Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2023/00047

 

 

     

 

 

      

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****оршин суух Ш овогт З-ийн Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудал /дарга К.Е/-д холбогдох,

“хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбогдуулан өөрт учирсан хохиролд 5,950,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/01 дугаар шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудалд үйлчлэгч шаардлагатай гэж үзээд Захиргаа удирдлагын газар, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын газарт үүрэг өгч, нэг ажилтан нэмж ажиллуулахаар болсон. Үүний дагуу Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг үйлчлэгчээр томилон ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш тус ажлын байранд тогтвор суурьшилтай 5 жил гаруй ажилласан.

1.2. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж ирсэн. Гэтэл намайг Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цомхотголд орж байна хэмээн ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан.

1.3. Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Баян- Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд эгүүлэн тогтоосон.

1.4 Гэтэл хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд намайг ажилд авч ажиллуулаагүй, маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Шүүхээс намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгон, эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул энэ хугацаанд авах ёстой цалин хөлсийг хуулийн дагуу авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,950,000 /таван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан надад олгож өгнө үү.

 

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

 2.1.Нэхэмжлэгч З.Б- нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2022 оны 3 дугаар сард 347,727 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 450,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 450,000 төгрөг нийт 1,247,727 төгрөгийн цалин хөлс гарч байна. Ажил олгогчийн шийдвэрээр З.Б-ийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөд түүнд ээлжийн амралтын нөхөн олговорт 292,825 төгрөгийг олгосон.

2.2. Нэхэмжлэгч З.Б-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох маргаан иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрүүд учраас Хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулдаг ажилд эгүүлэн тогтоох мэтээр гуйвуулан ажилгүй байсан хугацааны олговор нөхөн олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.3. Дээр дурдсан саруудын тооцоо хавтаст хэрэгт авагдсан Нисэх буудлын нягтлан бодогч Жандосын гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00183 дугаар шийдвэрээр 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын санхүүгээс 5637935 /таван сая зургаан зуун гучин долоон мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээгээр ажилласан хугацаанд олох байсан орлого 5637935/таван сая зургаан зуун гучин долоон мянга есөн зуун гучин таван/ төгрөгөөс даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын санхүүгээс 105156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхэд хариуцагчаар татагдсан Баян-Өлгий аймаг дах Нисэх буудлын дарга К.Е-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130\ШШ2023\00183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүх З.Б-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох цалин хөлсний нөхөн олговрын маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгаа явдалд гомдолтой байна.

4.3. Бодит байдалд нэхэмжлэгч З.Б- нь тус Нисэх буудлын гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2022 оны 3 дугаар сард 347,727 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 450,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 450,000 төгрөг нийт 2,247,727 төгрөгийн цалин хөлс авч байсан. Ажил олгогчийн шийдвэрээр З.Б-ийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх үед түүнд ногдох ээлжийн амралтын нөхөн олговорт 292,825 төгрөг олгосон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас 5637935 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдал нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогчоос З.Б-д 2022 оны 3 дугаар сард 672272 төгрөг, 4 дүгээр сард 840000 төгрөг, 5 дугаар сард 870000 төгрөгийн цалин хөлсийг тус тус олгож байгаагүй, ингэж олгох санхүүгийн боломжгүй. Өөрөөр хэлбэл З.Б- тус байгууллагад гэрээт үйлчлэгчийн ажлыг эрхэлж байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан ба тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг байсан.

4.4. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”гэсэн зарчимд нийцэхгүй байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон К.Ержаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг олох ёстой орлого гэж үзээд гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Цалингийн асуудал дээр доод хэмжээ гэсэн ойлголт байхгүй. Жил бүр хөлсөөр ажиллаж байсан ажилтны цалинг тогтоож, олгож байсан нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Сүүлийн 3 сард тогтвортой олгож байсан цалин хөлсөөр ажилгүй байсан хугацааны цалинг тооцож нэхэмжилсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч тус аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбогдуулан өөрт учирсан хохиролд 5,950,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.   

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд  тогтоогдов:  

8.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00828 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, З.Б-ийг Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2022/00097 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

8.2. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудал нь үйлчлэгч З.Б-тэй жил бүр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж ажиллуулж ирсэн байх ба 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.

 

9. Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Нисэх буудлын дарга уг хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэгч З.Б-ийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь ажиллуулагчийн үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.  

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бодит байдалд нэхэмжлэгч З.Б- нь тус Нисэх буудлын гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2022 оны 3 дугаар сард 347,727 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 450,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 450,000 төгрөг, нийт 2,247,727 төгрөгийн цалин хөлс авч байсан. Ажил олгогчийн шийдвэрээр З.Б-ийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх үед түүнд ногдох ээлжийн амралтын нөхөн олговорт 292,825 төгрөг олгосон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас 5637935 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдал нийцэхгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Анхан шатны шүүхээс Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг гэрээг дуусгавар болгохоос өмнөх гурван сарын хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сард 672272 төгрөг, 4 дүгээр сард 840000 төгрөг, 5 дугаар сард 870000 төгрөгөөр тооцож, сард дунджаар 794,090 төгрөг гэж, ажилгүй байсан хугацааг 7 сар, 10 хоног гэж, амралтын мөнгө 298,825 төгрөгийг хасаж, нийт төлбөрийг 5,637,935 төгрөгөөр тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй байв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00183 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ