Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0176

 

 

 

 

 

 

 

 

 

      2023          02            28                                         128/ШШ2023/0176

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, Д.Халиуна, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******, 

Хариуцагч: ********************** газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А****** хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Г.С*******, хариуцагч Л.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Прокурорын дүгнэлт:

1.1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С******* ********************** газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******гийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000****дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичжээ.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хариуцагч улсын байцаагч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 48 минутад “С*****” фэйсбүүк хуудсанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байршуулсан”хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирлээ. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Шинэ зууны шилдэг нано утас”, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хүйтэн салхитай агаараас хүзүү, нүүрээ бүрэн хамгаалах төгс масктай баг” гэж бичсэн нь интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар түгээгчийн нэр, хаяг зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээллийг тусгаагүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа нь Хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн 7.1, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг тус тус зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн гэж зөрчлийн хэрэг нээжээ[1].

2.2.Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогчийг олж тогтоон[2], мэдүүлэг авч[3], С*****” фэйсбүүк хуудсанд үзлэг хийж[4], үзлэгээр илэрсэн баримтуудыг бэхжүүлэн авч, иргэн Д.Б******г “С*****” фэйсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл байршуулсан, зар түгээгчийн хаяг, нэрийг тусгаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төөрөгдүүлсэн зар сурталчилгааг ...бүтээсэн, эсхүл түгээсэн...” зөрчил гаргасан гэж үзээд иргэн Д.Б******д 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан[5],  энэхүү зөрчлийн хэрэг маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ[6].

2.3.Харин Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С******* дээрх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг хянаад, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “...иргэн Д.Б****** нь фейсбүүкээр түгээсэн дээрх зар сурталчилгаандаа хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулсан, мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт бичиж, 000****дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан байна.[7]

2.4.Шүүх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Гурав: Прокурорын дүгнэлтийн үндэслэлийн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1. Прокурорын дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэж зааснаар “зар сурталчилгааны ерөнхий шаардлага”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “зүй бус зар сурталчилгаа”, 7.3 дугаар зүйлд “хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааны”-ны талаар тус тус зохицуулсан байна.

Материалд авагдсан холбогдогч Д.Б******гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны “С*****” фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар, иргэн Д.Б****** нь өөрийн “С*****” фейсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэрэглэгчдэд өөрийн онлайнаар, хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг, хүзүү нүүр төгс хамгаална” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан нөхцөл байдал тогтоогджээ.

...Иймд иргэн Д.Б******гийн дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй байх тул ********************** газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******гийн иргэн Д.Б******г холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

3.2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зар түгээгчийн нэр, хаяг, байршил, холбогдох бусад мэдээллийг байршуулаагүйн улмаас бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан хэрэглэгчийн хохирсон асуудлыг шийдвэрлэхэд холбогдогч тогтоогдохгүй, хэрэглэгчийн хохирлыг барагдуулахад чирэгдэл учирдаг, хохирсон асуудлыг шийдвэрлэх боломжгүй, улмаар хэрэглэгч хохирч үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

Холбогдогчоос авсан мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заасны дагуу иргэн Д.Б******д таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Иргэн Д.Б****** нь цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн.

Иймд шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй байх тул Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”

...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь пэйж хуудсан дээр гарсан хамгийн шилдэг, төгс гэдэг үгнүүдийг хэрэглэсэн. Энэ үгс нь тухайн бүтээгдэхүүнийг хамгийн шилдэг бүтээгдэхүүн мөн үү, төгс маск мөн үү гэдгийг ******* гэдэг иргэн өөрөө нотолж чадаагүй. Эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт, дүгнэлт, батламж, сертификат, гэрчилгээ байхгүй учраас хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна, энэ нь далд зар сурталчилгаа байна гэж манай зүгээс үзсэн байгаа...” гэжээ.

3.3.Гуравдагч этгээд Д.Б****** шүүхэд  гаргасан тайлбартаа: “...Уг торгууль анх *********** газрын дарга ******** нь манай хаяг руу “send message”  дарж автомат хариулагч болох “та юу захиалах уу” гэхэд үүссэн үл ойлголцлоос болж манайхыг шалгуулна гэсэн болно.

Уг торгууль шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй торгосон гэх дүгнэлт гарсан байгаа...Хуулийн мэдлэг дутуугаас төлөх ёсгүй төлбөр төлсөн байгааг надад шийдвэрлэж өгнө үү...” гэжээ[8].

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбаруудад дүгнэлт хийж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н дүгнэлтийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4.2.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэжээ. 

4.3.Хэрэгт авагдсан баримт болон маргаан үйл баримтаас үзэхэд холбогдогч Д.Б******г 2021 оны 07 дугаар сарын 06, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд “С*****” фейсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүнээ сурталчилгаа хийж худалдан борлуулахдаа “...онцгой хямдрал зарлаж байна 24000 төгрөг, хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирсэн, захиалах утас хүргэлт үнэгүй, та захиалбал дугаараа үлдээнэ үү...” гэх үг хэллэгийг хэрэглэсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” заасан зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагатай нийцэж байх бөгөөд 6.5 дугаар зүйлийн 6.5.1-6.5.8-д заасан хориглосон зар сурталчилгаа бүтээх, түгээсэн” гэх,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн

7.2.3. “...итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан”  зүй бус зар сурталчилгаанд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

4.4.Учир нь хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд холбогдогчийн онлайнаар худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг чанарыг шалгаж тогтоолгүй, үл ялих зүйлээр шалтаглан баталгаа нотолгоогүй, тодорхойгүй мэдээлэл оруулж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж буруутгаж байгаа нь буруу.

4.5.Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ бодит нөхцөл байдалд гүйцэд биелүүлээгүй, өөрийн актын хууль зүйн үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгаагүй атлаа холбогдогчийг хууль зөрчсөн гэж шийтгэл оногдуулах нь зүйд нийцэхгүй юм.

4.6.Түүнчлэн зөрчлийн хэргийн материалд холбогдогч Д.Б****** интернэтээр зар сурталчилгаа түгээхдээ захиалагчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс чатаар харьцаж, захиалга авах утасны дугаар бараа  бүтээгдэхүүний зураг, зориулалт, үнийн мэдээлэл зэргийг байршуулсан [9] болох нь тогтоогдсон бол түүний бараа бүтээгдэхүүний чанар, сурталчилгааны улмаас төөрөгдсөн, хохирсон гэх санал гомдол мэдээлэл гараагүй зэргээр хариуцагчийн “...хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан...” гэх тайлбар няцаагдаж байна.

4.7.Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл холбогдогч Д.Б******г өөрийн фейсбүүк хуудсаар хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг...”, “хүзүү нүүр төгс хамгаална...” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ”Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчлийн шинжгүй...” байх тул “эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийн үндэслэлтэй гэж үзэн ********************** газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******гийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000****дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Тав: Бусад:

5.1.Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болно.

5.2.Мөн өнөөгийн нөхцөл байдал биднийг хүссэн хүсээгүй асуудлаа аль болох онлайнаар шийдэх амьдралын хэв загвар руу түлхэж байгаа энэ үед онлайн худалдаа бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах, худалдан авах хүмүүсийн тоо жил бүр өссөөр байгаатай холбогдуулан *********** газар “...Монгол Улсад аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх,...өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, ...хэрэглэгчийг чанартай бараа, ажил үйлчилгээгээр хангаж, тэдний эрхийг хамгаалах...” үндсэн чиг үүргийнхээ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг олон нийтийн мэдээлэх хэрэгслээр нийтийг сэрэмжлүүлж болохоор байх бөгөөд энэ тухай Зар сурталчилгааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. “тухайн зар сурталчилгаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж буй эсэх талаар зөвлөмж гаргах”, 25.2.3. “зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчид зар сурталчилгаатай холбогдох санал тавих, зөвлөмж өгөх” зэргээр тусгасан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангаж, ********************** газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******гийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000****дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

   ШҮҮГЧ                                   Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтас хэргийн 6 хуудас

[2] Хавтас хэргийн 36, 41-43 хуудас

[3] Хавтас хэргийн 7-8 хуудас

[4] Хавтас хэргийн 9-35 хуудас

[5] Хавтас хэргийн 39 хуудас

[6] Хавтас хэргийн 37-38 хуудас

[7] Хавтас хэргийн 1-2 хуудас

[8] Хавтас хэргийн 135 хуудас

[9] Хавтас хэргийн 17 хуудас