Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00812

 

 

 

Л.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00304 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Х-гийн хариуцагч НН-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00497 дугаар шийдвэрээр Л.Х-гээс 21,068,838 төгрөг гаргуулж Франкфурт капитал ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Франкфурт капитал ББСБ ХХК-ийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, 8 дугаар байрны 72 тоот хаягт байрлах 23,56 м.кв талбай бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зах зээлийн үнийг 59,367,878 төгрөг гэж үнэлсэн. Тухайн орон сууцыг 2018 онд худалдан авсан ба зах зээлийн үнэ өсөж 68,000,000-72,000,000 төгрөгийн ханштай байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Л.Х-гээс 21,068,838 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Л.Х- нь төлбөрөө төлөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 дугаар байрны 72 тоотод байрлах, 23,56 м.кв талбай бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг талуудаас авсан боловч харилцан тохиролцоогүй тул шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Х-гийн хариуцагч НН-т холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038993 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон (16101) Москва гудамж, 8 дугаар байрны 72 тоот хаягт байрлах 23,56 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Л.Х-гээс 21,402,333 төгрөг гаргуулж Франкфурт ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд барьцаа хөрөнгө болох орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн. Уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч Л.Х- хариуцагч НН-т холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон (16101) Моска гудамж 8 дугаар байр 72 тоот хаягт байршилтай 23,56 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00497 дугаар шийдвэрээр Л.Х-гээс 21,068,838 төгрөг гаргуулж Франкфурт капитал ББСБ ХХК-д олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон (16101) Моска гудамж, 8 дугаар байр 72 тоот хаягт байрлах 23,56 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. (хх-ийн 6-8)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

Төлбөр төлөгч Л.Х- дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/09234 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2022/00894 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн НН- 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22370597 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 19, 25-27)

 

1.2. НН- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон (16101) Моска гудамж, 8 дугаар байр 72 тоот хаягт байршилтай 23,56 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 22370597/02 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 2022 дугаар сарын 14-ний өдрийн 22370597/03 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 32-44)

 

Мөн хариуцагч байгууллага 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Л.Х- болон төлбөр авагч Франкфурт капитал ББСБ ХХК-аас төлбөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн боловч хэн аль нь шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/275 дугаар тогтоолоор Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. (хх-ийн 47,49)

 

1.3. Шинжээч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон (16101) Моска гудамж, 8 дугаар байр 72 тоот хаягт байршилтай 23,56 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 59,367,878 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 54-71)

Хариуцагч НН- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Л.Х- нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Үнэлгээчин төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо нь өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэсэн ба үнэлэгдэж буй орон сууцтай ойролцоо байрлах 3 орон сууцны үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Х- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж төлбөр төлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болсон тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтынг 55.1 гэснийг 55.7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ