Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00774

 

 

 

 

  2023           04            14                                          210/МА2023/00774

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК, В нарт холбогдох,

Түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 64,232,201 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:  

“А” ХХК нь “Б” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж ***тоотод байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг 5 жилийн хугацаатай, 1 сарын 60,000,000 төгрөгийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр урьдчилан төлж түрээслэхээр харилцан тохиролцсон.

Түрээслэгч нь гэрээ байгуулсан өдрөө урьдчилан 50,000,000 төгрөгийг “Төрийн банк” ХХК дахь Вын эзэмшлийн данс руу шилжүүлж, түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөд 409,563,115 төгрөгийн засан сайжруулалт хийж, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулсан.

Үүнээс хойш түрээслүүлэгч нь ашигласны үр дүнд бий болсон үр шимийг авах боломжийг хязгаарлаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, цахилгаан эрчим хүч таслах, тухайн газраар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийг хөөж явуулах, хаалга цоожлох зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд түрээсийн гэрээгээр түрээслүүлэгчийн хүлээсэн үүрэг болох аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг “Б” ХХК-д даалгаж өгнө үү.

Түрээсийн гэрээний төлбөрт 209,340,000 төгрөгийг хариуцагч Вын дансаар төлсөн тул түүнийг хамтран хариуцагчаар татсан.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу түрээсийн гэрээ байгуулсан өдрөө түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг шилжүүлсэн боловч “Б” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэхэд үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн хүлээлгэн өгч дууссан. Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний дагуу тодорхой хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй атлаа түрээсийн төлбөр шаардах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“А” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулсан үеэс төлбөр төлөх үүргээ зөрчиж эхэлсэн тул түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх, хугацаандаа төлөхгүй бол гэрээ цуцлах талаар сануулж, өмнөх төлбөртэй холбоотойгоор нэмэлт хугацаа заасан мэдэгдлийг тогтмол өгч байсан. Гэрээний үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгч тал бөгөөд үүнээс шалтгаалан гэрээ цуцлагдсан.

“А” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1,700,000 төгрөг, 08 дугаар сарын хогны төлбөр 150,000 төгрөг, 09 дүгээр сарын ус, цахилгаан, хогны төлбөр 2,382,201 төгрөг, нийт 64,232,201 төгрөгийг “Б” ХХК-д төлөх үүрэгтэй. Иймд түрээсийн гэрээг цуцалж, “А” ХХК-аас 64,232,201 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Б” ХХК, В нарт холбогдох, түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай “А”" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох түрээсийн гэрээг цуцалж “А” ХХК-иас алданги болон ашиглалт, хогны зардалд 4,232,201 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 550,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 457,950 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түрээсийн гэрээний 5.3-т талууд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох, өөрчлөлт оруулах тухай саналаа нөгөө талд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж хамтран шийдвэрлэхээр, гэрээний 5.4-т гэрээ дуусгавар болсноор түрээслэгч тал ажлын байрыг 3 хоногийн дотор бүрэн чөлөөлж өгөхөөр тус тус тохиролцсон.

Түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3-т заасан гэрээ цуцлах журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлагдсан хэмээн дүгнэсэн нь буруу.

Талуудын байгуулсан гэрээгээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 6 давхар объектыг бүхэлд нь хүлээлгэн өгөх ёстой байхад түрээслүүлэгч нь түрээсийн объектын нэг давхрыг удаа дараа шаардуулж байж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, бусад давхрыг мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг бүрэн шилжүүлж өгснөөр хариуцагчид түрээсийн төлбөрийг шаардах эрх үүсэх ба нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг бүрэн хүлээн авсан хугацаагаар түрээсийн төлбөрийг төлөх нь шударга ёсонд нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар түрээслэгч тал нь түрээсийн төлбөрийн зөрчилгүй байхад анхан шатны шүүхээс уг байдалд дүгнэлт хийлгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд гэрээний хүчин төгөлдөр байдалд нэхэмжлэгч талын зүгээс маргадаггүй. Гэрээний 5.1-т зааснаар түрээсийн төлбөрийг удаа дараа төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 2.3-т цахилгаан эрчим хүчийг хязгаарлах зохицуулалт тусгагдсан ба удаа дараа мэдэгдэл явуулсны үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн.

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч талын түрээсийн объектоос ашиг олох үйл ажиллагаанд хариуцагч ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Мөн уг асуудалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах урьдчилсан нөхцөлүүдийг хангасан тул гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Түрээсийн гэрээний 3.2-т заасны дагуу хог, ус, цахилгааны ашиглалтын зардал төлөөгүй тул “А” ХХК-д нэхэмжлэх явуулсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсаныг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээний 4.3, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алданги 1,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны алданги 200,000 төгрөг, нийт алданги 1,700,000 төгрөг болж байгаа.

Гэтэл шүүхээс алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги болон хог, ус, цахилгааны ашиглалтын зардал 4,232,201 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.  

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Түрээсийн гэрээний зөрчилгүй байхад алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хог, ус, цахилгааны ашиглалтын зардал нь баримтаар нотлогдоогүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад зохигчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, Вд нарт холбогдуулан түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн,

хариуцагч “Б” ХХК нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 64,232,201 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж,

“Б” ХХК нь “А” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж ***байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилга, барилгын дотор суурилагдсан эд юмсын хамт 5 жилийн хугацаатай шилжүүлэх,

“А” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийж, засан сайжруулснаар эхний 2 сарын түрээсийн төлбөрт 1 сарын 50,000,000 төгрөг, цаашид 1 сарын түрээсийн төлбөр 60,000,000 төгрөгийг сар бүрийн 17-ны өдөр төлөх, мөн барьцаа 60,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна /1хх 37-39/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

3.1. Гэрээний 1.5-д “...гадна, дотор инженерийн шугам сүлжээ, байгууламжийн тохижилт, тоног төхөөрөмжийн нэр төрөл, чанар байдал, эд хөрөнгийн биет байдлын доголдол зэргийг хүлээн зөвшөөрч жагсаалтаар хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актыг харилцан тохиролцож хавсралтаар үйлдэв. Хавсралт нь тус гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан байна.

Үүний дагуу “Б” ХХК нь “А” ХХК-д түрээслүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн 1, 3, 4, 5 дугаар давхрыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2 дугаар давхрыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, зоорийн давхрыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус хүлээлгэн өгчээ /1хх 103-134/. 

Иймд “Б” ХХК-ийг “А” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түрээсийн зүйлийг бүрэн, хугацаанд нь хүлээлгэх өгөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

3.2. Түрээслэгч нь түрээслүүлэгчид 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 26,000,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 340,000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 08 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 08 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 189,340,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /1хх 138-150/.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээслүүлэгч “Б” ХХК-ийг цахилгаан эрчим хүч тасалж, үйлчлүүлэгчдийг хөөж явуулсан, барилгын үүд цоожлосны улмаас аж ахуйн хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан гэж тодорхойлсон.

Хариуцагч “Б” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдөр түрээсийн зүйлийн цахилгаан эрчим хүчийг тасалсан болохоо зөвшөөрсөн байх ба энэхүү үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулахад 2 өдөр саад болсон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан ялимгүй зөрчилд тооцох тул түүний үйл ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэхээргүй байна.  

Нэхэмжлэгчийн үйлчлүүлэгчийг хөөж явуулсан, барилгын үүд цоожилсон гэх үйлдлийг хариуцагч гаргасан гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

4.1. Түрээслэгч тал 2022 оны 07 дугаар сарын 17, 08 дугаар сарын 17, 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд түрээсийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул түрээслүүлэгч “Б” ХХК нь зөрчлийг арилгах, урьдчилан сануулах 5 удаагийн мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэгч талд хүргүүлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ. /1хх 46, 48-51/.

Улмаар “Б” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлээр түрээсийн гэрээ цуцлах болохыг мэдэгдсэнийг “А” ХХК хүлээн авч мөн өдрөө түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгийг орхин гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон /1хх 52, 2хх 12/.

Дээрхээс дүгнэвэл түрээслүүлэгч “Б” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасаар үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг түрээслэгч “А” ХХК-нд олгосон боловч үр дүнд хүрээгүй учир урт хугацаатай гэрээг түрээслүүлэгч нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцалсан нь зөв болжээ.

Мөн “Б” ХХК нь түрээсийн гэрээг цуцлуулах шаардлага гаргасан нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох тул үүнийг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэхгүй юм.

 

4.2. Анхан шатны шүүх “А” ХХК болон “Б” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсан, мөн хариуцагч В нь түрээсийн гэрээний оролцогч биш гэж дүгнэж, түрээсийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч “Б” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн алданги 1,700,000 төгрөг, 2022 оны 08, 09 дүгээр сарын хог, ус, цахилгааны ашиглалтын төлбөр 2,532,201 төгрөг, гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг алдаатай шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

5.1. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсанаас 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлагдах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний 4.1-т зааснаар 220,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байжээ.

“А” ХХК нь “Б” ХХК-д 189,340,000 төгрөг шилжүүлэн өгсөнөөс 160,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт, 29,340,000 төгрөгийг гэрээний 4.2-т зааснаар барьцаа болгон шилжүүлсэн байна /1хх 37-39, 138-150/.

Энэхүү 29,340,000 төгрөгийн барьцаа нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул “Б” ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийн зөрчил гарсан тохиолдолд барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөх ёстой түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс барьцаа 29,340,000 төгрөгийг хасч тооцно.

Иймд “Б” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацааны түрээсийн төлбөр 60,000,000 төгрөгөөс барьцаа 29,340,000 төгрөгийг хасч үлдэх 30,660,000 төгрөгийг “А” ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

5.2. Түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд нийт төлбөрийн 0,5 хувиар тооцсон алданги нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна /1хх 37-39/.

Нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх төлсөн түрээсийн төлбөр болон барьцааг хасч тооцоход 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлөх ёстой түрээсийн төлбөрийн үүргийн хэмжээ 30,660,000 төгрөг байжээ. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг төлснөөр 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлж барагдуулжээ /1хх 138-150/.

“Б” ХХК нь 30,660,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх 5 хоногийн алдангид 766,500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

5.3. Түрээсийн гэрээний 2.5, 3.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгийн хог, ус, цахилгааны ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй.

Гэхдээ “Б” ХХК нь 2022 оны 08, 09 дүгээр сарын хог, ус, цахилгааны ашиглалтын зардал нь 2,532,201 төгрөг болж буйг нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан “Нэхэмжлэх” гэх баримт нь нэг талын буюу өөрийнх нь үйлдсэн баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.4. Иймд нэхэмжлэгч “А” ХХК-аас түрээсийн төлбөр 30,660,000 төгрөг, алданги 766,500 төгрөг, нийт 31,426,500 гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,805,701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас 31,426,500 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,805,701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “457,950 төгрөг” гэснийг “315,082 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,150 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                                        ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                              Т.БАДРАХ