Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2023/00184

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “С ” ХХК /захирал А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Е, түүний өмгөөлөгч А,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Х,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Е нь хариуцагч Б аймгийн “С ” ХХК-д холбогдуулан Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1  Миний бие анх 2014 оны 06 дугаар сараас тус “С ” ХХК-д Захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд бохир усны 3 дугаар насосын станцын машинистаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж ирсэн.

1.2 Улмаар намайг “С ” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 тоот тушаалаар 2 дугаар бохир усны насосын станцын машинистын албан тушаалд томилсон билээ. Тухайн албан тушаалд ажилласан  хугацаанд ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй.

1.3 Тухайн өдөр өглөө 8 цагт ажилдаа ирээд орой 4 цагийн үед даралт маань ихэссэн тул бага зэрэг архи уусан маань үнэн. “С ” ХХК-ийн төлөөлөгч нар цагдаагийн байгууллагад аваачиж үлээлгэж согтуурлын хэмжээг тогтоосон бөгөөд 25000 төгрөгөөр торгуулсан. Маргааш нь хурал хийнэ гэж дуудсан. Тухайн өдөр надад гар баримт бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Өөрсдөө хэлэлцэх болно гээд явуулсан. Орой нь Х залгаж дуудахаар нь очоогүй байсан. Маргааш нь ажилдаа очиход ажлаас халах тухай тушаалыг гардуулсан.

1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл “С ” ХХК-ийн захирал 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Б/81 тоот дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Тус ажлаас чөлөөлөхдөө надад урьдчилан мэдэгдэх хуудас өгөөгүй, сануулаагүйд гомдолтой байна. Ажил олгогч бид нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үзүүлээгүй, авъя гэхэд өгөөгүй байсан.

1.5 Иймд Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн “С ” ХХК-ийн захирал А хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.Е-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Ж.Е нь ажлын байранд архидан согтуурч, ноцтой зөрчил гаргаж Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн билээ.

2.2 Тухайн өдөр Ж.Е нь ээлжинд байх хугацаанд инженер техникийн ажилтнууд эргэлт, шалгалт хийхэд архи, согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэсэн байсан.

2.3  Ж.Е эрсдэлтэй ажлын байранд ажилладаг учраас амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газарт мэдэгдсэн ба тус Цагдаагийн газрын албан хаагч түүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээг нь тогтоож, Ж.Е-ыг эхнэрт нь хүлээлгэж өгсөн байна.

2.4  Ажилтан Ж.Е ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчлийн хуудаст тайлбараа бичиж өгсөн.

2.5 Ж.Е-ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө Захирлын зөвлөлийн хуралд оролцуулж тайлбарыг нь сонссон ба  хурлын шийдвэрийг танилцуулж, тушаалын нэг хувийг өөрт нь гардуулж өгсөн болно.

2.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд болон хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.Е-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

2.6 Манай компанийн дотоод журамд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажилдаа ирэх, ажилтнуудыг хэл амаар доромжлох, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхыг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар зохицуулсан. Иргэн Ж.Е нэхэмжлэлдээ надад сануулахгүйгээр ажлаас халсан гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос 30 хоногийн өмнө надад мэдэгдэх ёстой байсан гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажилтан зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир ажлаас халах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 дугаар тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дүгээр тушаал, 2011/4712 дугаартай мэргэжлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, Ж.Е-оос 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргад гаргасан өргөдөл, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШЗ2023/00022 дугаартай шүүгчийн захирамж,  өмгөөллийн гэрээ зэргийг,

Хариуцагчаас Б.Хажымурат, Б.Мухтар нарт олгосон итгэмжлэл, захирлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн хурлын тэмдэглэл, “С ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дүгээр тушаал, зөрчил бүртгэх хуудас, 2 ширхэг СД оршуулгын хамт, “С ” ХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Етой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ж.Е-ын Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны станцын машинистын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие “С ” ХХК-ийн 2 дугаар бохир усны насосын станцын машинистаар ажиллаж байсан ба ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл “С ” ХХК-ийн захирал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/81 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөхдөө надад урьдчилан мэдэгдээгүй, сануулаагүйд маш их гомдолтой байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Е нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж ээлжийн ажилд байх хугацаанд архи, согтууруулах ундаа  хэрэглэсэн тул үүрэгт ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа аж, ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд бохир усны 3 дугаар насосын станцын машинист ажилтай Ж.Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2 дугаар бохир усны насосын станцын машинистын албан тушаалд томилсон байна.

7.2 Мөн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4.5, 6.1.4.12 дахь заалтуудыг үндэслэн тус компанийн Бохир усны 2 дугаар насосын станцын машинист Ж.Е-ыг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан байна.

7.3 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр “С ” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар ажлын байранд ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн 2 дугаар бохир усны насосын станцын машинист ажилтай Ж.Е-д хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж Ж.Е-ын тайлбарыг сонссон  ба тухайн хурал дээр нэхэмжлэгч Ж.Е-оос “нэг танил маань ажлын байранд ирээд 1 шил архи уучихсан. Том шилтэй архи уусан болохоор нэлээн согтсон байна.  Би олон хүүхэдтэй, олон жил ажилласан хүн. Бүх буруугаа хүлээж байна. ... Ганц удаа уучлан уу. Дараагийн удаа зөрчил гаргахгүй” гэж тайлбарласан байна.

7.4 “С ” ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.Хажымуратаас 2 дугаар бохир усны насосын станцын машинист Ж.Е-ын  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 25 минутад  нэхэмжлэгч Ж.Е-оос “Миний бие архи уусан нь үнэн. Тухайн өдрийн 15 цаг 25 минутад ажлын байранд ажлын цагт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд зөрчил бүртгэх хуудас хөтөлсөн бөгөөд нэхэмжлэгч Ж.Е-оос зөрчлөө хүлээн мэдүүлж гарын үсэг зуржээ.

7.5 Хариуцагч талаас “С ” ХХК-ийн  Захиргаа аж, ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд бохир усны 3 дугаар насосын станцын машинист ажилтай Ж.Е-той 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын зургаадугаар зүйлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, ажил хүлээлцүүлэх, ажлын байрыг хэвээр хадгалах зэргийг зохицуулсан байх ба уг журмын 6.1.4-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан ба 6.1.4.5 дахь хэсэгт ажлын байранд ажлын ба ажлын бус цаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажилд ирэх, ажиллах ..., 6.1.4.12 дахь хэсэгт ажлын байранд архи, мансууруулах бодис хэрэглэх... гэж тус тус заажээ.

 

8.Нэхэмжлэгчээс зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч тайлбарласан ба ажлаас чөлөөлөхдөө надад урьдчилж сануулаагүй, миний хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж маргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, 123.2, 123.2.5 дахь хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Е нь ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон байх ба “С ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр уг зөрчил нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд Ж.Е нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчиж хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг цуцлах зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Е-ын Б аймгийн “С ” ХХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/81 дугаартай “Ж.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 2 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х