Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00751

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00751

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Х О /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Л Б /РД:...../,

Хариуцагч: ................ тоотод оршин суух хаягтай, Ц ургийн овогтой Ц Б /РД: /,

Хариуцагч: .................тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Х М /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ........ дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ........өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, ..................................тоот, 86 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч Л.Б,

Хариуцагч Ц.Б, Х.М нарын өмгөөлөгч З.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ц.Б, Х.М нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Л.Б, Ц.Б, Х.М нарт холбогдуулан ........ дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ........өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, ..................................тоот, 86м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн талаар гаргасан тайлбар: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээрээ гурван шаардлага гаргасан уг гурван шаардлага дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Х.О маргаан бүхий байрыг .... дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах газраа бартерын гэрээгээр сольж авсан байдаг. Тухайн үед 2019 онд Солонгосын визэд мэдүүлэх гэж түр хугацаагаар хэлцэл хийж Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Л.Б буцааж өгөөгүй. Хэлцлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөл биелэгдээгүй учир гэрээ хийсэн гэж үзэх боломжгүй байна. Х.О үл хөдлөх хөрөнгөө өгсөн гэсэн Л.Б төлбөрийг гүйцэд хийгээгүй. Хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 188 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн Л.Б нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр уг байрыг дамжуулан худалдан борлуулсан. Дамжуулан худалдан борлуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Тухайн үл хөдлөх хөрөнгө анхнаасаа бий болох цагаасаа Х.О-ын нэр дээр байсан, өөрсдөө амьдарч байсан газраа бартерын гэрээгээр сольж уг байрыг авсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дах хэсэгт зааснаар Х.О-г эзэмшигч мөн гэдгийг тодорхойлж байгаа учир Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө өмчийг аливаа хадлагаас хамгаалах эрхтэй гэдэг эрхийн хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Х.Бын нэхэмжлэлд гаргасан тайлбар: Манайх 1997 оноос хойш Улаанбаатар хотод шилжиж ирээд Хан-Уул дүүрэг 11 хороо, зайсанд манай ээжийн нэр дээр газар авсан. 2015 он хүртэл уг газар амьдарч байсан. Тухайн үед тэр газар барилга баригдаж байсан учир ээжийн нэр дээр байсан газрыг талбайг газрын компанид шилжүүлж оронд нь уг маргаан бүхий 4 өөрөө байрыг авсан. Би Солонгос руу явах шаардлагын дагуу 2018 онд ажлаас гарч, ажилгүй болсноос хойш хаая архи уучихдаг үе байсан. Мөнгө төгрөгийн хэрэг гараад Солонгос руу явах гэж байгаа гэж ээжид хэлээд нотариат орж худалдах, худалдан авах гэрээ дээр ээжээр гарын үсэг зурж уг гэрээг батлуулсан. Ээжид байр зарах гэж байгаа талаар хэлээгүй. Ээж миний юу хийж байгааг мэдээгүй. Тухайн үед Солонгос руу явах гэж байсан мэдүүлгээс татгалзсан. Виз хөөцөлдөх хугацаанд хүнээс мөнгө зээлсэн байж байгаад, буцааж төлөхдөө миний нэр дээр шилжсэн байрыг барьцаанд тавьж өр ширээ дараад явж байсан. Банкныхаа өндөр хүүтэй барьцааг төлөхийн тулд би ээж, аавдаа мэдэгдэхгүйгээр байрыг зарсан. Фейсбүүкээс хайж байгаад үл хөдлөх зуучлалын газар очиж хамгийн доод талын 150,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Хэсэг хугацааны дараа над руу нэг дугаар залгаж би танай байрыг сонирхож байна, үл хөдлөх зуучлалаас харсан, чи үл хөдлөх зуучлалаа болиод надад байраа зарчих гэсэн. Нэлээн удаан ярьсан, би архи уусан үед над руу залгаад мөнгө бэлэн гээд яваад байдаг байсан. Манай гэрийн гадаа 2,3 удаа машинтай ирсэн. Танай авах гэж байгаа үнэ арай бага байна гэж би хэлсэн. Тэгж байгаад уулзъя гээд явсан. Тухайн үед аавын бие муу байсан. Тэгээд ав, ав гээд өгсөн. Би гэрийнхэнд хэлээгүй шүү аав, ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн. Намайг шүүхэд өгөх хүртэл энэ байрыг зарсныг мэдээгүй. Миний нуусан байсан түрээсийн гэрээг олоод уншсан. Би яагаад түрээсийн гэрээ байгуулсан бэ? гэхээр, ээж, аавын байрыг зарсан юм чинь эндээс яаж гаргах уу гэж бодоод худалдаж авсан хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулсан. Миний санаа зорилго бол авсан мөнгийг буцааж өгий гэж бодож байсан. Мөнгийг буцааж өгөх хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Би анхнаасаа буруу юм хийж байснаа мэдэж байсан, согтуу байсан. Ээжид ямар гэрээ хийж байгааг мэдэгдэлгүйгээр гарын үсгийн зуруулсан. Миний буруу учир , Ц.Б, Х.М энэ хоёр хүний хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

4.Хариуцагч Ц.Б, Х.М болон өмгөөлөгч З.Жадамбын нэхэмжлэлд гаргасан тайлбар: Хариуцагч нар тухайн байрыг 2020 оны 02 дугаар сард зуучлалын компаниар дамжуулж Л.Бтой холбогдож үзсэн байдаг. Л.Б би эмнэлэгт хэвтэж байна, манай эхнэртэй ярьж байгаад очоод үзчих гэгж хэлсэн байдаг. Үүнээс хойш Л.Б өөрөө эргэж холбогдоод танд хэдэн төгрөг байгаа вэ, бэлэн байгаа мөнгөө өгчих гэж өөрөө шалсаар байгаад байраа зарсан. Хариуцагч нарын зүгээс Л.Бтой байнгын уулзаад байсан зүйл байсан байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, 5.1.7-д зааснаар энэ хүний хэлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хүчин төгөлдөрт тооцно гэж заасан. Л.Б болон , Ц.Б, Х.М нарын хооронд байгуулсан гэрээ хууль ёсны үндэслэл бүхий юм. Хариуцагч нар нь тухай орон сууцны шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нар Л.Б болон Х.Охоёрыг ямар гэрээ хийснийг мэдэх боломж байхгүй. Үл хөдлөхийн лавлагаа Л.Б-ын  нэр дээр байсан. Банк бусын барьцаанд байсан. Банкны зээлснээс чөлөөлж аваад үлдэгдэл төлбөрийн Л.Б-ын  дансанд шилжүүлээд дуусгавар болсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс Х.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 8/, Х.О-ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 9/, Х.О-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн газар бартераар худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13-15/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 17/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 18/, ........өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 21/, “Т” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 59-67/, хариуцагчаас Ц.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40/, ........өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 41/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 43/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 44, 45/, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 69, 70/, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд барьж буй “Өрнөх хороолол” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 71, 72/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх “Х” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 75/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх “Х” ХХК-ийн тодорхойлолтын хавсралт /хх-ийн 76/, Л.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-100/,  шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Голден Пропертиз” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 107/, Д.Сувд-Эрдэнийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 110, 111/, Б.М ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 112, 113/, “Ачит капитал ББСБ” ХХК-ийн зээлийн дансны хуулга /хх-ийн 115/, “А ББСБ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-2019/89 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ий 117, 118/, зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 119/, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2019/03 дугаартай ипотекийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 120, 121/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.О маргаан бүхий байрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах газраа бартерын гэрээгээр сольж авсан. 2019 онд Солонгосын визэд мэдүүлэх гэж түр хугацаагаар хэлцэл хийж Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн. Л.Б буцааж өгөөгүй. Хэлцлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөл биелэгдээгүй учир гэрээ хийсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 188 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн Л.Б нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр уг байрыг дамжуулан худалдан борлуулсан. Дамжуулан худалдан борлуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Тухайн үл хөдлөх хөрөнгө анхнаасаа бий болох цагаасаа Х.О ын нэр дээр байсан. Х.О эзэмшигч мөн учир Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө өмчийг аливаа хадлагаас хамгаалах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байна. Иймд жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

 

            3.Хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч “...Манайх 1997 оноос хойш Улаанбаатар хотод шилжиж ирээд .... хороо, зайсанд манай ээжийн нэр дээр газар авсан. 2015 он хүртэл уг газар амьдарч байсан. Тухайн үед тэр газар барилга баригдаж байсан учир ээжийн нэр дээр байсан газрыг талбайг газрын компанид шилжүүлж оронд нь уг маргаан бүхий 4 өөрөө байрыг авсан. Би Солонгос руу явах шаардлагын дагуу 2018 онд ажлаас гарч, ажилгүй болсноос хойш архи уучихдаг үе байсан. Мөнгө төгрөгийн хэрэг гараад Солонгос руу явах гэж байгаа гэж ээжид хэлээд нотариат орж худалдах, худалдан авах гэрээ дээр ээжээр гарын үсэг зурж уг гэрээг батлуулсан. Ээжид байр зарах гэж байгаа талаар хэлээгүй. Ээж миний юу хийж байгааг мэдээгүй. Тухайн үед Солонгос руу явах гэж байсан мэдүүлгээс татгалзсан. Виз хөөцөлдөх хугацаанд хүнээс мөнгө зээлсэн байж байгаад, буцааж төлөхдөө миний нэр дээр шилжсэн байрыг барьцаанд тавьж өр ширээ дараад явж байсан. Банкныхаа өндөр хүүтэй барьцааг төлөхийн тулд би ээж, аавдаа мэдэгдэхгүйгээр байрыг зарсан. Фейсбүүкээс хайж байгаад үл хөдлөх зуучлалын газар очиж хамгийн доод талын үнэ 150,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Хэсэг хугацааны дараа над руу нэг дугаар залгаж би танай байрыг сонирхож байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалаас харсан. Чи үл хөдлөх зуучлалаа болиод надад байраа зарчих гэсэн. Нэлээн удаан хугацааны турш орон удаа ярилцсан. Манай гэрийн гадаа 2, 3 удаа машинтай ирсэн. Танай авах гэж байгаа үнэ арай бага байна гэж би хэлсэн. Тухайн үед аавын бие муу байсан. Тэгээд үнэ тохирч зарсан. Би байраа заран талаар гэрийнхэнд хэлээгүй шүү аав, ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн. Намайг шүүхэд өгөх хүртэл энэ байрыг зарсныг мэдээгүй. ...Ээж, аавын байрыг зарсан юм чинь байр яаж суллаж өгөх вэ гэж бодоод худалдаж авсан хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулсан. Миний санаа зорилго бол авсан мөнгийг буцааж өгий гэж бодож байсан. Мөнгийг буцааж өгөх хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Би анхнаасаа буруу юм хийж байснаа мэдэж байсан. Миний буруу учир Ц.Б, Х.М нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэжээ. 

 

4.Хариуцагч Ц.Б, Х.М нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Бид тухайн байрыг 2020 оны 02 дугаар сард зуучлалын компаниар дамжуулж Л.Бтой холбогдож үзсэн. Л.Б нь эмнэлэгт хэвтэж байна, манай эхнэртэй ярьж байгаад очоод үзчих гэж хэлсэн. Үүнээс хойш Л.Б өөрөө эргэж холбогдоод танд хэдэн төгрөг байгаа вэ, бэлэн байгаа мөнгөө өгчих гэж өөрөө шалсаар байгаад байраа зарсан. Хариуцагч нарын зүгээс Л.Бтой байнгын уулзаад байсан зүйл байсан байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, 5.1.7-д зааснаар энэ хүний хэлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хүчин төгөлдөрт тооцно гэж заасан. Л.Б болон Ц.Б, Х.М нарын хооронд байгуулсан гэрээ хууль ёсны үндэслэл бүхий юм. Хариуцагч нар нь тухай орон сууцны шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Ц.Б, Х.М нар нь Л.Б болон Х.О хоёрыг ямар гэрээ хийснийг мэдэх боломж байхгүй. Үл хөдлөхийн лавлагаагаар байр Л. Б-ын  нэр дээр байсан. Банк бусын барьцаанд байсан. Банкны зээлснээс чөлөөлж аваад үлдэгдэл төлбөрийн Л.Б-ын  дансанд шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

5.Нэхэмжлэлийн үндэслэл, түүний тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэгч Х.Онь ........ дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/”, ........өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, .......... тоот, 86 м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн ...............дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байна.

 

6.Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Л.Бтой 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ......... тоот, 86м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн ...............дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 30,000,000 төгрөгт “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/”-г бичгээр байгуулж, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Л.Б-д шилжүүлэн өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 12, 20/

 

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч Х.О болон хариуцагч Л.Б нар шүүхэд “...Л.Б-ыг  Солонгос улс руу явуулахад баталгаа гаргах зорилгоор нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

 

8.Хэлцэл хийсэн талууд хэлцлийг хүсэл зорилгынхоо дагуу байгуулаагүй, дүр үзүүлэн хийсэн болохоо тайлбарлаж, хэрэгт Л.Б 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын виз-нд орохоор үйлчлүүлсэн талаар тодорхойлолт авагдсан зэргээр талууд орон сууцыг хулдалдах, худалдан авах хүсэл зоригийн бодит илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

 

            9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

10.Гэвч Л.Б нь Ц.Б, Х.М нартай ........өдөр магаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулан, нотариатчаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Ц.Б, Х.М нарт шилжүүлж, тохиролцсон үнийг авсан байна. /хх-ийн 41-43/

 

            11.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

 

12.Хариуцагч Ц.Б, Х.М нар нь орон сууцыг худалдах талаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн зарын дагуу Л.Бтой холбогдож, улмаар үнийн талаар харилцан тохиролцсоноор хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийг хуульд заасны дагуу байгуулсан талаар хариуцагч Ц.Б, Х.М, Л.Б нар маргаагүй. Өөрөөр хэлбэл Л.Б өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг худалдах, хариуцагч Ц.Б, Х.М нар үнэ тохирч худалдах худалдахаар хэлцэл хийсэн байна. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулсан.

 

13.Шүүхэд гэрч Б.М  нь нотариатчийн хувьд худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, баталгаажуулахдаа талуудын хувийн бадал, гэрээний агуулга, үнэ зэргийг тодруулж, тайлбарлан болохоо гэрчилсэн. Хариуцагч Л.Б нь хэлцэл хийсэн өдөр архи уугаагүй гэж тайлбарласан. /хх-ийн 112-113/

 

14.Мөн хариуцагч Л.Б нь Бүргэд констракшин ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууц ашиглалтад орох гэж байгаа талаар хариуцагч нарт хэлж, байр ашиглалтад орох хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцыг хөлслөхөөр гэрээ байгуулсан, өөрөө өмчлөх эрхгүй талаар мэдэгдээгүй байна.

 

15.Түүнчлэн хариуцагч Ц.Б, Х.М нар нь маргаж буй орон сууцыг Х.Оаас Л.Бт шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус талаар мэдэх боломжтой этгээд биш, нөгөө талаар хэрэгт авагдсан нолох баримтаар өмчлөх эрхгүй талаар мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

16.Иймээс хариуцагч Ц.Б, Х.М нар нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

17.Шүүх Х.О, Л.Б нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон боловч уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу арилгаж харилцан буцаах боломжгүй.

 

18.Учир нь Л.Б, Х.О нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь Л.Б нь Ц.Б, Х.М нартай ........өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

             

19.Иймд ........ дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ........өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ...... тоот, 86м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн ...............дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.Б, Ц.Б, Х.М нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

20.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан ........ дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ........өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ...... тоот, 86м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.Б, Ц.Б, Х.М нарт даалгах тухай нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР