Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00714

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00714

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03632 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох,

126,919,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төвхөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Г ХХК-тай 89 дугаартай гэрээг, мөн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлөн Гэр хороолол хөгжлийн газар, мөн төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-тай гурван талт гэрээг тус тус байгуулж манай газар, хашаа, байшинг 122 м.кв талбайтай орон сууцаар солихоор, үйлчилгээний талбайн хэсгээс 5 м.кв талбайг үнэ төлбөргүй олгохоор тохирсон. Гэвч Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн ажил хэрэгжээгүй.

Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь 2013 оноос 2014 оны хооронд хоёр байшингийн суурь цутгаж дүр үзүүлснээс өөр ажил хийгээгүй, Нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлж хяналт тавьж ажиллаагүй.

1.2. Гэрээ байгуулах үед хашаандаа барьсан 10х10 хэмжээтэй, мансардтай, хувийн сууцандаа гэрчилгээ авч амжаагүй байсан. Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон Нийслэлийн Засаг даргын ажлын албаныхан газрыг орон сууцаар солих учраас та нар хувийн сууцдаа гэрчилгээ гаргуулах шаардлагагүй, мөн та нарын хувийн сууц, газар дээр байгаа барилгыг нураах учраас эндээс юм авч болохгүй гэрийнхээ доторх тавилгаа ав гэхээр нь бид тэдний үгэнд итгээд хашаа байшингаасаа нэг ч ширхэг хадаас аваагүй газар, хашаа, орон байраа хүлээлгэн өгч нураалгасан.

Манай гэр бүл өмчлөлийн газраа захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр буцааж авсан боловч өмнө байсан хувийн сууц, дөрвөн тал хашаагаа дахин сэргээж барих хөрөнгө мөнгөгүй хохирч байна. 540 м.кв газарт дөрвөн тал хашаа, 10х10 хэмжээтэй 100 м.кв талбайтай хувийн сууцыг сэргээн барихад одоогийн зах зээлд зарагдаж байгаа барилгын бараа материалын үнийн судалгаанд тооцоолж төсөвчнөөр тооцоог гаргуулахад нийт 126,919,631 төгрөгийн зардал гарсан.

1.3. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учруулсан хохиролд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 18-239 тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10х10 хэмжээтэй 100 м.кв талбайтай хувийн сууцаа сэргээн барихад гарах зардал 126,919,631 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төсөл хэрэгжүүлэгч Г ХХК нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр Гранд лайн" ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, Г ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нартай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, А-т гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 17,300,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Харин хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй.

2.2. Нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлийн гэх хашаа, хувийн сууцыг буулгах, чөлөөлөх, үнэлэх үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэгч Г ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаа. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хувийн сууцыг буулгах, газар чөлөөлөх, үнэлэх үүргийг гурван талт гэрээгээр хүлээгээгүй. Нэхэмжлэгч нь өөрийн хувийн сууц, хашаа нураасан этгээд болох Г ХХК-аас гэм хорын хохирлыг шаардах нь үндэслэлтэй.

2.3. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаа, хувийн сууцыг буулгаж чөлөөлөөгүй, мөн нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нийслэлийн Засаг дарга нь сонгон шалгаруулалт хийж төсөл хэрэгжүүлэгч Г ХХК-ийг сонгосон учир төслийг хянах, батлах бүхий л ажилд хариуцлагатай байх ёстой. Иймд нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 126,919,631 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж авах нь зөв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 126,919,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 792,548 төгрөг гаргуулж А-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх үүрэг зөрчсөнөөс үүсэх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг баримталж хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Гэм хорын хохиролд 126,919,631 төгрөг гаргуулах гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бусад тооцсон тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй.

5.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 141 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Г ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, Г ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, А-т гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 17,300,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдсэн. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Г ХХК-аас төрд учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн аливаа үйлдэл, эс үйлдэхгүй болон нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээг хууль бус гэж захиргааны хэргийн шүүх тогтоогоогүй байхад нэхэмжлэгч иргэний хэргийн журмаар гэм хорын хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн хувийн сууцыг буулгах, газар чөлөөлөх, үнэлэх үүргийг нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээгээгүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь Г ХХК-аас гэм хорын хохирлыг шаардах нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх маргаанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч нь 11 жилийн турш гэр оронгүй, өөрийн гэх үндсэн хөрөнгөгүй ах, дүү, үр хүүхдийнхээрээ дамжин амьдарч байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гэм хорын хохиролд 126,919,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 89 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г Г ХХК болон Ж.Төвхөн,

2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ГХДТ2013/7/009 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г А-, Ж.Төвхөн, болон Нийслэлийн Засаг дарга, Г ХХК тус тус байгуулсан /хх 20-23, 27-30/.

Дээрх гэрээгээр иргэн А- нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан Жанжин 12, 239 тоотод байрлах, 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг, мөн хаягт байрлах /хэмжээ, зориулалт тусгаагүй/ үл хөдлөх эд хөрөнгийг 3 өрөө, 77 м.кв талбай бүхий, 2 өрөө 45.2 м.кв талбай бүхий нийт 122.2 м.кв талбай бүхий 2 ширхэг орон сууцаар солих,

Г ХХК нь төслийг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах, ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх,

харин засаг захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэх байршил, нэгж талбарт шинээр баригдах барилга байгууламжийн байршлыг тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд тайлагнах зэрэг үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

3.3. А-, Ц.Бямбабаатар, Л.Сүрэнхорлоо нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоолгох, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах, газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах, хохирол 17,300,000 төгрөг гаргуулах тухай захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Г ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гурван талт гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарыг хохироосон, Нийслэлийн Засаг дарга нь гурван талт гэрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж иргэдийг хохироох нөхцөл байдал үүсгэсэн үйл баримтыг тогтоосон /хх 34-39, 46-52/.

 

4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид холбогдуулан хохиролд 129,919,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн үндэслэл нь 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний үүрэгтэй холбоотой байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээний нэг тал болох Г ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасаар байхад уг компанийн гэрээний үүргийн зөрчил, үүний улмаас учирсан хохирлын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасныг зөрчсөн гэж үзэв.

Учир нь гурван талт гэрээний харилцааны улмаас үүссэн хохирлыг шүүх шийдвэрлэх нь Г ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байх ба шүүх уг компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчоос тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болно.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ