Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/00259

 

 

 

 

 

 

 

 

  2023         01          09                                        101/ШШ2023/00259

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ……. регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 38 дугаар байрны 20 тоотод оршин суух О.О-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21 дүгээр байрны 54 тоотод оршин суух Б.Н,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21 дүгээр байрны 54 тоотод оршин суух Үйзэн тайж овогт Ч.Ч нарт холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагч Б.Н, Ч.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 онд миний танилаар дамжуулан уулзаад шүүхээр нэхэмжлэлээ шийдүүлэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6-10 хувийг санал болгож зөвшөөрсөн тул тэднийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг авч ярьж тохирсны дагуу би ажлаа бүрэн гүйцэтгэж тогтоол гаргуулсан. Гэвч Б.Н, Ч.Ч нар 1 удаа 2,900,000 төгрөгийг төлж, үлдсэнийг нь төлөх боломж гарахаар төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч нараас гүйцэтгэх ажлын төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Ч миний бие 2013 онд О.О-г өөрийн биеийг төлөөлүүлэн шүүхэд итгэмжлэлээр ажиллуулсан. Ажиллуулсан мөнгөн дүнгийн 8 хувиар тохирсон бөгөөд О.О-н нэхэмжлэлийн дагуу нийт 4 удаагийн төлөлтөөр 2,565,000 төгрөгийг төлсөн болно. 2013.10.14-ний өдрийн 2242 тоот шийдвэрээр Ч.Ч надад 18,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний 8 хувьтай тэнцэх нь 1,440,000 төгрөг, гэтэл О-д илүү 1,125,000 төгрөгийг төлсөн. Тиймээс нэмж мөнгө төлөх ямар ч үндэслэл байхгүй гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.О-тай ямар нэг худалдаа наймаа хийх хэлцэл хийж байгаагүй, түүний өмч хөрөнгийг аваагүй байхад О.О надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь 70 гарсан эмээ намайг цочролд оруулж байна. Миний хүү Ч.Ч хамтран амьдрагчтайгаа орон сууцны маргаантай байсны ултаас 2013.10 сараас 2014 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд энэ хугацаанд Баянзүрхийн шүүх дээр О.О гэгч эмэгтэй итгэмжлэлээр иргэдийг төлөөлдөг, өмгөөлөгчөөс илүү ажилладаг гэж өөрийгөө магтаж танилцуулсан болохоор түүнд итгэж нотариатаар итгэмжлэл хийлгэж О.О-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулсан нь үнэн. О.О-д тухайн үед нь хангалттай мөнгө 2,565,000 төгрөгийг авсан учир бидний хооронд өр авлага тооцоо байхгүй. Гэтэл О.О хууль эрх зүй, бичиг үсгийн чадваргүй байснаас миний нэхэмжилсэн байрны үнээс 18 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон мөн Д-с нэхэмжилсэн 1000 долларыг хэрэгсэхгүй болгуулж намайг хохироосон. Ер нь О.О гэдэг хүн хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй этгээд байж хуульчийн мэргэжилтэн мэтээр надад итгүүлж намайг мэргэжлийн өмгөөлөгчөөс татгалзуулж хохироосон. Б.Н би мэргэжлийн өмгөөлөгчтэй байсан бол өөрийн нэхэмжлэлээ бүрэн хангуулах байсан. О.О намайг хуурч залилан мэхэлж, хуульчийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлд заасан бөгөөд энэ зүйл ангиар ял шийтгэх учиртай. Мөн О.О-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Хаан банк дахь 5009430880 дугаартай дансны хуулга, 2013 оны 3 дугаар сарын 01, 2018 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн итгэмжлэл, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгчийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184 дугаартай захирамжийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагч Б.Н, Ч.Ч нарын хилээр орсон гарсан талаарх лавлагааг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Н, Ч.Ч нараас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2013 онд Б.Н, Ч.Ч нарыг шүүхэд төлөөлөн оролцохоор тухайн маргааны 8 хувиар ажлыг хөлсийг тохиролцож, уг тохиролцооны дагуу шүүхэд төлөөлж улмаар Улсын дээд шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж дууссан боловч үлдэгдэл ажлын төлбөрийг төлөөгүй” гэж тодорхойлсон.

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “... шүүхэд итгэмжлэлээр төлөөлөх эрхийг олгож, тохиролцсон ажлын хөлсөө төлж дуусгаснаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Н нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр О.О-д “орон сууцны дундын өмчлөлийн асуудлаар шүүхэд төлөөлөх” эрхийг, Ч.Ч нь 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О.О-д шүүхэд төлөөлөх эрхийг тус тус олгож итгэмжлэл олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 4-5 дахь талд/

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан “даалгаврын гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Тодруулбал, нэг талаас нэхэмжлэгч О.О нь хариуцагч нарын өмнөөс тэдгээрийн зардлаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөгөө талаас хариуцагч Б.Н, Ч.Ч нар нь хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Н, Ч.Ч нарыг төлөөлөн Баянзүрх дүүргийн шүүхэд Т.Д-т холбогдуулан хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-10 дахь талд/

Талууд тухайн даалгаврыг гүйцэтгэх ажлын хөлсийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж буй нэхэмжлэлийн үнийн дүнгийн 8 хувиар тооцсон гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2,565,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласантай нэхэмжлэгч маргаагүй.

Хариуцагч нарыг төлөөлж нэхэмжлэгч нь шүүхэд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 39 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд уг орон сууцыг ойролцоогоор 70,000,000 төгрөг гэж тооцож хариуцагч нараас хөлс шаардаж байх боловч талууд ажлын хөлсийг 70,000,000 төгрөгийн 8 хувиар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон гэрээний дагуу хөлс 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн даалгаврын гэрээний дагуу даалгавар гүйцэтгэсэн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар байна.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 91 дугаартай тогтоолоос үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагч нарыг төлөөлж оролцсон маргаан 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг тоолоход 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

          Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нараас гаргаж өгсөн Хаан, Голомт банкны орлогын мэдүүлгүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, Ч.Ч нараас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЭНХЖАРГАЛ