Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00063

 

 

 

 

 

                                  М.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00194 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Ж овогт М-ын Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух Б овогт Х-ын Р-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамж, 125 тоот хаягт байрлах 831 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захирах зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгч М.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч М.Р-, түүний өмгөөлөгч  Я.Сьезд, Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/66 тоот захирамжаар Баян-Өлгий, Өлгий сум, 11 дүгээр баг, С.Зуха-1, 125 тоот хаягт байрлах 914 м.кв үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг авсан.

1.2. Улмаар тус газарт засаг, захиргааны нэгжийн хуваарилалтаар 11 дүгээр баг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 27/49 тоот захирамж болон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/66 тоот захирамжаар тус тус газар эзэмших гэрчилгээг шинээр авсан.

1.3. Үүний үндсэн дээр тус газарт 8310 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ****** тоот гэрчилгээг авсны үндсэн дээр хууль ёсны өмчлөгч болсон.

1.4. Гэтэл 2022 оны 07 дугаар сараас тус газарт хариуцагч нь газар эзэмших эрхтэй болсон, үүний дагуу барилга барих тухай ярьж эхэлсэн. Хариуцагчийн барих гэж буй барилгын хувьд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн чанх урд байрлалтай 3, 4 давхар барилга барих тухай хэлсэн. Энэ асуудлаар хариуцагчийн өөрт нь гомдол гаргасан ч эвлэрэхгүй тухай хэлсэн. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ч 30 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд гомдолд маань хариу өгсөнгүй. Өөрөөсөө шалтгаалах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүхий л бололцоонд хийсэн ч үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандаж байна.

1.5. Одоогийн байдлаар хариуцагч нь тус газарт барилга барихаар газар шорооны ажлаа дуусгаж, барилгын суурь цутгасан байдалтай байгаа. Хариуцагч нь тус газарт барилга барьснаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө руу нэвтрэх орц, гарц бүрэн хаагдаж байна. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэх ганц орц гарц нь хариуцагчийн барилга барих гэж байгаа газар болно. Нөгөө талаас хэдэн давхар барилга барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нар тусах талыг бүрэн хаах эрсдэлтэй байна. Түүнчлэн, Барилгын норм ба дүрэмд зааснаар барилгын хоорондын зай, галын аюулаас хамгаалах шаардлага зэргийг тус тус зөрчиж байна. Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад ямар нэгэн байдлаар саад учруулж буй үйлдэл болж байна.

1.6. Миний өмнөх барилга маань 2011 онд ашиглалтад орсон. Х.Р- бид хоёр барилгыг зэрэг эхлүүлж байсан. Тухайн барилга халаалтгүй байсан. Халаалтыг 40 айл талаасаа татсан ба хэд хэдэн айл халаалт авсан. Халаалтын мөнгө гэж нэг ч төгрөг нэхээгүй. Ямар ч үнэ төлбөргүй хашаанд байгаа блокийг өгч байсан. Гэтэл Х.Р- цонхыг хааж, цонхны тавцанд хог хаяж, зүгээр байсан бохирын шугамыг авч хаяад тал талаасаа миний эрх ашгийг богдуулж байна. Миний бие маш их гомдолтой байгаа. Засвар хийх ямар ч боломжгүй болсон. Засвар хийх гэхээр манайхаар дамжиж ороорой гэж байна хариуцагчийн зүгээс. Хариуцагчийн гэрт очиж цаашаа дамжиж орох ямар ч боломжгүй. Эвлэрэх боломжгүй тул шүүхэд хандсан. Х.Р-ы нэг айлын орон сууцны өргөтгөлийн барилгын ажлын схем гэж байгаа. Цонхны тал дээр ямар нэгэн зураг төсөл оруулаагүй байна. 2014 онд газар эзэмших эрх нь хүчингүй болж байсан. Яагаад газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаар мэдэхгүй. Газар эзэмших эрхээ сэргээлгэж авахдаа мод тарина гэж хүсэлт гаргаж авсан байна. Одоо тухайн газарт мод тарих биш барилга барих гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр манай барилгад тулгаж барина гэсэн зүйл байхгүй. Зөвхөн барилгыг урьд талдаа барина гэх зургийг гаргаж өгсөн байна. Би барилгынхаа цонхыг онгойлгож чадахгүй байна. Зунжингаа цонхны өмнө хогоо хаясан. Урьд талд гарааж барина гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орж гарах боломжгүй болох гэж байна.

1.7. Иймд Баян-Өлгий, Өлгий сум, 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамж, 125 тоот хаягт байрлах 8310 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Монгол улсын иргэн Х.Р- надад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр захирамжаар 720 м.кв газрыг худалдаа үйлчилгээний \орон сууц\ зориулалтаар хууль ёсоор эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл надад эзэмшүүлсэн газарт тус аймгийн Засаг даргаас 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 50 жилийн хугацаатай олгосон. Дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон БЭ-******** регистрийн дугаартай Б овогт Х-ын Р- зөрчлөө арилган холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсэн тул нэгж талбарын ****** дугаартай 633 м.кв газрыг үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэсэн шийдвэр гарсан.

2.2. Уг газарт 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр уг эзэмшил газарт барьсан 218,75 м.кв талбайтай амины орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Одоо хүртэл Х.Р- надад газар эзэмшүүлсэн тус аймгийн Засаг даргын 2013 оны 557 дугаартай захирамж, газар эзэмшүүлсэн гэрчилгээ, гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус тус хуулийн хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл Х.Р- би уг газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр авсан тул хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна.

2.3. Х.Р- би бусдын эзэмшлийн газарт хашаа татаагүй, нэг ч объект бариагүй, бусдын газар эзэмших эрхэд саад хийгээгүй. Харин 2013 онд урьд эзэмшүүлсэн газрын хэмжээг багасган 633 м.кв газрыг эзэмшилдээ хууль ёсоор авсан. Х.Р- би уг эзэмшил газрыг эзэмшилдээ авсан цагаас хойш уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж байна.

2.4. Ингээд Х.Р- миний эзэмшил газарт 2010 онд блок материалаар зуны байшин барьж, 2022 оны 8 дугаар сар хүртэл ашиглаж байсан. 2010 онд барьсан зуны байшин элэгдэж хуучирсан тул 2022 оны 8 дугаар сарын эхээр буулган оронд нь улаан тоосгоор барьж байтал хөрш М.Е- нь уг зуны байшинг бариулахгүй гэж маргаан гаргаж байна. М.Е- нь биднийг хэл амаар доромжилж ална тална гэж айлган сүрдүүлж байна.

2.5. Х.Р- миний бие маргаан бүхий гэх 633 м.кв газрыг зохих хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшил, өмчлөлийн нэг ч метр газарт барилга байгууламж бариагүй болно.

2.6. Маргаан бүхий гэх газар уртаараа 9 м, өргөнөөр 4,8 м үүний 3.6 м М.Е-ы байрны баруун хойд булантай давхцалтай, өндөр нь 2,6 м зуны байрыг Х.Р- би 2010 онд блок материалаар барьж 12 дахь жилдээ эзэмшин ашиглаж ирсэн. Энэ хугацаанд барилга нь Ш.Х- агсны эзэмшил, өмчлөлд байсан ба Ш.Х- нь 2021 оны 02 дугаар сараас уг барилгыг иргэн М.Е-д худалдсан байна. М.Е- нь 2021 оны 02 дугаар сараас хойш 18 сарын хугацаа өнгөрч байхад барилгын байршлын талаар надад болон хууль хяналтын байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү байршлыг хүлээн зөвшөөрч худалдаж авсан байна.

2.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Нөгөө талаас хэдэн давхар барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нар тусах талыг бүрэн хаах эрсдэлтэй байна. Түүнчлэн Барилгын норм ба дүрэмд зааснаар барилгын хоорондын зай, галын аюулаас хамгаалах шаардлага зэргийг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шаардлагын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь, М.Е-ы өмчлөлийн байрны өргөн нь ойролцоогоор 22 м ба түүний хойд буланд 2010 онд баригдсан Х.Р- миний зуны байртай дөнгөж 3.6 метрийн давхцалтай нь М.Е-ы өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бодитой саад учруулаагүй, үлдсэн 18,4 метр нь М.Е-ы өөрөө тулгаж барьсан болон бусдын өмчлөлийн тулгаж барьсан барилгууд эзэлж байна.

2.8. Мөн зуны барилга баригдсан хоорондын зайн асуудал бол өмнөх өмчлөгч Ш.Х-тай тохирч \өмчлөгч нэг давхрын цонхыг тоосгоор хаасан байсан\ барьсан юм. Уг ариун цэврийн өрөө нь нэг давхарт байрлалтай ба 2 цонхтой, нэг цонх нь хаагдаагүй байна. Ер нь М.Е- нь өөрийн өмчлөлийн барилгад чөлөөтэй орж гарах 4 хаалгатай ба түүний гол хаалга нь уг барилгын зүүн талын дунд хэсэг болон зүүн талын урьд, үлдсэн хоёр нь хойд талд байршилтай байна. Энэ нь нөгөөтээгүүр зуны байр баригдсан давхцал, хоорондын зайн асуудал бол өмнөх өмчлөгч Ш.Х- агсантай тохирч хийгдсэн, уг байрны баруун хойд талд байршилтай доод давхрын ариун цэврийн өрөөний нэг цонхыг хааж тоосгоор өрсөн байшин байсан. Миний нэг давхар зуны байр нь ямар нэгэн нарны гэрэл тусах хаалга, цонхыг хаагаагүй. Өөрөөр хэлбэл хойд талаас нарны гэрэл тусах боломжгүй. Нар ертөнцийн зүгээр баруун талаас манддаг ба эхлээд нарны гэрэл М.Е-ы баруун талд барьсан барилгад тусаад дараа нь Х.Р- миний байшин барилгад тусдаг. Энэхүү бодит нөхцөл байдлууд нь уг газарт шүүхээс үзлэг хийх үед тодорхой харагдана.

2.9. М.Е- нь бодит байдал ийм байхад миний өмчлөх, эзэмших эрхэд халдан намайг заналхийлэн урьд хаагдсан цонхоо хүч түрэмгийлэн буулгаж шинээр цонх гарган миний ажилд санаатайгаар саад учруулж байгаа явдалд туйлын их гомдолтой байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Хөрш залгаа газрын эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасныг хариуцагч Х.Р- би ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна.

2.10. Иймд нэхэмжлэгч М.Е-аас тус шүүхэд гаргасан Баян-Өлгий, Өлгий сум, 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамж, 125 тоот хаягт байрлалтай 831,0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00194 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Е-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамжны 125 тоот хаягт байрлах 831.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Х.Р-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Р-аас нэхэмжлэгч М.Е- нь хөрш залгаа хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгөд засвар хийхэд саад учруулахгүй болно гэснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Үйлчлүүлэгч М.Е-аас хариуцагч Х.Р-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, С.Зуха-1 гудамж, 125 тоот хаягт байрлах 831,0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “маргаан бүхий газарт барилга баригдсан тохиолдолд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд засвар үйлчилгээг хүссэн үед хийх боломжгүй, мөн бохирын шугам холбон ашиглах боломжгүй болох, мөн түүнчлэн цонхон талд барилга байгууламж баригдсанаар байгалийн гэрэл тусах харах боломж хязгаарлагдахыг тайлбарлаж, маргаан бүхий газарт барилга байгууламж бариулахгүй байхыг хүссэн” байдаг.

4.2. Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр. холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно: ... 24.1.6.инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих" гэж, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна: 12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн

боловсруулагдсан байх;” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална. 24.1.1 батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх" гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1 барилга байгууламжийг шинээр барих; 26.1,2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих; 26.1 З.барилга байгууламжийг буулгах” тус тус заасан байна.

4.3. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Е-, Х.Р- нарын үл хөдлөх хөрөнгөд үзлэг шалгалт хийхэд 2 барилгын хоорондын зай 10 метр зай хүрэхгүй байгаа тул холбогдох норм дүрэмд нийцэхгүй байна. ... Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэснийг хангаж ажиллах, мөн "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах, зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм"-д заасныг хангаж ажиллавал зүйтэй" гэжээ.

4.4. Гэрч Х.А-ын өгсөн мэдүүлэгт “...Зөвшөөрөл шаардахгүй гэж заасан болохоос Барилгын тухай хууль, дүрмийг зөрчиж барина гэсэн ойлголт байхгүй. Барилгын хоорондох зайг барилгын норм ба дүрэмд тодорхой зааж өгсөн. Барилгын тухай хуульд өмнөх баригдсан барилгад ямар нэгэн саад учруулахгүй, үйл ажиллагаанд саад учруулахгүй байдлаар зааж өгсөн хуулийн заалт байна" гэжээ.

4.5. Иймээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт иргэн Х.Р-ы эзэмшлийн газарт баригдах үйлчилгээтэй 1 айлын орон сууцны өргөтгөлийн барилгын байршлын схем М1:1000 гэх баримтаас үзвэл төлөвлөж буй үйлчилгээтэй 1 айлын орон сууцны өргөтгөл 247 м2 гэж, аймгийн Ерөнхий архитектор баталсан, “Од дизайн” ХХК болон Архитектор Х.Серикбай нараас гүйцэтгэсэн иргэн Х.Р-ы хувийн сууцны өргөтгөлийн барилгын ажлын зурагт маргаан бүхий газарт аливаа барилга байгууламж төлөвлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Гэтэл шүүх холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй байна.

4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.  

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, засвар хийх, захирах зарцуулах эрхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэсэн боловч маргааны үйл баримтад чухал ач холбогдол бүхий, тухайлбал, шүүхийн үзлэгээр тогтоогдсон хариуцагчийн өмчлөлийн 4 дугаартай талбайд хариуцагч барилга, байшин барьсан тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын цонх хаагдаж, түүний эрх ашиг илэрхий зөрчигдөхөөр нөхцөл байдал үүссэн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь тус газарт барилга барьснаар:

(1)миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө руу нэвтрэх орц, гарц бүрэн хаагдаана,

(2) хэдэн давхар барилга барихаас хамаарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг бүрэн хаана,

(3) барилгын норм ба дүрэмд зааснаар барилгын хоорондын зай, галын аюулаас хамгаалах шаардлага зэрэг зөрчигдөнө,

(4) Х.Р- нь цонхыг хааж, цонхны тавцанд хог хаяж, зүгээр байсан бохирын шугамыг авч хаяад тал талаасаа миний эрх ашгийг боогдуулж, засвар хийх ямар ч боломжгүй болсон. Засвар хийх гэхээр хариуцагчийн зүгээс манайхаар дамжиж ороорой гэж байна. Хариуцагчийн гэрт очиж цаашаа дамжиж орох ямар ч боломжгүй. ...Би барилгынхаа цонхыг онгойлгож чадахгүй байна. Урьд талд гарааж барина гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орж гарах боломжгүй болох гэж байна.” гэж тайлбарласан бол;

 

9.1. Хариуцагчаас татгалзлын үндэслэл болгож “... нэхэмжлэлийн шаардлагаас М.Е- нь хөрш залгаа хэсэгт байгаа үл хөдлөх хөрөнгөд засвар хийхэд саад учруулахгүй, би уг газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр авсан тул хууль ёсны эзэмшигч, бусдын эзэмшлийн газарт хашаа татаагүй, нэг ч объект бариагүй, бусдын газар эзэмших эрхэд саад хийгээгүй. Уг  эзэмшил газарт /Шүүхийн үзлэгээр тогтоогдсон 4 дугаартай талбай дахь М.Е-ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн урагшаа харсан цонхыг хаасан байдалтай/ 2010 онд блок материалаар зуны байшин барьж, 2022 оны 8 дугаар сар хүртэл ашиглаж байсан. 2010 онд барьсан зуны байшин элэгдэж хуучирсан тул 2022 оны 8 дугаар сарын эхээр буулган оронд нь улаан тоосгоор барьж байтал хөрш М.Е- нь уг зуны байшинг /Шүүхийн үзлэгээр тогтоогдсон 4 дугаартай талбайд/ бариулахгүй гэж маргаан гаргаж байна” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

10. Нэхэмжлэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамжны 125 тоот хаягт нэгж талбарын 8312007884 дугаар бүхий 914 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшдэг болох нь, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит-1 гудамжны 125 тоот хаягт байрлалтай 8310 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдөр олгосон ****** дугаартай Иргэний газар эзэмших гэрчилгээ болон Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон ****** дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр;

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон ****** дугаартай гэрчилгээгээр Халиасхарын Р-д Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, С.Зуха-1 гудамжны 131 тоот хаягт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 633 м.кв газрыг Худалдаа үйлчилгээний амины орон сууцны зориулалтаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн ******дугаарт бүртгэсэн болох нь тус тус тогтоогдсон байна.

 

11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй” гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч М.Е-тай хил залгаа Х.Р-ы өмчлөлийн газарт /шүүхийн үзлэгээр тогтоогдсон 4 дугаартай газар/ хариуцагчийн зуны байр байсан болох нь тогтоогдож байх ба уг зуны байрыг нурааж тухайн хэмжээгээр шинээр барилга барих гэж байгаа, уг хувийн сууцны өргөтгөлийн барилгын ажлын зургийг аймгийн ерөнхий архитектор баталсан байх ба уг зургаар Х.Р-ы барьж байгаа барилгын хэмжээ нь 19.1 м х 12.3 м хэмжээтэй болох нь тогтоогдож байна. Тус газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын цонхыг хааж урьд нь барилга барьж байсан, одоо уг барилгыг буулган дахин сэргээж, шинээр барихдаа нэхэмжлэгчийн урагшаа харсан цонхыг дахин хааж барилга барихаар төлөвлөж байгаа талаар хариуцагч тал маргаагүй. Энэ нь шүүхээс талуудын хүсэлтээр хийсэн үзлэгээр тогтоогдсон, тус газарт нэхэмжлэгчийн барилгын цонхыг хааж барилга барихаар төлөвлөн, барилгын суурийг цутгасан байдал, гэрэл зургаар давхар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн схем, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судалж үзэхэд, хариуцагч Х.Р-ы өмчлөлийн шүүхийн үзлэгээр 4 дугаартай талбайд хариуцагч барилга, байшин барьснаар нэхэмжлэгч М.Е-ы өмчлөлийн байшингийн 1-р давхрын, ариун цэврийн өрөөний нэг цонхыг хааж, уг өрөөнд байгалийн гэрэлтүүлэг буюу нарны гэрэл тусах боломжгүй болгох нөхцөл байдал бий болгох нь илэрхий тогтоогдсон, түүнчлэн хариуцагч өөрийн өмчлөлийн талбайд барилга барихдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасныг зөрчсөн нь бодитой тогтоогдсон байна.

Хариуцагч Х.Р- нь өөрийн өмчлөлийн газрын шүүхийн үзлэгээр тогтоогдсон 4 дугаартай талбайд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчин барилга, байшин барьснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн цонхыг хааж, нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн барилгаа зохих ёсоор ашиглах, өмчлөх эрх нь зөрчигдөхөд хүрэх нь илэрхий тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

13. Хариуцагчаас “маргаан бүхий гэх газар уртаараа 9 м, өргөнөөр 4,8 м үүний 3.6 м М.Е-ы байрны баруун хойд булантай давхцалтай, өндөр нь 2,6 м зуны байрыг Х.Р- би 2010 онд блок материалаар барьж 12 дахь жилдээ эзэмшин ашиглаж ирсэн. Энэ хугацаанд барилга нь Ш.Х- агсны эзэмшил, өмчлөлд байсан ба Ш.Х- нь 2021 оны 02 дугаар сараас уг барилгыг иргэн М.Е-д худалдсан байна. М.Е- нь 2021 оны 02 дугаар сараас хойш 18 сарын хугацаа өнгөрч байхад барилгын байршлын талаар надад болон хууль хяналтын байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү байршлыг хүлээн зөвшөөрч худалдаж авсан, М.Е-ы өмчлөлийн байрны өргөн нь ойролцоогоор 22 м ба түүний хойд буланд 2010 онд баригдсан Х.Р- миний зуны байртай дөнгөж 3.6 метрийн давхцалтай нь М.Е-ы өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бодитой саад учруулаагүй, үлдсэн 18,4 метр нь М.Е-ы өөрөө тулгаж барьсан болон бусдын өмчлөлийн тулгаж барьсан барилгууд эзэлж байна. Мөн зуны барилга баригдсан хоорондын зайн асуудал бол өмнөх өмчлөгч Ш.Х-тай тохирч /өмчлөгч нэг давхрын цонхыг тоосгоор хаасан байсан/ барьсан. Уг ариун цэврийн өрөө нь нэг давхарт байрлалтай ба 2 цонхтой, нэг цонх нь хаагдаагүй байна” гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд М.Е- нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдаж авах үед түүний цонх хаалттай байсан, гэвч 2022 онд хариуцагч Х.Р- нь уртаашаа 9м, 4,8м өргөнтэй, үүний 3.6м нь М.Е-ы байрны баруун хойд булантай давхцалтай, 2,6м өндөртэй зуны байрыг буулгаснаар М.Е-ы өмчлөлийн барилгын баруун хойд хана дахь цонх ил гарч ирж, улмаар тэрээр тус цонхоо зориулалтын дагуу ашиглах боломжтой болж, хариуцагч Х.Р нь дээрх зуны байшингаа сэргээн шинээр барьж, нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын цонхыг дахин хааж барилга байшин барих үед нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нэхэмжлэгчийн уг үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй ба өмнө нь нэхэмжлэгчээс барилгынхаа цонхыг хаалттай байдлаар нь ашиглаж, эзэмшиж байсан нөхцөл байдлыг түүний шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах, улмаар хариуцагчийн бусдын барилга байшингийн цонхыг хааж зууны байшин барьсан зүй бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Нөгөө талаар, хэргийн 66 дугаар талд авагдсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт хариуцагч Х.Р-ы эзэмшлийн газарт баригдах үйлчилгээтэй 1 айлын орон сууцны өргөтгөлийн барилгын байршлын зөвшөөрөгдсөн схем зурагт шүүхийн үзлэгээр тогтоогдсон хариуцагчийн өмчлөлийн газрын 4 дугаартай талбайд /66 дугаартай хуудас дахь зураглалын 2 дугаартай талбайд/ барилга, байшин барихыг хариуцагч Х.Р-нд зөвшөөрөгдөөгүй бөгөөд гагцхүү тухайн зөвшөөрлийн зураглалын 1 дугаартай талбайд буюу шүүхийн үзлэгээр тогтоогдсон 3 дугаартай талбайд хариуцагчид барилга, байшин барихыг зөвшөөрсөн байна.

 

15. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Е-ы хариуцагч Х.Р-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Р-ы өмчлөлийн газрын хэргийн 66 дахь талд авагдсан зураглал дахь 2 дугаартай талбайд буюу шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон 4 дугаартай талбайд хариуцагч барилга барьсан тохиолдолд:

 

15.1. нэхэмжлэгч М.Е-ы өмчлөлийн барилгын цонхыг /хэргийн 173, 176 дахь тал/ хаах нь илэрхий тогтоогдсон тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн эл үйлдлийг зогсоохыг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй;

 

15.2. хариуцагч Х.Р-ы өмчлөлийн газар, түүний кадастрын зураглал, хэмжээ, шүүхийн үзлэгээр тогтоогдсон түүний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ, шинжээч Х.Ербулан, Б.Шындаулет нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын цонхыг хааж өөрийн өмчлөлийн газарт дахин барилга байшин барьсан тохиолдолд хуулийн дээрх заалт зөрчигдөх нь тогтоогдсон;

 

15.3. Хариуцагч Х.Р-ы одоо барьж буй үйлчилгээтэй орон сууцны өргөтгөлийн барилгын байршлын зөвшөөрөгдсөн схем зурагт шүүхийн үзлэгээр тогтоогдсон 4 дугаартай Х.Р-ы өмчлөлийн газарт барилга, байшин барихыг зөвшөөрөөгүй зэрэг гурван үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00194 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгээр тогтоогдсон хариуцагч Х.Р-ы өмчлөлийн газрын 4 дугаартай талбайд нэхэмжлэгч М.Е-ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн цонхыг хааж барилга барихгүй байхыг хариуцагч Х.Р-д үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Р-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Е-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ