Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/шш2023/00212

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Хариуцагч: ...

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг ...ХХК-д даалгах тухай;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ... ХХК-иас түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 64,232,201 /жаран дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун нэгэн/ төгрөг гаргуулах тухай тус тус шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.....,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К....,

Хариуцагч нарын өмгөөлөгч А.... /ШТЭД: ...7/, О.... /ШТЭД:.....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК, ...ХХК-ийн хооронд Баянгол дүүргийн ... хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг 5 жилийн хугацаатай, 1 сарын 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр, төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр урьдчилан төлж түрээслэхээр харилцан тохиролцож ... дугаар Түрээсийн гэрээг байгуулсан. Түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг урьдчилан гэрээ байгуулсан өдрөө Н....ын Төрийн банкны ... тоот данс руу 50,000,000 төгрөг шилжүүлж, түрээслүүлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр тухайн 6 давхар үл хөдлөх хөрөнгөд 409,563,115 төгрөгийн засан сайжруулалт хийж, зориулалтын дагуу үйл ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш түрээслүүлэгч тал нь ашигласны үр дүнд бий болсон үр шимийг авах боломжийг хязгаарлаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, тог таслах, тухайн газраар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарыг хөөж явуулах, үүд цоожлох зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зөрчиж байна. Иймд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслүүлэгч тал зөрчсөнөөс үүдэлтэйгээр түрээслэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна. ... дугаар түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг ...ХХК-д даалгаж өгнө үү.

... ХХК-иас түрээсийн гэрээний дагуу нийт 209,340,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч ...ХХК нь үйл ажиллагааг хязгаарласаар байгаад 10 дугаар сард бүр цоожлоод оруулахаа больсон. Хариуцагч Н....ын хувьд түрээсийн төлбөрийг түүний дансаар төлдөг байсан учир хамтран хариуцагчаар татсан байгаа. Тухайн түрээсийн зүйлд нэхэмжлэгч тал 400 гаруй сая төгрөгөөр засвар, засан сайжруулалт хийсэн учраас үүнийхээ үр шимийг хүртэх эрхтэй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч ...ХХК, Н.... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.... шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ... ХХК нь анх түрээсийн гэрээ байгуулсан үеэс гэрээг зөрчиж эхэлсэн. ...ХХК-ийн зүгээс тус компанид түрээсийн төлбөртэй холбоотой мэдэгдэл удаа дараа өгдөг байсан. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ бодитоор биелүүлж байгаагүй. 10 дугаар сарын 18-нд гэрээ цуцлахаар мэдэгдэл өгсөн. Түрээсийн зүйлд засвар хийсэн гэх үндэслэлээр төлбөрөө төлөөгүй. Хариуцагч Н....ын хувьд энэ түрээсийн гэрээтэй холбоотой маргаан хамааралгүй. Түрээсийн гэрээ ...ХХК болон ... ХХК нарын хооронд байгуулагдсан...гэв.

3.Хариуцагч ...ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

... ХХК нь 2... оны .. дугаар сарын ..-ны өдөр ... дугаар бүхий түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг ... үйлчилгээний төвийг бүх тавилга, тоног төхөөрөмжийн хамт түрээслэж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д зааснаар нэг сарын түрээсийн төлбөрийг 60,000,000 төгрөг байхаар тохиролцож, сар бүрийн 17-ны өдөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар эхний 2 сарын төлбөрийг засвар хийж, засан сайжруулахаар тохиролцож, түрээсийн төлбөрийг 10,000,000 төгрөгөөр буулган 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон. 6 дугаар сарын төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг төлсөн. 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 дугаар сарын 17-ны өдөр төлөх ёстой байсан ч огт төлөлт хийгдээгүй учир 7 дугаар сарын 22-ны өдөр 22/03 дугаар мэдэгдэл хүргүүлсэн ч түрээсийн төлбөрийг хожимдуулж 8 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 8 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 8 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ хугацааны алданги 5,400,000 төгрөг болсон ба ... ХХК-ийн хүсэлтийн дагуу тооцохгүй байхаар болсон. Мөн 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хожимдуулж 8 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 8 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус хугацаа хэтрүүлэн төлсөн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ, Иргэний хуульд заасны дагуу 8 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги 1,500,000 төгрөгийг 60,000,000 төгрөгөөс тооцсон, мөн 8 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги 200,000 төгрөгийг төлөгдөөгүй байсан 10,000,000 төгрөгөөс тооцсоноор 8 дугаар сарын алданги 1,700,000 төгрөг болж байна. Дээрх хугацаанд манай компанийн зүгээс түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх талаар 13 удаа мэдэгдэл өгч, ийм байдлаар төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол гэрээ цуцалж болох талаар сануулж, өмнөх төлбөртэй холбоотойгоор нэмэлт хугацаа заасан мэдэгдлийг тогтмол өгч байсан хэдий ч төлөлтийг огт хугацаандаа хийж байгаагүй. ... ХХК нь 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Манай компанийн зүгээс мэдэгдэл өгөх гэхэд өмнө нь биднийг мэдэгдэл хүлээн авсан гээд загнасан, мэдэгдлийг битгий ав гэсэн гээд авах хүн олдоогүй. Манай ресторанаас намайг хөөдөг болж, харьцахад хүндрэлтэй нөхцөл үүсгэсээр байсан тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Түрээсийн гэрээний 5.1-д заасан үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. ... ХХК нь 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1,700,000 төгрөг, 8 дугаар сарын хогны төлбөр 150,000 төгрөг, 9 дүгээр сарын ус, цахилгаан, хогны төлбөр 2,382,201 төгрөг, нийт 64,232,201 төгрөгийг манай компанид төлөх ёстой үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ... ХХК-иас 64,232,201 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсны улмаас түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, төлөгдөөгүй түрээсийн болон ашиглалтын зардал, алдангийг гаргуулахаар шаардаж байгаа. Гэрээний 4.3 дахь хэсэгт алдангийн хэмжээг харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд заасны дагуу алданги үүссэн. Бид үүссэн алдангийг шаардахгүй байхаар тохирсон ... ХХК нь үүргээ биелүүлээгүй учир алданги 1,700,000 төгрөгийг шардаж байгаа. Н.... нь энэхүү иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг эзэмшил, ашиглалтдаа авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хэд хэдэн удаа мэдэгдэл өгсөн. Түүнчлэн нэхэмжлэгч ... ХХК нь үндсэн нэхэмжлэлдээ түрээсийн зүйлд засан сайжруулалт, засвар хийсэн гэдэг боловч хэд хэдэн байгууллагуудтай түрээсийн гэрээ байгуулж, тухайн түрээсийн зүйлүүдэд байгаа тоног төхөөрөмж, эд хөрөнгүүдийг хооронд нь сольж тавьдаг болохыг бид мэдсэн. Тиймээс засан сайжруулалт хийсэн гэж үзэхгүй байгаа. Түрээслэгч тал түрээсийн зүйлийг акт үйлдэж буцаан хүлээлгэж өгөлгүй орхиод явсан. Ингэж явахдаа түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хулгайлан авч явсан бөгөөд энэ асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа...гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..... сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд Баянгол дүүргийн ... хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай .. давхар барилгын зоорийн давхар ..., 1 дүгээр давхар ..., 2 дугаар давхар ..., 3 дугаар давхар ..., 4 дүгээр давхар ..., 5 дугаар давхар ... бүхий үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь үйлчилгээний зориулалтаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах, зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авахаар харилцан тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ... тоот Түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн төлбөр 60,000,000 төгрөгийг тус өдрөө шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 1.5-д заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг ... ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч бодит байдал дээр өмнөх түрээслэгч нараа гаргаагүй байсан. Дээрх түрээслэгч нарыг гарахыг хүлээж ... ХХК-ийн тухайн үл хөдлөх хөрөнгөд засан сайжруулалт хийх хугацаа хойшилсон бөгөөд түрээслүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгөд засан сайжруулалтаа хийж, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний дагуу тодорхой хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй атлаа түрээсийн төлбөр шаардах нь шударга ёсонд нийцэхгүй байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээслүүлэгч ...ХХК нь түрээсийн зүйлийг гэрээ байгуулснаас хойш хүлээлгэж өгөөгүй хугацаа алдсан. Энэ нь өмнөх түрээслэгчээ гаргаагүйгээс болсон. Эцсийн байдлаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5 дугаар давхрыг хүлээлгэж өгсөн. Тиймээс түрээсийг бүрэн төлөх боломжгүй юм. 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээ хийсэн боловч өмнөх түрээслэгч нараа гаргаагүй байсан учраас түрээсийн төлбөрийг хүлээлгэн өгсөн хэмжээгээр хэсэгчилсэн байдлаар шаардаж болох юм...гэв.

5.Нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан: ... тоот Түрээсийн гэрээний хуулбар /1-р хх-3-8/, ...ХХК-ийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн №13 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-9/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /1-р хх-11-16/, ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц....ийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга, Хас банк ХХК дахь ... тоот цалингийн дансны хуулга /1-р хх-136-143, 144-145, 147-148/, Б....гийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /1-р хх-146/, Хаан банк ХХК-ийн төлбөрийн шилжүүлгийн баримт /1-р хх-193/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

6.Хариуцагч тал тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан: ... тоот Түрээсийн гэрээний эх хувь /1-р хх-34-36/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дүгээр захирамжийн эх хувь /1-р хх-37/, ...ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №.. тоот, 10 дугаар сарын 06-ны өдрийн №10 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн эх хувь /1-р хх-38-39/, ...ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 22/02 тоот, 7 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот, 7 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот албан бичгүүдийн эх хувь /1-р хх-41-43/, ... ХХК Ц....өөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийн эх хувь /1-р хх-44/, ...ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ....тоот хүсэлт хүргүүлэх тухай, 9 дүгээр сарын 27-ны өдрийн .... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай, 10 дугаар сарын 10-ны өдрийн Шаардлага хүргүүлэх тухай, 10 дугаар сарын 17-ны өдрийн №12 тоот Анхааруулга хүргүүлэх тухай, 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн эх хувь, шуудан хүргүүлсэн баримтын хамт /1-р хх-45-51/, ...ХХК-ийн ... ХХК-иас ус, цахилгаан, хогны төлбөр шаардсан 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар /1-р хх-52/, мөн 8 дугаар сарын хогны төлбөр шаардсан 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь /1-р хх-53/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот албан бичгийн эх хувь /1-р хх-61/, фото зургууд /1-р хх-62-63/, Монголцонх плаза ХХК-ийн бусадтай байгуулсан Эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж хөлслөх гэрээнүүд /1-р хх-66-74/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот албан бичгийн эх хувь /1-р хх-84/, үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотой мессеж бичсэнийг баримтжуулсан фото зургууд /1-р хх-157-177/, ...ХХК-ийн дүрэм /1-р хх-178-179/, ...ХХК үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд /1-р хх-180-185/, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-195-196/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаар захирамжаар хариуцагч ...ХХК-иас Түрээсийн гэрээний хавсралт акт, баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-100/, хариуцагч тал захирамжийн дагуу түрээсийн зүйлийг хүлээлцсэн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргасан. /1-р хх-101-132/

8.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаар захирамжаар хариуцагч Н....ын гар утсанд үзлэг хийж, түүний утаснаас ... ХХК-ийн захирал Б...., Ц.... нартай ... аппликейшнээр болон Б....гийн .. дугаар, Ц....ийн ..утастай тус тус харилцсан мессежүүдэд үзлэг хийж бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн. Мөн захирамжаар шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан ... хуудас бүхий фото зургуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар хүлээн авахаас татгалзсан болно. /1-р хх-202-203, 205-250, 2-р хх-1-8/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх ... ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг хариуцагч ...ХХК-д даалгах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: Түрээсийн гэрээний зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ашигласан, хариуцагч тал гэрээний дагуу ашиглахаар засан сайжруулсан үр шимийг хүртэх боломж олголгүй саад учруулж, цахилгаан, ус хаах, түрээсийн зүйлийг цоожилж нэвтрүүлэхгүй байгаа нь түрээслэгчийн эрхийг зөрчиж байна гэх агуулгаар тодорхойлсон.

3.Хариуцагч Н....ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс түүнийг маргаан бүхий Түрээсийн гэрээний оролцогч биш учир ... ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцахгүй, түүнд холбогдуулан нэхэмжлэгч ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарлан, Н....д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбар гаргаж байна.

4.Хариуцагч ...ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан. Мөн түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авч явсан учир эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэж тайлбарласан.

5.Хариуцагч ...ХХК нь сөрөг нэхэмжлэлээр маргаан бүхий түрээсийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг, алданги 1,700,000 төгрөг, ашиглалтын зардал 2,382,201 төгрөг, хогны мөнгө 150,000 төгрөг, нийт 64,232,201 төгрөгийг ... ХХК-иас гаргуулахаар шаардсан байна.

6.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг бүрэн хүлээлгэж өгөөгүйн улмаас хугацаа алдсан, гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байлгаж, цахилгаан, ус тасдах зэрэг үйлдэл гаргаж байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй гэж тайлбарлан маргасан.

7.Хавтаст хэрэгт зохигч талуудаас гаргасан нотлох баримтууд болох Түрээсийн гэрээ, түрээсийн зүйлийг хүлээлцсэн актууд, гэрээ цуцлах тухай болон түрээсийн төлбөр төлөхийг шаардсан түрээслүүлэгчийн мэдэгдэл, шаардлага, анхааруулга бүхий албан бичгүүд, төлбөрийн нэхэмжлэхүүд, ... ХХК-ийн захирал Б...., хувьцаа эзэмшигч Ц.... нарын арилжааны банк дахь харилцах дансны хуулга, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгүүд, талууд хоорондоо харилцан .... аппликейшнээр болон мессеж зэргийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

7.1.Түрээсийн зүйл болох Баянгол дүүргийн ... байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилга нь ...ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд давхар тус бүртээ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй (....  улсын бүртгэлд тус тус бүртгэгдсэн) байна.

7.2.Талууд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ... дугаар Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

7.3.Гэрээний түрээслүүлэгч тал ...ХХК, түрээслэгч тал ... ХХК бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2027 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Мөн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчид өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь, үйлчилгээний зориулалтаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах, түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа суурилагдсан тоног төхөөрөмж, тохижилт, тавилга, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглуулахаар харилцан тохиролцсон байна.

7.4.Гэрээ байгуулснаас хойш эхний хоёр сарын төлбөрийг засан сайжруулахтай холбоотойгоор сарын түрээсийг 50,000,000 төгрөг байхаар, 3 дахь сараас эхлэн сарын түрээс 60,000,000 төгрөг байхаар тохирч, түрээсийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр Н....ын дансанд шилжүүлэх, түрээслэгч хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд нийт төлбөрийн 0,5 хувиар тооцсон алданги нэмж төлөх, түрээслүүлэгч нь цахилгаан, дулаан хангамж, халуун хүйтэн болон бохир ус, хог тээвэр, харуул хамгаалалтын, мөн холбогдох ашиглалтын зардлыг тухайн байгууллагуудаас ирсэн нэхэмжлэхийн дүнгээр түрээслэгчээс нэхэмжлэх болон бусад нөхцлийг харилцан тохиролцож гэрээнд тусган хүсэл зоригоо илэрхийлж байгуулжээ.

7.5.Түрээсийн зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд доторх тоног төхөөрөмж, эд зүйлсийн хамт нэг бүрчлэн акт үйлдэж хүлээлцсэн байна.

7.6.Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээ байгуулснаас хойш хариуцагч ...ХХК-д түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 189,340,000 төгрөгийг (2022 оны 6 дугаар сарын 17-нд 50,000,000 төгрөг, 6 дугаар сарын 28-нд 26,000,000 төгрөг, 7 дугаар сарын 05-нд 340,000 төгрөг, 7 дугаар сарын 06-нд 3,000,000 төгрөг, 8 дугаар сарын 01-нд 30,000,000 төгрөг, 8 дугаар сарын 04-нд 10,000,000 төгрөг, 8 дугаар сарын 08-нд 10,000,000 төгрөг, 8 дугаар сарын 22-нд 50,000,000 төгрөг, 8 дугаар сарын 26-нд 10,000,000 төгрөг) төлсөн байна.

7.7.Түрээслэгч тал гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүйн улмаас түрээслүүлэгч тал түрээсийн төлбөрийг болон ашиглалтын зардал төлөхийг, тодорхой хугацаанд түрээсээ төлөөгүй тохиолдолд алданги тооцогдсон талаар дурдсан мэдэгдэл, шаардлага, анхааруулга зэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа түрээслэгч талд мэдэгдэж байсан. Улмаар түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг тохирсон хугацаанд бүрэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот мэдэгдлээр түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэнийг ... ХХК хүлээн авсан ба тийнхүү хүлээн авсан мэдэгдлээ нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан байна.

7.8.Нэхэмжлэгч ... ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс түрээсийн зүйлийг орхисон ба хариуцагч ...ХХК-д түрээсийн зүйлийг актаар хүлээлгэж өгөөгүй. Тийнхүү түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй, зарим тоног төхөөрөмж, эд зүйлийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй авсан гэх агуулгаар ...ХХК нь ... ХХК-ийн захирал Б...., Ц.... нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тодорхойлсон.

7.9.Түрээсийн зүйлийг ...ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бусдад Эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж хөлслөх гэрээний дагуу хөлслүүлж байгаа.

8.Зохигчид түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар болон гэрээний хугацаанд төлөгдсөн төлбөрийн талаар, мөн түрээслүүлэгчээс түрээслэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага, анхааруулга бүхий албан бичиг хүргүүлж байсан талаар маргаагүй. Харин уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.... хариуцах эрх бүхий этгээд мөн эсэх, гэрээ цуцлагдсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

9.Нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч ...ХХК нарын байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсгүүдэд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

10.Дээрх гэрээний түрээслүүлэгч ...ХХК-ийн захирал Н.... нь уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд түрээслүүлэгчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурж, түрээсийн төлбөрийг түүний банк дахь дансаар хүлээ авч байсан. Нэхэмжлэгч ... ХХК нь маргаан бүхий түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлдээ ...ХХК болон тус компанийн захирал Н....ыг мөн хариуцагчаар татсан.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд иргэн Н....ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй буюу Н.... нь маргаан бүхий түрээсийн гэрээний бие даасан оролцогч биш учраас түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12.Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээ байгуулсан өдөр барьцаа болгон нэг сарын түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг төлөх, эхний хоёр сарын буюу 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг засан сайжруулалт хийхтэй холбоотойгоор сард 50,000,000 төгрөгийн түрээс төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч түрээслэгч тал гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн, түрээслүүлэгчийн шаардсаны дагуу төлж байсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.

13....ХХК нь ... ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13 тоот мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлд түрээслэгчийг ...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 7 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 5,400,000 төгрөг, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1,800,000 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 9,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг, 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс 60,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлөх байсан эд хөрөнгийн барьцаа төлбөр 30,000,000 төгрөг, 8, 9 дүгээр сарын хогны мөнгө 300,000 төгрөг, нийт 166,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээг дангаар цуцалж байгааг мэдэгдсэн байна.

14.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу ...ХХК-иас ... ХХК-д төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мөн мэдэгдэж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 18-нд гэрээг дангаар цуцалсан болохыг түрээслэгч талд мэдэгдэж, уг мэдэгдлийг нь түрээслэгч ... ХХК хүлээн авсан байна.

15.Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасны дагуу хариуцагчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээслүүлэгчийн үүргийг биелүүлэн нэхэмжлэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай шаардах эрхгүй байна гэж дүгнэн, ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ...ХХК нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 64,232,201 төгрөгийг ... ХХК-иас гаргуулахаар шаардсан.

17.Түрээслүүлэгч ...ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №13 тоот мэдэгдлээр түрээслэгч ... ХХК-д гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдсэн, уг мэдэгдлийг түрээслэгч тал хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ цуцлагдсан болохыг шүүх дүгнэж, ... ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс хуульд заасан журмын дагуу цуцлагдсан гэрээг шүүх дахин цуцлах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

18.Мөн ашиглалтын зардал 2,382,201 төгрөг, хогны төлбөр 150,000 төгрөг, нийт 2,532,201 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу ...ХХК нь ... ХХК-иас учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн уг шаардлага хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот төлбөрийн нэхэмжлэх /1-р хх-52/, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11 тоот төлбөрийн нэхэмжлэх /1-р хх-53/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогдоогүй.

19.Өөрөөр хэлбэл, эдгээр төлбөрийн баримтаар шаардаж буй ашиглалтын болон хогны зардал нь баримтад дурдсан хэмжээгээр бодитоор тогтоогдон гарсан эсэх нь тодорхойгүй, ус, цахилгаан хангах байгууллага болон хог ачих байгууллагуудад ...ХХК-иас дээрх төлбөрийг төлсөн баримт байхгүй тул хуульд заасны дагуу учирсан бодит хохирол гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

20.Сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2022 оны 8 дугаар сарын төлбөрийн алданги 1,700,000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон Түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч ...ХХК нь түрээсийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардах эрхтэй.

21.Гэвч түрээслэгч ... ХХК нь 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан, тухайн сарын төлбөрийг төлөөгүй гэж зохигчид маргаагүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түрээслүүлэгч ...ХХК-иас түрээслэгчид хүргүүлсэн гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдэлд 8 дугаар сарын түрээсийн алданги 1,800,000 төгрөг төлөгдөөгүй гэж дурдсан, энэ хугацаанаас хойш ... ХХК-иас нэмж төлбөр төлөөгүй байхад шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд 1,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй, алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.

22.Харин гэрээ цуцлагдахаас өмнө, түрээсийн зүйлийг ашиглаж байсан 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацааны төлөгдөөгүй түрээс 60,000,000 төгрөгийг хариуцагч ...ХХК нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

23.Шүүх нэхэмжлэгч ... ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ...ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 550,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 457,950 төгрөг гаргуулан хариуцагч ...ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ...ХХК, Н.... нарт холбогдох, түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулан хариуцагч ...ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох түрээсийн гэрээг цуцалж ... ХХК-иас алданги болон ашиглалт, хогны зардалд 4,232,201 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 550,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 457,950 төгрөг гаргуулан хариуцагч ...ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА