Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Б-О

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нт холбогдох эрүүгийн 2125000000121 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Н,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

   Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч Б.Уыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч Б.Уыг 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ныг эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ “Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү. Эхнэр гурван хүүхдээ ажил хийж тэжээдэг тул өөр аймаг руу явах шаардлага гардаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Хохирогч Б.У “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

  1. Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-4-р хуудас/,
  2. Цагдаагийн алба хаагч Б.Уы илтгэх хуудас /хх-5-р хуудас/,
  3. Цагдаагийн алба хаагч Л.Түвшинбаярын илтгэх хуудас /хх-6-р хуудас/,

            4. Хохирогч Б.Уы “2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим Э.Н гэж хүн шөнийн цагаар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсан иргэнээс 2.5л савтай пиво худалдаж авсан. Э.Ныг “худалдаж авсан пивоо зарсан хүнд нь өгөөд, мөнгөө аваад яв” гэдэг байдлаар харилцаа үүсгэсэн. Гэтэл тухайн иргэн намайг “лалар, пизда” гэж хараасан. Тэгэхээр нь “яагаад харааж байгаа юм бэ” гэхэд намайг барьж авсан, түүнтэй явж байсан хоёр эмэгтэй миний хоёр талаас бариад авсан. Энэ үед Э.Н надтай ноцолдож байхдаа нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, миний дух, ам руу тус бүр нэг удаа гараараа цохисон, дух хавдаж, доод уруул дотор талдаа язарсан. Мөн миний өмсөж явсан ногоон өнгийн хантааз урагдсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-13-14-р хуудас/

5. Гэрч Л.Т-рын “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян”, “Төгөл” худалдааны төв орчим гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн ахлагч Б.У, олон нийтийн цагдаа С.Эрдэнэбаяр нарын хамт эргүүлд гарсан. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим бид нарыг зогсоол дээр ирж зогсох үед бид нарын урд цагаан өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Гэтэл нэг эрэгтэй хүн тухайн тээврийн хэрэгслийн хойд талын цонхоор нь 2.5л савтай пиво өгөөд эргээд явсан. Би пиво авсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч нь эрэгтэй хүн, түүний хажууд Э.Н, арын суудал дээр үл таних хоёр эмэгтэй хүн сууж байсан. Би тэд нар дээр очоод “яагаад хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж байгаа хүнээс пиво аваад байгаа юм бэ” гэсэн чинь Э.Н “би пиво аваагүй” гэсэн. Та буугаад ир” гэсэн чинь Э.Н буугаад ирсэн. Тэгэхээр нь түүнийг дагуулаад ахлагч Б.Уы шалгаж байгаа иргэн дээр очсон чинь тэр хүн Э.Нт “пиво зарсан” гэдгээ хэлсэн. Б.У, Э.Нын барьж байсан пивийг аваад зарсан хүнд нь өгөөд “та энэ хүний мөнгийг өг” гэж хэлсэн. Тэгэхэд Э.Н “лалар, пизда минь яаж байгаа юм бэ, ямар том юм бэ” гэж хэлсэн. Б.У “яагаад цагдаагийн алба хаагчийг “лалар, пизда” гэж байгаа юм бэ” гэсэн чинь Э.Н түүнийг заамдаж аваад тэр хоёр барилцсан. Э.Нтай хамт явсан хоёр хүүхэн Б.Уы хувцаснаас барьчихаад хөдөлгөхгүй байсан. Олон нийтийн цагдаа С.Э бид хоёр нөгөө хүмүүсийг нь салгах гэж ноцолдоод дийлдэхгүй байсан. Э.Н ахлагч Б.Уы нүүр лүү хоёр удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-16-17-р хуудас/

6. Гэрч Б.Н-гийн “Бид нар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа зардаг хүнээс пиво худалдаж авсан болохоор цагдаа нар бид нарт шаардлага тавьсан. Цагдаагийн алба хаагчийн шаардлага хууль ёсных байсан, Э.Н цагдаа нартай маргаагүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Хэн нь хэнийгээ яаж цохисныг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-21-22-р хуудас/  

7. Гэрч Г.М-гийн “Б.Н, Э.Н бид гурав баарны үүднээс такси барьж “Төгөл” дэлгүүрийн гаднаас шагийн пиво авахаар явсан. “Төгөл” дэлгүүрийн гадаа ирээд Наба /Э.Н/ машинаас бууж шагийн архи, пиво зардаг хүмүүсээс нэг ширхэг 2.5л “Сэрүүн” пиво авч бид хоёрт машины цонхоор өгчихөөд хариулт мөнгөө авахаар хүлээгээд байж байхад цагдаа ирсэн. Наба гэх залуу “энэ пивийг өгчих, бид нарыг явуулчих” гэж байснаа “дүрэмт хувцас өмсчихөөд яагаад томроод байгаа юм бэ, хүний өмсдөггүй юм өмсчихсөн юм шиг” гэх үгээр цагдаатай маргалдаад мөчөөгөө өгөхгүй байсан. Нандинцэцэг бид хоёр Набаг “цагдаа нарт өгч явуулахгүй” гэж тэр цагдаатай нь ноцолдож байхад Набатай ноцолдож байсан цагдаа “яая, яагаад нүүр лүү цохиж байгаа юм бэ, нүүр лүү цохичихлоо” гээд байсан. Цохиж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-24-25-р хуудас/ 

8. Гэрч С.Э-рын “Эргүүл хийж байхад нэг иргэн машиныхаа цонхоор шагийн архи зардаг хүнээс пиво авсан. Тухайн зөрчлийг хараад бид нар очсон. Ахлагч Б.У пиво зарсан хүн дээр, дэд ахлагч Л.Т бид хоёр пиво авсан машин дээр очсон чинь жолоочийн эсрэг талын суудал дээр нэг залуу, хойд талын суудал дээр хоёр эмэгтэй сууж байсан. Б.У пиво авсан хүнд “худалдаж авсан пивоо авч ирж өгөөд, мөнгөө аваад яв” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд нөгөө залуу согтуу байсан болохоор хэлж, ярьж байгаа зүйлийг ойлгохгүй маргалдаж байгаад улмаар ахлагч Б.Утай ноцолдоод барилцаад авсан, тэр залууг салгах гээд намайг яг араас нь татаж байхад Б.Уы нүүр лүү гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-31-р хуудас/  

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай “...Б.Уы биед нүүрэнд цус хуралт, духанд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь ямар ч байрлалд байхад учрах боломжтой ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нүүрэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духны зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хх-43-44-р хуудас/

10. Э.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78-р хуудас/,

11. Э.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61-р хуудас/,

12. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг дарга М.Э-гийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд /хх-63-64-р хуудас/,

13. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-85-р хуудас/,

14. Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялын төлбөрийг Э.Н 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б-ын 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21/84 дугаартай тогтоол /хх-87-р хуудас/,

15. Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Тү-рын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-90-92-р хуудас/,

16. Энгэрийн камерын бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-96-р хуудас/,

17. Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-94-р хуудас/,

18. Хохирогч Б.У нь шүүгдэгч Э.Наас 150.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хх-142-р хуудас/

 

19. Шүүгдэгч Э.Нын “2021 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө өөрийн найз бүсгүй болох Б.Н рүү утсаар яриад хаана байна гэсэн чинь 5 дугаар микрийн найзууд кафед найзтайгаа хамт байна гэхээр нь ганцаараа яваад очсон чинь Б.Н, Г.М гэж найзынхаа хамт байсан. Бид гурав уулзаад хүний хоёр, хоёр шил пиво захиалж уусан. Нэг ухаан орсон чинь “Төгөл” дэлгүүрийн хойд талын зам дээр машин дотор сууж байсан бөгөөд машин дотор 2.5л савтай нэг пиво байсан, би нэг хүнээс тамхи авах гээд ярьж байсан. Нэг ухаан орсон чинь нэг цагдаа “чи миний нүүр лүү цохичихлоо шүү дээ” гэхэд би уучлалт гуйгаад машинд нь орж суусан. Тэр цагдаагийн биеийн аль хэсэгт хэдэн удаа юугаар цохисон талаараа санахгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-55-56-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Н нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.У гэх цагдаагийн албан хаагчийг шаардлага тавихад нь эсэргүүцэж цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Тиймээс шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал болно ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэх ёстой. Шүүгдэгчийн хувийн байдлыг тухайд урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч Э.Нт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж нийт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Уы “2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим Э.Н гэж хүн шөнийн цагаар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсан иргэнээс 2.5л савтай пиво худалдаж авсан. Э.Ныг “худалдаж авсан пивоо зарсан хүнд нь өгөөд, мөнгөө аваад яв” гэдэг байдлаар харилцаа үүсгэсэн. Гэтэл тухайн иргэн намайг “лалар, пизда” гэж хараасан. Тэгэхээр нь “яагаад харааж байгаа юм бэ” гэхэд намайг барьж авсан, түүнтэй явж байсан хоёр эмэгтэй миний хоёр талаас бариад авсан. Энэ үед Э.Н надтай ноцолдож байхдаа нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, миний дух, ам руу тус бүр нэг удаа гараараа цохисон, дух хавдаж, доод уруул дотор талдаа язарсан. Мөн миний өмсөж явсан ногоон өнгийн хантааз урагдсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Тү, Б.Н, Г.М, С.Э нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт, Зөрчлийн тухай тэмдэглэл, Цагдаагийн алба хаагч Б.Уы илтгэх хуудас, Цагдаагийн алба хаагч Л.Т-рын илтгэх хуудас, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Тү-рын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүлжүүлсэн хүний бүртгэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Б.Уы тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Э.Ныг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Б.Уы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

           

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргүүдийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2125000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС