Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0046

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Н.Д

               Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Нт холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Н.Д-ын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Э-н Н.

 

   Э.Н нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч Б.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Э-н Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Т овогт Э-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

             Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу 250.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж,

Шүүгдэгч Э.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч Э.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долоо, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

             шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “..энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улмаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.

 

Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143, 160 дугаар зүйлд заасан торгох ял биелүүлэх доод хугацаанаас /90 хоног/ доогуур буюу 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулж, олгосон эрхийг нь хязгаарласан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “..эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь түүний ойр дотны хүнийг...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний талаар хуульчилсан байхад үндэслэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.. энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно..” гэх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

 

Шийтгэх тогтоолын долоо дахь заалтад шүүгдэгч Э.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй гэж заасан нь ойлгомжгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ:  ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Э-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Э.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч прокурор Н.Д эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан байна.

 

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Н.Д-ын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

   Анхан шатны шүүх “ ... шүүгдэгчийн үйлдлийг хоёр гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан ... хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ... энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна ...“ гэж дүгнэн шүүгдэгч Э.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцох бөгөөд шүүгдэгч Э.Н нь хууль сахиулагч Б.У-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа түүний эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

              Түүнээс гадна шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... хүнд энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж гэж хуулиар тогтоосон байна.

 

              Гэтэл шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

  Мөн шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Учир нь: Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцүүлэн шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохдоо оногдуулсан торгох ялыг нөхөн төлөх чадварыг харгалзан хуульд зааснаар тогтоох ёстой.

 

Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

 

Харин дээрх заалтыг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар шүүх хэрэгжүүлэхгүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлэх хугацаанаас дээш хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу  “Ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу  “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар журмаар ял оногдуулна” гэсэн заалтууд нь өөр өөр зохицуулалт атал анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ нэгтгэн баримталсан нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Нт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР