Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0376

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаарh221/МА2017/0376 

Улаанбаатар хот

 

 

  Р.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Р.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.Сарантуяагийн  нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Р.Сарантуяаг Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Р.Сарантуяагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 94 хоногийн олговор 5280622 /таван сая хоёр зуун наян мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бигэр сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Сарантуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Төрийн улс төрийн ба үйлчилгээний албан тушаалын талаар: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Энхтүвшин нь улс төрийн албан тушаалтан мөн бөгөөд сумын эмнэлгийн эрхлэгчийг ажилд авах, ажлаас халах эрх бүхий этгээд юм.

Нэхэмжлэгч Р.Сарантуяа нь эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан учраас төрийн үйлчилгээний албан тушаалд үр дүнгийн гэрээгээр буюу Хөдөлмөрийн тухай хууль ёсоор контрактын гэрээгээр ажиллаж байсан.

Хэдийгээр сумын Засаг дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалтан мөн боловч түүний гаргасан захирамж нь төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой, хөдөлмөрлөх эрх хохирсон тухай, ганцаарчилсан маргаан, нийтийн эрх ашгийг хөндөөгүй акт учраас иргэний хэргийн шүүхэд харьяалагдах юм.

Шүүх харьяалал зөрчсөн тухайд: Улсын Дээд шүүх 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 32 дугаар “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглах ялгах тухай” тайлбарыг гаргасан байх ба үүнд:

“Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн байхад уг хэргийг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэж шийдсэн нь хэргийн харьяаллыг зөрчсөн.

Энэ нь мөн тайлбарын “Хэргийн харьяаллын хувьд дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүхэд хамаарч байгаа тухайн нэхэмжлэлийг дагнасан буюу ерөнхий харьяаллын ямар шүүх хянан шийдвэрлэхийг шүүхийн харьяалал тодорхойлно. Тухайн нэхэмжлэлийг дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэх асуудал шүүхийн харьяаллаар бус харин хэргийн харьяаллаар тодорхойлогдоно” гэсэн заалтаар батлагдана.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн тухайд: Шүүх ерөнхий харьяаллын шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ байдал илэрсэн бол- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтанд холбогдолгүй асуудлаар гарсан нэхэмжлэл бол тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Харин шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг ямар шүүхэд хэрхэн мэдүүлэх талаар тусгасан байна” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан.

Гэвч одоо дээрх нөхцөл байдал д/Хэргийн харьяалал зөрчигдсөн байдал дагнасан болон ерөнхий харьяаллын давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгоно.

Ингэхдээ “хэргийг харьяалагдах шүүхэд нь шилжүүлнэ” гэдэг нь зөвхөн шүүхийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд хамаарах тул холбогдох захиргааны хэргийн шүүхэд шилжүүлнэ. Харин тухайн нэхэмжлэл ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой бөгөөд хэргийн харьяалал зөрчигдсөн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, үг хэлэх эрхээр хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүйгээс шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан. Тухайн үед ээж хүнд өвчтэй, Улаанбаатар хотод эмчлүүлж байсан ба энэ тухайгаа эмнэлгийн магадлагаагаар баталгаажуулан шүүхэд хүргүүлсэн боловч ач холбогдол өгөөгүй, шууд шүүх хуралдааныг хийсэн явдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан миний эрхийг дордуулсан.

Шийдвэрийн 2 дахь заалтын “хариуцагчаас” гэдэг нь ерөнхий үг учраас тун ойлгомжгүй “хуулийн этгээд” эсхүл “Засаг даргаас” гаргуулах цалин хөлс үү гэдэг нь тодорхой бус байна. Гэтэл шийдвэрийн 3 дахь заалтаас үзвэл улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг Бигэр сумын Засаг даргаас гаргуулахаар тогтсон бол цалин хөлсийг мөн түүнээс гаргуулахаар ойлгогдож байгаа учраас цалин хөлс, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилж гаргуулсан.

Дээрхээс улбаалан энэ хэрэгт тухайн үеийн Засаг дарга Ж.Энхтүвшинг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь буруу бөгөөд хариуцагчаар одоогийн Засаг дарга өөрөө орох, эсхүл энэ маргаантай холбогдолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн этгээдийг төлөөлөн оролцуулбал зохистой санагдана. Тухайн үеийн Засаг дарга Ж.Энхтүвшинг гуравдагч этгээдээр, эсхүл гэрчээр татан оролцуулах ёстой байтал түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан явдал хууль зөрчсөн байна. Мөн үүний нэгэн адил эмнэлгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч их эмч Т.Нэргүйбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулсныг буруу гэж үзнэ.

Их эмч Р.Сарантуяаг анх сумын эмнэлгийн эрхлэгчээр томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүйгээр томилсон нь хууль зөрчсөн учраас тэрээр энэ албан тушаал дээр ажиллах эрхгүй. Сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эмнэлгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бус тушаал гаргасны хариуцлагыг хүлээхэд бэлэн байна

Тэрээр үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байсан баримтууд хэрэгт хангалттай байгаа, гагцхүү хэрхэн үнэлэх, дүгнэх, аль өнцгөөс нь харах явдал өөр хэрэг юм. Тэрээр Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлынхаа тайланг буруу, урьдах сарын тайлангаа үг үсгийн зөрүүгүй хуулаад өгч ажил хийсэн дүр эсгэсэн, хуурч мэхлэхийг оролдсон, ажлаа дүгнүүлээгүй, албан ёсоор өргөдөл хүсэлт гаргалгүй, чөлөө зөвшөөрөл авалгүй дураараа хот явж ирсэн гэсэн атлаа цалингаа бүтэн ажилласнаар бичиж авснаас төсвийн мөнгийг буруу зарцуулсан, шударга бус хандсан, сахилгын арга хэмжээ авагдаж байсан, сумын иргэдээс болон эмнэлгийн ажилтан нараас эмнэлгийн ажил, үйлчилгээ муу байгаа талаар удаа дараа гомдол санал гарч байсан зэргийг үндэслэн Р.Сарантуяаг хууль зүйн үндэслэлтэй ажлаас халсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Р.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн  Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Р.Сарантуяад 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжаар тус сумын ерөнхий эмч Р.Сарантуяаг ажилд томилсон тухай сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Р.Сарантуяаг сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Р.Сарантуяаг Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5280622 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчаас, “...сумын Засаг даргын захирамж нь төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой нийтийн эрх ашгийг хөндөөгүй учраас иргэний хэргийн маргаан юм. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг учир тухайн маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэхээр байхад уг хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж хэргийн харьяаллыг зөрчсөн. Хэргийн харьяалал зөрчсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй. Их эмч Р.Сарантуяаг анх эмнэлгийн эрхлэгчээр томилохдоо сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилж хууль зөрчсөн...” гэж гомдол гарган маргажээ.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн тухайд, сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Р.Сарантуяаг ээлжийн амралтын албан ёсны захирамж гараагүй, мэдэгдэх хуудас олгоогүй байхад ажлын байраа дур мэдэн орхиж явсан, ажиллаагүй хугацааны цалингаа бүтэн гаргаж авсан гэсэн үндэслэлээр 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Р.Сарантуяаг ээлжийн амралтын мэдэгдлийг нөхөж авсан гэж маргах боловч Р.Сарантуяаг ээлжийн амралтаа эдлэх үед сумын Засаг дарга Ж.Энхтүвшин ээлжийн амралтаа авсны улмаас эзгүй байсан, түүнчлэн тухайн үед Р.Сарантуяа эрүүл мэндийн шалтгааны улмаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчийн заавраар ээлжийн амралтаа авах хүндэтгэн үзэх шалтгаан үүсч, улмаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтын мэдэгдлийг сумын орлогч дарга Ш.Лхаасүрэнгээс авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Р.Сарантуяаг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон байх ёстой.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн тухайд, эрхэлсэн ажилдаа хангалтгүй ажиллаж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр Р.Сарантуяаг албан тушаал бууруулан сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх актыг захиргааны байгууллагаас гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаарх хуулийн зохицуулалтыг үндэслэж, үр дүнгийн гэрээгээр ажилладаг ажилтныг албан тушаал бууруулан сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр энэхүү захирамжийн үндэслэл болсон эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагчаас дээрх маргаан бүхий тушаалуудын үндэслэлээ “нэхэмжлэгч Р.Сарантуяа ёс зүйн зөрчил гаргадаг” гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Р.Сарантуяаг сум дундын эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Р.Сарантуяагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 5280622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Р.Сарантуяаг сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчээр томилсон, түүний цалинг ТҮЭМ-6-ын 2 дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэснээс үзвэл Р.Сарантуяа нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна”, 9.1.2-т “боловсрол, ...эрүүл мэнд, ...зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж заасан, сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал хэдий ч Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд харьяалах дээд шатныхаа төсвийн захирагч буюу Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх ерөнхий харьяаллын шүүхэд харьяалагдах маргааныг хүлээн авахаас татгалзалгүй захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу. Хэргийг харьяалагдах шүүхэд шилжүүлнэ гэдэг нь зөвхөн шүүхийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд хамаарах тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, зохих шийдвэрийг гаргасан байх тул түүний “шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч албан тушаалтнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцүүлж, эдгээрийг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй, найруулга, бичиглэлийн алдаа гаргасан байгааг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Сарантуяаг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, үлдэх “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Сарантуяагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан 94 хоногийн олговор 5280622 /таван сая хоёр зуун наян мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж, 3 дахь заалтад “хариуцагч Бигэр сумын Засаг даргаас” гэснийг “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН