Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2023/00183

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Шовогт Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Нисэх буудал /дарга Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5950000 /таван сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5950000 /таван сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/01 дугаар шийдвэрийн дагуу Б аймаг дахь Нисэх буудалд үйлчлэгч шаардлагатай гэж үзээд Захиргаа удирдлагын газар, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын газарт үүрэг өгч, нэг ажилтан нэмж ажиллуулахаар болсон. Үүний дагуу Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг үйлчлэгчээр томилон ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш тус ажлын байранд тогтвор суурьшилтай 5 жил гаруй ажилласан.

1.2 Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж ирсэн. Гэтэл намайг Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цомхотголд орж байна хэмээн ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан юм.

1.3 Улмаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаартай шийдвэрээр Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд эгүүлэн тогтоосон.

1.4 Гэтэл хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд намайг ажилд авч ажиллуулаагүй, маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн юм. Шүүхээс намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгон, эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул энэ хугацаанд авах ёстой цалин хөлсийг хуулийн дагуу авах эрхтэй юм.

Иймд Б аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,950,000 /таван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймаг дахь Нисэх буудлын дарга Е хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч би Б-ээс шүүхэд гаргасан тус байгууллагаас 5,950,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Нэхэмжлэгч Б нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2022 оны 3 дугаар сард 347,727 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 450,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 450,000 төгрөг нийт 1,247,727 төгрөгийн цалин хөлс гарч байна. Ажил олгогчийн шийдвэрээр Бийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөд түүнд ээлжийн амралтын нөхөн олговорт 292,825 төгрөгийг олгосон.

2.2 Нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлтэй Б аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох маргаан иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрүүд учраас Хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулдаг ажилд эгүүлэн тогтоох мэтээр гуйвуулан ажилгүй байсан хугацааны олговор нөхөн олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.3 Дээр дурдсан саруудын тооцоо хавтаст хэрэгт авагдсан Нисэх буудлын нягтлан бодогч Жандосын гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаар шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2022/00097 дугаар магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөллийн гэрээ зэргийг,

Хариуцагчаас С-д олгосон итгэмжлэл, Б аймаг дахь Нисэх буудлын нягтлан бодог Ж-аас гаргасан Ө Нисэх буудалд гэрээт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Б-ийн 2022 оны цалингийн түүвэр зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 5950000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 5638475 төгрөгийг хангаж, 311525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар цомхотголд орж байна гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие шүүхэд хандсанаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаартай шийдвэрээр Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь намайг  гэрээнд заасан хугацаанд авч ажиллуулаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5950000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлтэй Б аймгийн Нисэх буудлын даргад холбогдох маргаан иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдсэн тул ажилгүй байсан хугацааны олговор олгох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаартай шийдвэрээр Б аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Бийг Б аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2022/00097 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

7.2 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгээс үзэхэд хариуцагч нь Б-тэй жил бүр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулж ирсэн ба 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

7.3 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх  тодорхойлолтоос үзэхэд даатгуулагч БЮ85102602 дугаартай, Зейнелийн Бейбитгүлийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болох Б аймаг дахь Нисэх буудлаас төлж байсан бөгөөд цалингийн хэмжээг гэрээг дуусгавар болгохоос өмнөх гурван сарын хугацаанд буюу  2023 оны 3 дугаар сард 672272 төгрөг, 4 дүгээр сард 840000 төгрөг, 5 дугаар сард 870000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тогтоогдсон байна.  Б аймаг дахь Нисэх буудлын нягтлан бодогч /Ж/ нь Ө нисэх буудалд гэрээт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Бийн 2022 оны цалингийн түүврийг гаргаж өгчээ.

 

8.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан ба хариуцагч талаас тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.

Шүүхийн шийдвэрээр ажиллуулагч Б аймаг дахь Нисэх буудлын дарга нь гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь ажиллуулагчийн үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна гэж үзлээ. Үүрэг гүйцэтгэгч болох Б нь үүргээ гэрээний хугацаанд гүйцэтгэсэн бол олох байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо гэрээ цуцлахаас өмнө авч байсан ажлын хөлсний дундаж хэмжээгээр тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Б нь гэрээг цуцлахаас өмнөх гурван сард дунджаар 794090   /672272+840000+870000=2382277:3=794090/  төгрөгийн хөлс авч байсан нь тогтоогдсон байна.

 Хариуцагч талаас тус байгууллагын нягтлан бодогчийн гаргасан Ө нисэх буудалд гэрээт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Бийн 2022 оны цалингийн түүврийг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримт нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн цалингийн хэмжээг бүхэлдээ няцаахгүй байгаа тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Нэхэмжлэгч Б нь гэрээг цуцалснаас хойш буюу 2022 оны 6 дугаар сараас гэрээний хугацаа дуусах хүртэл  буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 7 сар, ажлын 10 хоногийн хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэсэн бол олох байсан орлого нь 5936760 төгрөг байх ба үүнээс амралтын мөнгө гэж олгосон 298825 төгрөгийг хасаж тооцож,  Б аймаг дахь Нисэх буудлын санхүүгээс 5637935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох зүйтэй байна.

 

10.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б-ийн гэрээгээр ажилласан хугацаанд олох байсан орлого 5637935 төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Нисэх буудлаас  105156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б аймаг дахь Нисэх буудлын санхүүгээс 5637935 /таван сая зургаан зуун гучин долоон мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээгээр ажилласан хугацаанд олох байсан орлого 5637935/таван сая зургаан зуун гучин долоон мянга есөн зуун гучин таван/  төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Нисэх буудлын санхүүгээс 105156 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х