Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01176 дугаар шийдвэртэй Г.Ц-гийн нэхэмжлэлтэй ЭМХТ- УТҮГ-т холбогдох, эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн албаны даргын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц- нь Эрүүл мэнд хөгжлийн төвд Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байхад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамцын гарын үсэгтэй 03 дугаартай байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж, зарим ажлын байрны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү цөөрч байгаа ажлын байрны орон тоонд таны эрхэлж буй Эм, Эмнэлгийн хэрэгслийн албаны даргын ажлын байрны орон тоо хамрагдаж байгаа тул тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоо цөөрсөн үндэслэлээр цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Г.Ц-гийн ажлыг шинээр бий болсон Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхзаяад хүлээлгэн өгөх комисс ирж ажлаа түүнд хүлээлгэн өгсөн. Гэвч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, цалинг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олгосон. Түүнээс хойш цалингүй, ажилгүй болсон. Энэ хугацаанд Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилох асуудал судлагдаж байсан боловч ЭМХТ-ийн дарга солигдож, томилгоо хийгдэх эсэх асуудал тодорхойгүй болж, ажил хүлээлцсэн өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусах дөхсөн тул ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо шүүхэд гаргасан. Шүүхэд гомдол гаргасны дараа Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар өөр хүн томилогдсон. Г.Ц-г орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгөөд тушаал гаргаагүй байж ажлыг нь мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Э-д хүлээлгэн өгсөн нь хууль бус. Бүтцийн өөрчлөлтөөр Эм, эмнэлгийн хэрэгслийн алба нь Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албатай нэгтгэгдсэн бөгөөд урьд Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргаар ажиллаж байсан хүн нь тухайн албан тушаалд өрсөлдөхгүй тухайгаа хэлсээр байтал намайг Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргаар томилоогүй, сонгон шалгаруулалтыг зохих ёсоор явуулаагүй байж Ш.Э-г урьдаас томилсон нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох журамтай байхад ажиллаж байсан 2 албаны даргын хооронд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд Г.Ц-гийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн тул үүнд гомдолтой байна. Г.Ц- нь эрүүл мэндийн салбарт 13 жил, төрийн байгууллагад 9 жил, үүнээс удирдах албан тушаалд 4 жил гаруй хугацаанд ажилласан. ЭМХТ-ийн Эмийн зохицуулалтын албанд 3 жил гаруй хугацаанд ажилласнаас 2 жил албаны даргаар ажилласан. 2015 оны 3-р сараас ЭМХТ-ийн Эмийн зохицуулалтын албаны даргаар ажиллаж байгаад ЭМЯ-ны захиалгаар КОЙКА олон улсын байгууллагын шугамаар БНСУ-д Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр 2015 оны 8 сараас 2016 оны 12 сарын хооронд магистрын хөтөлбөрт хамрагдсаны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байсан. Шинээр байгуулагдсан албаны даргын албан тушаалын болзлыг хангасан байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын болон албаны зорилго зорилтыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, мэргэжилтнүүдийг удирдан зохион байгуулж 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр албаны үйл ажиллагаа А үнэлэгдсэн тул Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар томилогдох тул үндэслэлтэй байсан. Иймд Г.Ц-г Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргаар томилохыг даалгаж, ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ц- нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай А/203 дугаар тушаал, Эрүү л мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил, албан тушаалд томилох тухай Б/06 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар томилогдон ажилласан. Эрүүл мэндийн сайд ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, ЭМХТ-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн алба гэсэн 2 албыг нэгтгэж, Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн алба болгон зохион байгуулсан тул ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С ажлын туршлага, боловсролын зэрэг, ажилласан жил, мэргэжлийн ур чадвар болон бусад шалгууруудыг хангасан мэргэжилтэн Ш.Э-г тухайн албаны даргаар томилсон. Ш.Э, Г.Ц- нарын Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг харьцуулсан. Г.Ц-г ажлын байраар хангах талаар харилцан тохиролцож Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар ажиллуулах саналыг тавьсан. Энэ нь Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар явуулсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 291, Авилгатай тэмцэх газрын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 05/2375 албан тоот бичгээр тус тус нотлогдоно. Эрүүл мэндийн сайд Э.С-г 2018 оны А/78 дугаар тушаалаараа Эстон улсад 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр, Б/24 дүгээр тушаалаараа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны Хөх хотод тус тус албан томилолтоор ажиллуулж байх хугацаандаа 2018 оны Б/28 дугаар тушаалаараа /2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс/ ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд ЭМХТ-ийн Ерөнхий захирал томилогдоогүй байж байгаад Эрүүл мэндийн сайд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Д.Г-г Ерөнхий захирлаар томилсон. Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С Г.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гаргаагүй, яг завсрын үе таарсны улмаас шинэ албан тушаалд мөн томилсон шийдвэр гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг ажилд томилоогүй, өөр хүнийг томилсон. Г.Ц- нь одоо Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргын ажлын байранд ажиллах ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаанд Г.Ц-г оролцуулан зохион байгуулахыг ЭМХТ- УТҮГ-т даалгаж, ЭМХТ- УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 021 986 төгрөгийг гаргуулж Г.Ц-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Ц-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ЭМХТ- УТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Ц-гийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЭМХТ- УТҮГ-аас 228 060 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О давж заалдах гомдолдоо: Г.Ц-гийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэрэгт холбогдох нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтаар түүнийг Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргын албан тушаалд томилуулахаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст явуулсан бичиг, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ирсэн бичиг, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Ерөнхий захирлын тушаал шийдвэр гараагүй, нийгмийн даатгалын дэтвэрт чөлөөлсөн тухай бичилт хийгдээгүй байхад, мөн мэдэгдэх хуудасны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан. Г.Ц-г ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон зэрэг нь хэргийн нотлох баримтаар нотлогдох бүрэн боломжтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч ЭМХТ- УТҮГ-т холбогдуулан Эм, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны даргын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-3, 20-22 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Ц-г хариуцагч “ЭМХТ-”-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “ЭМХТ-”-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 442 451 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагч “ЭМХТ-”-д даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1696 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2019/00070 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ./хэргийн 76-83, 98-103, 116-120 дугаар тал/

 

            Улсын Дээд шүүх орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг шүүх тодруулаагүй буруутай талаар дүгнэжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21 тоот, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 тоот тушаалаар ЭМХТ-ийн бүтэц, орон тоо хэрхэн өөрчлөгдсөн, шинээр байгуулагдсан гэх Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргыг хэрхэн томилсон нь тодорхой бус байх тул хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэлийг заажээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх зөрчлийг арилгалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

           

            Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчийн оронд Ш.Э-г томилсон 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ЭМХТ-ийн Ерөнхий захирлын Б/38 дугаар тушаал авагдсан байх боловч дээрх бүтэц орон тоог өөрчлөх сайдын тушаал гаргахаас өмнө тухайн байгууллага ямар бүтэц, орон тоотой байсан талаарх тушаал шийдвэр хэрэгт авагдаагүйгээс гадна, нэхэмжлэгчийн оронд Ш.Э-г ямар шалгуураар хэрхэн томилсон, ямар журмаар сонгон шалгаруулалт явуулсан зэрэг үйл баримт тодорхойгүй хэвээр байна. Энэхүү нөхцөл байдал тодорхойгүй тохиолдолд түүнийг ажил, албан тушаалаас нь хариуцагч чөлөөлсөн нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийх боломжгүй. Тодруулбал, урьд эрхэлж байсан ажил үүрэг нь бодитой өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаарх баримтгүй, энэ талаар тайлбар гаргаагүй байхад түүнийг ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэж шүүх дүгнэж, шинээр бий болсон гэх Эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулах ажиллагаанд оруулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талууд мэтгэлцээгүй шаардлага, үндэслэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Мөн хариуцагч нь түүнийг өөр ажлын байранд түр томилон ажиллуулж байгаа талаарх тайлбарыг зохигчид гаргаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                     С.ЭНХТӨР