Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2023/00304

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....,

Нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.... надад холбогдох ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 21,402,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн гаргасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ... м.кв талбай бүхий миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 59,367,878 төгрөгөөр тооцон үнэлсэн. Тухайн орон сууцыг миний бие 2018 онд худалдан авсан үнээс одоогийн зах зээлийн үнэ өсөж 68-72 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Гадуур байгаа ханш 1 өрөө орон сууц л гэхэд 60,000,000-65,000,000 төгрөг байгаа. Хоёр өрөө болохоор 90,000,000-100,000,000 төгрөгийн хооронд байна гэдгийг би үл хөдлөх эд хөрөнгийн худалдааны цахим сайтуудаас судалсан. Миний байрыг зах зээлийн үнэ ханшаас бага үнэлсэн гэж үзэж байна...гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэрээр Баяраагийн ...гээс 21,068,838 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж ... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоотод байрлах, ... м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Б....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх-4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэр /хх-6-8/, ... зэрэг цахим хуудсуудаас авсан фото зургууд /хх-107-110/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот гүйцэтгэх хуудас /хх-19/, мөн шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэр /хх-20-24/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дүгээр захирамж /хх-25-26/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-27/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот албан бичиг /хх-28/, уг албан бичигт ирүүлсэн хариу албан бичиг /хх-30/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоол /хх-29/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-31/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-32-35/, ... ББСБ ХХК, Б.... нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх-36-38/, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах .. м.кв талбайтай орон сууцыг Б.... өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-39/, Зарлан дуудах мэдэгдэл /хх-40/, Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-41-44/, хураагдсан эд хөрөнгийн үнийн санал өгөх тухай 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ...Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-46/, Б....гийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-47/, ... ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-49/, Шинжээч томилох тухай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоол /хх-50-52/, Хөрөнгийн үнэлгээний талйан хүлээлцэх акт /хх-53/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-54-71/, Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар мэдэгдлүүд, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-72-75/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч Б....гийн ... холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан миний өмчлөлийн хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 59,367,878 төгрөгөөр тооцон үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас багаар үнэлсэн учир хүчингүй болгуулахыг хүсэж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн гэж тайлбарлан маргаж байна.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн .... зэрэг цахим хуудаснуудаас авсан фото зургууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаар шийдвэрээр Б....гээс 21,068,838.73 төгрөг гаргуулан ... ББСБ ХХК-д олгох, Б.... үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 23.56 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах, улсын тэмдэгтийн хураамж 333,495 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4.2.Шүүхийн дээрх шийдвэрийг Б.... сайн дураар биелүүлээгүйн улмаас ... ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, ... дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

4.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ...тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураажээ.

4.4.Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас тэдний хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор мэргэшсэн үнэлгээчин С....ыг хөндлөнгийн шинжээчээр томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

4.6.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/275 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч ... ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.... нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан Б....гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 23.56 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 59,367,878 /тавин есөн сая гурван зуун жаран долоон мянга найман зуун далан найман/ төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгджээ.

4.7.Нэхэмжлэгч Б.... дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

4.8.Б....гийн фото зургаар авсан ... цахим хуудсын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн зард:... онд ашиглалтанд орсон 35 м.кв нэг өрөө байр 77,000,000 төгрөг гэж, .... цахим хуудсын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зард: .... м.кв нэг өрөө орон сууц 66,000,000 төгрөг гэж, мөн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зард: ... м.кв 1 өрөө байр 95,000,000 төгрөг гэж, .... цахим хуудсын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зард: ...м.кв талбайтай 2 өрөө байр 105,000,000 төгрөг гэж тус тус бичигдсэн байна.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр мэргэшсэн үнэлгээчин С....ыг томилсон нь хуульд нийцсэн байна.

6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч Б.... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан байх тул гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч мэргэшсэн үнэлгээчин С.... нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

8.Нэхэмжлэгч Б.... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор үл хөдлөх эд хөрөнгийн зарын ... зэрэг цахим хуудсуудад тавигдсан зар мэдээнүүдийн фото зураг байдлаар хэрэгт нотлох баримтаар гаргасан. Гэвч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд цаг хугацааны хувьд хоорондоо болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй өдрүүдэд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б....гийн хариуцагч ... холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА