Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04168

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04168

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ..... регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34 дүгээр байр 115 тоотод оршин суух Э.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, УС-15 гудамж 74 тоотод оршин суух Д.Ц-д холбогдох,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокын 1 дүгээр орц, 11 давхрын 41.81 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгах, хохирол 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.М би 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Бавгар ХХК-тай BLLC2016/03/311 тоот Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцон захиалгын төлбөр 33,448,000 төгрөгийг Бавгар ХХК-ийн Хаан банк дахь 5084354105, 5129055028 тоот данснуудад тодорхой үе шатаар төлж дууссан ба төлбөр төлж дууссан болохыг талууд тооцоо нийлж баталгаажуулан Бавгар ХХК нь санхүүгийн тэмдгээ дарсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03414 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт нь дүгнэлт хийн шийдвэрлэсэн байгаа бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Дээрх шийдвэрээр Э.М миний Бавгар ХХК-нд холбогдуулан гаргасан Орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. Харин орон сууцны өмчлөгч нь Э.М мөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, одоо шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч миний захиалсан орон сууцанд Д.Ц гэх Хууль сахиулах СӨХ-нд бүртгэлтэй боловч өөр хүн амьдарч байгаа бөгөөд энэ орон сууц нь миний орон сууц гэсэн тайлбарыг хэлж орон сууцыг суллахаас татгалзсан. Бавгар ХХК нь орон сууцны барилгыг 2020 оны 5 дугаар сард барьж дууссан бөгөөд захиалагч нарт түлхүүр гардуулж эхэлсэн ба манайх 2020 оны 8 дугаар сарын үед түлхүүрээ гардан авч орон сууцандаа орох гэтэл өөр айл орсон байсан тул түлхүүрээ ч авч чадаагүй орон сууцандаа орж чадаагүй. Тэгээд энэ орон сууц миний захиалсан орон сууц яагаад танайх орсон юм бэ танайх яаралтай суллаж өг гэхэд Манай захиалсан орон сууцанд өөр айл орсон учраас ийшээ ор гэсэн гээд мөн орон сууц худалдах худалдан авах гэрээ үзүүлсэн ба гэрээг үзэхэд манайхтай яг ижил байрлалтай, ижил талбайтай адилхан 1 өрөө боловч 13 давхрын орон сууцны гэрээ байсан. Тэр гэрээний эхний нүүрний зургийг гар утасны камераар дарж авсан. Ингээд өнөөдрийг хүртэл Д.Ц гэх хүн миний захиалсан орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан гэх нэрээр чөлөөлөх шаардлагыг үл ойшоон амьдарсаар байгаа болно. Үүнээс үзвэл Д.Ц Цагдаагийн албанд ажилладаг эсвэл Цагдаагийн албанд ажилладаг хүнтэй хамааралтайгаар далимдуулж бусдын орон сууцанд дур мэдэн орж эзэмшиж байна гэж ойлгохоор байна. Манайхыг орон сууцандаа орохоор болсон 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэл нэг жилийн хугацаанд Д.Ц нь миний өмчлөлийн орон сууцанд дур мэдэн орж өөрт учирсан эрсдэлийг бусдын үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн эзэмших замаар арилгаж буюу бусдын орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч байгаа тул 1 өрөө орон сууцны 1 сарын хөлсийг зах зээлийн ханш 600,000 төгрөгөөр тооцвол 7,200,000 төгрөг болж байна. Иймд Баянзүрх дүүргийн, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41.81 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаас Д.Цг албадан гаргаж чөлөөлөхийг даалгаж, 7,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бавгар групп ХХК-ийн Х.Оюун захиралтай барилгын компанид анх 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байрны захиалга өгч худалдах худалдан авах гэрээ хийж 100 хувь мөнгө өгч төлбөрөө хийсэн. Гэвч өнөөдөр хүртэл асуудал шийдэгдэхгүй шүүхэд дуудагдаж сэтгэл санаа хохиролтой гомдолтой хохироод явж байна. 100 хувь мөнгө төлж 45,991,000 төгрөг төлөөд өмчлөлөө тогтоолгож чадалгүй хохирог болсон. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 гудамж 74 тоот хаягт баригдсан Б блокийн 58 тоот байрыг иргэн Д.Ц миний нэр дээр өгсөн байрандаа орох гэтэл Сүхбаатар гэдэг хүний нэрээр Норжинсүрэн овогтой Санжмятав гэдэг хүн уг байранд дайрч ороод одоог хүртэл гарахгүй байгаа. Уг байрны 2 давхрын 48 тоотод ор гэсний дагуу орсон байгаа. Гэтэл иргэн Э.М 11 давхрын 48 тоот манай байр байна гээд би адилхан 100 хувь мөнгөө төлсөн адилхан хохирогч болсон. Энэ хугацаанд хөөцөлдөж байж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 гудамж 74 тоот хаягт баригдсан Б блокийн 58 байрны өмчлөгчөөрөө тогтоолгосон тул нэхэмжлэгчийн орон байрнаас албадан гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Харин миний буруугаас болж би нэхэмжлэгчийн байранд ороогүй тул хохирол 7,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бавгар групп ХХК-ийн Хууль сахиулагч 1 хотхонд Б блок 1 дүгээр орц 11 давхар 41.81 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан оруулах байсан ч 2020 оны дугаар сард ашиглалтад орсон. Тус байрны эзэмшигч нь Э.М мөн бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна. Б.Цогцолмон нь гэрээ цуцлагдсан Сүхбаатарын байранд орох байсан. Сүхбаатар нь 2017-2020 онд төлбөрөө 100 хувь барагдуулах байсан боловч одоог хүртэл төлөөгүй Цогцолмонгийн байранд нүүн орсноор уг асуудал үүссэн байна. Манай компани Э.Мыг Б блок 1 дүгээр орц 1 өрөө 41.81 м.кв байрыг авах өмчлөгч гэж баталж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн BLLC2016/03/211 дугаартай Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03414 дугаартай шийдвэр,

Хариуцагчаас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-20 дугаартай Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ-г тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 7,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03414 дугаартай шийдвэрээр талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Э.Мыг тогтоож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 10-15 дахь талд/

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Э.М нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Хариуцагч Д.Ц нь Бавгар групп ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-20 дугаартай орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж тайлбарласан.

Хариуцагч Д.Ц болон Бавгар групп ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-20 дугаартай орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээний 1.2-т захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны УС 15 дугаар гудамжны 74 тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны Б блокийн 1 дүгээр орц, 13 дугаар давхарт 41,81 м.кв нэг өрөө орон сууц гэжээ. /х.х-ийн 31-32 дахь талд/

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Ц нь Б блокийн 1 дүгээр орц, 13 дугаар давхарт орон сууц захиалсан байх боловч тус блокийн 11 давхрын нэхэмжлэгч Э.Мын орон сууцыг эзэмшиж байгаа түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбайтай нэг өрөө орон сууцнаас хариуцагч Д.Ц-г албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэл нэг жилийн хугацаанд орон сууцанд хууль бусаар амьдарсан тул сарын түрээсийг 600,000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг бусдын орон сууцанд амьдарч өөрийн зардлыг хэмнэсэн, нэхэмжлэгч энэ хугацаанд орон сууцаа бусдад хөлсөлсөн бол орлого олох байсан гэсэн үндэслэлээр 7,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ийнхүү нэг жилийн хугацаанд 7,200,000 төгрөгийн орлого олох байсан, хариуцагчийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийг нэхэмжлэлийн өмчлөлийн орон сууцнаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 200,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ц-г Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орц, 11 давхрын 41,81 м.кв талбайтай сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 200,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-гоос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ