Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00194

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Р-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлах 831 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захирах зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч Е, түүний өмгөөлөгч С,

Хариуцагч Р, түүний өмгөөлөгч С, Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Р-д  холбогдуулан Б аймаг, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлах 831 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захирах зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/66 тоот захирамжаар Б, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлах 914 м.кв үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг авсан.

1.2 Улмаар тус газарт засаг, захиргааны нэгжийн хуваарилалтаар 11 дүгээр баг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр Б аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 27/49 тоот захирамж болон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/66 тоот захирамжаар тус тус газар эзэмших гэрчилгээг шинээр авсан.

1.3 Үүний үндсэн дээр тус газарт 8310 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000565182 тоот гэрчилгээг авсны үндсэн дээр хууль ёсны өмчлөгч болсон.

1.4 Гэтэл 2022 оны 07 дугаар сараас тус газарт хариуцагч нь газар эзэмших эрхтэй болсон, үүний дагуу барилга барих тухай ярьж эхэлсэн. Хариуцагчийн барих гэж буй барилгын хувьд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн чанх урд байрлалтай 3, 4 давхар барилга барих тухай хэлсэн. Энэ асуудлаар хариуцагчийн өөрт нь гомдол гаргасан ч эвлэрэхгүй тухай хэлсэн. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ч 30 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд гомдолд маань хариу өгсөнгүй. Өөрөөсөө шалтгаалах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүхий бололцоонд хийсэн ч үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандаж байна.

1.5 Одоогийн байдлаар хариуцагч нь тус газарт барилга барихаар газар шорооны ажлаа дуусгаж, барилгын суурь цутгасан байдалтай байгаа. Хариуцагч нь тус газарт барилга барьснаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө руу нэвтрэх орц, гарц бүрэн хаагдаж байна. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэх ганц орц гарц нь хариуцагчийн барилга барих гэж байгаа газар болно. Нөгөө талаас хэдэн давхар барилга барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нар тусах талыг бүрэн хаах эрсдэлтэй байна. Түүнчлэн, Барилгын норм ба дүрэмд зааснаар барилгын хоорондын зай, галын аюулаас хамгаалах шаардлага зэргийг тус тус зөрчиж байна.

Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад ямар нэгэн байдлаар саад учруулж буй үйлдэл болж байна.

1.6  Миний өмнөх барилга маань 2011 онд ашиглалтад орсон. Р бид хоёр барилгыг зэрэг эхлүүлж байсан. Тухайн барилга халаалтгүй байсан. Халаалтыг 40 айл талаасаа татсан ба хэд хэдэн айл халаалт авсан. Халаалтын мөнгө гэж нэг ч төгрөг нэхээгүй. Ямар ч үнэ төлбөргүй хашаанд байгаа блокийг өгч байсан. Гэтэл Р цонхыг хааж, цонхны тавцанд хог хаяж, зүгээр байсан бохирын шугамыг авч хаяад тал талаасаа миний эрх ашгийг богдуулж байна. Миний бие маш их гомдолтой байгаа. Засвар хийх ямар ч боломжгүй болсон. Засвар хийх гэхээр манайхаар дамжиж ороорой гэж байна хариуцагчийн зүгээс. Хариуцагчийн гэрт очиж цаашаа дамжиж орох ямар ч боломжгүй. Эвлэрэх боломжгүй тул шүүхэд хандсан. Р-ны нэг айлын орон сууцны өргөтгөлийн барилгын ажлын схем гэж байгаа. Цонхны тал дээр ямар нэгэн зураг төсөл оруулаагүй байна. 2014 онд газар эзэмших эрх нь хүчингүй болж байсан. Яагаад газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаар мэдэхгүй. Газар эзэмших эрхээ сэргээлгэж авахдаа мод тарина гэж хүсэлт гаргаж авсан байна. Одоо тухайн газарт мод тарих биш барилга барих гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр манай барилгад тулгаж барина гэсэн зүйл байхгүй. Зөвхөн барилгыг урьд талдаа барина гэх зургийг гаргаж өгсөн байна. Би барилгынхаа цонхыг онгойлгож чадахгүй байна. Зунжингаа цонхны өмнө хогоо хаясан. Урьд талд гарааж барина гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орж гарах боломжгүй болох гэж байна.

1.7 Иймд Б, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлах 8310 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Р хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Е-аас тус шүүхэд гаргасан “Баян- Өлгий, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлалтай 831,0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Монгол улсын иргэн Р надад Б аймгийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр захирамжаар 720 м.кв газрыг худалдаа үйлчилгээний \орон сууц\ зориулалтаар хууль ёсоор эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл надад эзэмшүүлсэн газарт тус аймгийн Засаг даргаас 2007 оны 06 дугаар сарын 30-ны өдөр № 000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 50 жилийн хугацаатай олгосон. Дараа нь Б аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаартай захирамжаар “аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон БЭ-000000 регистрийн дугаартай Бахат овогт Халиасхарын Рауан зөрчлөө арилган холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсэн тул нэгж талбарын 0000000000 дугаартай 633 м.кв газрыг  үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн шийдвэр гарсан.

2.2 Уг газарт 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг эзэмшил газарт барьсан 218,75 м.кв талбайтай амины орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Одоо хүртэл Р надад газар эзэмшүүлсэн тус аймгийн Засаг даргын 2013 оны 557 дугаартай захирамж, газар эзэмшүүлсэн гэрчилгээ, гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус тус хуулийн хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл Р би уг газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр авсан тул хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна.

2.3 Р би бусдын эзэмшлийн газарт хашаа татаагүй, нэг ч объект бариагүй, бусдын газар эзэмших эрхэд саад хийгээгүй. Харин 2013 онд урьд эзэмшүүлсэн газрын хэмжээг багасган 633 м.кв газрыг эзэмшилдээ хууль ёсоор авсан. Р би уг эзэмшил газрыг эзэмшилдээ авсан цагаас хойш уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж байна.

2.4 Ингээд Р миний эзэмшил газарт 2010 онд блок материалаар зуны байшин барьж, 2022 оны 08 дугаар сар хүртэл ашиглаж байсан. 2010 онд барьсан зуны байшин элэгдэж хуучирсан тул 2022 оны 08 дугаар сарын эхээр буулган оронд нь улаан тоосгоор барьж байтал хөрш Е нь уг зуны байшинг бариулахгүй гэж маргаан гаргаж байна. Е нь биднийг хэл амаар доромжилж ална тална гэж айлган сүрдүүлж байна.

2.5  Р миний бие маргаан бүхий гэх 6ЗЗ м.кв газрыг зохих хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшил, өмчлөлийн нэг ч метр газарт барилга байгууламж бариагүй болно.

2.6 Маргаан бүхий гэх газар уртаараа 9 м, өргөнөөр 4,8 м үүний 3.6 м Е-ны байрны баруун хойд булантай давхцалтай, өндөр нь 2,6 м зуны байрыг Р би 2010 онд блок материалаар барьж 12 дахь жилдээ эзэмшин ашиглаж ирсэн. Энэ хугацаанд барилга нь Ш.Ханат агсны эзэмшил, өмчлөлд байсан ба Ш.Ханат нь 2021 оны 02 дугаар сараас уг барилгыг иргэн Е-д худалдсан байна. Е нь 2021 оны 02 дугаар сараас хойш 18 сарын хугацаа өнгөрч байхад барилгын байршлын талаар надад болон хууль хяналтын байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү байршлыг хүлээн зөвшөөрч худалдаж авсан байна.

2.7 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Нөгөө талаас хэдэн давхар барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нар тусах талыг бүрэн хаах эрсдэлтэй байна. Түүнчлэн Барилгын норм ба дүрэмд зааснаар барилгын хоорондын зай, галын аюулаас хамгаалах шаардлага зэргийг тус тус зөрчиж байна’’ гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шаардлагын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь, Е-ы өмчлөлийн байрны өргөн нь ойролцоогоор 22 м ба түүний хойд буланд 2010 онд баригдсан Р миний зуны байртай дөнгөж 3.6 метрийн давхцалтай нь Е-ы өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бодитой саад учруулаагүй, үлдсэн 18,4 метр нь Е-ы өөрөө тулгаж барьсан болон бусдын өмчлөлийн тулгаж барьсан барилгууд эзэлж байна.

2.8 Мөн зуны барилга баригдсан хоорондын зайн асуудал бол өмнөх өмчлөгч Х-тэй тохирч \өмчлөгч нэг давхрын цонхыг тоосгоор хаасан байсан\ барьсан юм. Уг ариун цэврийн өрөө нь нэг давхарт байрлалтай ба 2 цонхтой, нэг цонх нь хаагдаагүй байна. Ер нь Е нь өөрийн өмчлөлийн барилгад чөлөөтэй орж гарах 4 хаалгатай ба түүний гол хаалга нь уг барилгын зүүн талын дунд хэсэг болон зүүн талын урьд, үлдсэн хоёр нь хойд талд байршилтай байна. Энэ нь нөгөөтэйгүүр зуны байр баригдсан давхцал, хоорондын зайн асуудал бол өмнөх өмчлөгч Ш.Ханат агсантай тохирч хийгдсэн, уг байрны баруун хойд талд байршилтай доод давхрын ариун цэврийн өрөөний нэг цонхыг хааж тоосгоор өрсөн байшин байсан. Миний нэг давхар зуны байр нь ямар нэгэн нарны гэрэл тусах хаалга, цонхыг хаагаагүй. Өөрөөр хэлбэл хойд талаас нарны гэрэл тусах боломжгүй. Нар ертөнцийн зүгээр баруун талаас манддаг ба эхлээд нарны гэрэл Е-ны баруун талд барьсан барилгад тусаад дараа нь Р миний байшин барилгад тусдаг. Энэхүү бодит нөхцөл байдлууд нь уг газарт шүүхээс үзлэг хийх үед тодорхой харагдана.

2.9 Е нь бодит байдал ийм байхад миний өмчлөх, эзэмших эрхэд халдан намайг заналхийлэн урьд хаагдсан цонхоо хүч түрэмгийлэн буулгаж шинээр цонх гарган миний ажилд санаатайгаар саад учруулж байгаа явдалд туйлын их гомдолтой байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрын эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй’’ гэж заасныг хариуцагч Р би ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна.

2.10 Иймд нэхэмжлэгч Е-аас тус шүүхэд гаргасан “Б, Ө сум, 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлалтай 831,0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилгын фото зургууд, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, өмгөөлөгч С-ээс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан хүсэлт, тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 450 дугаартай албан бичиг хавсралтын хамт зэргийг,

Хариуцагчаас Б аймгийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай захирамж хавсралтын хамт, Ө хотод баригдах супер маркетийн байршлыг харуулсан схем зураг, 000000 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 198 дугаар захирамж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаар захирамж, Р-ны 00000 нэгж талбарын дугаартай эзэмшил байгаа газрын байршлын кадастрын зураг, 0000000 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 031300000 нэг талбарын дугаартай эзэмшил газрын байршлын кадастрын зураг, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б, Ө сум, 11 дүгээр баг, 0000 гудамж, 131 тоот  газрын кадастрын зураг, 0000000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 8301-2013/07812 дугаартай  газар эзэмшүүлэх гэрээ, 0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэл хяналтын карт, Р-аас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 382 дугаар албан бичиг, барилгын фото зургууд, өмгөөллийн гэрээнүүд, -ны эзэмшил газарт баригдах үйлчилгээний 1 айлын орон сууцны өргөтгөлийн барилгын байршлын схем зураг, Р-ны хувийн сууцны өргөтгөлийн барилгын ажлын схем зураг зэргийг зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 636 дугаартай албан бичгээр ирүүлсэн 0065596 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Р-ны эзэмшлийн 031303972 нэгж талбарын дугаартай газрын байршлын кадастрын зураг, Раас аймгийн Засаг дарга Д-д гаргасан өргөдөл, Ө хотод баригдах супер маркетийн байршлыг харуулсан схем зураг, 000476601 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0000000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаар захирамж, 000000 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын схем зураг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Х, А нарын гэрчээр асуусан тэмдэглэл, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, схем зураг зэргийг бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Е-ны Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000гудамжны 000 тоот хаягт байрлах 831.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Рд даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. 

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Б аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/66 тоот захирамжаар Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000, 000 тоот хаягт байрлах 914 м.кв үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхтэй. Тус газарт 8310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон.  Хөрш зэргэлдээ газарт хариуцагч Р нь барилгын ажлаа эхэлсэн бөгөөд уг газарт барилга барьснаар миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарц бүрэн хаагдах, хэдэн давхар барилга барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нар тусах талыг бүрэн хаах эрсдэлтэй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн хуулийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000 гудамж, 000 тоот хаягт байрлах 914 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие өөрийн эзэмшлийн 633 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшил, өмчлөлийн газарт барилга байгууламж бариагүй. Маргаан бүхий газарт уртаараа 9 м, өргөнөөр 4.8 м, өндөр нь 2.6 м зуны байрыг Р би 2010 онд блок материалаар барьж 12 дахь жилдээ эзэмшин ашиглаж ирсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 7.1 Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдөр олгосон 0000000 дугаартай Иргэний газар эзэмших гэрчилгээ болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон  00000000 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Е нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000 гудамжны 000 тоот хаягт нэгж талбарын 8312007884 дугаар бүхий 914 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшдэг болох нь, мөн Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б гудамжны 000 тоот хаягт байрлалтай 8310 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогджээ.

7.2 Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000136989 дугаартай гэрчилгээгээр Халиасхарын Рауанд Б аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслэн Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000 гудамжны 131 тоот хаягт байрлах нэгж талбарын 000000 дугаар бүхий 633 м.кв газрыг Худалдаа үйлчилгээний амины орон сууцны зориулалтаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-020000000 дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдсон байна.

7.3 Хариуцагч Р-аас Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий газарт хэмжилт хийх талаар хүсэлт гаргасан байх ба хүсэлтийн дагуу хэмжилт хийж газар дээр ямар нэг давхцал болон зөрчил байхгүй талаар Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 382 тоот албан бичгээр хариу өгчээ. Талуудаас гаргаж өгсөн фото зургуудаар тухайн газарт урьд байсан барилга байгууламжууд болон түүнийг нураасны дараах байдлууд тогтоогджээ.  

7.4  2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 04 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: а. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Е, Р нарын хөдлөх хөрөнгөд үзлэг хэмжилт хийхэд 2 барилгын хоорондын зай 10 метр зай хүрэхгүй байсан. Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” БНбД 31-011-10-ийн 4.18-д “Орон сууцны барилга өөр хоорондоо болон орчны барилга, байгууламжтай харилцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4-р хавсралт ёсоор тогтооно” гэсэн байна. Энэ норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд 2-4 давхар тууш тал хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хоорондын зай 10 метр гэж заасан байна. Е, Р нарын үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийхэд барилгын хоорондын зай 11 метр хүрэхгүй байгаа тул холбогдох норм дүрэмд нийцээгүй байна.  б.“Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” БНбД 21-02-02-д байшин хоорондын зайг нормчлоогүй. в. Барилгын гал тэсвэршлийн зэргийг Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм “БНбД 21-01-02”-ын дагуу тогтооно. Иргэн Е, Р нарын барилга нь гал тэсвэршлийн I. II дугаар зэрэгт хамаарах ба гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 метр хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэжээ.

7.5 Өмгөөлөгч С-аас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж байсан байх ба тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр өмгөөлөгч С-д хариу өгсөн байна. Тухайн албан бичгийн хавсралтын Барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй барилгууд гэх хэсгийн 3 дугаарт С.Аманбек, Р нарын барилга гэж бичигджээ.

7.6 Иргэн Р-ны хувийн сууцны өргөтгөлийн барилгын ажлын зургийг Аймгийн ерөнхий архитектор баталсан байх ба уг зургаар Р-ны барьж байгаа барилгын хэмжээ нь 19.1 м х 12.3 м хэмжээтэй болох нь тогтоогджээ.

7.7 Гэрч С.Хажымуханыг шүүхэд гэрчээр асуухад “... 2022 оны хавар Р-тай тохиролцож түүний зуны байрыг буулгаж, оронд нь шинээр зуны байр барихаар ярьсан. Улмаар 2022 оны 8 юм уу 9 дүгээр сард түүний зуны байрыг буулгаад шинээр дахиж барихаар ярьсан. Тэгээд Ерлан гэх хүн энэ газар миний газар, барилга барьж болохгүй гээд асуудал гаргасан. ... Бид нар Р-ны барилгыг буулгах үед Е-ны барилгын цонх хаалттай байсан. Улмаар бид нар барилгын ажлыг эхлүүлсний дараа Е хүн дуудаж цонхоо нээлгэсэн. Анх бид нарыг очиход цонхыг тоосгоор битүүлсэн байсан ба дараа нь вакум цонх гаргасан ...” гэж, гэрч  А-аас “... Р гэдэг иргэн намар надад ирж уулзахад, барилга байгууламж барихад зөвшөөрөл авах талаар асууж байсан. Барилгын төвөгшил ангилал гэж тогтоосон сайдын тушаал байдаг. Гэр бүлийн зориулалттай нэг айлын орон сууж барих юм бол тодорхой хэмжээтэй зааж өгсөн. 3 давхар 600 м.кв талбайтай орон сууц барих юм бол манайхаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин тухайн барилгын 1 давхар байсан ч үйлчилгээний газар бол заавал зөвшөөрөл авна гэж тайлбарлаж өгсөн. Тэрнээс хойш надад дахиж ирээгүй. Манайхаас зөвшөөрөл авагдаагүй. ... Энд хувийн сууцны орон сууц гэж бичсэн байна. Нэг айлын орон сууц бол хэмжээгээрээ талбай нь 250 м.кв байна. Тийм учраас зөвшөөрөлгүй баригдах барилга байгууламжийн хэмжээнд хүрч байна ...” гэж тус тус мэдүүлжээ.

7.8. Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр мараан бүхий газарт шинээр баригдаж байгаа барилга, нэхэмжлэгч хариуцагч нарын эзэмшлийн газар, түүнд байгаа объектуудын байршил, хэмжээ нь  тогтоогджээ.

 

8. Нэхэмжлэгч талаас хариуцагчаас хөрш залгаа газарт нэмж барилга барьж байгаа нь миний эд хөрөнгө өмчлөх эрхэд саад учруулж байгаа гэж маргасан ба хариуцагчаас өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа газарт барилга барьж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

9. Нэхэмжлэгч Е нь өөрийн эзэмшилд буй газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь эзэмшиж ашиглахад хариуцагч Р саад учруулсан тул уг үйлдлийг зогсоохыг шаардсан нэхэмжлэгч Е-ны эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой харилцаанаас маргаан үүсжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000 гудамжны 000 тоот хаягт байрлах 831.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Р-д даалгах гэж тодорхойлжээ.

Хариуцагч Р-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Е нь хөрш залгаа хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгөд засвар хийхэд саад учруулахгүй болно гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Р барилга барьснаар миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарц бүрэн хаагдах, хэдэн давхар барилга барилга барихаас хамаарч  миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд нар тусах талбайг бүрэн хаах эрсдэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон маргаан бүхий газар буюу шинээр эхэлж байгаа Р-ны өргөтгөлийн барилга баригдаж буй газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа сөрөг нөлөөлөл нь *******сгэгдэж байна.

10. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн газрын хэмжээ хязгаарын дотор шинээр барилга барьж эхэлсэн байх ба нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил заагийг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, талууд газрын хувьд маргаангүй байна.  Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заажээ.  Хариуцагч Р нь өөрийн эзэмшлийн газарт  хувийн сууцны өргөтгөлийн барилга барьснаар хөрш залгаа газрын эзэмшигч болох Е-ны эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болно гэсэн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч Е-тай хил залгаа Р-ны эзэмшлийн газарт хариуцагчийн зуны байр байсан болох нь тогтоогдож байх ба уг зуны байрыг нурааж тухайн хэжээгээр шинээр барилга барих гэж байгаа байдал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд  саад болж  байгаа үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Е-ны Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг  000 гудамжны 000 тоот хаягт байрлах 831.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Р-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин хариуцагч Р-аас нэхэмжлэгч Е нь хөрш залгаа хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгөд засвар хийхэд саад учруулахгүй болно гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е-ы Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, 000 гудамжны 000 тоот хаягт байрлах 831.0  м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Р-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Р-аас нэхэмжлэгч Е нь хөрш залгаа хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгөд засвар хийхэд саад учруулахгүй болно гэснийг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х