Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/шш2022/03632

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр Дугаар 182/ШШ2022/03632   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗД-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 126,919,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гэрч Б.Г Ц.Б, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Д.М нь НЗД холбогдуулан гэм хорын хохиролд 126,919,631 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

 

 

1.1.Монгол Улсын Засгийн газраас 2012 онд Гэр хорооллыг дахин төлөвлөж газрыг орон сууцаар сольж иргэдийн амьдралыг сайжруулах талаар шийдвэр гарсны дагуу 2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2/29, 3/31 дугаар тогтоолыг тус тус гаргаж, уг тогтоолын хавсралтаар "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам"-ыг баталж улмаар Нийслэлийн Засаг дарга Э.Б Баянзүрх дүүргийн  дугаар хороо, нутаг дэвсгэрт "Г ХХК"-ийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан юм. НЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тоот захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Г" ХХК-ийг батламжилснаар уг дахин төлөвлөлтийн ажиллагаа эхэлсэн.

 

1.2.Ж.Төвхөн би гэр бүл үр хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоот хаягт байрлах  м.кв газрыг 1997 оноос эзэмшсэн бөгөөд анх хүү Д.М-ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан юм. Бид газар, хашаандаа мансардтай давхар хувийн сууцыг барьж авсан. Дараа нь 2010 онд улсын бүртгэлийн газраас  өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Харин газар, хашаандаа баригдсан 90 гаруй мкв хэмжээтэй мансардтай, хувийн сууцандаа Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч амжаагүй байсан. Учир нь миний хүү Д.М нь гадаадад буюу Чех улсад сурч, ажиллаж байсан бөгөөд манай гэр бүлийн хүн Дамиран бид 2 өвөл нь хүү дээр очиж зун нь ирж очин амьдардаг байсан 2009 оноос хойш Улаанбаатар хотдоо амьдарч байна. Тухайн үед буюу 2012 онд төрөөс гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлэх үед хувийн сууцандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн боловч төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон НЗД-ын ажлын албаныхан газрыг орон сууцаар солих учраас та нар хувийн сууцдаа гэрчилгээ гаргуулах шаардлагагүй, мөн та нарын хувийн сууц, газар дээр байгаа барилгыг нураах учраас эндээс юм авч болохгүй гэрийнхээ доторх тавилгаа ав гэхээр нь бид тэдний үгэнд итгээд хашаа байшингаасаа нэг ч ширхэг хадаас аваагүй газар, хашаа, орон байраа хүлээлгэн өгсөн юм. Мөн нөхөр бид 2 хүүгийнхээ хашааны зүүн буланд нь 10х10 харьцаатай, доод талдаа авто машины граштай, байшингийн суурь цутгаж 1 давхар дуустал баригдаж байсан барилгаа бас хүлээлгэн өгч нураалгасан.

 

1.3.Бид 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч "Г" ХХК-тай дугаартай гэрээг, мөн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга түүнийг төлөөлөн Гэр хороолол хөгжлийн газар, мөн төсөл хэрэгжүүлэгч "Г" ХХК-тай дугаартай гурван талт гэрээг тус тус байгуулахдаа манай газар, хашаа, байшинг 122 м.кв орон сууцаар солихоор, Үйлчилгээний талбайн хэсгээсээ 5 м.кв-ыг үнэ төлбөргүй олгох нөхцөлөөр тохирсон байсан. Гэвч НЗД-аас хэрэгжүүлсэн Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн ажил хэрэгжээгүй, Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Г" ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг дөрөөлж иргэд бидний газар болон хувийн сууц өмч хөрөнгөд ямар ч үнэлгээ хийхгүйгээр буулгаж авч манай гэр бүлийг хохироосон.

1.4.Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь 2013 оноос 2014 оны хооронд хоёр байшингийн суурь цутгаж дүр үзүүлснээс өөр ажил хийгээгүй, Нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлж хяналт тавьж ажиллаагүй, мөн Нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан "Г" ХХК нь бидэнтэй байгуулсан "Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай"  талт тоот түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 450,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс хойш түрээсийн төлбөрөө өгч чадахаа больсон. Үүний улмаас бид 2017 он хүртэл өөрийн гэх гэр оронгүй, түрээсийн байрны төлбөр төлж чадахгүй айл айлаар амьдарч байсан.

1.5. Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвгэрт амьдарч байгаад газар болон эд хөрөнгөө НЗД-ын захирамжид итгэж гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж чөлөөлж өгч нураалгасан, орон гэргүй болсон иргэд болох Д.Цэнд-Аюуш, Ц.Б, С бид 2017 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0687 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны №08 магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 141 тогтоолоор Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутагт багцын төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, НЗД нар тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, мөн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Г" ХХК-ийн бидэнтэй байгуулсан "Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай" 2 талт тоот гэрээний дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл хохиролд Нийслэлийн Засаг даргаас Д.М-т 17,300,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн юм.

1.6.Өнөөдөр манай гэр бүл өмчлөлийн газраа Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэрээр буцааж авсан боловч өмнө байсан хувийн сууц, дөрвөн тал хашаагаа дахин сэргээж барих хөрөнгө мөнгөгүй хохирч байна. Бид өнөөдөр 540 м.кв газартаа дөрвөн тал хашаа 10х10 хэмжээтэй 100 м.кв талбайтай хувийн сууцаа сэргээн барихад одоогийн зах зээлд зарагдаж байгаа барилгын бараа материалын үнийн судалгаанд тооцоолж төсөвчнөөр тооцоог гаргуулахад нийт 126,919,631 төгрөгийн зардал шаардлагатай байна. Учир нь бидний амьдардаг байсан 90 гаруй м.кв хэмжээтэй мансардтай хувийн сууц нь 1997 онд баригдсан, зузаан тоосгон ханатай, шувуу нуруутай хар цаасан дээвэртэй өвлийн дулаан сууц байсан, мөн хашаа нь 3см-ийн хэмжээтэй модон банзаар баригдсан байсан болно.

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс Д.М бидэнд учруулсан хохиролд Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10х10 хэмжээтэй 100 м.кв хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал нийт 126,919,631 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 228 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

2.Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг баталж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор журмын нэмэлт өөрчлөлтийг тус тус баталж зохицуулсан. Нийслэлийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "Г" ХХК-ийг батламжилсан. Төсөл хэрэгжүүлэгч "Г" ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах" журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. "Г" ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо буюу төслийн талбай дахь үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчидтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 болон 3 талт гэрээ, мөн орон сууц баригдаж дуусах хүртэл хугацаанд "Түр оршин суух түрээс"-ийн гэрээ байгуулсан. "Г" ХХК нь 2 болон 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нарын 4 иргэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлэсэн.

 

2.2.Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор ...Г ХХК-ийг дугаар гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, ... гуравдагч этгээд "Грандлайн" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, ...нэхэмжлэгч нартай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, Д.Мт гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 17,300,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, гурван талт гэрээг хууль бус гэж тогтоогоогүй. эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагчийг хууль бус үйлдэл эс үйлдэхүйн үйлдсэн болон нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээг хууль бус гэж тогтоосон гэх шүүхийн шийдвэр байхгүй.

 

2.3.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ын 3.11-т Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, 3.7-д Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ., 3.15-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан. Нэхэмжлэгчийн тайлбар болон "Г" ХХК-ийн байгуулсан хоёр талт 89 дүгээр гэрээний 1.1 дэх заалт, Нэхэмжлэгчтэй байгуулсан дугаар гурван талт гэрээний 4.1.2, 4.1.5, 5 дахь заалтаас харахад нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлийн гэх 4 талт хашаа, 90 м.кв хувийн сууцыг буулгах, чөлөөлөх, үнэлэх үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэгч "Г" ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаа байсан. Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хувийн сууцыг буулгах, газар чөлөөлөх, үнэлэх үүргийг "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээгээгүй. Нэхэмжлэгч нь өөрийн хувийн сууц, хашаа нураасан этгээд болох "Г" ХХК-иас гэм хорын хохирлыг шаардах нь үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам", нэхэмжлэгчтэй байгуулсан гурван тал гэрээгээр нэхэмжлэгчийн хашаа, хувийн сууцыг буулгаж чөлөөлөх, үнэлэх үүрэг хүлээгээгүй, түүнийг буулгасан, чөлөөлсөн ажил гүйцэтгээгүй, мөн Нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Д.Мын орон сууцны барилгын Төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх4--19/

 

3.2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /хх20-23/

 

3.3.Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ /хх24-25/

 

3.4.Ж.Төвхөнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Мын гадаад паспортын хуулбар /хх26/

 

3.5.2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ /хх27-30/

 

3.6.2010 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх31/

 

3.7.Газрын кадастрын зураг /хх32/

 

3.8. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэр /хх34-39/

 

3.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  дугаартай магадлал /хх40-45/

 

3.10. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай тогтоол /хх46-52/

 

3.11.Газрын байршлын зураг Google Earth /хх52-63/

 

3.12.№308-01 дугаартай, Мэргэшсэн төсөвчний Гэрчилгээ /хх96/

 

3.13.Тайлбар бичиг 2022 он

 

 

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дугаартай Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж /хх80/

 

4.2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай дугаартай захирамж /хх81/

 

 

 

5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

5.1.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаартай тогтоол, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам /хх108-114/

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.Хариуцагч НЗД холбогдох 126,919,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

 

2.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч НЗД-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол болох Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоотод байрлах дөрвөн тал хашаа, хэмжээтэй  м.кв хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал нийт 126,919,631 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам", нэхэмжлэгчтэй байгуулсан гурван тал гэрээгээр нэхэмжлэгчийн хашаа, хувийн сууцыг буулгаж чөлөөлөх, үнэлэх үүрэг хүлээгээгүй, түүнийг буулгасан, чөлөөлсөн ажил гүйцэтгээгүй, нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байна.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

 

4.1.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Журам батлах тухай тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбогдуулан боловсруулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг баталж, уг журмаар НЗД-аас санаачилсан төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох, сонгосон талбайд бүхэлд нь буюу хэсэгчлэн төсөл хэрэгжүүлэх, сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эрх авсан төсөл хэрэгжүүлэгч зохион байгуулах зэрэг асуудлыг журамлан зохицуулжээ.

 

Улмаар 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай НЗД-ын захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна. /хх81, 108-114/

 

 

 

4.2.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаартай тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг үндэслэн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ Г ХХК болон Ж.Т-ий хооронд байгуулагдаж, 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр угаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ Д.М, Ж.Т, НЗд, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан байна. /хх20-23, 27-30/

 

 4.3. Дээрх гэрээгээр иргэн Д.М нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод байрлах, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн хаягт байрлах /хэмжээ, зориулалт тусгаагүй/ үл хөдлөх эд хөрөнгө зэргийг 3 өрөөм.кв талбай бүхий, 2 өрөө м.кв талбай бүхий нийт м.кв талбайтай орон сууцаар солих, Г ХХК нь төслийг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах, ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, харин засаг захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэх байршил, нэгж талбарт шинээр баригдах барилга байгууламжийн байршлыг тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд тайлагнах зэрэг үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

 

 

4.4.Нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлд Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод байрлах, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар байсан байх ба харин тус газар дээрх байшин буюу үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй гэж тайлбарласан. /хх81/

 

 4.5.Захиргааны байгууллага буюу НЗД нь дугаартай гурван талт гэрээний биелэлтийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй буюу гэрээний 5.3.3.-т заасан төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд сар тутам тайлагнах, 6.3-т заасан төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хүсэлтийг төслийн удирдах хороогоор шийдвэрлүүлнэ гэсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлээгүй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай тогтоолд тус тус дүгнэсэн байна. /хх34-39, 46-52/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон байх тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

 

Харин хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, уг хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

 

4.6. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М-ын чөлөөлсөн газар дээр барилга байгууламж байсан эсэх талаар маргаагүй бөгөөд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг Баянзүрх дүүрэг, угаар хороо, гэсэн, Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод байрлах Газрын кадастрын зурагт Барилгын уртын хэмжээг 9.68, 7.59, 9.68, 7.59 гэж тэмдэглэсэнээс үзэхэд хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө байсан гэж үзэхээр байх ба мөн шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгсөн гэрч Б.Гр, Ц.Б нар нь Д.М-ын хашаанд  давхар мансардтай тоосгон байшин байсан, хажууд нь барилга байсан гэх агуулга бүхий мэдүүлгүүд, сансраас авсан газрын байршлын зураг зэргээр маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна.

 

 

4.7.Д.М нь 4 тал хашаа болон хувийн сууцаа сэргээн барихад 126,919,631 төгрөгийн зардал гарна гэж тайлбарлаж, үүнийгээ нотлохоор Мэргэшсэн төсөвчин А.Б гаргасан төсвийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч талаас үүнийг үгүйсгэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

4.8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Мөн зүйлийн 227.4.-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч НЗД нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дугаартай захирамжаар Г ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолын дагуу компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

 

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүйгээс нэхэмжлэгч Д.Мын 4 тал хашаа, хувийн сууц барихад зарцуулагдах 126,919,631 төгрөгийн зардал нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

 

5.Иргэдийн төлөөлөгч нь 126,6 сая төгрөгийг НЗД-аас нэхэмжилж авах нь зөв гэж үзэж байна. Учир нь төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-ийг НЗД өөрөө сонгон шалгаруулж баталсан учир төслийг хянах батлах бүхий л ажилд хариуцлагатай байх ёстой гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул НЗД-аас 792,548 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар НЗД-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 126,919,631 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД-аас 792,548 төгрөг гаргуулж, Д.М-т олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ