Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2023/00885

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00885

 

 

В ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ХХК -ийн хариуцагч Т-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтийн тодорхойлох хэсэгт ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолоор ...эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулахаар шийдвэрлэсэн байхад ...хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзээд Ү-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК -ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээж, манай компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлттэй холбоотой маргаанд 2020 оны 05 сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байхад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3303 дугаар дүгнэлтийг гаргаж урьд гаргасан 2019 оны 4186 дугаар дүгнэлтийн Дүгнэх хэсгийн 1 дэх хэсэгт ...В ХХК -ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох гэсэн бичилтийн өмнө А , иргэн А.Л нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 0046147 дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох, гэсэн бичилтийг нэмж, өөрчлөлт оруулсан байдаг. Харин В ХХК нь А тай 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед уг барилгын өмчлөгчөөр 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А болон иргэн А.Л нарын нэр дээр өмчлөх эрхийн 0046147 тоот гэрчилгээтэй байсан. А болон иргэн А.Л нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг В ХХК , түүний захирал Б.Б мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 болон 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд өмчлөх эрх үүссэнээс хойш 18 жил гаруй хугацаагаар өмчилж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Энэ нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасан хугацаагаар эзэмшсэн этгээд өмчлөх эрхийг олж авдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө төрийн өмчид бүртгэх төрийн байгууллагад эзэмшүүлэх тухай 26 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн шүүх В ХХК -ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Түүх соёлын дурсгалт барилгын өмчлөгчөөр тогтоогүй энэ асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33-35 дугаар зүйлүүдэд хувийн өмчид байгаа түүх. соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах нөхцөлд өмчлөгчтэй тохиролцсоноор төр хүлээн авна. Түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн үнийг харилцан тохиролцсоноор тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу В ХХК -ийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүй төр давуу эрх эдлэхгүй байх ёстой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч В ХХК маргаан зүйлийн үнэ болох 1,004,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул манай компанийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Барилга нь 1900 оны эхээр баригдсан бөгөөд Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор уг барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоон, Анхны холбооны байшин нэрээр соёлын өвөөр бүртгэн авсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад байхаар, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар уг барилгыг нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулан баталсан. В ХХК -ийн төлөөлөгч тухайн барилгын өмчлөгч хэн болохыг мэдэх боломжтой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг эд хөрөнгийг худалдах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхаар хуульчилсан бөгөөд худалдах талаар шийдвэр гарсан эсэх, А , иргэн А.Л худалдаж авсан эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, холбогдох мэдээллийг олж авах бүрэн боломжтой. Мөн уг объект нь түүх, соёлын дурсгалт барилга эсэх, хувийн өмчид шилжүүлж болох эсэх болон А , иргэн А.Л нар нь хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлсэн талаарх мэдээллийг судлах боломжтой байсан. Тус объект нь төрийн өмч бөгөөд хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар Түүх, соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг Арвис бага сургуулийн эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулах-аар заасан бөгөөд уг барилгыг А д өмчлүүлээгүй. Гэтэл эзэмшилд шилжүүлсэн тус барилгыг 2002 онд мөрдөгдөж байсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үйлчилгээний зориулалттай болгон А болон иргэн А.Л нарыг хууль ёсны өмчлөгч хэмээн 0046147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгож улмаар 2004 онд өмчлөлийг В ХХК -д шилжүүлж, Ү-* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх бүртгэлийг хууль бус байсныг тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байршилтай, * м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК -ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тус улсын байцаагчийн дүгнэлтэд В ХХК нь гомдол гаргаагүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг олж авах, мөн хуулийн 11.1-д төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байсан Монгол Улсын түүх соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 26 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаал зэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэж, В ХХК -аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 172 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгө болох * м.кв талбай бүхий Анхны холбооны байр байр нь төрийн өмч болохыг шүүхээр тогтоосон. Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дагуу Анхны холбооны байр-ыг В ХХК -ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн А-1/1829 дүгээр албан бичгийг хүргүүлсэн боловч уг байрыг чөлөөлж өгөөгүй. Иймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас маргаан бүхий барилгыг В ХХК -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүх соёлын дурсгалыг хамгаалахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА/022/01506 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, В ХХК -аас хяналтын шатанд гаргасан гомдлыг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01150 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу албадан чөлөөлүүлж, Анхны холбооны байшин-г хүлээн авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасан. Монгол Улсын Их хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор Төрөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт-ын Тав-ын 2-т Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж гэж заасныг зөрчиж хувийн өмчид шилжүүлж бүртгэсэн байсан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Иймд Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө * м.кв талбай бүхий төрийн өмчийн барилга нь төрийн өмч бөгөөд уг барилгын өмчлөлийн талаар В ХХК түүний захирал Б.Б нь мэдэх бүрэн боломжтой байсан тул уг эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Уг эд хөрөнгө нь эзэнгүй эд хөрөнгө биш бөгөөд төрийн өмчийн эд хөрөнгө юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах, * м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч В ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,177,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: В ХХК нь А тай 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдах,худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед уг барилгын өмчлөгчөөр 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А болон иргэн А.Л нарын нэр дээр өмчлөх эрхийн 0046147 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК -ийг бүртгэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй .эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж ямар нэгэн тайлбаргүйгээр хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх Улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтээр Ү-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК -ийг бүртгэсэн бүртгэлийг улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаарт дүгнэлтээр А .А.Л нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0083 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх улсын байцаагчийн 2019 оны 4186,2020 оны 3303 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд маргаж буй барилга нь хэдийгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байсан боловч энэ нь хууль бус бүртгэл болох нь нэгэнт тогтоогдсон байна.Өөрөөр хэлбэл А , А.Л нар нь эрхийн зөрчилтэй эд зүйл худалдсан байна..." гэсэн дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

В ХХК нь улсын бүртгэлд бүрдүүлсэн бичиг баримт, тэмдэглэл буруу ташаа гэдгийг мэдэх боломжгүй байсан төдийгүй тухайн үеийн А , А.Л нарын өмчлөх эрхийн 0046147 тоот гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх олж авсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан өмчлөгч биш этгээдээс өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авах эрх шилжүүлж байгаа А .А.Л нарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь В ХХК нь үнэн зөв гэж итгэхэд хүргэсэн тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шударга өмчлөгч манай компанийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно... гэсэн зүйлийг зөрчиж байна. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо.Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг А тай 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдах,худалдан авах гэрээг байгуулж худалдан авч, өмчлөх эрх үүссэнээс хойш 16 жил гаруй хугацаагаар өмчилж үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхойлогдоно. Манай компани худалдан авч өмчилж байсан хугацаанд төрийн болон орон нутгийн төрийн байгууллагаас уг барилгын эзэн нь манай байгууллага гэдэг талаар мэдэгдэл, анхааруулга өгч байсан тохиолдол гараагүй бөгөөд Төрийн болон Нийслэлийн өмчийн бүртгэлт бүртгэгдээгүй болно. Энэ нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгтХуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж заасан байна. А болон иргэн А.Л нарын өмчлөлд шилжсэнээс хойш 18 жилийн дараа улсын байцаагч хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын төлөө субъектив байдлаар хандаж өмчлөх эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгож.улмаар Т- өөртөө шилжүүлж авах тогтоол гаргаж байгаа нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэхээр байна. Уг барилга Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны техникийн 2000 оны 05 сарын 25-ний өдрийн дүгнэлтэд Энэ барилга анх 1900-аад оны эхээр Оросын Үнэн алдарт-ны шашны хөгжимчдийн байрны зориулалтаар баригдсан бөгөөд 1920-иод онд түүнтэй залгаа баригдсан хэсэгт Дэмид жанжин ажиллаж байсан талаар дурдсан байгаа нь түүхийн дурсгалд хамаарах эсэх нь эргэлзээтэй холбогдох баримт материал,эх сурвалжийг судлах шаардлагатай байдаг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож,В ХХК -ийн өмчлөх эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2712 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас В ХХК -ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Т- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шаардсан. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, Улсын Дээд шүүх танхимын нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн. Түүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу албадан гүйцэтгүүлсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлсэн. Иймээс өмчлөх эрхийн асуудлыг нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн учир шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Харин улсын бүртгэлийн алдаатай бүртгэлтэй холбоотой асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрүүд мөн хуулийн хүчин төгөлдөр болсон. В ХХК -ийн хувьд уг үл хөдлөх эд хөрөнгийг Т- эсхүл Нийслэлийн өмчийн газар, болон Засаг даргаар гэрээ байгуулан худалдаж аваагүй. Харин ч Арвис бага сургуулиас худалдах, худалдаж авсан. Тус эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хувьд асуудалтай байгаа болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. Уг худалдаж авсан объект нь эрхийн хувьд доголдолтой байсан болох нь шүүхийн шийдвэрүүдээр тодорхой байхад Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эрхийн доголдлыг арилгах үүргийг хүлээдэг. В ХХК -ийн хувьд Арвис бага сургуулиас эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсантай холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Харин Т- нь төрийн өмчийг харилцаж байгаа байгууллагын хувьд уг хөрөнгийг хариуцахгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул Арвис бага сургуулиас нэхэмжлэх боломжтой. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өмчлөгч шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаанд хамааралтай үйл баримтыг зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан 1,004,000,000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай Түүх, соёлын дурсгалт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК -ийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Арвис бага сургуулийн төлөөлөгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр маргааны зүйлийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд тус сургуулийн захирал, иргэн А.Л нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд өмчлөх эрх үүссэнээс хойш 18 жил гаруй хугацаагаар өмчилж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж, хариуцагч нь татгалзлаа ...тухайн барилгын өмчлөгч хэн болохыг худалдаж авах үедээ мэдэх боломжтой байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Арвис бага сургуулийн эзэмшилд шилжүүлсэн болохоос өмчлүүлээгүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд уг үйлдлийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож шийдвэрлэсэн, төрийн өмчийн барилга байх тул эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Уг эд хөрөнгө нь эзэнгүй эд хөрөнгө биш, анхнаасаа төрийн өмч хөрөнгө байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-3, хх128-131, 2хх1-5/

4. Зохигчдын маргаж буй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох түүх, соёлын дурсгалт барилгыг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авсан, уг барилга нь төрийн өмч байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолоорХотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал-ын жагсаалтад Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин гэж, мөн Нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар түүх соёлын дурсгал болох Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин-г хариуцан хамгаалах үүргийг Цахилгаан холбооны үйлчилгээний албанд ногдуулсан байна./хх10-47/

 

4.1. Үүний дараа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Түүх, соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг Арвис бага сургуулийн эзэмшилд шилжүүлж, ашиглалт, хамгаалалтад байлгахаар шийдвэрлэсэн байтал хууль зөрчиж А , А.Л нар нь 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0046147 дугаар гэрчилгээг авчээ. /хх-8/

 

4.2. Улмаар А нь В ХХК -тай 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан уг гэрээг үндэслэн маргаан бүхий * м.кв талбайтай барилгыг 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр В ХХК -ийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-7/

 

4.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 д үгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах * м.кв талбайтай, Монгол улсын Түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-204/

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаар дүгнэлтээр ...Анхны холбооны байшинг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор эзэмшүүлэх гэж заасан байсныг үл харгалзан Улсын бүртгэлийн ерөнхий газраас өмчлөх эрх олгосон нь хууль бус гэж дүгнэн, А , В ХХК -д олгосон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх77-78/

 

5.1. Уг дүгнэлтийг В ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлт болон 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна./хх10-47, 86-99, 132-133/

5.2. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь В ХХК -д холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах * м.кв талбай бүхий барилгыг В ХХК -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаар шийдвэрээр Анхны холбооны барилгыг В ХХК -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/01506 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх187-194, 195-200/

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, * м.кв талбай бүхий Монгол улсын Түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, төрийн байгууллагад эзэмшүүлсэн талаар шүүх дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг байна.

 

6.1. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь төрийн өмч байх бөгөөд тус хөрөнгийг эзэмшиж ашиглаж хамгаалахаар үүрэг хүлээсэн А , иргэн А.Л нар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олж авсны дараа уг үл хөдлөх эд хөрөнгийг В ХХК -д худалдан борлуулсан нь Иргэний хуулийн_ 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар В ХХК -г өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

 

Учир нь маргааны зүйл болох барилга нь төрийн өмч байх бөгөөд өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр түүний эзэмшлээс гарсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан этгээд буюу В ХХК -ийн хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчөөр тооцогдохгүй. Иймд гуравдагч этгээдийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдахгүй өөрөөр хэлбэл шаардах эрхийг үүсгэхгүй.

 

 

Түүнчлэн хэргийн баримтаар төрийн хөрөнгийг нэхэмжлэгч нь 15 жилийн хугацаагаар эзэмшсэнийг эзэнгүй эд хөрөнгө байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул В ХХК -г өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...В ХХК нь шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авч, эзэмшиж байхад түүний эзэмшил, өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхив.

6.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тодорхойлжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...243 дугаар зүйлийн 243.1, 104 дүгээр зүйлийн 104.1 гэснийг хасч, 114 дүгээр зүйлийн 114.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,177,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН