Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0245

 

 

           Нийслэлийн прокурорын газрын

               Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

                                    хяналтын прокурор Г.Сн дүгнэлттэй

               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар,

Дүгнэлт гаргагч: Г.С,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А,

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Дүгнэлт гаргагч Г.С, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар,                           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0553/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр: “Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх “Цахимаар зар сурталчилгаа түгээсэн мэдээлэл нь зар сурталчилгааны хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчлийн шинжгүй” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Цахим орчинд худалдаа эрхлэгч Д.Б өөрийн “С.мн” фейсбүүк хуудсанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирлээ ... 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Шинэ зууны шилдэг нано утас”, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хүйтэн салхи агаараас хүзүү, нүүрээ бүрэн хамгаалах төгс масктай баг” гэх мэдээллийг байршуулсан. Тухайн гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн шилдэг, даруулга нь супер, маск нь төгс болохыг баталсан тодорхойлолт, дүгнэлт, батламж, сертификат, гэрчилгээ байхгүй буюу хамгийн шилдэг, супер, төгс бүтээгдэхүүн болохыг иргэн өөрөө баталж чадаагүй. Өөрөөр хэлбэл, баталгаа, нотолгоогүй, тодорхойгүй мэдээлэл оруулж хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-д “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Зар сурталчилгаа нь үнэн .... байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан. Иргэн Д.Б цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг /зар сурталчилгаа/ бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн.

3.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Дүгнэлт гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

3. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3.2. Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 06, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд “С.мн” фейсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүнээ сурталчилгаа хийж худалдан борлуулахдаа “...онцгой хямдрал зарлаж байна 24000 төгрөг, хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирсэн, захиалах утас хүргэлт үнэгүй, та захиалбал дугаараа үлдээнэ үү...” гэж сурталчилгаа хийсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд улсын байцаагч Л.А “... ийнхүү зар сурталчилгаа байршуулсан нь хууль зөрчсөн, “С.мн” фейсбүүк хуудсаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн” зөрчил гаргасан гэж үзээд 0003012 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 500,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Д.Бгийн дээрх үйлдлийг мөн хуульд заасан зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж үзэхээргүй байна.

3.4. Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байхаар, 6.5-д зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хориглох тохиолдлуудыг тодорхой заасан, Д.Бгийн хувьд цахимаар зар сурталчилгаа түгээхдээ захиалга авах утасны дугаар, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт, үнийн мэдээлэл зэргийг байршуулж, захиалагчтай хувь чатаар харьцаж, шаардлагатай мэдээллийг өгсөн нь холбогдох хуулийг зөрчөөгүй, хуульд заасан зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хориглох тохиолдлууд болон зүй бус зар сурталчилгаанд хамаарахгүй байна.

3.5. Давж заалдах гомдолд “... Д.Б цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг /зар сурталчилгаа/ бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн” гэх боловч ийнхүү шийтгэлийг төлж барагдуулсан нь хууль зөрчин шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүйн дээр Д.Б нь “... шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй гэх дүгнэлт гаргасан, үүнтэй санал нийлж байна, хуулийн мэдлэг дутуугаас төлөх ёсгүй төлбөр төлсөн” гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

3.6. Мөн гомдолд “...гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн шилдэг, даруулга нь супер, маск нь төгс болохыг баталсан тодорхойлолт, дүгнэлт, батламж, сертификат, гэрчилгээ байхгүй буюу хамгийн шилдэг, супер, төгс бүтээгдэхүүн болохыг иргэн өөрөө баталж чадаагүй. Өөрөөр хэлбэл баталгаа, нотолгоогүй, тодорхойгүй мэдээлэл оруулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн” гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх прокурорын “... холбогдогч зүй бус зар сурталчилгаа тавьсан гэдгээ болон өөрийн үйлдсэн зөрчлөө нотлох үүрэггүй, харин хариуцагч зөрчлийг хэрхэн тогтоосноо нотлох үүрэгтэй” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь зөв, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН