Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1260

 

 

 

 

 

 

 

 

 

МХС-гийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/01122 дугаар шийдвэртэй МХС-гийн нэхэмжлэлтэй “Т-” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгогдон шалгарч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны МХС-тай 1 000 000 000 төгрөгийн 2017/Ү/05 тоот буцаан төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээлийн гэрээг байгуулан мөнгийг авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 42 871 000 төгрөгийг хариуцагч компианаас төлсөн. Үндсэн зээл 957 000 000 төгрөг, алданги 500 000 000 төгрөг, нийт 1 457 129 000 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Т-” ХХК нь ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж ирэх төслийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2017 оны А-161 дүгээр тушаалаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлийн дэмжлэгт хамрагдаж 941.2 тонн тэжээл импортолж Өвөрхангай аймгийн төв болон 2017 онд өвөлжилт хүндэрсэн Бүрд, Есөнзүйл, Хайрхан дулаан, Баян-Өндөр сумуудад хүргэж малчдад зээлээр борлуулах ажлыг хийсэн. Гэтэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум болон Хархорин, Бүрд, Өлзийт сумдад малын гоц халдварт шүлхий өвчин илэрч шинжилгээгээр батлагдан аймгийн засаг даргын А136 тоот захирамжаар аймгийн онцгой комисс, төрийн болон аж ахуй нэгж байгууллага, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн төв, тус сумуудын нутаг дэвсгэр дэх шатахуун түгээх станц худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон тул аймгийн төвийн агуулах болон дээрх сумдын агуулахад байгаа нийт малын тэжээлийг борлуулах боломжгүй болсон. Иймээс малын гоц халдварт шүлхий өвчин илэрч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсэж, оруулж ирсэн тэжээлийг борлуулж чадаагүй, зээлээр борлуулсан тэжээлийн төлбөр орж ирэхгүй болсон учир шалтгаанаас үндэслэн зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Зөвхөн аймгийн засаг дарга төдийгүй, шүлхий өвчин гарсан дээрх сумдад ч мөн адил нөхцөл байдал үүсэж засаг даргын захирамжууд гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1 000 000 000 төгрөгийг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги 500 000 000 төгрөгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл, нөхцөл, үүссэн гэж үзэж байгаа тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцсон 500 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т-” ХХК-аас 1 276 172 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223 828 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 6 538 810 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... төлбөр хийх хугацааг нэхэмжлэгч МХС-гаас 1-6 хүртэлх хоногийн хугацаа хэтрүүлэн хоцроож байсан нь энэ талаарх хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэвч дээрх зөрчлийн улмаас буюу төлбөр хоцроосон үндэслэлээр ОХУ-тай байгуулсан гэрээ цуцлагдсан дахин гэрээ байгуулсан гэх үйл баримт нотлогдоогүй, хэрэгт хавсаргасан ОХУ-ын аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээнүүд нотолж чадаагүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр малын тэжээл бэлтгэн нийлүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан ба үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Т-” ХХК, ОХУ Алтайский комбикормовый завод хоёрын хооронд 06/17 тоот бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу “Т-” ХХК-ийн зүгээс МХС-д мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг удаа дараа явуулж байсан боловч мөнгө шилжихгүй байсан учир гэрээний үүрэг биелэгдэхгүй ямар нэгэн тээвэрлэлт хийгдэхгүй байсаар тус гэрээний хугацаа дуусаж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 31/18 тоот гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээний дагуу явуулсан нэхэмжлэлээр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны мөнгө шилжин орж ирсэн нь ихээхэн цаг хугацаа алдаж, улмаар гоц халдварт өвчин гарах цаг үетэй давхцаж гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүсэх нөхцөл байдалд хүргэсэн болох нь нотлох баримтаар тодорхой байгаа юм. МХС-гаас “Т-” ХХК-д мөнгө шилжүүлэхэд 44-50 хоногийн хугацаагаар, ОХУ-аас малын тэжээл татан авах хугацаа 57-109 хоногийн хугацаагаар тус тус хоцроосон нь дансны хуулга болон гаалийн бурдуулэлтийн баримтуудаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон, малын гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтож байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй хэдий ч цаг хугацааны хувьд наана нь Өвөрхангай аймгийн сумдад цэг байгуулан өвс тэжээлээ татан авах боломжтой байсан, энэ үйл ажиллагааны зардлыг буюу 250 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн, гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар нэхэмжлэх ирүүлсэн цаг хугацаанд нь мөнгийг шилжүүлж байсан, хоцроосон асуудал байхгүй гэх тайлбарыг гаргадаг” гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг хийж байна. Учир нь: ОХУ-аас Малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээний зээлийн ерөнхий нөхцөлийн 1.1-д “Зээлдүүлэгч нь Зээлдэгч талд Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1 000 000 000 (нэг тэрбум) төгрөгийн урьдчилгаа 25 хувь болох 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг зээлдэгчийн Төрийн банкны 104400478585 тоот дансанд шилжүүлэх бөгөөд үлдэх 75 хувийг Төрийн банкинд "Т-" ХХК-ийн нэр дээр нээсэн 104400478599 тоот нөхцөлт дансанд байршуулна.” гэж заасан. Энэхүү тусгай нөхцөлт данснаас гэрээний 1.2-д “Зээлдэгч нь Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээний 3.6-д заасны дагуу ОХУ-ын нийлүүлэгч аж ахуйн нэгжийн нэхэмжлэл, МХС-гийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг Оросын холбооны улсын тэжээл экспортлогч аж ахуйн нэгжид тухай бүрт нь шилжүүлнэ. Мөнгө шилжүүлэх ажиллагаанд Төрийн банк, МХС- хяналт тавина.”гэж заасан тул зээлдүүлэгч нь Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааны зардалд зориулж 1 000 000 000  төгрөгийн урьдчилгаа 25 хувь болох 250 000 000 төгрөгийг зээлдэгчийн “Төрийн банк” ХХК-ийн 104400478585 тоот дансанд шилжүүлсэн. Үүнийг гэрээний үүргээ биелүүлсэн хугацаа холцруулаагүй хэмээн МХС- буюу зээлдүүлэгч талаас тайлбарлаж буй нь бодит байдалд нийцэхгүй байна. Урьдчилгаа 25 хувь болох 250 000 000 төгрөг нь Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох зориулалттай биш тул Зээлдэгчийн “Төрийн банк” ХХК-ийн 104400478585 тоот данснаас ОХУ-руу малын тэжээлийн төлбөрийг шилжүүлэх боломжгүй учир Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлон оруулж ирэх л шаардлагатай 75 хувь болох 750 000 000 төгрөгтэй хольж ойлгож болохгүй. Учир нь “Төрийн банк” ХХК-д “Т-” ХХК-ийн нэр дээр нээсэн 104400478599 тоот нөхцөлт дансанд 75 хувь болох 750 000 000 төгрөг орж ирсэн тохиолдолд зөвхөн тус нөхцөлт данснаас л ОХУ-руу малын тэжээлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлтэй тусгай данс юм. Иймд нэг тэрбум төгрөгийн 75 хувь болох 750 000 000 төгрөгийг “Төрийн банк” ХХК-д “Т-” ХХК-ийн нэр дээр нээсэн 104400478599 тоот нөхцөлт дансанд цаг хугацаанд нь байршуулаагүй учир “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болж малын гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноос цаг хугацааны хувьд наана нь Өвөрхангай аймгийн сумдад цэг байгуулан өвс тэжээлээ татан авах боломжгүй байсан. Харин Зээлдүүлэгч нь ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж ирэхэд шаардлагатай 75 хувь болох 750 000 000 төгрөгийг “Төрийн банк” ХХК-д “Т-” ХХК-ийн нэр дээр нээсэн 104400478599 тоот нөхцөлт дансанд байршуулахдаа хугацаа хэтрүүлж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс дөнгөж шилжүүлж эхэлсэн байна. Үүнийг бидний анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 104400478599 тоот нөхцөлт дансны хуулга, гадагш нь шилжүүлсэн шилжүүлгийг үндэслэн гаргасан тооцоолол МХС- хэчнээн хоног хугацаа хэтрүүлснийг нотолж байгаа. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хорио цээрийн дэглэм тогтоосон болох нь аймаг, сумын Засаг даргын захирамжаар тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн бүс нутагт өвс тэжээл худалдаалахад гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн, улмаар гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэсэн атлаа хариуцагч тал гэрээнээс татгалзах эрхтэй, боломжтой байсан ба энэ эрхээ мэдэж байсан хэрэгжүүлэх боломжгүй байсан талаар шүүхэд мэдүүлдэг гэсэн үндэслэлээр гэрээнд заасан алдангиас чөлөөлөх, хариуцахгүй байх үндэслэлгүй” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компанид МХС-гаас хуваарилан өгсөн Өвөрхангай аймгийн Бүрд суманд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоох цаг үед ОХУ-руу эхний мөнгө шилжиж тээвэрлэлт хийгдээд эхэлсэн байсан, Арвайхээр суманд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх үед экспортын тэжээлийн ихэнх хэсэг тус хорио цээрийн бүс дэх агуулахад хэдийн татагдан ирсэн байсан зэрэг шалтгаанаас үндэслэн тухайн үед “орж ирсэн болон мөнгийг нь шилжүүлсэн тэжээлээ хорио цээрийн дэглэм тавигдмагц яаж хурдан борлуулах вэ” гэж бодож байснаас бус гэрээнээс татгалзах талаар бодох ухаан боломж сөхөө байгаагүй. Анхан шатны шүүх хурал дээр гэрээнээс татгалзах боломжтой байсан талаар яригдаагүй, харин эрхээ мэдэж байсан талаар бол яригдаж байсан. Хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн үе үргэлжилсээр байсан учир тус хорио цээрийн бүс дэх агуулахаас тэжээл борлуулах боломжгүй байсаар урин дулаан улиралтай золгож цаг хугацааны хувьд малчид малын тэжээл худалдан авах хэрэгцээ шаардлага үүсэхгүй болсон, зээлийн гэрээний дагуу эхний төлбөр хийгдэх хугацаа болсон байсан зэрэг үүссэн нөхцөл байдал, хүчин зүйлсээс шалтгаалж гэрээнээс татгалзах боломж байгаагүй. Мөн ХХААХҮЯ-наас мэдээлснээр 2018-2019 оны Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89.1 хувьтай хангагдсан /XXААХҮЯ-ны албаны эх сурвалжаас/ байсан, өвөлжилт хэвийн, цаг агаар харьцангуй дулаан, цас бага орсон зэрэг байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж малчид малын тэжээл худалдан авах хэрэгцээ шаардлага энэ жил бас үүсээгүй учир аймгийн төв дэх агуулахаас тэжээл борлогдоогүй өнөөдрийг хүртэл тус агуулахдаа хадгалагдсаар байгаа болно. Дээрх манай талаас тавьсан үндэслэлүүдийг нэгэнт шүүх хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан заалтуудыг хэрэглэж 500 000 000 төгрөгийн алдангиас чөлөөлж нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа юм. Гэтэл иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг буруу хэрэглэж алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 500 000 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч МХС- хариуцагч Т- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 500 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төлсөн 42 871 000 төгрөгийг хасч 1 457 129 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна. /хэргийн 1-2, 31-32 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон, мөн зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ цуцлагдсан, тээвэрлэлт хойшилсон, цаг хугацаа алдсан тул алдангийг хариуцахгүй” гэж тайлбарлажээ.

 

Талууд зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөг зээлж, хариуцагч 42 871 000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй, харин алданги төлөх эсэх талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуй нэгжтэй байгуулах зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1 000 000 000 төгрөгийн урьдчилгаа 25 хувь болох 250 000 000 төгрөгийг зээлдэгчийн Төрийн банкны 104400478585 тоот дансанд шилжүүлэх, үлдэх 75 хувийг нөхцөлт дансанд байршуулах, зээлдэгч нь ОХУ-ын аж ахуйн нэгжийн нэхэмжлэл, МХС-гийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг экспортлогч аж ахуйн нэгжид тухай бүрт шилжүүлэхээр, зээлийг хуваарийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусахаар, хуваарийн дагуу зээлийг төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алдангийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна./хэргийн 6-9 дүгээр тал/

 

            Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хэрэгт “Т-” ХХК-ийн Төрийн банк дахь дансны хуулгууд, гадаад гуйвуулгын даалгавар, нэхэмжлэхүүд, экспортын гэрээнүүд, МХС-д хандаж байсан хүсэлт, хариу албан бичиг, Онцгой байдлын газар, яамны албан бичгүүд, түрээсийн гэрээ, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин гарсантай холбогдон гарсан Өвөрхангай аймгийн, зарим сумдын Засаг даргын захирамжууд, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг бичмэл баримтууд авагдсан байна. Эдгээр баримтуудаар малын гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоож байсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 сарын 13-ны өдөр урьдчилгаа 250 000 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 77 400 000, 02 дугаар сарын 06-ны өдөр 341 890 000, 3 дугаар сарын 09-ний өдөр 165 355 000, 3 сарын 28-ны өдөр 165 355 000 төгрөгийг тус тус “Т-” ХХК-ийн данс руу МХС-гаас шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн хугацаа хоцроож төлбөр шилжүүлснээр хариуцагч тал хохирсон, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд нэхэмжлэгч зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд байршуулах тухай үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойгүй заагаагүй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.” байхаар зохицуулжээ. Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул үүнтэй холбоотой түүний үр дагаврыг шийдвэрлэх тухай Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан хүү, анз авах эрхээ алдах тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.2-т зээлдэгч нь цаг агаарын төлөв байдлыг урьдчилан тооцсоны үндсэн дээр орон нутагт тэжээл борлуулах цэгүүдийг байгуулж тэжээл нөөцлөх арга хэмжээ авах ба гарч болох аливаа эрсдэлийг бүрэн хариуцахаар талууд тохиролцжээ.

 

Иймд үндсэн зээл 1 000 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 42 871 000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 957 129 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “..анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийн хэмжээ нь 478 564 500 төгрөг болсныг анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийг 319 043 000 төгрөг болгон багасгасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/01122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 753 165 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

 

                                                                                             С.ЭНХТӨР