өмчид шилжүүлж бүртгэсэн байсан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Иймд Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө 441 м.кв талбай бүхий төрийн өмчийн барилга нь төрийн өмч бөгөөд уг барилгын өмчлөлийн талаар В ХХК түүний захирал Б.Б нь “мэдэх бүрэн боломжтой” байсан тул уг эд хөрөнгийг “шударгаар олж авсан” гэж үзэх үндэслэлгүй юм.

2.                   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг ... олж авна” гэж дурдсан байна. Уг эд хөрөнгө нь “эзэнгүй эд хөрөнгө” биш бөгөөд төрийн өмчийн эд хөрөнгө юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлд дэлгэрэнгүй тайлбар шүүхэд гаргасан байгаа юм. Нэхэмжлэгч нь А сургууль өмчлөгч биш гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй гэдэг. Уг эд хөрөнгө нь эзэнгүй эд хөрөнгө биш юм. Иргэний хуулийн 104.3-т өмчлөгч эрх олж авах зохицуулалт нь эзэнгүй эд хөрөнгийн тухайд яригдах юм. Уг барилга нь 1900 оны эхээр баригдсан анхны холбооны барилга бөгөөд 1998 он хүртэл холбооны музей байсан. улмаар хотын хамгаалалтад авсан. Мөн төрийн байгууллагад хамгаалуулахаар хариуцуулсан. Соёлын өвөөр бүртгэгдсэн. Нэхэмжлэгч нь өмчлөлийн талаарх мэдээллийг мэдэх боломжтой байсан. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх болон худалдах талаар хуульчилсан байдаг. Иймд худалдах шийдвэр гарсан эсэх худалдаж авсан эсэхийг мэдэх боломжтой байсан. Барилга нь төрийн өмч бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Нийслэлээс А сургуулийн хүсэлтээр эзэмшилд шилжүүлж хамгаалалт авахаар заасан. Гэтэл өмчлөлд шилжүүлээгүй барилгыг тухайн үеийн хуульд заасан журмыг зөрчиж өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгосон байсан. Үүнийг шалгаад улсын байцаагчийн дүгнэлтээр өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон бөгөөд уг дүгнэлтэд гомдол гаргаагүй байдаг. Иргэний хуулийн 109.3-т өмчлөгч биш гэдгийг мэдэж байсан бол бүртгүүлснээр өмчлөгч болохгүй талаар заасан. Ингээд төрийн өмчид бүртгэн авч сэргээн засах шаардлагатай болсноор төрийн байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар дээрх захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өмнө нь өмчлөлд бүртгэснийг хууль бус болохыг тогтоосон. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдсэн. Ингэснээр төрийн өмч мөн болохыг тогтоосон. Ингээд чөлөөлж өгөөгүй тул бид албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Ингээд 3 шатны шүүхээр асуудал шийдэгдсэн. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч нь биелүүлэхгүй байсан тул шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон. ингээд албадан чөлөөлүүлсэн. Иймд уг барилга нь төрийн өмч мөн бөгөөд нэх шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь уг барилгыг өөрийн өмч гэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь энэ нь эзгүй эд хөрөнгө биш бөгөөд төрийн өмч юм. Хариуцагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэдгийг захиргааны шүүх шийдсэн. Төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг засгийн газар буюу ТӨБЗГ хангана гэдгийг хуульчилсан. Хууль бусаар төрийн өмчийг хувьд шилжүүлснийг шалгаж тогтоосон. НИТХ-н тогтоолоор нийслэлийн хамгаалалтад байсан барилгыг эзэмшүүлсэн байхад өмчлөл бүртгүүлсэн байсан. Улмаар хууль зөрчиж бүртгэл хийснийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь ТӨБЗГ-н 26  дугаар тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаад нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч чөлөөлж өгөхгүй байсан тул нэхэмжлэл гаргаж албадан чөлөөлсөн. Хууль бус эзэмшлээс чөлөөлсөн тул нэхэмжлэгчийг өмчлөгч биш эзэмшигч биш гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмчлөл, эзэмшлийн ялгаа гаргахгүйгээр хэлж байна. 27 тогтоол улсын байцаагчийн дүгнэлтээр А, Вгийн гэрчилгээг хүчингүй болгосон. Төрийн өмчийн эд хөрөнгө хувьд очоогүй. Улмаар төрийн өмчид бүртгэж авсан. Энэ шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж захиргааны шүүх шийдсэн. Мөн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн. Иргэний хуулийн 94.1-т зааснаар эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Нэх нь худалдаж авсан гэж байна. Гэтэл хуурамч бичгээр та бүхнийг хохироосон А сургуулиас нэхэх эрх нээлттэй юм. Нэгэнт шүүх шийдсэн тул дахин шийдэх ёсгүй. Өмчлөлд шилжихийн тулд энэ хөрөнгө анх бий болсныг ярих хэрэгтэй. Иймд хуулийн 6.1-д зааснаар хууль батлагдах үед хувьд шилжүүлээгүй хөрөнгө төрийн өмчид байна. НИТХ-н тогтоолоор эзэмшилд шилжүүлээгүй. А өмчлөгч биш гэдгийг шүүх тогтоосон гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 0083 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх10-47/, “А” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар /1-р хх56-72/, ТТ газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1829 дүгээр албан тоот /1-р хх74/, Монгол Улсын Дээр шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 172 дугаар тогтоол /1-р хх75-76/, Улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаар дүгнэлтийн хуулбар /1-р хх77-78/, “В” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол /1-р хх85/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалын хуулбар /1-р хх86-99/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 4-1681/2481 дүгээр албан тоот /1-р хх105/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/0,,, дугаар шийдвэр /1-р хх106-113/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/0,,, дугаар магадлал /хх114-116/, 2004 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ /1-р хх233/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолын хуулбар /1-р хх126/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 172 дугаар тогтоолын хуулбар /1-р хх132-133/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалын хуулбар /1-р хх134-147/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 0083 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх148-185/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01150 дугаар тогтоолын хуулбар /1-р хх186/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх187-194/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/01506 дугаар магадлалын хуулбар /1-р хх195-200/, ТТ газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 26 дугаар тогтоолын хуулбар /1-р хх204/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5/1438 дугаар албан тоотын хуулбар /1-р хх216/, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А-1/261 дүгээр албан тоотын хуулбар /1-р хх217/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/192 дугаар албан тоотын хуулбар /1-р хх218/, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/553 дугаар албан тоотын хуулбар /1р хх219/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь анх 1,004,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах, 441 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилсөн.

 

Хариуцагч Т газар нь анх эзэмших эрх олгосон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр бүртгэсэн нь шалгалтаар илэрч бүртгэлийг хүчингүй болгосон, улмаар энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэж, цаашлаад, иргэний хэргийн шүүх албадан чөлөөлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, гүйцэтгэгдсэн гэж маргаж байна.

 

Маргаж буй барилга нь 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А бага сургууль, А.Л нарын өмчлөлд бүртгэгдсэн.

Улмаар 2004 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “В” ХХК нь худалдан авсан байна. /1-р хх233/

Уг худалдах худалдан авах гэрээний дагуу 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Гэвч хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлтээр уг барилга нэхэмжлэгч “В” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг, улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаар дүгнэлтээр А бага сургууль, А.Л нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгожээ. /1-р хх77-78/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 0083 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх 3303 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.. /1-р хх10-47/

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар дээрх 0083 дугаар шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 172 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /1-р хх134-147, 132-133/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 0083 дугаар шийдвэрт маргаж буй барилгыг А бага сургууль, А.Л нарын өмчлөлд бүртгэгдсэн нь тухай үед мөрдөж байсан хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус бүртгэл болохыг тогтоож, энэ талаар дүгнэгдсэн. /1-р хх40-41/

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор маргаж буй барилгыг А бага сургуульд эзэмшүүлж, хамгаалалтад авхуулсан тул А бага сургууль, А.Л нарт өмчлөх эрх шилжүүлээгүй гэж дүгнэгдсэн.

 

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалд маргаж буй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг А бага сургууль, А.Л болон “В” ХХК нарт олгосон нь өмчлөгч болохыг тогтоож буй захиргааны үйл ажиллагаа биш бөгөөд хууль бусаар бусдын өмчлөлд бүртгэгдэн баталгаажсанаар хувийн өмч болсон гэж үзэхгүй гэж дүгнэжээ. /1-р хх146/

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаар шийдвэрээр маргаж буй барилга нь төрийн өмч гэж дүгнээд албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. /1-р хх187-194/

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01506 дугаар магадлалаар дээрх 02712 дугаар шийдвэрийн техникийн шинжтэй алдааг засаж, шийдлийг хэвээр үлдээж,  Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01150 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээр татгалзаж шийдвэрлэсэн. /1-р хх195-200, 186/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иймд маргаж буй барилга нь хэдийгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байсан боловч энэ нь хууль бус бүртгэл болох нь нэгэнт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, А бага сургууль, А.Л нар нь эрхийн зөрчилтэй эд зүйл худалдсан байна.

 

Цаашлаад, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т зааснаар 2004 оноос хойших хугацаанд тасралтгүйгээр өмчилсөн тул өмчлөх эрх үүссэн гэж маргасан. Гэвч уг барилга нь эзэнгүй эд зүйл биш тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй.

Учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас А бага сургуулийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд харин нэхэмжлэгч нь өмчлөх эрхтэй гэж андуурсан этгээдээс худалдаж авсан байна.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ТТ газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо,  хойд талд байрлах,  м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,177,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД