Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2019/01122

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М сан-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” сан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч “Т” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Өвөл хаврыг өнөтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгогдон шалгарч Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай 1,000,000,000  төгрөгийн 2017/Ү/05 тоот буцаан төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээлийн гэрээг байгуулан мөнгийг авсан.

Шүүхэд  нэхэмжлэл гаргаснаас хойш 42,871,000 төгрөгийг хариуцагч компанаас төлсөн. Үндсэн зээл 957,000,000 төгрөг, алданги 500,000,000 төгрөг нийт 1,457,129,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани нь ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж ирэх төслийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2017 оны А-161 дүгээр тушаалаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлийн дэмжлэгт хамрагдаж 941,2 тонн тэжээл импортлож Өвөрхангай аймгийн төв болон 2017 онд өвөлжилт хүндэрсэн Бүрд, Есөнзүйл, Хайрхан дулаан, Баян-Өндөр сумуудад хүргэж малчдад зээлээр борлуулах ажлыг хийсэн. Гэтэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум болон Хархорин, Бүрд, Өлзийт сумдад малын гоц халдварт шүлхий өвчин илэрч шинжилгээгээр батлагдан аймгийн засаг даргын А136 тоот захирамжаар аймгийн онцгой комисс, төрийн болон аж ахуй нэгж байгууллага, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн төв, тус сумуудын нутаг дэвсгэр дэх шатахуун түгээх станц худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон тул аймгийн төвийн агуулах болон дээрх сумдын агуулахад байгаа нийт малын тэжээлийг борлуулах боломжгүй болсон. Иймээс малын гоц халдварт шүлхий өвчин илэрч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсэж, оруулж ирсэн тэжээлийг борлуулж чадаагүй, зээлээр борлуулсан тэжээлийн төлбөр орж ирэхгүй болсон учир шалтгаанаас үндэслэн зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Зөвхөн аймгийн засаг дарга төдийгүй, шүлхий өвчин гарсан дээрх сумдад ч мөн адил нөхцөл байдал үүсэж засаг даргын захирамжууд гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1,000,000,000 төгрөгийг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги 500,000,000 төгрөгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл, нөхцөл, үүссэн гэж үзэж байгаа тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцсон 500,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” сан хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000,000, алданги 500,000,000, нийт 1,500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 42,871,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч тал 1,457,129,000 төгрөгийг нэхэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн зээл, алдангийн хамт нэхэмжилнэ, алдангиас чөлөөлөх үндэслэлгүй, манай тал цаг хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн гэж, хариуцагч талаас ...үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, алдангийг зөвшөөрөхгүй, гэнэтийн гоц халдварт өвчин гарснаас, нэхэмжлэгч хугацаандаа мөнгөө шилжүүлээгүйгээс хугацаа алдсан, өөр бусадтай байгуулсан гэрээ цуцлагдаж байсан тул алдангийг хариуцахгүй гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

Талуудын шүүхэд мэдүүлсэн ...1,000,000,000 төгрөгийн зээл авсан, өгсөн, үндсэн зээл төлөгдөөгүй байгаа талаарх тайлбараас үзэхэд тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасантай нийцсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.1 “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан” гэсний дагуу хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэгэнт талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул зээлдэгч “Т” ХХК нь зээлдүүлэгч Мал хамгаалах сангаас зээлсэн мөнгөө буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тухайн үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч тал ...гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон, мөн зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ цуцлагдсан, тээвэрлэлт хойшилсон, цаг хугацаа алдсан тул зээлдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн үндэслэлээр алданги 500,000,000 төгрөгийг хариуцахгүй гэдэг.

 

Дээрх тайлбараа нотлон “Т” ХХК-ийн Төрийн банк дахь дансны хуулгууд, гадаад гуйвуулгын даалгавар, нэхэмжлэхүүд, экспортын гэрээнүүд,  Мал хамгаалах санд хандаж байсан хүсэлт, хариу албан бичиг, Онцгой байдлын газар, яамны албан бичгүүд, түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин гарсантай холбогдон гарсан Өвөрхангай аймгийн, зарим сумдын Засаг даргын захирамжууд,  улсын байцаагчийн дүгнэлт зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн байна.

 

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон, малын гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтож байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй хэдий ч цаг хугацааны хувьд наана нь Өвөрхангай аймгийн сумдад цэг байгуулан өвс тэжээлээ татан авах боломжтой байсан, энэ үйл ажиллагааны зардлыг буюу 250,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн, гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар нэхэмжлэх ирүүлсэн цаг хугацаанд нь мөнгийг шилжүүлж байсан, хоцроосон асуудал байхгүй гэх тайлбарыг гаргадаг.

 

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 сарын 27-ны өдрийн гэрээгээр зээлдүүлэгч нь малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1,000,000,000 төгрөгийн урьдчилгаа 25% болох 250,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, үлдэх 75%-ийг нөхцөлт дансанд байршуулах, зээлдэгч нь ОХУ-ын аж ахуйн нэгжийн нэхэмжлэл, Мал хамгаалах сангийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг экспортлогч аж ахуйн нэгжид тухай бүрт шилжүүлэхээр, зээлийг хуваарийн дагуу 2018 оны 8 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусахаар, хуваарийн дагуу зээлийг төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алдангийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөхөөр заасан бөгөөд урьдчилгаа 250 сая төгрөгийг 2017 оны 12 сарын 13-нд шилжүүлсэн, 2018 оны 1 сарын 19-нд 77,400,000, 2 сарын 6-нд 341,890,000, 3 сарын 9-нд 165,355,000, 3 сарын 28-нд 165,355,000 төгрөгийг тус тус “Т” ХХК-ийн дансруу Мал хамгаалах сангаас шилжүүлсэн үйл баримт нотлогддог, 1 тэр бум төгрөг шилжүүлсэн, авсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч тал гэрээнд заасан өөрийн үүргийн дагуу нэхэмжлэл хүргүүлсэн, зээлдүүлэгч тал нэхэмжлэхийг хүлээн аваад тухайн цаг хугацаанд мөнгийг манайд шилжүүлээгүй гээд 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 750,000,000 төгрөг, ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1 тэр бум төгрөгийн урьдчилгаа 75% буюу 750 сая төгрөг гэх агуулга бүхий нэхэмжлэхийг Мал хамгаалах санд хүргүүлсэн. Мал хамгаалах сангаас 12 сарын 13-нд гэрээнд заасан урьдчилгаа 25% болох 250 сая төгрөгийг шилжүүлсэн. Дээрх ...урьдчилгаа 75% буюу 750 сая гэх ойлгомжгүй агуулга бүхий нэхэмжлэх, нэхэмжлэгч талын ...энэ нэхэмжлэх тодорхой бус, ОХУ-аас ямар бараа ямар хэмжээтэй авах гэж байгаа талаарх мэдээлэл тодорхой байх ёстой гэх нэхэмжлэхийг үгүйсгэсэн тайлбар зэргээс үзэхэд энэхүү нэхэмжлэх үнэн бодитой гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн:

  • Нэхэмжлэлийн огноо 2018 оны 1 сарын 12, төлбөр хийх хугацаа 1 сарын 15, 3 вагон малын тэжээлийн үнийн 70 хувийн төлбөр 54,123,249.60 төгрөг гэх нэхэмжлэл, үлдэх 30 хувийн төлбөр 23,195,678.40 төгрөг гэх нэхэмжлэлийн дагуу 2018 оны 1 сарын 19-нд 77,400,000 төгрөгийг шилжүүлсэн,
  • Нэхэмжлэлийн огноо 2018 оны 1 сарын 29, төлбөр хийх хугацаа 1 сарын 31, 7 вагон малын тэжээлийн үнийн төлбөр 206,096,111.90 төгрөг, 1,645,023.45 төгрөг, 40,245,943.92 төгрөг, 93,907,202.48 төгрөг гэх нэхэмжлэхүүдийн дагуу 2018 оны 2 сарын 6-ны өдөр 341,890,000 төгрөгийг шилжүүлсэн,
  • Нэхэмжилсэн огноо 2018 оны 3 сарын 05, төлбөр хийх хугацаа 3 сарын 07, 12 вагон малын тэжээлийн үнийн төлбөр, 330,786,790.25 төгрөг гэх нэхэмжлэхийн дагуу 2018 оны 3 сарын 9-нд 165,355,000 төгрөг шилжүүлсэн,
  • Нэхэмжилсэн огноо 2018 оны 3 сарын 23, төлбөр хийх хугацаа 3 сарын 27,  165,431,790.25 төгрөг гэх нэхэмжлэхийн дагуу 2018 оны 3 сарын 28-нд 165,355,000 төгрөг шилжүүлсэн байх ба төлбөр хийх хугацааг нэхэмжлэгч Мал хамгаалах сангаас 1-6 хүртэл хоногийн хугацаа хэтрүүлэн хоцроож байсан нь энэ талаарх хариуцагчийн ...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй болно.

Гэвч дээрх зөрчлийн улмаас буюу төлбөр хоцроосон үндэслэлээр ОХУ-тай байгуулсан гэрээ цуцлагдсан, дахин гэрээ байгуулсан гэх үйл баримт нотлогдоогүй, хэрэгт хавсаргасан ОХУ-ын аж ажуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээнүүд нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн хугацаа хоцроож төлбөр шилжүүлснээр хариуцагч тал хохирсон, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр алдангийг хариуцахгүй байх үндэслэлгүй.

 

Хариуцагч талын татгалзлын нэг болох давагдашгүй нөхцөл байдал гэнэт үүссэнээс зээл төлөх үүргээ биелүүлж чадаагүй гэх тайлбарын хувьд Өвөрхангай аймгийн Бүрд суманд 2018 оны 1 сарын 22-нд хязгаарлалтын дэглэм, 1 сарын 23-нд хорио цээрийн дэглэм тогтоосон, 2 сарын 13-наас хорио цээрийг цуцалж хязгаарлалтын дэглэм тогтоосон, уг дэглэм 3 сарын 02-нд цуцлагдсан, Арвайхээр суманд 2018 оны 3 сарын 08-наас хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шатахуун түгээх станц, хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээ, хоолны газруудын үйл ажиллагааг хориглосон, 3 сарын 20-ноос мал, мах, түүхий эд, сүү, өвсийг худалдаалахыг хориглосон, 4 сарын 06-нд хорио цээрийн дэглэмийг цуцалж хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн, 4 сарын 16-нд тус дэглэмийг цуцалсан, өвс тэжээлийг тогтоосон цэгт худалдахыг зөвшөөрсөн, Есөнзүйл суманд 2018 оны 8 сарын 30-нд хорио цээрийн дэглэм тогтоосон болох нь аймаг, сумын Засаг даргын захирамжаар тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн бүс нутагт өвс тэжээл худалдаалахад гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн, улмаар гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн байна.

 

Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлэхэд нөлөөлсөн бол хуулиар болон гэрээнд зааснаар хариуцагч тал гэрээнээс татгалзах эрхтэй, боломжтой байсан ба энэ эрхээ мэдэж байсан,  хэрэгжүүлэх боломжгүй байсан талаар шүүхэд мэдүүлдэг. 

 

Иймээс дээр дурдсан зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу төлбөр мөнгө хугацаандаа шилжүүлээгүй, мөн гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр гэрээнд заасан алдангиас чөлөөлөх, хариуцахгүй байх үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК зээлийн төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-с хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн заалтуудтай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэхэд заасан хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг шилжүүлж байсан, малын гоц халдварт өвчин гарч гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүссэнээс хариуцагч зээлээр худалдан авсан өвс тэжээлээ борлуулаагүй, хорио цээр, хязгаарлагдмал дэглэм тогтоосон үед болон гоц халдварт өвчин тархсан гэх мэдээ, мэдээллийн үед бараагаа зарах боломжгүй байсан үйл баримтыг буюу хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийн хэмжээ илт их гэж дүгнээд шүүх эрх хэмжээний хүрээнд багасгав. 

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42,871,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 1,000,000,000 төгрөгөөс хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 957,129,000 төгрөг болно. Алданги хоногийн 957,129,000 х 0.5% = 4,785,645 төгрөг, гэрээний хугацаа 2018 оны 8 сарын 01-нд дуусгавар болсноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа 209 хоног гэж тооцоход үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийн хэмжээ нь 957,129,000/2 = 478,564,500 төгрөг байна. Хариуцагчийн алданги хариуцах хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 3/1 хэмжээгээр багасгаад 319,043,000 төгрөгийн алдангийг хариуцагч талд хариуцуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг маргаангүй төлөх талаарх хариуцагчийн тайлбар, гэрээнд заасан алданги төлөх талаарх талуудын тохиролцоог үндэслэн 1,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 957,129,000 төгрөг, уг гүйцэтгээгүй үүргийн алданги 319,043,000 төгрөг, нийт 1,276,172,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Мал хамгаалах санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу 223,828,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 1,276,172,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,828,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 6,538,810 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ