Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ц/РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Ц миний бие Эрүүл мэнд хөгжлийн төвд Эм эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байсан.

2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Эийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамцын гарын үсэгтэй 03 дугаартай “байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж, зарим ажлын байрны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү цөөрч байгаа ажлын байрны орон тоонд таны эрхэлж буй Эм, Эмнэлгийн хэрэгслэлийн албаны даргын ажлын байрны орон тоо хамрагдаж байгаа тул тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоо цөөрсөн” үндэслэлээр цуцлах болсныг мэдэгдлийг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг өгсөн.

Мэдэгдэл өгснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний ажлыг Ш.Энхзаяад хүлээлгэн өгөхөөр комисс ирж ажлаа түүнд хүлээлгэн өгсөн. Гэвч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, цалинг хэвээр олгож байгаа.

Ийнхүү намайг орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгөөд тушаал гаргаагүй байхдаа миний ажлыг мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяад хүлээлгэн өгсөн нь хууль бус байна.

Учир нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 дугаарын 1-ний өдрийн А/70 дугаартай тушаалаар Эийн бүтцэд өөрчлөлт оруулж миний удирдан ажиллаж байсан Эм эмнэлгийн хэрэгслэлийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 2 албыг нэгтгэж 1 алба болгосноор 1 албаны даргын орон тоо цөөрсөн гэж үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 -д заасан орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох журамтай.

Гэтэл ажиллаж байсан 2 албаны даргын хооронд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн. Г.Ц миний бие эрүүл мэндийн салбарт 13 жил, төрийн байгууллагад 9 жил, үүнээс удирдах албан тушаалд 4 жил гаруй хугацаанд ажилласан. ЭМХТ-ийн Эмийн зохицуулалтын албанд (Эмийн зохицуулалтын алба, Эм, эмнэлгийн хэрэгслийн алба) 3 жил гаруй хугацаанд ажилласнаас 2 жил албаны даргаар ажилласан.

2015 оны 3-р сараас ЭМХТ-ийн Эмийн зохицуулалтын албаны даргаар ажиллаж байгаад ЭМЯ-ны захиалгаар КОЙКА олон улсын байгууллагын шугамаар БНСУ-д Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр 2015 оны 8-р сараас 2016 оны 12 сарын хооронд магистрын хөтөлбөрт хамрагдсан. ЭМХТ-ийн захиралтай байгуулсан гэрээний хүрээнд магистраа хамгаалж ирээд 2018 оны 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн ЭМХТ-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын болон албаны зорилго зорилтыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, мэргэжилтнүүдийг удирдан зохион байгуулж 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр албаны үйл ажиллагаа А үнэлэгдсэн тул Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар томилогдох тул үндэслэлтэй байсан. Иймд ЭМХТ-ийн ерөнхий захирлын М.Энхзаяаг Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар томилсон тушаалыг хүчингүй болгож намайг тус албаны даргаар томилохыг ЭМХТ-ийн ерөнхий захиралд даалгаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Г.Цгийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Цг ажилтны тоо цөөрсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Уг мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдлийг өгөх тухай зохицуулалт байдаг. Гэтэл мэдэгдэл өгнөөсөө хойш 5 хоногийн дараа ажлыг хүлээж авсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлд зааснаар ажилтны ажлыг хүлээж авснаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ гэж заасан. Энэ үндэслэл зөрчигдсөн гэсэн үүднээс эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Эд эм эмнэлгийн хэрэгслийн алба эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба гэсэн 2 алба байсан ч бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Эм эмнэлгийн хэрэгслийн албаны чиг үүрэг эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд шилжсэн. Эм эмнэлгийн албаны даргын ажлыг хүлээлгэж Ш.Энхзаяад хүлээлгэж өгсөн. 2 алба байж байгаад нэг алба болж нэгтгэгдэж орон тоо цөөрсөн асуудал байгаа. Ажилтны тоо цөөрсөн тохиолдолд шинэ ажилтныг сонгож авахдаа илүү ур чадвартай ажилтныг сонгож авах зарчим байдаг. Тийм учраас үлдсэн нэг албаны даргын орон тоонд 2 албаны даргын хооронд сонгон шалгаруулалт явуулаад аль илүү ур чадвартайг нь сонгох байсан. Нөгөө албаны даргын хувьд ямар нэгэн маргаан байгаагүй явсан учраас Г.Ц шинээр бий болсон албаны даргын чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад Ш.Энхзаяаг томилсон нь хууль бус байна гэж үзэж байгаа учраас энэ албаны даргад Г.Цг томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч хариу тайлбартаа Ш.Энхзаяаг төрийн албаны мерит зарчмыг барьж  томилсон нь хууль зөрчөөгүй гэж ярьж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 4.5.2 дахь хэсэгт зааснаар мерит зарчим нь төрийн алба тогтвортой байна гэсэн зарчим байгаа. Гэхдээ энэ зарчмаа бас зөрчсөн гэж үзэж байна. Тухайн ажлын байранд тавигдах бүх шаардлагыг хангасан байх төрийн албаны шударга ёсны зарчим байдаг. Тухайн ажлын байрны тодорхойлолтондоо тухайн ажлын байранд 3-с доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавьсан боловч Ш.Энхзаяагийн хувьд тухайн удирдах албан тушаалд огт ажиллаж байгаагүй. Мөн удирдлагын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх гэсний дагуу Г.Ц сургалтанд хамрагдаж магистрын зэрэг хамгаалсан. Ш.Энхзаяагийн хувьд ямар нэгэн байдлаар сургалтанд хамрагдаагүй байдал харагддаг. Г.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн зүгээс ур чадварыг ашиглах хэвшүүлэх зорилгоор байгуулсан тэрнээс биш ажлаас халах боломжтой гэсэн тайлбарыг гаргадаг. Хөдөлмөрийн гэрээний 5.1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгцэтэй үед ур чадварыг чинь ашиглана, хэрэгцээгүй үед нь халах эрх байгаа гэсэн байдлаар тайлбар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлөх ёстой. Мөн өөр ажилд шилжүүлэх гэж байсан гэдэг тайлбар хэлдэг боловч өөр ажилд томилсон зүйл байхгүй. Өөр ажилд шилжүүлэх бол ажилтны зөвшөөрлөөр эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас шилжүүлдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж байсан Г.Цгийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан энэхүү хариу тайлбарыг гарган хургүүлж байна.

1. Мэдэгдэл өгөөд тушаал гаргаагүй байхдаа миний ажлыг мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяад хүлээлгэн өгсөн нь хууль бус байна.

“Эийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2018.01.31-ний өдрийн А/21, “Эийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай”, мөн сайдын 2018.03.01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар хуучнаар Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн шинээр Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг зохион байгуулсан. Энэхүү албан тушаалд тухайн үед ажил олгогчоор ажиллаж байсан Ерөнхий захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нь байгууллагадаа ажиллаж байгаа албан хаагчдаасаа ажлын туршлага, боловсролын зэрэг, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяаг төрийн албаны мерит зарчмыг баримтлан томилсон байна.

Ш.Энхзаяа, Г.Ц нарын Эм, эмнэлгийн тоног техөөрөмжийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг харуулбал:

Тавигдах

шаардлага

Г.Ц

Ш Энхзаяа

Дээд боловсролын

бакалавр

Магистр

Эм зүйн ухааны доктор

Эм зүйч

Эм зүйч

Эм зүйч

Мэргэжлийн зэрэг

Эмийн удирдлага, зохион байгуулалтын Ахлах зэргийн эм зүйч

Эмийн удирдлага,зохион байгуулалтын Тэргүүлэх зэргийн эм зүйч

Хүний нөөцийн удирдлага, Эрүүл мэндийн удирлагын чиглэлээр сургалтад хамрагдаж байсан.

Дэлхийн эрүүл мэнд ба хөгжил, Үндэсний эрүүл мэндийн  бодлого чиглэлээр БНСУ-д магистрт суралцаж төгссөн.

 

 

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан, 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлж байсан.

Төрийн албанд - 9 жил, Удирдах албан тушаалд - 4 жил

 

Төрийн албанд - 21 жил, Удирдах албан тушаалд -

Г.Цтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.9-д заасны дагуу “... ажилтныг 3-аас доошгүй ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэх чадвартай болгох, ажилтны мэдлэг, ур чадварыг нь хэрэгцээтэй ажил үүрэгт ашиглах, ажлын байран дээр суралцах тогтолцоог хэвшүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээ, ажлын шаардлагыг үндэслэн өөрчлөх” эрх нь ажил олгогчид байдаг./Хөдөлмөрийн гэрээний хувийг банкны зээлэнд хамрагдах зорилгоор өөрөө авсан/

Г.Цд мэдэгдэх хуудас өгч, өмнө хийж байсан ажлыг нь хүлээж авахдаа Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалуудаар төвийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба байхгүй болсныг баримтлан цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Дээрхи нөхцөл байдлын улмаас Г.Цд “Мэдэгдэх хуудас” өгч, ажлыг нь хүлээж авсан байна.

2. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй дараах шалтгаан нөхцөл байсан байна.

 Мэдэгдэх хуудас өгөөд 1 сарын хугацаа дуусаагүй байсан. Г.Цг өөр албаны даргаар ажиллуулах саналыг өмнөх ажил олгогчийн зүгээс тавиад харилцан тохиролцсон байсан.

Талууд харилцан тохиролцсноор Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор нэр дэвшүүлж, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2018.03.14-ний өдрийн 291 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн хариу нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын гарын үсэгтэйгээр “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 2018.03.21-ний өдрийн 05/2375 дугаартай албан бичгээр ирсэн. Өмнөх удирдлага Авлигатай тэмцэх газрын албан бичигтэй 2018.03.22-ны өдөр танилцан, холбогдох албан тушаалтанд тушаал гаргах үүрэг өгч цохолт хийж, Г.Цг Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор тушаалын төсөл боловсруулан холбогдох албан тушаалтнуудаар хянагдан тойрч байх хугацаанд тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Содномжамц нь Эрүүл мэндийн сайдын А/78 дугаар тушаалаар Эстони улсад 2018.03.24-31-ний өдөр, мөн сайдын Б/24 дүгээр тушаалаар 2018.04.02-05-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тус тус албан томилолтоор ажилласан. Ингээд Эрүүл мэндийн сайд 2018 оны Б/28 дугаар тушаалаараа Э.Содномжамцыг 2018.04.02-ны өдрөөс ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд ЭМХТ-ийн Ерөнхий захирлаар хүн томилогдоогүй байсан. Эрүүл мэндийн сайдын 2018.04.17-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/31 дүгээр тушаалаар Д.Ганцэцэгийг төвийн Ерөнхий захирлаар томилсон.

Г.Ц нь Э.Содномжамцтай өөр албан тушаалд томилогдохоор харилцан тохиролцсон нь ЭМХТөвийн АТГ-т явуулсан болон АТГ-аас ирүүлсэн бичгээр нотлогдож байгаа тул Г.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Эд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1 410 528/нэг сая дөрвөн зуун арван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Э нь Эм, эмнэлгийн хэрэгслийн алба нэгтгэгдсэн гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хариуцагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар ажиллаж эхэлсэн болох нь № А 000154004 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид орон тоог цөөрүүлсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” гэж заасан.

 

          Хариуцагч нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн ажилтны цоо цөөрсөн гэж маргаж байна.

 

          Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн ажилтны цоо цөөрсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

          Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаал гарснаар хариуцагчийн орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн болох нь баримтаар нотлогдохүй байна.

 

Хариуцагчийн ажилтны тоог цөөрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байх боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдэж, нэхэмжлэгчтэй ажил хүлээлцсэн болох нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэрийг гардуулаагүй байх ба нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох ...” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1 410 528/нэг сая дөрвөн зуун арван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргажээ.

                                                         

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 133 355/1118689+1118689+1162689=3400067, 3400067:3=1133355/ /нэг сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун тавин тав/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин хөлс 51 516/1133355:22=51516/ /тавин нэгэн мянга таван зуун арван зургаа/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн №А 000154004 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид 2018 оны 3 дугаар сарын цалин хөлсийг олгосон байх тул 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 1/нэг/ сар, ажлын 6/зургаа/ хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1 442 451/51516х6хоног=309096, 309096+1133355=1442451/ /нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь № А 000154004 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1 410 528/нэг сая дөрвөн зуун арван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 442 451/нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Цг хариуцагч “Э”-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э”-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 442 451/нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цд олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагч “Э”-д даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Цг хариуцагч “Э”-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э”-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 442 451/нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цд олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагч “Э”-д даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э”-с улсын тэмдэгтийн хураамжид 38 029 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

                                                                                                                                               

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ