Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01817

 

 Дугаар 210/МА2023/01817 

 

О.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00259 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н, Ч.Ч нарт холбогдох, 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Н, Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Н, Ч.Ч нар 2013 онд миний танилаар дамжуулан уулзаж, шүүхээр нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнгийн 6-10 хувийг санал болгоход зөвшөөрсөн тул тэднийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл авч, ярьж тохиролцсоны дагуу би ажлаа бүрэн гүйцэтгэж, тогтоол гаргуулсан. Гэвч хариуцагч нар 1 удаа 290,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг боломж гарахаар төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул гүйцэтгэсэн ажлын төлбөрт хариуцагч нараас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Ч.Ч хариу тайлбартаа: Миний бие 2013 онд О.О-г өөрийн биеийг төлөөлүүлэн шүүхэд итгэмжлэлээр ажиллуулсан. Ажиллуулсан мөнгөн дүнгийн 8 хувиар тохирсон бөгөөд О.О-гийн нэхэмжлэлийн дагуу нийт 4 удаагийн төлөлтөөр 2,565,000 төгрөгийг төлсөн болно. 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 2242 тоот шийдвэрээр Ч.Ч надад 18,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний 8 хувьтай тэнцэх нь 1,440,000 төгрөг болж байгаа. Гэтэл О.О-д илүү 1,125,000 төгрөгийг төлсөн. Тиймээс нэмж мөнгө төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

3.   Хариуцагч Б.Н хариу тайлбартаа: Миний хүү Ч.Ч хамтран амьдрагчтайгаа орон сууцны маргаантай байсны улмаас 2013 оны 10 сараас 2014 оны 01 сар хүртэлх хугацаанд анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлсэн. О.О-д итгэж нотариатаар итгэмжлэл хийлгэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулсан нь үнэн. О.О тухайн үед 2,565,000 төгрөг буюу хангалттай хэмжээний мөнгө авсан учир бидний хооронд өр авлагын тооцоо байхгүй. Миний нэхэмжилсэн байрны үнээс 18,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Н.Д-оос нэхэмжилсэн 1,000 ам.долларыг хэрэгсэхгүй болгуулж намайг хохироосон. О.О гэдэг хүн хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй этгээд байж хуульчийн мэргэжилтэн мэтээр надад итгүүлж, намайг мэргэжлийн өмгөөлөгчөөс татгалзуулж хохироосон. О.О намайг хуурч, залилан мэхэлж, хуульчийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бөгөөд ял шийтгэх учиртай. Мөн О.О-гийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Н, Ч.Ч нараас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хянаж өгнө үү.

5.1.  Хариуцагч нар 2013 оны 02 сарын 14-ний өдөр Байгаа мөнгөө өгье, хүү бид 2 шүүхийн шийдвэрээр их хэмжээний төлбөртэй тул боломжтой болохоор үлдэгдэл мөнгийг төлнө гэсэн. Би ажлаа бүрэн гүйцэтгэж, Улсын Дээд шүүхийн тогтоолоор хариуцагч нар Н.Д-ын нэхэмжлэлээс чөлөөлөгдсөн байгаа.

5.2.  Шүүх хуралдааны протокол болон шүүх хуралдааны видео бичлэгийг танилцуулах, тэднийг шүүх хуралдаанд заавал оролцуулна уу. Төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг байгаа бололтой.

Иймд хариуцагч нараас төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: О.О-д 2,565,000 төгрөг төлсөн. Манай дүүгээс мөн 1,000,000 төгрөг авсан тул О.О-д нийт 3,565,000 төгрөгийг төлсөн байна. Одоо нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Н, Ч.Ч нарт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 28, 29/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Б.Н, Ч.Ч нарт хууль зүйн туслалцаа үзүүлж, тэдгээрийг шүүхэд төлөөлөн шүүхийн шийдвэр гаргуулсан, Б.Н, Ч.Ч нар үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид илүү төлбөр төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй, нэхэмжлэгч нь хуульч гэж итгүүлэн мэргэжлийн өмгөөлөгчөөс татгалзуулж хохироосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.     Б.Н, Ч.Ч нар 2013 оны 03 сарын 01-ний өдөр О.О-д орон сууцны дундын өмчлөлийн маргаанд тэдгээрийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон. /хх 4, 5/

3.2.     Үүний дагуу Б.Н, Ч.Ч, Ч.Н-д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д-т холбогдох, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны хамтран өмчлөгчөөс Б.Н-г хасуулах, Ч.Ч-ээс 16,666,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Н, Ч.Ч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.О төлөөлөн оролцсон. /хх 6/

3.3.  Дээрх маргааныг Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 2242 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 979 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 02 сарын 13-ны өдрийн 91 дугаар тогтоолоор хариуцагч Т.Д-с 36,000,000 төгрөг гаргуулан 18,000,000 төгрөгийг Ч.Ч-т, 18,000,000 төгрөгийг Б.Н-д тус тус олгож шийдвэрлэсэн. /хх 7-арын нүүр, 8/

3.4.  Б.Н, Ч.Ч нараас О.О-д нийт 2,565,000 төгрөгийг төлсөн.

 

4.   Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэдэг.

Гэтэл Б.Н, Ч.Ч нар О.О-д заавар өгөөгүй, харин О.О-гаас хууль зүйн туслалцаа авсан байдаг.

Иймд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүүтэйгээр агуулж байна. Үүнтэй холбоотой хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5.   Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч Б.Н, Ч.Ч нарт холбогдох, 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2014 оны 02 сарын 13-ны өдрөөс хуульд заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2017 оны 02 сарын 13-ны өдөр дууссан байна.

Хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

6.   Түүнчлэн, нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Н, Ч.Ч нараас ажлын хөлсний үлдэгдэл гэж 4,000,000 төгрөг шаардаж байх боловч энэ байдлаа баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Н, Ч.Ч нар хөлсөөр ажиллах гэрээний дагуу 4,000,000 төгрөгийн үүргийг О.О-гийн өмнө хүлээсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00259 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт... гэснийг ...359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.НЯМБАЗАР